| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0040/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/47 |
| Огноо | 2020-03-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Хохирогч: Ё.Гантогтох,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Нармандах
Шүүгдэгч: М.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Мягмарсүрэнгийн Нд холбогдох 2029000070026 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч М.Н нь БНХАУ-ын Эрээн хотоос бууз, баншны гурил элдэгч машин захиалж авчирч өнгө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хөөврийн 803 тоотод оршин суух иргэн Ё.Гантогтохоос 2.744.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/
Хохирогч Ё.Гантогтохын өгсөн: “...Би гэрээсээ бууз хийж зардаг. Тэгээд Гансайхантай уулзаад ярьж сууж байсан чинь манай таньдаг хамаатны хүн эрээнд байгаа бид нар юм захиалаад явдаг найдвартай хүн байгаа гэж хэлээд Гансайхан Нандин-Эрдэнэ гэх хүнтэй утсаар яриад “буузны гурил элдэгч захиалмаар байна судлаад өгөөч” гэж хэлсэн чинь нөгөө нь 3 хоногийн дараа залгаад болно гэж хэлэхээр нь би 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Гансайхан руу 2774000 төгрөг утсаар шилжүүлээд 7-8 хоногт төхөөрөмж нь Эрээн хотод ирнэ гэж хэлсэн боловч ирээгүй 10 хоноод Гансайхан гэх хүнрүү Нандин-Эрдэнэ гэх хүн өөрөө нэг удаа яриад “би сүлжээгүй явж байгаад ирлээ одоо каргогоос асуугаад өгье, би өөрөө маргааш буцхаасаа өмнө зохицуулаад өгнө” гэж утсаар яриад сураггүй алга болсон. Одоог хүртэл сураггүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/
Гэрч Б.Гансайханы өгсөн: “...Чамд найдаж байна, чи очоод уулзаад захиалчих гэсэн тэгэхээр нь би надад Эрээнд таньдаг хүн байгаа найдвартай урьд өмнө нь бараа захиалж байсан хүн байгаа тэр хүнээс асууж үзье гэж хэлсэн. Тэгээд би тэр өдрөө Н руу “буузны гурил элдэгч тоног төхөөрөмжийг захиалах боломжтой юу, захиалж чадах уу” гэсэн чинь судлаад хариу хэлье гэсэн. Маргааш нь Н захиалганы хөлс нь ороод нэг машин нь 3500 юань болно гэж хэлсэн. Тэгээд би Гантогтоход ийм үнэтэй юм байна гэж хэлэхэд тэгвэл 1 буузны гурил элдэгч машин, 1 баншны гурил элдэгч машин захиалъя гээд Н руу мөнгийг нь шилжүүлэх гэсэн чинь Нгаас дансны дугаар ирээгүй байсан болохоор би өөрийнхөө дансруу Гантогтох эгчээр машиных нь 2774000 төгрөгийг хийлгүүлсэн. Нтай тэр өдрөө холбогдож дансных нь дугаарыг аваад 2323000 төгрөгийг 5111047197 Нгийн өөрийнх нь дансруу шилжүүлсэн. Н анх ярихдаа бол “захиалсан бараа хэзээ ирэх вэ би Замын-Үүдээс таньдаг хүнээрээ тосуулчихъя” гэхээр нь Нгаас асуусан чинь “захиалчихсан байгаа ирэхээр нь хэлье” гэсэн. Тэрнээс хойш 11 дүгээр сарын 22-ны өдөр холбогдсон чинь “би ажилтай явж байгаад ирлээ, утас сүлжээгүй байсан, өнөөдөр очиж уулзсан, маргааш өглөө карготой нь очиж уулзана” гэж хэлж байсан. Тэрнээс хойш бүр холбогдохгүй байж байгаад 12 дугаар сарын 28-ны өдөр “захиалсан бараа яасан бэ” гэж асуусан чинь ”миний буруу би 14 хоногийн дараа авсан мөнгөө буцаагаад өгнөө” гэж хэлсэн тэгэхээр нь би “яг хэзээ өгөх юм бэ” гэсэн чинь “1 сарын 15-нд өгье” гэж хэлж байсан тэрнээс хойш би 01 дүгээр сарын 10-ны өдөр холбогдоод “мөнгө чинь юу болж байна, хугацаа чинь болж байна шүү” гэсэн чинь “1 сардаа багтаж очиж уулзана” гэж хэлсэн. Тэрнээс хойш ерөөсөө холбоо барьж чадаагүй байна. ” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/
М.Нгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/
Шүүгдэгч М.Нгийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч М.Нгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-р хуудас/,
Шүүгдэгч М.Нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч М.Н нь БНХАУ-ын Эрээн хотоос бууз, баншны гурил элдэгч машин захиалж авчирч өнгө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хөөврийн 803 тоотод оршин суух иргэн Ё.Гантогтохоос 2.744.000 төгрөгийг залилан мэхэлсэн буруутай байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцож Ё.Гантогтоход хохирол учирсан байна.
Шүүгдэгч М.Н нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, бусдад хохирол учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж үзнэ.
Залилангийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил сайн харилцааг ашиглах, худал амлах, хуурамч бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх гэх зэрэг аргаар үйлдэгддэг.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч М.Нг “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж” гэмт хэргийг бусдад хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Ё.Гантогтоход хохирол төлбөр 2774000 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагчаас М.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
- шүүгдэгч М.Н нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруу дээр маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг дүгнэж , түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй, боломжтой байна.
Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч М.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Мягмарсүрэнгийн Нг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол төлбөрт 2774000 төгрөгийг төлсөн, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, М.Нгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА