Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 0107

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,

хохирогч А.Долгорсүрэн,

шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Сын Тт холбогдох 1908051291778 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо, Алтан овоо, 10 дугаар гудамж, 17а тоотод оршин суух хаягтай, урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Н овогт Сын Т /РД:МТ74040712/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч С.Т 2019 оны 08 сард Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо Алтан-Овоо 10 дугаар гудамж 17а тоот гэртээ эр эмийн хардалтын улмаас хамтран амьдрагч А. Долгорсүрэнг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, зүүн талын 5, 6, 7 дугаар хавирганы хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан,

Мөн 2019 оны 09 дүгээр сарын 11-ны шөнө 05 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 хороо, Алтан-Овоо 10-17а тоот гэртээ хамтран амьдрагч А.Долгорсүрэнг “амгалан тайван байдал алдагдууллаа” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, баруун талын 8 дугаар хавирганы хугарал, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т нь “...Би А.Долгорсүрэнгийн бид хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед над руу хэл амаар доромжлоод дайраад төмөр сандлаар мөр лүү цохиод байхаар нь цээжин дээр нь дарж суусан, гэмтэл учруулахуйц хэмжээний байдлаар дараагүй. Харин сүүлд цээжин тус газар цохиж хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч А.Долгорсүрэн нь “...2019 оны 08 дугаар сард, өдрийг нь санахгүй байна, хүн авч өгсөн том пиво уух санаатай гэртээ авч ирээд ууя гэсэн чинь Төмөрбаатар уухгүй гэж уурласан. Тэгэхээр нь өрөөндөө оруулж тавьчхаад орондоо ороод хэвтэж байсан чинь Төмөрбаатар пиво ууна гээд аваад гарах гэхээр нь өгөхгүй гээд булаацалдсан чинь намайг элэгдэж унагаагаад дээрээс дэвсэж зодсон. Энэ үед хавирга хугарсныг мэдээгүй, тиймээс эмнэлгээр яваагүй. Тухайн үед цээж маш их хөндүүртэй байсан тул байнга диклоденк 100 авч өвчнөө намдаадаг байсан. Дараа нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр маргааш нь ажилтай байсан учир сэрүүлэг тавьчихсан чинь тэр нь үүрээр дуугараад, унтраасан чинь  ахиад дуугарсан чинь чи амгалан тайван байдал алдагдууллаа, өдөөд байна уу гээд босож ирээд орон дээр гарч зогсож байгаад миний дээрээс дэвсээд байсан. Би эмчилгээний баримтуудаа бүрдүүлээгүй, энэ талаар мэдэхгүй учраас. Одоо миний баруун талын хавирга хэсэг ажил хийж, юм өргөхөөр хөндүүртэй, өвддөг, цаашид эмчилгээ хийлгэмээр байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч А.Долгорсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 17-19х, 20х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11087 дугаартай дүгнэлт /хх-ийн 23х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1362 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ /хх-ийн 29-31х/, шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн мэдүүлэг /хх-ийн 33-34х/, гэрч Д.Шагдарсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 36-37х/, гэрч А.Цолмонгийн мэдүүлэг /хх-ийн 42х/, гэрч Н.Александрын мэдүүлэг /хх-ийн 44-45х/, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 48-50х/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 46-47х/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 51-59х/, Шүүгдэгч С.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 69х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 78х, 98-99х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 70х/,  шүүгдэгч С.Тын мэдүүлэг /хх-ийн 94-95х/ зэрэг болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Т нь Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо Алтан-Овоо 10 дугаар гудамж 17а тоот гэртээ байхдаа:

-2019 оны 08 сард эр эмийн хардалтын улмаас хамтран амьдрагч А.Долгорсүрэнг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, зүүн талын 5, 6, 7 дугаар хавирганы хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан,

- 2019 оны 09 дүгээр сарын 11-ний шөнө 05 цагийн орчим хамтран амьдрагч А.Долгорсүрэнг “амгалан тайван байдал алдагдууллаа” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, баруун талын 8 дугаар хавирганы хугарал,  тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч А.Долгорсүрэнгийн өгсөн: “...2019 оны 8 дугаар сард, өдрийг нь санахгүй байна, том пиво уух санаатай гэртээ авч ирээд ууя гэсэн чинь уухгүй гэж Төмөрбаатар уурласан. Тэгэхээр нь өрөөндөө оруулж тавьчхаад орондоо орсон чинь пиво ууна гээд аваад гарахаар нь өгөхгүй гээд булаацалдсан чинь намайг элэгдэж унагаагаад дээрээс дэвсэж зодсон. Энэ үед хавирга хугарсныг мэдээгүй, юм өргөхөөр өвдөөд байхаар нь сар гаран диклоденк 100 эм ууж байгаад сая зодуулахдаа зураг авахуулсан чинь хугараад бороолсон байна гэхээр нь 8 сард нөхөртөө зодуулахдаа хугарсан болохыг мэдсэн. Дараа нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний үүрээр 05 цагийн үед миний утасны сэрүүлэг дуугарсан чинь нөхөр амгалан тайван байдал алдагдууллаа, унтаж амармаар байна гэж уурласан. Тэгэхээр нь унтраасан чинь дахиж сэрүүлэг дуугарсан чинь өдөөд байна уу гээд босч ирээд орон дотор нүүрэн тус газар цохиод байхаар нь нүүрээ хамгаалсан чинь элэг хавирга руу гараа зангидаж байгаад цохиж, нуруу руу өшиглөж зодсон. Нөхөр Төмөрбаатар нь намайг эрүүл үедээ 8 сар, 9 сард хоёр удаа зодож хавирга хугалсан. Ер нь нөхөр бид хоёр 2019 оны 3 сараас хойш хоорондоо юм ярихгүй, таарамжгүй харилцаатай байна. Тэгээд юм ярихаар хэрүүл болдог болсон. 2019 оны 8 дугаар сард зодуулсан асуудалд хавирга хугарсан гэдгийг мэдээгүй учраас эмнэлэгт үзүүлээгүй,  эм ууж байсан гэхдээ эм авсан баримт байхгүй. Эмнэлэгт үзүүлээгүй учраас баримт байхгүй. Гомдолтой байна. Одоо гэрээсээ хөөгөөд байна орон гэртэйгээ үлдмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-20х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Гэрч Д.Шагдарсүрэнгийн өгсөн: “...Манай ээж Долгорсүрэн хойд эцэг Төмөрбаатар ахтай гэр бүл болоод 10 гаран жил болж байна. Манай хойд эцэг Төмөрбаатар нь ээжийг бид нарын хажууд зодож байгаагүй. 2019 оны 08 дугаар сард өдрийг санахгүй байна, шөнө 02 цагийн үед ээж орилоод байхаар нь орсон чинь Төмөрбаатар намайг дэвсэж зодлоо гээд хэвтэж байсан ба яаж зодсон талаар нь хэлээгүй. Тэгэхээр нь би больцгоо гэж хэлээд гарсан. Тэрнээс хойш ээжийн зүүн талын хавирга хөндүүрлэж өвдөөд байна гэж яваад байсан ч эмнэлэгт үзүүлээгүй, наалт наагаад эм уугаад явж байсан. ...2019 оны 09 дүгээр сарын 11-ний үүрээр ээж Төмөрбаатар ахад зодуулчихлаа гишгэж чадахгүй байна гэсээр орж ирсэн. Тэгэхээр нь би хажууд амьдардаг ээжийн дүү Цолмонг дуудсан. Тухайн үед ээж Төмөрбаатар ах хоёр эрүүл байсан. Түүнээс хойш ээж эмнэлгээр явж үзүүлсэн чинь баруун талын хавирга нь хугарсан, тархи хавдсан байна гэсэн. Тэгэхээр Төмөрбаатар ах ээж Долгорсүрэнг хоёр удаа зодож хавиргыг нь хугалсан асуудлыг мэдэж байна, гэхдээ яг зодох үед нь хажууд байгаагүй. Ээж Төмөрбаатар ах хоёр 10 гаран жил хамт амьдрахдаа зодолдоод байдаггүй байсан, сүүлийн жилүүдэд таарамжгүй харилцаатай байна. ...Миний мэдэж байгаагаар цагдаад хандаж байгаагүй, саяхан Төмөрбаатар ах манай бага дүүг миний хүүхэд биш гэснээс болж хүүхдийн эцэг тогтоолгох асуудлаар шүүхээр яваад байсан яаж шийдэгдсэнийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37х/,

Гэрч А.Цолмонгийн өгсөн: “...А.Долгорсүрэнг 2019 оны 08 дугаар сард нөхөртөө зодуулсан асуудлыг мэдээгүй байсан юм. ...нэг утсаар ярьсан чинь зодуулснаас болж хавирга өвдөөд эм ууж байгаа, цалин буутал эмний мөнгө зээлээч гэсэн, мөнгөгүй байсан учраас мөнгө зээлж чадаагүй юм. ...2019 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө 05 цагийн үед эгч Долгорсүрэнгийн охин Шагдарсүрэн залгаад ээжийг нөхөр нь зодчихлоо гэсэн, тэгээд хүргэний гэрт орсон чинь эгч нөхөртөө зодуулчихлаа, хөдөлж болохгүй байна, хавирга эвгүй байна, цагдаа дуудсан гэсэн байж байсан. Тэгээд би цагдаа иртэл хамт байж байгаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42х/,

Гэрч Н.Александрын өгсөн: “...2019 оны 05 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл хадмын хашаанд хамт амьдарч байна. Энэ хугацаанд хадам ээж А.Долгорсүрэн, хадам аав Төмөрбаатар хоёр 2 удаа зодолдож маргалдсан, өөр зодолдож байгаагүй. 2019 оны 08 сарын үед байсан шөнө хадам ээж аллаа гээд орилоод байхаар нь эхнэр бид хоёр орсон чинь хадам ээж хэвтэж байсан. Тэгэхээр нь эхнэр бид хоёр босгоод С.Т ахаас асуухад хадам ээжийг “хүнтэй явалдаад байна” мөн пивоноос болж хэрэлдсэн гэсэн. Тэгэхээр нь би “та харсан юм уу” гэсэн чинь “хараагүй” гэсэн, тэгтэл хадам аав С.Т уур хүрээд ээжийг хардаж цохисон гэж хэлсэн. Тэгээд хэрүүл маргаанаа болиод унтацгаа, эсхүл цагдаа дуудлаа гэсэн чинь чимээгүй болоод унтсан. Тэгээд маргааш өглөө нь хадам ээж хавирга өвдөөд хөндүүрлээд байна гээд наалт нааж, эм авч уугаад байсан. Тэр өдрөөс хойш би нэг удаа өвчин намдаах эм авч өгсөн. ...2019 оны 09 дүгээр сард байсан, хэдний өдөр байсныг мэдэхгүй байна, үүрээр хадам ээж нөхөртөө зодуулчихлаа гэсээр орж ирсэн. Өөрөө хэлэхдээ дээрээс дэвсэж зодсон гэж хэлсэн.  Тэгэхээр нь би цамцыг нь сөхөж харахад нуруу нь улайсан байсан. ...Тэр хоёрыг ямар харилцаатай байгааг мэдэхгүй байна, нэг удаа шүүхээр явж байгаа гэсэн, нарийн асуудлыг мэдэхгүй байна. Дээрх хоёр асуудлаас өөрөөр миний мэдэхийн зодолдож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11087 дугаартай: “...А.Долгорсүрэнгийн биед цээжний баруун талын 8-р хавирганы хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хэргийн материалаар хийсэн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1362 дугаартай нэмэлт шинжилгээ:

“...Хохирогч А.Долгорсүрэнгийн биед учирсан баруун талын 8-р хавирганы зөрүүгүй ташуу хугарал нь шинэ гэмтэл, зүүн талын 5, 6, 7-р хавирганы бороолж буй хугарал нь хуучин гэмтэл байна. Дээрх шинэ ба хуучин гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээс үүсгэгдэх боломжтой. Дээрх баруун талын 8-р хавирганы зөрүүгүй ташуу хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн талын 5, 6, 7-р хавирганы хугарал нь дээрх журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал цээжин дээр дэвсэх, өшиглөх болон гараараа цохих үед аль алинд нь үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 29-31х/,

Шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн өгсөн: “...Хохирогч А.Долгорсүрэнгийн 5,6,7-р хавирга хугарсны дараа өвдөлт өгөх зовиур илэрнэ. Уг гэмтэл авсан хүн энгийн ажил хөдөлмөр хийх боломжтой. Өвчин намдаах эм уугаад явах боломжтой. Мөн хэвтрийн дэглэм сахих шаардлага байхгүй. Уг гэмтэл нь хөдлөхөд, амьсгаадах, хөндүүрлэж өвдөнө. Уг гэмтэл нь 2019 оны 8 дугаар сард үүсэх боломжтой гэмтэл байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34х/,

Шүүгдэгч С.Тын  өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын сүүлээр байсан хэдний өдөр байсныг нь санахгүй байна. 20-21 цагийн хооронд эхнэр А.Долгорсүрэн 2.5 литрийн том пиво барьсан архи үнэртүүлсэн орж ирээд намайг уу гэсэн, би уухгүй гэсэн.  Тэгээд эхнэр явалддаг найздаа хоол цай бэлдэж байна гээд юм хийгээд байсан ба намайг элдэв янзаар доромжилж байгаад сандал бариад дайрахаар нь барьж аваад унагаагаад цээжин дээрээс нь хөлөөрөө гишгэсэн. Гэхдээ гэмтэл учруулахуйц хэмжээнд гишгээгүй. Би өөрийгөө хамгаалсан. Тэгтэл намайг аллаа гээд охиныгоо дуудаад байсан, тэгээд эхнэр хэрэлдээд шалан дээр хэвтэж байхад охин хүргэн хоёр орж ирээд тайвшруулаад гараад явсан. Тэгээд бид хоёр дахиж маргалдалгүй унтсан...Дээрх 2019 оны 08 дугаар сарын асуудлаас хойш хавирга хөндүүрлэж өвдөөд байна эм авч өг гэхээр нь өвчин намдаах эм авч өгдөг байсан. Өвчин намдаах наалт наадаг байсан эсэхийг мэдэхгүй байна. ...2019 оны 09 дүгээр сарын 11-ний шөнө 02 цагийн үед эхнэр А.Долгорсүрэн согтуу орж ирээд шөнөжин хүнтэй утсаар ярьж, намайг харааж зүхэж, элдвээр хэлээд байхаар нь тэвчээр алдагдаад үүрээр 05 цагийн үед хавирга, толгой руу нь зодож гэмтэл учруулсан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.Т, хохирогч А.Долгорсүрэн нар гэрлэлтийн баталгаагүй ч хамт амьдраад 10 орчим жил болж байгаа, дундаасаа 1 хүүхэдтэй болох нь тэдгээрийн мэдүүлэг, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдох ба улмаар шүүгдэгч С.Т, хохирогч А.Долгорсүрэн нар нь хоорондоо таарамж муутай, эм эмийн хардалт, өөр бусад ахуйн шинжтэй асуудлаас үүдэн хоорондоо маргалдаж байдаг, С.Т нь 2 удаагийн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч А.Долгорсүрэнг зодож гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч нарын агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлгүүдээр, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн мэдүүлэг зэргээр нотлогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул С.Тт холбогдох хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дэх хэсгийн  3.1.1 дэх заалтад “...хамтран амьдарчгэж заасан байх бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1. “гэр бүлийн хүчирхийлэл” гэж  энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ...бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч С.Т, хохирогч А.Долгорсүрэн нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзэхээр байна.

Шүүгдэгч С.Т “би А.Долгорсүрэнгийн биед учирсан хүндэвтэр гэмтлийг учруулаагүй, цээжин дээр нь дарж, гишгэхдээ гэмтэл учруулахаар байгаагүй, би аргагүй хамгаалалт хийсэн” гэж мэдүүлсэн ч түүний энэхүү мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар нотлогдоогүй, эсрэгээрээ няцаагдсан байна.

Өөрөөр хэлбэл, 2019 оны 08 сард шөнө оройн цагаар хохирогч А.Долгорсүрэн нь “аллаа” гэх орилох чимээнээр тус хашаанд амьдардаг хүүхдүүд нь орцгоосон байх бөгөөд тэдгээрийг ороход хохирогч А.Долгорсүрэн нь газарт хэвтэж байсан, маргаашаас нь эхлэн цээжээр өвдөөд байна гэсэн зовиуруудыг хэлж өвчин намдаагч хэрэглэж байсныг хохирогч А.Долгорсүрэн, гэрч Д.Шагдарсүрэн, Н.Александр, А.Цолмон нар гэрчилсэн төдийгүй шүүгдэгч С.Т “өвчин намдаагч эм авч өгч байсан” гэж мэдүүлсэн байх тул С.Тын үйлдлийн улмаас хохирогч А.Долгорсүрэнд гэмтэл учирсан, уг гэмтэл шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр гэмтлийн зэрэгт хамаарч байгаа нь тогтоогдсон байна. Мөн тухайн өдөр хохирогч А.Долгорсүрэнгийн зүгээс шүүгдэгч С.Т луу халдаж ямар нэгэн гэмтэл учруулсан эсэх асуудал нь баримт, мэдүүлгээр нотлогдоогүй, түүнийг аргагүй хамгаалалт хийх хэмжээний довтолгоо эхэлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд шүүгдэгч С.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч А.Долгорсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр гэмтлүүд учирсан байх боловч  тэрбээр эмчилгээ хийлгэсэн талаар баримтыг ирүүлээгүй, мөн цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх тул А.Долгорсүрэн нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол нэхэмжлэхтэй холбоотой асуудлыг нотлох баримтуудаа бүрдүүлэн шүүгдэгч С.Таас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүх хуралдаанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн 2 жил 1 сар 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх  тухай дүгнэлтийг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч “... С.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж шийдвэрлэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч С.Тыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал тооцсон болно.

Шүүхээс шүүгдэгч С.Тын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид хүндэвтэр болон хөнгөн хохирол учирсан, хохирол, хор уршгийн шинж чанар, мөн шүүгдэгч С.Тын хувийн байдал /тэрбээр эд хөрөнгө, хадгаламж, орлоготой эсэхийг илэрхийлэх баримтгүй/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг тус тус журамлан шүүгдэгч С.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 сарын хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг, нэг хоногоор тооцон 240:8=30 хоногийг нэмж, нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 9 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овогт Сын Тыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч С.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг тус тус журамлан шүүгдэгч С.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 30 хоногийг нэмж, нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 9 /ес/ сарын хугацаагаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч А.Долгорсүрэн нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Таас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч С.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Г.АЛТАНЦЭЦЭГ