Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

               Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

               Улсын яллагч: В.Төгсбаяр,

               Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтөр,

               Хохирогч: Г.Н /онлайнаар/,

               Шүүгдэгч: С.М /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Мт холбогдох эрүүгийн 1929001670018 дугаартай  хэргийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

  Шүүгдэгч С.М нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өглөө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн нутаг Оюутолгой ХХК-иас хойш 3 км-т байх “Илч Хангай” ХХК-ийн цахилгааны шугамын ажил гүйцэтгэж байсан газарт 77-24 УНЦ улсын дугаартай Нордбенз маркийн автомашиныг асаах үйлдэл хийхдээ авцуулах холбоог салгаагүй буюу салгасан гэж хөнгөмсөгөөр найдан иргэн Г.Ныг тээврийн хэрэгслийн баруун урд залуур дугуйн хэсгээр, жолоочийн бүхээгний доогуур оруулж, статерт цахилгааны шууд холболт үүсгэсэн буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-т заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, дүрэм технологийн горимыг чанд мөрдөх”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д заасан “Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэснийг тус тус зөрчин стандарт бус шаардлага тавьсны улмаас тээврийн хэрэгсэл урагш хөдлөн Г.Н машинд дайрагдаж эрүүл мэндэд нь нарийн гэдэсний чацархайн урагдал, нарийн гэдэсний үхжил, хэвлийн хөндийд цус алдалт бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М мэдүүлэхдээ: Миний болгоомжгүй байдлаас болж хүний эрүүл мэндэд хохирол учирсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Н мэдүүлэхдээ: Би хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Бид хоёр 2019 оны 12 сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод хэлцэл хийсэн. Энэ хэлцэлд Бид хоёр нэг газарт ажилладаг хүмүүс учир бие биедээ гомдох зүйлгүй санаатай үйлдэл биш учир М ах нь 8 000 000 төгрөгийг 36 сарын дотор хохирогч дүү Нт боломжоороо сард 100 000 төгрөгөөс доошгүй үнийн дүнгээр хувааж тусламж болгон 2019 оны 1 сараас эхлэн 2025 онд хүртэл 3 жилийн хугацаатай өгнө гэж хэлцэл хийсэн. Энэ хэлцлийн дагуу шүүхэд хандсан гэв.

Гэрч Ж.Өлзийсайханы мэдүүлэг /хх-ийн 31-33-р хуудас,

Гэрч Д.Бөхцоожийн мэдүүлэг /хх-ийн 39-41-р хуудас/,

Гэрч Б.Ганмөнгийн мэдүүлэг /хх-ийн 42-44-р хуудас/,

Гэрч А.Зулбаярын мэдүүлэг /хх-ийн 48-50-р хуудас/,

           Хохирогч Г.Нын өвдөлтийг хянах хуудас /хх-ийн 53-81-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1424 дугаартай дүгнэлт /хх-ийн 90-91-р хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7303 дугаартай дүгнэлт /хх-ийн 84--р хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 870 дугаартай дүгнэлт /хх-ийн 86-87-р хуудас/,

            Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 05-031/28 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 96-98-р хуудас/,

            Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 116-р хуудас/,

            Шүүгдэгч С.Мийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч С.М нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өглөө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн нутаг Оюутолгой ХХК-иас хойш 3 км-т байх “Илч Хангай” ХХК-ийн цахилгааны шугамын ажил гүйцэтгэж байсан газарт 77-24 УНЦ улсын дугаартай Нордбенз маркийн автомашиныг асаах үйлдэл хийхдээ авцуулах холбоог салгаагүй буюу салгасан гэж хөнгөмсөгөөр найдан иргэн Г.Ныг тээврийн хэрэгслийн баруун урд залуур дугуйн хэсгээр, жолоочийн бүхээгний доогуур оруулж, статерт цахилгааны шууд холболт үүсгэсэн буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-т заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, дүрэм технологийн горимыг чанд мөрдөх”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д заасан “Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэснийг тус тус зөрчин стандарт бус шаардлага тавьсны улмаас тээврийн хэрэгсэл урагш хөдлөн Г.Н машинд дайрагдаж эрүүл мэндэд нь нарийн гэдэсний чацархайн урагдал, нарийн гэдэсний үхжил, хэвлийн хөндийд цус алдалт бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 - Хохирогч Г.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө ажил дээрээ хоносон юм. Өглөө 08 цагаас манай ажлын газрын хүмүүс ирсэн намайг машины дотор байсан чинь М гэдэг ах дуудаад “машины статер дараад өг” гэсэн. Тэгээд очиход М ах машины рульний ард сууж байсан би “араагаа салгасан юмуу” гэж асуухад “салгассан” гэж хэлсэн. Дахиад асуусан чинь “салгасан” гээд ууртай хэлсэн. Тэгэхээр нь статерийг залгасан чинь машин урагшаа хөдлөөд дугуйнд миний хөл татагдаад машины дугуйн доор унасан машины дугуй аарцган дээгүүр гарсан. Тэгээд М ах машинаа ухраах гэж байгаад машин урагшаа өнхрөөд аарцаг гэдсэн дээгүүр дахин гарсан буцаагаад машинаа ухраасан. Тэгээд би дээшээ хараад хэвтэх гэсэн манай ажлын Ганболд ах ирээд намайг тэврээд суулгасан. Удалгүй ажлын машинаар Ханбогд сумын төврүү эмнэлэг авч явсан замдаа ухаан алдсан байсан. Өөр зүйл санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

- Гэрч Ж.Өлзийсайханы: “...Тэр үед Батзориг, Бөхцоож нар машинаа авах гэж ирээд М машиндаа суун статер түлхтэл огт дуугарахгүй тэсрэхгүй байсан. Тэгээд М Ныг машин доогуур ороод түлхүүрээр статер шууд өгөөдөх гэсэн. Би тухайн үед Моос “араагаа салгасан юмуу” гэж асуухад М “салгасан” гэсэн. Тэгээд Н машины буруу талын залуурын дугуйн дээгүүр түлхүүр барьж тонгойгоод статер дээр дарсан. Тухайн үед би эргээд алхаж явтал хүн хашгирах чимээгээр эргээд хартал Н Батзоригийн машины буруу дугуйнд түрэгдсэн байдалтай байсан. Намайг гүйгээд очиход М арагшаа ухарч Бөхцоож бид хоёр Ныг өргөөд компанийн машинаар Оюутолгойн засмал замруу дөхүүлж Ханбогд сумаас жижиг машинтай хүн дуудан Ныг сумын эмнэлэг рүү явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33-р хуудас/,

- Гэрч Д.Бөхцоожийн: “... Тэгээд гэнэт хүн орилох шиг болохоор нь хартал Н Мийн машины баруун талын залуурын дугуй Нын гэдсэн дээр гарчихсан байхаар нь би Мийг арагшаа ухар гэж хэлж ухраагаад Ныг дугуйн доороос өргөж гаргах үед манай ажлынхан ирж таараад Ныг Ханбогд сумруу аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41-р хуудас/,

Гэрч Б.Ганмөнгийн: “... 2019 оны 06 дугаар сарын 08-ны өглөө 08 цаг 20 минутын үед би ажилчдаа аваад ажлын талбай дээр ирэхэд манай компанийн монтёр ажилтай Нчм-Очир гэдэг залуу материал ачиж ирсэн. Мийн машинд дайруулчихлаа гээд Мөнхзоргийн машины баруун талын залуурын дугуйны ойролцоо хэвтчихсэн жолооч М, Бөхцоож монтёр Өлзийсайхан нар сандарсан байдалтай байж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44-р хуудас/,

Гэрч А.Зулбаярын: “... Г.Н нь тухайн өдөр манай эмнэлэгт хүргэгдэн ирснийх нь дараа үзлэг хийхэд биеийн ерөнхий байдал маш хүнд, ухаан саруул, орчиндоо харьцаатай, асуусан асуултад цөөн үгээр хариулна, байрлал хэвтрийн арьс салст хэвийн бус цайвар, арьсны уян хатан чанар хэвийн, арьсан дээрх тууралтгүй, биеийн хавангүй, тунгалагийн булчирхай хэвийн, үе мөчний хэлбэр хэвийн, үений хөдөлгөөн баруун түнхний үе хязгаарлагдмал байсан. Би антибиотек эмчилгээ, шингэн нөхөх эмчилгээ, өвдөлт намдаах эмчилгээ, цус сэлбэх бусад шинж тэмдгийн эмчилгээ хийсэн. Тухайн үед өвчтөний биеийн байдлыг үнэлээд хүргэгдэн ирснээс хойш эмчилгээ хийж, 1 цагийн дараа Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын багийг дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1424 дугаартай шинжээчийн: “Г.Нын биед нарийн гэдэсний чацархайн урагдал, нарийн гэдэсний үхжил, хэвлий хөндийд цус алдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 90-91-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7303 дугаартай: “...Г.Н нь Өмнөговь аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүх шаардлагатай байх тул одоогоор дүгнэлт гаргах боломжгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 84-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 870 дугаартай: “...Г.Нын хоёр нүдний алимны салст зах ирмэг хэсгээр улаан өнгийн цус хуралттай, баруун гуяны дотор, гадна хэсгээр зулгаралттай, баруун өгзөг нэлэнхүйдээ, хэвлийн зүүн ар болон зүүн ташааны ар хэсгээр цус хурсан, хэвлийн гол шугамаар мэс заслын шархтай байсан байна. дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр  үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Г.Нын хоёр нүдний алимны салст зах ирмэг хэсгээр улаан өнгийн цус хуралттай, баруун гуяны дотор, гадна хэсгээр зулгаралттай, баруун өгзөг нэлэнхүйдээ, хэвлийн зүүн ар болон зүүн ташааны ар хэсгээр цус хурсан нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэвлийд мэс засал хийсэн нь гэмтэлтэй шалтгааант холбоотой эсэхийг өвчний түүхээс тогтоох боломжгүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 86-87-р хуудас/,

Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 05-031/28 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 96-98-р хуудас/,

Шүүгдэгч С.Мын өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хх-ийн 108-109-р хуудас/ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байх бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч С.М нь хохирогч Г.Ныг 77-24 УНЦ улсын дугаартай Нордбенз маркийн автомашиныг асаах үйлдэл хийхдээ авцуулах холбоог салгаагүй буюу салгасан гэж хөнгөмсөгөөр найдан иргэн Г.Ныг тээврийн хэрэгслийн баруун урд залуур дугуйн хэсгээр, жолоочийн бүхээгний доогуур оруулж, статерт цахилгааны шууд холболт үүсгэсэн буюу стандарт бус шаардлага тавьсны улмаас тээврийн хэрэгсэл урагш хөдлөн Г.Н машинд дайрагдаж эрүүл мэндэд нь нарийн гэдэсний чацархайн урагдал, нарийн гэдэсний үхжил, хэвлийн хөндийд цус алдалт бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан үйлдлийн шинж нь уг гэмт хэргийн шинжтэй тохирч байх тул гэм буруутайд тооцлоо.

Шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№95, 97/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хохирогч Г.Нын “Би хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Бид хоёр 2019 оны 12 сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод хэлцэл хийсэн. Энэ хэлцэлд Бид хоёр нэг газарт ажилладаг хүмүүс учир бие биедээ гомдох зүйлгүй санаатай үйлдэл биш учир М ах нь 8 000 000 төгрөгийг 36 сарын дотор хохирогч дүү Нт боломжоороо сард 100 000 төгрөгөөс доошгүй үнийн дүнгээр хувааж тусламж болгон 2019 оны 1 сараас эхлэн 2025 онд хүртэл 3 жилийн хугацаатай өгнө гэж хэлцэл хийсэн.” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Г.Нын эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан.

Хохирогч Г.Н нь шүүгдэгч С.Мтой хэлцэл хийж түүнд 8 сая төгрөгийг 3 жилийн хугацаанд төлөхөөр тохиролцсон байх тул хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар 8 000 000 төгрөгийг 3 жилийн хугацаанд гаргуулан хохирогч Г.Нт төлөхийг шүүгдэгч С.Мт даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч С.Мт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн мөн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн” нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдлаас гадна шүүгдэгч С.М нь үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд хохирол төлөхөө илэрхийлсэн нөхцөл байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хангасан гэж үзэж түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.

Шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн С.Мийн ВСDЕ ангиллын 291149 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.

  Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Орхонууд овогт Сүхээгийн Мийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3, 4-т зааснаар шүүгдэгч С.Мийг тэнссэн хугацаанд хохирлоо төлөхийг даалгаж, үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч С.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар 8 000 000 төгрөгийг 3 жилийн хугацаанд хохирогч Г.Нт төлөхийг шүүгдэгч С.Мт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан С.Мийн ВСDЕ ангиллын 291149 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.УРАНГУА