| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0042/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/44 |
| Огноо | 2020-03-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2020/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Хохирогч: Т.Мөнхцэцэг,
Шүүгдэгч: Э.Т /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хас овогт Энхтүвшингийн Т холбогдох эрүүгийн 2029000190024 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Т нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 4 дүгээр баг Цэций хорооллын 6-23 тоотод оршин суух иргэн Б.Болортунгалагийн гэрт 2020 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Т.Мөнхцэцэгийн бие эрх чөлөөнд халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Хохирогч Т.Мөнхцэцэгийн өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажлын газрын хамт олноороо төрсөн өдрөө тэмдэглээд “Гранд кастле” караокед орж 2 шил Виски уугаад 23 цаг өнгөрч байхад тэндээсээ гараад гэрлүүгээ харих гэж байхад Т хэдүүлээ нэмж ууя гэж хэлсэн тэгэхээр нь бид нар Болортунгалагийн гэрт нь орж нэг шил Виски уусан тэгэхэд Болдбаатар, Т нар хоорондоо муудалцсан тэр үед нь салгаж байхад Т намайг нүүрлүү түлхээд унагачихсан тэр үед миний нуруу эвгүй болчихсон тэгээд хэсэг байж байгаад Болортунгалагийн гэрээс гартал Т намайг зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,
Мөн түүний гэрчээр өгсөн: “Т миний гэдэсрүү нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Миний нүүрний шанаа хэсэгрүү нэг удаа цохисон. Баруун нүдрүү нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгээд газарт унахад миний нуруу хэрэгрүү өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,
Гэрч Ж.Болдбаатарын өгсөн: “Т бид хоёр муудалцаад зууралдаад автал Мөнхцэцэг эгч бид хоёрыг салгах гэхэд Т, Мөнхцэцэг эгчийг нүүрлүү нь гараараа түлхээд унагасан. Мөнхцэцэг эгч хэсэг хэвтэж байгаад босоод гэрээс гарсан. Тэгсэн Мөнхцэцэг эгчийг Т зодсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,
Гэрч Б.Болортунгалагийн өгсөн: “Би гэр дотор Т Мөнхцэцэгийг нүүрлүү нь түлхэж унагааж байхыг харсан. Харин коридорт зодож байхыг нь хараагүй. Мөнхцэцэг зодуулсан байдалтай дээшээ хараад хэвтчихсэн, нүүрээ дараад уйлчихсан хамраас нь цус гарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,
Гэрч Б.Ундармаагийн өгсөн: “Мөнхцэцэг эгч коридорт шалан дээр уйлчихсан хэвтэж байсан. Яваад очтол “Т намайг зодчихлоо” гэж хэлээд уйлаад байсан. Тэр үед би зургийг нь дарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/,
Гэрч Содномын өгсөн: “...тэгээд хэсэг хугацааны дараа сэргэтэл Мөнхцэцэг “Т намайг зодсон” гээд уйлаад сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1489 дугаартай:
болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
Яллагдагч Э.Тийн мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/
Шүүгдэгч Э.Тийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Э.Тийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55-р хуудас/,
Шүүгдэгч Э.Тийн иргэний үнэмлэхний лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 57-58-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Хохирогч Т.Мөнхцэцэгийн биед “ биед хамар ясны хугарал, баруун зовхи, зүүн бугалганд цус хуралт гэмтэл” зэрэг гэмтэл учруулсан Э.Тийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Т.Мөнхцэцэгийн биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.
Шүүгдэгч Э.Т нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй. Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүдэгчийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хохирогч Т.Мөнхцэцэг нь шүүхэд мэдүүлэхдээ Э.Төөс 603 000 төгрөгийн хохирол учирсанаас 703 000 төгрөг төлсөн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Төөс гэм хорын хохиролд 156110 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Мөнхцэцэгт олгож, 1578980 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээж авах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-улсын яллагчаас Э.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900 000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Э.Тийг тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсөн хохирлын нөхөн төлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900 000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Бусад асуудлаар: Шүүгдэгч нь энэ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хас овогт Энхтүвшингийн Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тийг 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900 000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Төөс гэм хорын хохиролд 156110 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Мөнхцэцэгт олгосугай.
4. Шүүгдэгч Э.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөрт 703 000 төгрөг төлсөн, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин Т болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА