| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0043/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/46 |
| Огноо | 2020-03-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2020/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг
Шүүгдэгч: С.Энхтуул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Тайж овогт Саруулын Энхтуулд холбогдох 1929002120040 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч С.Энхтуул нь 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 14 цаг 50 минутын үед Ханбогд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Хан” нэртэй барааны дэлгүүрээс Н.Болорчулууны өмчлөлийн Самсунг-Эс 9 маркийн гар утсыг хулгайлж бусдад 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Энхтуул мэдүүлэхдээ: “...Найзтайгаа хамт Ханбогд суманд ирээд дэлгүүрт орж хулгай хийсэн” гэв.
Хохирогч Н.Болорчулууны өгсөн: “...Тэгээд би өдрийн 15 цаг 50 минутын орчимд гар утсаа хаана тавьсанаа хайгаад олохгүй болохоороо хяналтын камер шүүгээл харсан чинь улаан хувцастай эмэгтэй хүн миний Самсунг-Эс9 маркийн гар утсыг лангуун дээрээс аваад гарч байсан. Тэгээд би ээжийнхээ утсаар нь дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/
Яллагдагч С.Энхтуулын өгсөн: “...Ганаа нөхөртөө Унаганы дүрстэй сувинер, очиртой жааз худалдан авах гээд худалдагчтай нь хамт бэлэгний уутанд боолцож байхад лангуун дээр нь хавтастай утас байхаар нь тэр утсыг хажуу тийш нь түлхэж орхисон ба жаазтай зүйлийг бэлэгний уутанд боож дуусгахад нөгөө утас лангуун дээр байж л байсан тэгэхээр нь гарахдаа боосон бэлэгтэйгээ хамт аваад өмднийхөө зүүн талын халаасанд хийгээд аваад гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 61-р хуудас/
“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-р хуудас/
Шүүгдэгч С.Энхтуулын хувийн байдлын талаар:
Шүүгдэгч С.Энхтуулын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77-р хуудас/,
Шүүгдэгч С.Энхтуулын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч С.Энхтуул нь 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 14 цаг 50 минутын үед Ханбогд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Хан” нэртэй барааны дэлгүүрээс Н.Болорчулууны өмчлөлийн Самсунг-Эс 9 маркийн гар утсыг хулгайлж бусдад 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцож Н.Болорчулуунд хохирол учирсан байна.
Шүүгдэгч С.Энхтуул нь бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, бусдад хохирол учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж үзнэ.
Хулгайн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба хулгайлах гэмт хэргийн арга нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэх зэрэг аргаар үйлдэгддэг.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч С.Энхтуулыг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан” гэмт хэргийг бусдад хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Н.Болорчулууны хохирол төлбөр 1250000 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөөхөө илэрхийлсэн эсэх” нөхцөл байдлыг шүх хянасны үндсэн дээр мөн хуулийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.
-Улсын яллагчаас С.Энхтуулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулан 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах албадлагын арга хэмжээ авах ялын дүгнэлтийг гаргасан байна.
Шүүх шүүгдэгч С.Энхтуул нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нөхөн төлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамруулах нь зүйтэй.
Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С:Энхтуул нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохирол төлбөрт 1 250 000 төгрөг төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогт Саруулын Энхтуулыг бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т, 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Энхтуулыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамруулах албадлагын арга хэмжээ авсугай.
3. Шүүгдэгч Б.Гантөмөр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөрт 1 250 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА