Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2016/01323

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-24-15 тоотод оршин суух, Баатарын Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг 2-2 тоотод оршин суух, Доржийн Соронзонбатад холбогдох 

“2 000 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Дорж овогтой Соронзонбат нь надаас өмнө нь мод, банз, цемент аваад дараа нь мөнгийг нь өгдөг байсан. Гэхдээ 2015 оны 08 дугаар сард надаас цемент зээлээр аваад одоог хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Олон удаа ажлаар нь, гэрээр нь очдог боловч уулзах нь ганц хоёр л байдаг. Утсаар ярихад олон янзын дугаар бариад ихэвчлэн холбогдох боломжгүй гэнэ. Шүүхэд өглөө гээд гэрт очоод авгайд нь хэллээ. Өөрт нь утсаар ч хэлсэн. Ингээд мөнгөө авч чадаагүй. Д.Соронзонбатаас цемент авсан 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг нь хариуцагч Д.Соронзонбатад холбогдуулан “2 000 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амар нь нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гардаж аваад, хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.6-д заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг /өөрт нь утсаар, мөн багийн засаг даргад нь хуульд заасны дагуу/ хүргүүлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-д “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 77 дугаар хуульд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн хувийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр гардаж аваад хуульд заасан хугацааны дотор хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй /нэхэмжлэлийг эсэргүүцээгүй/, шүүх хуралдааны товыг хариуцагчид хуульд заасан журмын дагуу хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, хариуцагчийн эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас дээрх мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор  заалаа.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Соронзонбатаас 2 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Алтанцэцэгт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 46 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА