| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0041/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/45 |
| Огноо | 2020-03-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2020/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Шүүгдэгч: Т.Бд /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Таванжингийн Бд холбогдох эрүүгийн 2029000540025 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон 1-р баг Багабулагийн 8-1701 тоот хашаанд 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 17 цагийн орчимд Б.Занданшагайг согтуу ирж эмээ, эгчийг санаандгүй татаж унагалаа гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархины доргилт, хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б нь мэдүүлэхдээ: “2020 оны 1 сарын 31-ний өдөр эхнэр Золжаргал, ээж Таванжин, эгч Отгонжаргал бид 4 гэрийнхээ хаалгыг онгойлгох гээд зогсож байхад Занданшагай хашаан дотор согтуу орж ирсэн. Эгч Отгонжаргалыг довжооны доор зогсож байхад нь түлхээд дээшээ гараад манай ээжийг довжоон дээрээс түлхэж унагасан. Би үгээр хэлсэн боловч манай эхнэрийг элдэв үгээр доромжлоод байхаар нь би зүүн гараараа хаалгаа нээгээд бараан гараараа эргээд нүүрэн тус газар нь болон хамар хэсэгт нь цохисон. Цусыг нь арилгах гэж байхад цагдаа нар ирээд Занданшагай болон намайг аваад явсан” гэв.
Хохирогч Б.Занданшагайгийн өгсөн: “...би тухайн өдөр 17 цагийн үед Багабулагийн 8-1701 тоотод байх Бгийн гэрч очсон тэнд очиход манай эмээ таванжин, эгч Отгонжаргал, Золжаргал нар гэрийнхээ үүдэнд хаалгаа нээх гээд зогсож байсан. Би тэднийд очоод шатан дээр нь гарах гэж ах Бгоос татлаа гэсэн чинь андуураад эмээгээсээ татчихсан байсан манай эмээ намайг татахад газар унасан чинь Б ах уурлаад намайг цохьчихсон. Ахтайгаа уулзах гэж л гэрт нь очсон. Өөр янз бүрийн санаа бодол байгаагүй. Эмээгээсээ санаандгүй татаад унагачихсан чинь ах уурлаад намайг цохьчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 140 дугаартай:
Т.Бгийн яллагдагчаар өгсөн: “...Таванжин эхнэр Золжаргал нарын хамтаар зогсож байсан чинь Занданшагай согтуу шатан дээр гарч ирэхдээ ээжийн мөрнөөс татаад унагахаар нь миний уур хүрээд эргээд харсан чинь Занданшагай шатан дээр зогсож байхаар баруун гараа зангидаж байгаад нүүр буюу хамар хэсэгт нэг удаа цохисон чинь цус гарахаар нь угаагаад байж байтал цагдаа ирсэн” /хх-ийн 36-р хуудас/
Шүүгдэгч Т.Бгийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Т.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-р хуудас/,
Шүүгдэгч Т.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний гэрлэлтийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 37-42-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Хохирогч Б.Занданшагайгийн биед “ тархины доргилт, хамар ясны хугарал” зэрэг гэмтэл учруулсан Т.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Б.Занданшагайгийн биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.
Шүүгдэгч Т.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй. Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүдэгчийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хохирогч Б.Занданшагай нь шүүхэд мэдүүлэхдээ: “Би ах Бтойгоо эвлэрч эв зүйгээ олж, хохирлын талаар ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй. Одоо ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/ байх тул шүүгдэгч Т.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-улсын яллагчаас Т.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900 000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Т.Бг тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсөн хохирлын нөхөн төлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулав.
Бусад асуудлаар: Шүүгдэгч нь энэ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Таванжингийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА