| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 145/2016/00525/И |
| Дугаар | 525 |
| Огноо | 2016-12-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 525
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багт оршин суух Цолдон овогт Төмөрбаатарын Ээзэнгаравын Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, хүсэлт гаргагч Т.Ээзэнгарав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Т.Ээзэнгарав шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд 1982 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэний улмаас улсад ажиллаж байсан хугацаа маань тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.Ээзэнгарав нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд 1982 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс1989 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт,Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 75 дугаартай архивын лавлагаа, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ц.Оюунчимэг, Ц.Шоовдор, Ж.Гөлөгсүрэн нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Цолдон овогт Төмөрбаатарын Ээзэнгаравыг Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд 1982 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА