Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 173

 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,       

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2016/00827 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.Мягмаржаргалд холбогдох         

3 751 269,58 ам.доллар буюу 6 327 453 964 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

1 222 419 ам.доллар буюу 2 376 675 916 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ж.Мягмаржаргал болон түүний өмгөөлөгч Г.Мөнхбат, Р.Болдбаатар, П.Еркебулан, Ш.Энхтөр нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Прокурор Х.Батчимэг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг, Д.Нямхүү, Д.Төгсбаяр

Хариуцагч Ж.Мягмаржаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гонконг улсад бүртгэлтэй байсан “Хенлон” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Мягмаржаргал нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай 2005 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 10 000 тонн ган бөмбөлөг 5 200 000 ам.доллараар нийлүүлэх тухай H-L240305 тоот гэрээ, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 10 000 тонн ган бөмбөлөг 5 150 000 ам.доллараар нийлүүлэх H-L230606/052327 тоот гэрээ тус тус байгуулсан. “Хенлон” ХХК-ийн захирал Ж.Мягмаржаргал нь H-L240305 тоот гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд 1 337 230,65 ам.долларын бараа нийлүүлээгүй тул гэрээний 6.1-т заасны дагуу хугацаандаа нийлүүлээгүй барааны өртгийн 8 хувьтай тэнцэх хэмжээний торгууль 106 978 452 ам.доллар, H-L230606/052327 тоот гэрээний 439 130,07 ам.долларын бараа нийлүүлээгүй бөгөөд мөн гэрээний 6.1-т зааснаар нийлүүлээгүй барааны өртгийн 8 хувьтай тэнцэх торгууль 35 130 405 ам.доллар болж байгаа. Эдгээр 2 гэрээний үлдэгдэл ган бөмбөлөгийн нийт үнэ 1 776 360,72 ам.доллар, 142 108 857 ам.долларын хамт 1 918 468 ам долларыг, Гонконг улсад бүртгэлтэй байсан “Грийт глобал интернейшнл” ХХК-ийн нэрээр Ерөнхий захирал Ж.Мягмаржаргал 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 4000 тонн ган бөмбөлөг нийлүүлэх 3 160 000 ам.долларын өртөг бүхий №2007/05-581 тоот гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрт 1 580 000 ам.доллар авсан бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй өдий хүрсэн. Мөн гэрээний 6.1-т зааснаар 1 580 000 ам.долларын 8 хувийн хүүтэй тэнцэх торгууль 252 800 ам.долларын хамт 1 832 000 ам.доллар нийт 3 751 269 58 ам.долларыг нэхэмжилж байна. Тухайн үед дээрх компаниудад ам.доллар байршуулж түүнийгээ авахын тулд данс нээж улмаар татан буулгасан байдаг. Энэ нь Ж.Мягмаржаргалтай холбогдсон эрүүгийн 21147024 тоот хэргийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд иргэн Ж.Мягмаржаргалаас нийт 3 751 569,52 ам.доллар буюу 2013 оны 10 дугаар сарын 15-ны Монгол банкны ханшаар ам.доллар 1686,75 төгрөгт хөрвүүлж 6 327 453 964 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төгсбаяр, Д.Ганчимэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Ж.Мягмаржаргал нь “Хенлон” ХХК /Henlon Company Limited/ болон “Грийт глобал интернэшнл” ХХК /Grat Global international/ компаниудыг БНХАУ-ын Засаг захиргааны тусгай муж болох Гонконг улсад үүсгэн байгуулсан байдаг. Ж.Мягмаржаргалтай холбогдсон 21147024 тоот эрүүгийн хэргийн баримтанд ЦЕГ-ын УМБГ-т 2011 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Гонконг улсын Aall & Zyleman компаниас ирүүлсэн албан бичигт дурдсанаар дээрх компаниудын дүрмийг хүчингүйд тооцож үйл ажиллагааг нь зогсоосон тухай болон үүсгэн байгуулахад зуучилсан нарийн бичгийн үйлчилгээний төлбөр төлөөгүй, мөн өөрөө хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлаас хамаарч түүний компаниуд татан буугдсан шалтгаан нь Ж.Мягмаржаргалын шууд санаатай үйлдэл байдаг. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн тул манай компани түүнээс үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардаж мөн хуулийн дагуу түүнд үүргээ гүйцэтгэхэд нэмэлт хугацаа өгч, бүх талын боломжийг өгч байсан. Энэ нь удаа дараагийн уулзалт, манай явуулсан баримтуудаар нотлогдож байгаа мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар тэр үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс бидэнд дээрх шаардах эрх хуулийн дагуу үүссэн. Манай компани түүнтэй байгуулсан гэрээнээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар татгалзсан. Энэ нь түүнтэй удаа дараа уулзаж байсан протокол бусад баримтуудаар батлагддаг.   Ж.Мягмаржаргал компаниудынхаа нэрийг ашиглан манай компанитай их хэмжээний урьдчилгаа төлбөртэй гэрээ байгуулж, улмаар урьдчилгаанд авсан мөнгөний тодорхой хувийг зориулалтын бусаар зарцуулсан байна. Компанийн дуусгалтын тайлан балансыг шүүхэд нотлох баримтаар хариуцагч гаргаж өгөх  үүрэгтэй бөгөөд Компанийн тухай хуульд компани татан буугдсан ч бусдын өмнө хүлээх үүрэг, хариуцлагаас компанийн гүйцэтгэх удирдлага чөлөөлөгдөх үндэслэл болохгүйг хуульчлан заасан. Тэр компанийн субьектив эрхийг хэрэгжүүлэгч захирал нь өөрөө байсны хувьд хөрөнгөөрөө хариуцлага хүлээх үүрэгтэй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, Компанийн тухай хуулийн 9.5-т хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна, Компанийн бусдад төлөх өр төлбөрийг барагдуулах тухай эрх зүйн зохицуулалтыг Иргэний хууль болон бусад хуулийн заалтыг мөрдөнө гэж заасан тул Ж.Мягмаржаргал хариуцагч байх бүрэн хууль зүйн үндэслэлтэй.“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн санхүүгийн тооцоо болон холбогдох баримтууд, “Далай ван” аудитын 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 063 тоот, 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 123 тоот шижээчийн дүгнэлтүүд болон бусад баримтуудаар “Хенлон” ХХК болон “Грийт глолбал интернэшнл” ХХК-иуд нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д өглөгтэй болох нь эргэлзээгүйгээр бүрэн тогтоогдсон.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас Ж.Мягмаржаргалд холбогдуулан гомдол гаргасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан нь ямар нэгэн хууль бус ашиг сонирхол байгаагүй бөгөөд манай компанийн зүгээс тооцоо нийлэх тухай асуудлыг Ж.Мягмаржаргалд удаа дараа мэдэгдэж байсан боловч янз бүрийн шалтгаан гаргаж, тооцооны үед үндэслэлгүй маргаан үүсгэх байдлаар тооцоо нийлэх баримтууд дээр гарын үсэг зурахаас санаатайгаар зайлсхийсээр өнөөг хүрсэн. Мөн КРМG олон улсын аудитын байгууллагын 2007 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас “Хенлон” ХХК болон “Грийт глобал интернэшнл” ХХК нь 2,8 сая ам.долларын авлагатай байсан гэх асуудалд дараах тайлбар хийж байна. Үүнд: КРМG олон улсын аудитын байгууллага нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн санхүүд аудит хийж байх үед “Хенлон” ХХК-д өглөгтэй мэт дансны үлдэгдэл тооцоон дээр харагдаж байгаа боловч өмнө нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр лүү шилжүүлсэн 4,6 сая ам.доллар нь “Хенлон” ХХК-ийн нэрийн өмнөөс шилжүүлснийг Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээс 2008 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 4,6 сая ам.долларын талаарх ирүүлсэн мэдээлэл эцэслэн тогтоож, тооцооны зөрүүтэй байдал нь баримтаар тогтоогдож, “Хенлон” ХХК-иас “Эрдэнэт үйлдвэр” ХХК авлагатай нь нотлогддог. Энэ нь иргэний хэрэгт нотлох баримтаар өгсөн төлбөрийн баримтуудаар давхар нотлогдож байгаа. Ж.Мягмаржаргал хариу тайлбартаа нэхэмжлэлд бичээд байгаа тоонууд бүгд үндэслэлгүй юм гэжээ. Энэ нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас шүүхэд гаргаад байгаа нэхэмжлэл нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн баримтууд болон холбогдох гэрээ, хэлэлцээр, хөндлөнгийн аудит, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байгаа тул Ж.Мягмаржаргалын гаргасан тайлбар нь үндэслэлгүй юм.

          Ж.Мягмаржаргал гэрээнүүдэд заасан үүргээ гүйцэтгээгүй бөгөөд тэрээр олон улсын зах зээл дээр төмрийн үнэ огцом өссөнөөс гэрээний үүргээ биелүүлж чадахгүй болсон гэх тайлбар хийж байгаа боловч энэ тухайгаа нотолсон баримт байхгүй. Төмрийн үнэ өссөнийг нотолдоггүй. Дээрх нөхцөл байдал бодиттойгоор үүссэн бол тэр авсан мөнгөө буцааж өгч гэрээнээс татгалзах эрх нээлттэй байсан. Гэтэл авсан мөнгийг хувьдаа ашиглаж, зориулалтын бусаар зарцуулсан учраас дээрх учир битүүлэг тайлбар хийх болсон гэж үзэж байна. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2012 оны 12 сарын 07-ны өдрийн 775 дугаар тогтоолд Ж.Мягмаржаргалаас “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсэн. Монгол Улсын төрийн өмчийн оролцоотой “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д учруулсан хохирлыг Ж.Мягмаржаргал нь ган бөмбөлөг бэлтгэн нийлүүлэхээр дээрх гэрээнүүдийг байгуулан урьдчилгаанд авсан 3 356 360,72 ам.доллар буюу 5 661 341 444 төгрөг,  гэрээний  үүргээ  биелүүлээгүйгээс  үүссэн торгууль 394 908,9 ам.доллар буюу 666 112 587 төгрөг нийт 3 751 268,81 ам.доллар буюу 6 327 454 964 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 оны санхүүгийн тайланд 2 812 419 ам.долларын авлагатай байсан гэдгээ “Хенлон” ХХК яриад байгааг манайхаас хүлээн зөвшөөрч байна. П.Еркебулан өмгөөлөгч хэлж байна. Өмгөөлөгч нар ч сайн мэдэж байх шиг байна. 4 600 000 долларыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас Дарханы төмөрлөгийн үйлдвэрт шилжүүлсэн. Үүнийг “Хенлон” ХХК-ийн өмнөөс шилжүүлсэн гэдгээ удаа дараа хэллээ. 4 600 000 ам.долларыг Дарханы төмөрлөгийн тооцоон дээр бичсэн байж байгаад 2008 оны 6 дугаар сард “Хенлон” бүртгэлд бичсэн. 4 600 000 доллараасаа “Хенлон” ХХК-д өгөх ёстой байсан 2 812 419 ам.долларыг хасахаар нэхэмжилж буй 1 700 000 ам.доллар гарч байгаа юм гэжээ.

 Хариуцагч Ж.Мягмаржаргал шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрдэнэт үйлдвэр” ХХК 6.З тэрбум төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хуулийн болон бодит үндэслэлгүй. Миний бие хувь хүний хувьд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай ган бөмбөлөг бэлтгэн нийлүүлэх тухай гэрээ байгуулж байгаагүй учраас бидний хооронд өглөг авлагын асуудал, маргаан байхгүй юм. Миний бусад хүмүүстэй хамтран үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан “Хенлон” болон “Грийт глобал интернейшнл” ХХК-иуд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай 1996 оноос хойш ган бөмбөлөг болон бусад бараа, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, үүргээ бүрэн биелүүлж ирсэн. Түүгээр ч зогсохгүй манай компани “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас авлагатай. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 2007 оноос хойш очсон удирдлага улс төрийн болон эдийн засгийн сонирхлоор манай компаний үйл ажиллагааг саатуулах, маш их хэмжээний төлбөр төлүүлэх, өмнө байгуулсан гэрээнүүдийг цуцлах, өөр хүмүүст шилжүүлэх, улмаар намайг залилан мэхлэгч, Н.Энхбаярын хамсаатан болгохын тулд гэмт хэрэг зохиож Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах газар, АТГ-т өгч шалгуулан, анхан болон давж заалдах шатны шүүхээс олон жилийн хорих ял ногдуулсан юм. Харин Улсын Дээд Шүүхээс компаниудын хоорондын өглөг, авлагын асуудлыг эрүүгийн хэрэг гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан холбогдох хэсгийг хүчингүй болгосон. “Эрдэнэт үйлдвэр” XXК төлбөрөө төлөхгүйн тулд энэ бүхнийг зориудаар захиалж, улс төржүүлэн, зохион байгуулсан. Миний бие шүүхийн шийдвэр гарсны дараа суллагдан тус үйлдвэрийн удирдлага, ажил хариуцсан хүмүүстэй 3 удаа очиж уулзан тооцоо нийлж, асуудлыг шийдвэрлэхийг хүссэн боловч, тодорхой хариу хэлэлгүй өнгөрөөсөн юм. Намайг 2008 оноос эхлэн хуулийн байгууллагаар шалгуулж, цагдан хоригдож байх хугацаанд манай компаниудыг бүртгэлээс хассан байсан. Ийнхүү манай компаний үйл ажиллагааг хүчээр зогсоож, миний компани төлөөлөх болон өр төлбөр нэхэмжлэх эрхийг хязгаарласан. Миний бие энэ асуудлын учрыг олохоор хөөцөлдөж байна. Нэхэмжлэлд бичээд байгаа тоонууд бүгд үндэслэлгүй юм.

Тухайлбал “Хенлон” компанийг 2005 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Н-Л-240305 тоот гэрээний үүргээс 1 337 230,65 ам.долларын ган бөмбөлөгийг дутуу нийлүүлсэн гэжээ. Энэ тоо буруу. Уг нь 1 358 450,65 ам.доллар юм. Энэ мөнгөнд тохирох ган бөмбөлөгийг 2007 оны 4 дүгээр сарын 15-нд нийлүүлснийг тус үйлдвэр орлогод авсан. Мөн манай компанийг 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Н-Л-230606/052327 тоот гэрээнээс 439 130,07 ам.долларын ган бөмбөлөг дутуу нийлүүлсэн гэсэн нь үндэслэлгүй. Тус үйлдвэр энэ тоог жингийн зөрүүнээс гаргасан юм. Манай компани энэхүү гэрээний дагуу ган бөмбөлөгийг Наушик-ДАФ нөхцлөөр бүрэн нийлүүлсэн. Гэтэл ган бөмбөлөгийг хүлээн авсныхаа дараа өөрийн баталгаагүй жин дээр жигнэн энэ тоог гаргасан байсан. Энэ тухай бид харилцан ярилцаж ойлголцсон боловч, энэ нөхдүүд дахин яриад байгааг ойлгохгүй байна. ...Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь: нэхэмжлэлд бичээд байгаа тоонууд бүгд үндэслэлгүй. Хоёр компанийн хооронд олон удаа гэрээ байгуулагдсан ган бөмбөлөг болон бусад зүйлс нийлүүлэгдэж байсан. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК тэдгээр гэрээнүүдээс нэг, хоёр гэрээг сугалан, өглөг авлага үүсгэснээс талуудын хооронд маргаан гарсан. “Хенлон” ХХК нь 2007 оны 10 дугаар сард тооцоо хийхэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ямар нэг өргүй, авлагатай байсан. Энэ нь 2007 оны 12 сарын 31-ний өдрийн олон улсын KPMG байгууллагын дүгнэлтээр баталгаажин, манай компанийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 2.8 сая ам.долларын авлагатай гэдгийг тогтоосон. Энэ дүгнэлтийг тус үйлдвэрийн санхүүгийн болон мэргэжлийн хүмүүс хүлээн зөвшөөрдөг ба энэ тухай мөрдөн байцаалтад мэдүүлсэн. Нэхэмжлэлд “Грийт глобал интернэйшнл” ХХК-ийг 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2007/5-581 тоот гэрээ байгуулж урдчилгаанд 1 580 000 ам.доллар авсан боловч ган бөмбөлөгөө нийлүүлээгүй” гэсэн нь үндэслэлгүй. Манай компани олон улсын зах зээл дээр төмрийн үнэ өссөнтэй холбоотой гадаадаас ган бөмбөлөг бэлтгэн нийлүүлэх боломжгүй болсон нөхцөлд байдлыг харгалзан Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээр ган бэлдэц бэлтгүүлэн, “Эрдэнэт металл” ХХК-ийн үйлдвэрээр ган бөмбөлөг хийлгүүлэх ажлыг зохион байгуулсан. Ингээд Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт ган бэлдэцийн үнэнд 1 439 930 ам.доллар урьдчилгаа төлбөрийг нийлүүлж, 17 312 418 тонн ган бэлдэцийг 2007 оны 01 дүгээр сараас 2008 оны эхний хагас жилд нийлүүлсэн. Энэ ган бэлдэцээр 16,7 тонн ган бөмбөлөг хийлгүүлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д нийлүүлсэн. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь “Эрдэнэт металл” ХХК-ийн хувьцааг 100 хувь худалдан авч, улмаар татан буулган өөрийн нэг цех болгосон байдлаа ашиглан 16.7 тонн ган бөмбөлөгийг манай компаниудын тооцоонд бүрэн оруулахгүй байгаагаас өрөө төлөхгүй, дээр ямар ч үндэслэлгүй төлбөр нэхэмжилдэг. “Эрдэнэт үйлдвэр” ХХК бэлтгэн нийлүүлсэн 16.7 тонн бөмбөлөгөөс 4.2 тонн ган бөмбөлөг буюу 4.2х790 3 318 000 ам.долларыг тооцоонд оруулахгүй байгаа юм. Ийм учраас манай компани “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 1.5 сая ам долларын авлагатай юм.

Энэ тухай “Эрдэнэт металл” ХХК-ийн захирал н.Баатарсүхийн утаснаас залгаад, 105 ам.доллараар хийх боломж байна гэсэн хариу ирсэн. Энэ талаар тохироод, би гараад менежертэйгээ ярилцаад 4000-аад бөмбөлөгний асуудал гарах талаар ярилцаад байж байхад “Эрдэнэт металл” ХХК бөмбөлөгийн үйлдвэр дээр очсон. Энэ үйлдвэр дээр очиход н.Баатарсүх захирал үйл ажиллагааг танилцуулаад, дунд нь тасалж зуухыг унтраавал асар их түлш зарцуулдаг талаар тайлбарлаад ярьж тохирсон. 12 дугаар сарын 05-наас энэ бэлдэц нийлүүлэгдэж эхлээд, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д нийлүүлэгдээд эхэлсэн. Тэр үед н.Баатарсүх “Хенлон” компаний өмнөөс тооцоог хийж, тоотуудыг надруу явуулж байсан. 13 200 бэлдэц тасралтгүй явагдаж байсан. 2007  оны 7 дугаар сарын 28-ны өдөр энэ гэрээ дуусгавар болсон. 2005, 2006 оны гэрээний биелэлт дууссан. Би гэрээг дуусгаад өөрөө очиход Дарханы төмөр замын дарга, Эрдэнэтийн төмөр замын дарга нартай уулзаад Дарханы төмөрлөг тасралтгүй байх талаар ярилцаад 15, 16 вагон болж байсан. Манайхаас 13 700 бэлдэц илүү нийлүүлэгдсэн байна. Дотоодоос гэрээ хийх боломжгүй байна. Зэсийн баяжмал ямар үнэтэй байгаа нь нөлөөлдөг байх. Импортын гэрээ хийнэ гэсэн байсан. Гэрээг хийх гэхээр мэдээллийг аваад байдаг байсан. Манайхаас үлдэгдэл дээрээ гэрээ хийх талаар ярилцахад өөр аж ахуй нэгжээр гэрээ хийгээд үзье гээд “Гриет глобал интэрнэйшл” ХХКомпаниар гэрээ хийлгүүлсэн. “Стандарт металл” гэдэг компани нийлүүлэх талаар ярилцаж байхад 2008 оны үед зогссон байсан. 2008 оны тайлан баланс аваад ирсэн байхад 2005 оны бөмбөлөг өгөгдөөгүй байна гээд танайд манайхаас авлагатай байна гэсэн тооцоо гараад ирсэн байгаа. Энэ асуудал явсаар байгаад “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг хуулийн байгууллагад хандаад нэг тийшээ шийдээд өгөөч гээд явсан мөн эрүүгийн хэргээр явсан юм. Далайван аудитийн газраар дүгнэлт гаргуулсан. Нийслэлийн прокуророос үзээд тооцоо нийлсэн актыг бий болгож байж шийдвэрлэнэ гээд Төгсбаяр гэдэг хүнтэй ярьсан. Тооцоо нийлээгүй юм. Прокурор дээр энэ эрүүгийн хэрэг биш байна гээд хэрэг хэрэгсэхгүй болсон. Н.Энхбаярт холбогдох хэрэг гэж гарч ирээд тэр хэргийг сэргээсэн. Сэргээх явцдаа энэ хэргийг тэр хэрэгтэй нийлүүлж шалгасан. Авилгатай тэмцэх газраас шалгасан. Тухайн үед таны мөнгө гээд байна үүнийгээ аваачээ гэж хэлж байсан. Би энэ мөнгийг авчих юм бол хуурамч гэрээг хүлээн зөвшөөрчих юм аа гээд хэлж байсан. Энэ гэрээг надтай байгуулсан байх цаг хугацааны авцалдаа байхгүй. Н.Баатарсүх өөрийн биеэр тайлбар өгөхдөө би энэ гэрээг “Хенлон” ХХК гэдэг компанитай байгуулаагүй. Менежер н.Чимэгбат гэдэг хүн хийсэн гэдэг ба н.Чимэгбат шүүхэд би Эрдэнэт үйлдвэрийн менежер юм. Би энэ гэрээг хийх үндэс байхгүй гэж тайлбар өгсөн. Тэгэхээр энэ гэрээ хийгдээгүй. Энэ гэрээгээр 2007 оны тайлан балансыг засаж задалсан байгаа юм. Тэгэхээр 2 800 000 ам.долларын авлага маань өглөг болж хувирсан. Тухайн үед 2007 онд шилжүүлсэн байсан мөнгийг Дарханых гэж бодоод тайлан тооцоо хийсэн гэвч сүүлд тайлбарлахдаа танайх байсан андуурагдсан гэж байсан. Тэр үед н.Туяацэцэг гэж хүн “Эрдэнэт үйлдвэр” манай хоёр бэлдэцийг нийлүүлээд өнгөрсөн байна. 2 500 000 ам.доллар нь “Хенлон” ХХК-ийнх гэж үзэж байсан. н.Оюунцэцэг даргад тоот өгөн баталсан байдаг. 4 600 000 долларыг Дарханых гэж андуурсан нь худлаа юм. Энэ үед Дарханы төмөрлөгт хүнд үе байсан. Би Эрдэнэтээс авсан төлбөрөөсөө хэсэгчилж шилжүүлж байгаад өөрийн байрыг “Голомт банк” ХХК-д зээлэнд тавиад өгсөн. Зээлээ төлж чадахгүй байсаар байраа алдсан. Тэр мөнгө Эрдэнэт үйлдвэрийн дансанд ороогүй байдаг. “Эрдэнэт металл” ХХК-ийг татан буугдахад “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн цех болсон. “Эрдэнэт металл” нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д өртэй байсан. “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Эрдэнэт металл” ХХК-ийн хооронд өр төлбөрийг зохицуулахад энэ гэрээ чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Энэ гэрээ яаж бий болсон байдаг гэхээр “Эрдэнэт металл” ХХК татан буугдахад Эрдэнэт металлийн хуулийн хэлтсийн мэргэжилтэн тамга тэмдэгийг Орхон аймгийн татварын хэлтэст аваачаад өгчихсөн байдаг. Тамга тэмдэгийг дутуу баримт бичгэн дээр тамга тэмдэг дарна гэж аваад гэрээг нөхөж байгуулаад буцаагаад тамга тэмдгээ аваачиж өгөөгүй Эрдэнэт үйлдвэрийн бичиг хэрэг дээр үлдээсэн байдаг. Гэрээг үйлдэхдээ Эрдэнэт үйлдвэрийн тамга тэмдэгийг ашигласан байх гэж боддог. Энэ байдлаар бөмбөлөгийн өр үүссэн юм.

Өнөөдрийн байдлаас болж би орон байргүй болж, ийм байдалд орсон. Тооцоо нийлэх талаар н.Алтанхуяг захирал дуудаж ирээд бүгд уулзалт хийхээр болж, н.Алтанхуяг захирал тооцоо нийлье гэхэд н.Нямхүү тооцоо нийлэх юм байхгүй гээд гараад явсан байгаа. н.Баатарсүх манайд ийм гэрээ байгаа ямар тооцоо нийлэх гээд байгаа юм бэ гээд тооцоо нийлсэн акт үйлдээгүй. Тооцоо нийлсэн акт байхгүйгээр авлагатай биш өглөгтэй болчихоод байгаа юм. Тэр үед тооцоо нийлсэн акт байхгүй учраас шүүхээр явъя гээд улсын тэмдэгтийн хурамжийн асуудлаар ярилцаад Эрдэнэт үйлдвэрийг шүүхэд өгчих гээд Эрдэнэт үйлдвэрээс шүүхэд өгсөн. “Эрдэнэт металл”, Мягмаржаргал гэж хүнтэй гэрээ байгуулаагүй байхад байгуулсан гээд гэрээ нөхөж оруулж ирээд маргаан үүссэн гэжээ.

 Хариуцагч Ж.Мягмаржаргал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдуулан дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Миний бусад хүмүүстэй хамтран үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан “Хенлон” болон “Грийт глобал интернейшнл” компаниуд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай 1996 оноос хойш ган бөмбөлөг болон бусад бараа, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, үүргээ бүрэн биелүүлсэн. “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Хенлон”, “Грийт глобал интернейшнл” компаниудын хооронд ган бөмбөлөг импортоор нийлүүлэх гэрээ байгуулагдаж байсан ба энэхүү гэрээгээр “Хенлон” компани нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 20 удаагийн нийлүүлэлтээр 3 851 548 ам.долларын өртөг бүхий 7387,6 тонн ган бөмбөлөг бэлтгэн нийлүүлсэн.

Ган бөмбөлөг импортоор нийлүүлэх явцад олон улсын зах зээлд төмрийн үнэ өссөнтэй холбоотой гадаадаас ган бөмбөлөг бэлтгэн нийлүүлэх боломжгүй болсон нөхцөл байдлыг харгалзан Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээр ган бэлдэц бэлтгүүлэн, “Эрдэнэт металл” ХХК-ийн үйлдвэрээр ган бөмбөлөг үйлдвэрлүүлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д нийлүүлэх ажлыг зохион байгуулахаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагуудтай харилцан тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу “Хенлон” компани нь Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээс 18 000 тонн ган бэлдэцийг нэг тоннын 380 ам.доллараар худалдаж авахаар 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2006-41 тоот “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулсан. Энэхүү гэрээний дагуу ган бэлдэцийн төлбөрт “Хенлон” компаниас 2006 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 499 965 ам.доллар, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 200 000 ам.доллар, 2007 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 699 960 ам.доллар, Техинвест компаниас 2007 онд 100 000 ам.долларыг тус тус Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт шилжүүлсэн. “Эрдэнэт үйлдвэр” ХХК 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Н-Л-230606/052327 тоот гэрээний дагуу “Хенлон” компанид шилжүүлэх ган бөмбөлөгийн урьдчилгаа төлбөр 4 600 000 ам.долларыг “Хенлон” компанийн өмнөөс ган бөмбөлөг, ган бэлдэцийн төлбөрт гэж Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт шилжүүлсэн. Ингээд “Хенлон” компани Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээс 17 312 070 тонн ган бэлдэцийг нийт 6 578 586,60 ам.доллараар худалдан аваад 2006 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрүүдийн хооронд “Эрдэнэт металл” ХХК-ийн үйлдвэрт нийлүүлсэн. Бидний Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээс худалдаж авсан 17 312 070 тонн ган бэлдэцээр “Эрдэнэт металл” ХХК 16 842 040 тонн ган бөмбөлөг үйлдвэрлэж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д нийлүүлсэн байдаг. Ингэснээр “Хенлон”, “Грийт глобал интернейшнл” компаниуд нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, авлагатай гарсан юм. Энэ нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгосон санхүүгийн тайлан, олон улсын аудитын “КРМG” компанийн дүгнэлт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогчийн орлогч Х.Хандсүрэнгийн “Хенлон” компани болон бусад хууль хяналтын байгууллагад өгсөн албан бичиг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогддог. Үүнд:

“Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 2007 оны жилийн эцсийн санхүүгийн тайландаа 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар “Хенлон” компанид 2 802 419 ам.долларын өглөгтэй гэж тусгасан байдаг. Энэхүү өглөгийг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын аудитын “КРМО” компани “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн санхүүгийн тайланд аудит хийх явцдаа баталгаажуулсан. Үүнийг үнэн зөв болохыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогчийн орлогч Х.Хандсүрэн баталж гарын үсгээ зуран тамгаа дарж “Хенлон” компани болон бусад хууль хяналтын байгууллагад өгсөн байдаг. “Хенлон” компани 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 2 802 419 ам.долларын авлагатай байхад “Эрдэнэт үйлдвэр” ХХК 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө байгуулсан гэрээнүүдийн дагуу 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө “Хенлон” компанид шилжүүлж байсан. Бүрэн биелэгдэж, хаагдсан төлбөрүүдийг иргэн Ж.Мягмаржаргал надаас нэхэмжилж байгаа учраас “Хенлон” компанийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас авах авлага 2 802 419 ам.долларын төлбөрөөс “Грийт глобал интернейшнл” компанийн 1 580 000 ам.долларын төлбөрийг хасч тооцон үлдэгдэл 1 222 419 ам.долларыг Монгол банкны 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хаалтын ханш 1944,24 төгрөгөөр тооцож 2 376 675 916 төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Миний бие энэ асуудлаас болж хохирсон гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төгсбаяр шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Олон улсын КРМG аудитаар баталгаажсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2007 оны 12 дугаар сарын 31-ний санхүүгийн тайланд тусгаснаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь “Хенлон” ХХК-д 2 802 419,28 ам.долларын өглөгтэй байсан боловч 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн КРМG олон улсын аудитаар баталгаажсан санхүүгийн тайланд "Неnlon company limited”  нь  “Эрдэнэт үйлдвэр”  ХХК-д 1 776 369,72 ам.долларын өртэй болсныг баталгаажуулсан болно. 1 776 369,72 ам.долларын авлага нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь "Неnlon company limited” ХК-ийн өмнөөс Дархан төмөрлөгийн үйлдвэрт 4 600 000 ам.долларыг төлсөнөөс үүссэн. Энэ тухай нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Энэ 4 600 000 ам доллараас 2 802 419,28 ам.долларыг хасахад 1 797 580,72 ам.долларын авлага гарах бөгөөд энэ дүнгээс Дархан төмөрлөгийн үйлдвэрийн "Неnlon company limited”-д ачуулсан бэлдэцийн өглөг 21 211.00 ам.долларыг хасаж тооцсоноор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн "Неnlon company limited” ХХК-иас авах авлага 1 776 369,72 ам.доллар болж байна. "Неnlon company limited” ХХК-ийн захирал Ж.Мягмаржаргал нь Дархан төмөрлөгийн үйлдвэртэй байгуулсан 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2006-41 тоот гэрээгээр 17 312 тонн ган бэлдэцийг тонн тус бүрийг 380 ам.доллар нийт 6 578 586 ам.доллараар авч “Эрдэнэт металл” ХХК-тай 2007 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2007/05-01 тоот гэрээ байгуулан дээрх 17 312 тонн ган бэлдэцээ тонн тус бүрийг 405 ам.доллар нийт 7 011 360 ам.доллараар нийлүүлж 432 800 ам.долларын ашиг олсон байна. /405-380=25*17312=432 800/ “Эрдэнэт металл” ХХК ба "Неnlon company limited” ХХК-ийн хооронд байгуулсан 2007 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2007/05-01 тоот ган бэлдэц нийлүүлэх гэрээний эх хувь олдохгүй байгаа боловч тухайн гэрээ нь хууль ёсны дагуу хүчин төгөлдөр гэрээ байсан болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

1. 2007 оны 01 дүгээр сарын 10 ний өдрийн 2007/05-01 тоот “Эрдэнэт металл” ХХК ба "Неnlon company limited” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний хуулбар хувь.

          2.“Эрдэнэт металл” ХХК-ийн захирал Б.Баатарсүхийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ирүүлсэн 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 25/07 тоот, мөн 2007 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 35/07 тоот "Неnlon company limited” ХХК-д төлбөр төлөх албан бичгүүд.

          3. “Эрдэнэт металл” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан н.Баатарсүхийн эрүүгийн болон иргэний хэрэгт гэрчээр байцаагдсан мэдүүлгүүд.

          4. “Эрдэнэт үйлдвэр” ХХК ба “Эрдэнэт металл” ХХК-ийн хооронд байгуулсан 2007 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2007/05-35  тоот  ган  бөмбөлөг нийлүүлэх гэрээгээр 12 500 тонн ган бөмбөлөгийг тонн тус бүрийг 540 ам.доллараар буюу нийт 6 750 000 ам.долларын ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд "Неnlon company limited” ХХК-ийн нийлүүлсэн бэлдэцийн үнэ ба “Эрдэнэт металл” ХХК-ийн үйлдвэрлэсэн ган бөмбөлөгийн тонн тус бүрийн үнийн зөрүү 135 ам.доллар нь “Эрдэнэт металл” ХХК-ийн үйлдвэрлэлийн зардал бөгөөд Өөрөөр хэлбэл, ган бөмбөлөг үйлдвэрлэх үед зайлшгүй шаардагдах шатах тослох материалын үнэ, ажилчдын цалин хөлс, үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмжийн элэгдэл бусад зардал байна. “Эрдэнэт металл” ХХК-тай ган бөмбөлөг үйлдвэрлүүлэх гэрээ байхгүй тул “Эрдэнэт металл” ХХК-иас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д нийлүүлсэн ган бөмбөлөгийн тоо, хэмжээ, үнэ зэрэг нь Ж.Мягмаржаргалд хамааралгүй байна. Учир нь: 1. "Неnlon company limited” ХХК-ийн захирал Ж.Мягмаржаргал нь “Эрдэнэт металл” ХХК-д ган бэлдэц нийлүүлэх тухай гэрээ байгуулсан боловч гэрээнд заасан ган бэлдэц хүлээлгэн өгсөн, байгууллага хоорондын тооцоо нийлсэн акт болон холбогдох баримтгүй. 2. 2006 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2007 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д “Эрдэнэт металл” ХХК-иас ган бөмбөлөг нийлүүлсэн тухай санхүү, нягтлан бодох бүртгэлийн баримтуудыг архиваас үзэхэд "Неnlon company limited” ХХК болон Ж.Мягмаржаргалын нэрийн өмнөөс ган бөмбөлөг нийлүүлсэн тухай баримтгүй. Мөн хариуцагч авлагатай байсан бол энэ тухай өмнө нь шаардаж байгаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          Улсын Ерөнхий прокурорын хяналтын прокурор Д.Булганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын тухай хуулийн 16 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж шүүх хуралдаанд оролцож байна. Төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэдэг нь төрийн өмчийг захиран зарцуулах эрх зөрчигдсөн байгаа. Энэ талаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь төрийн өмчит компани гэдгээр төрийн ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзсэн. Энэ компанийн 51 хувийг төр эзэмшдэг. “Хенлон” ХХК болон “Грийт глобал интернейшнл” ХХК нь Хонгконг улсад бүртгэлтэй боловч Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаагүй байна. 2005 онд 100 долларын хөрөнгөтэйгээр бүртгэгдсэн компани юм. Гонконг улсад бүртгэлтэй байсан “Хенлон” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Мягмаржаргал нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай 2005 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 5 200 000 ам.долларын гэрээ, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 5 150 000 ам.долларын гэрээ тус тус байгуулсан. “Хенлон” ХХК-ийн захирал Ж.Мягмаржаргал нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байдаг.

Гэтэл ахиад “Гриет глобал интернэшнл” компани байгуулж 1 580 000 ам.долларыг шилжүүлсэн. Энэ гэрээнээс гадна 5 гэрээ байдаг. Энэ компани анх 100 долларын эх үүсвэртэй байгуулагдаж байсан компани хэрхэн яаж үйл ажиллагаа явуулж байсан гэдэг нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д эх үүсвэр нь байсан гэж харагдаж байна. 100 ам.долларын хөрөнгөтэйгээр байгуулагдаад байгуулсан өдрөөсөө хойш аравч хонохгүйгээр их хэмжээний ам.долларын гэрээ хийсэн. Гэрээний 2005, 2006 оны үүргийн гүйцэтгэл хангагдаагүй. Гэрээний үүргээ гүйцэтгээгүй байсан ч удаа дараа гэрээ байгуулагдаад байсан нь тухайн үед өндөр албан тушаал хашиж байсан хүний нөмөр нөөлгөөр ахин ахин гэрээ хийгдэж байсан нь эрүүгийн хэргээс харагддаг. Гэрээний гүйцэтгэл хангагдаагүй байхад дахин гэрээ хийсэн байдаг. 2007 оны аудитаар авлагатай байсан гээд байгаа гэрээний хугацаа, аудитын хугацаа хоёр өөр юм. Аудитын 2007 оны 12 дугаар сарын 31-ний хугацаа нь энэ ХХК ийм авлагатай, өглөгтэй гэдгийг дүгнэсэн байгаа болохоос биш гэрээг дүгнэсэн асуудал биш юм. “Грийт глобал интернэшнл” ХХК нь 2007 онд 1 580 000 ам.долларыг аваад л татан буугдсан байсан учраас эрүүгийн хэргээр шалгагдсан байгаа. Үүнээс харахад энэ мөнгийг авах гэж л байгуулагдсан гэж харагдаж байна. 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэмэлт гэрээ хийгдсэн гээд байгаа. 2005, 2006 оны гэрээнүүдийн хэрэгжилтээс харахад биелэгдээгүй. Энэ хоёр гэрээний дагуу он дамжигдаж дүгнэгдсэн байгаа нь харагдаж байгаа. Санхүүгийн баримтанд хоёр удаа шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтэнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д өртэй, төлөх ёстой гээд гарсан байдаг. Дээрх нөхцөл байдлуудыг үзэхэд төрийн өмчийн эрх ашиг тодорхой хэмжээгээр зөрчигдсөн. Тэгэхээр нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Мягмаржаргалаас 5 661 360 471 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 666 093 493 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ж.Мягмаржаргалын нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд холбогдуулан гаргасан 2 376 675 916 төгрөгийг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31 795 220 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Мягмаржаргалаас 28 464 752 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д олгож, хариуцагч Ж.Мягмаржаргалын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Мягмаржаргалаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дутуу төлсөн 11 971 130 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Мягмаржаргал болон түүний өмгөөлөгч Г.Мөнхбат, Р.Болдбаатар, П.Еркебулан, Ш.Энхтөр нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэн Ж.Мягмаржаргал би шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч  гомдол гаргаж байна.

1. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн:              

1.1. "Эрдэнэт үйлдвэр" ХХК болон Henlon Company Limited, Great Global International компаниудын хооронд ган бөмбөлөг импортоор нийлүүлэх гэрээ байгуулж байсан боловч олон улсын зах зээл дээр төмрийн үнэ өссөнтэй холбоотой гадаадаас ган бөмбөлөг бэлтгэн нийлүүлэх боломжгүй болсон нөхцөл байдлыг харгалзан Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэрээр ган бэлдэц бэлтгүүлэн, “Эрдэнэт металл” ХХК-ийн үйлдвэрээр ган бөмбөлөг үйлдвэрлүүлэн "Эрдэнэт үйлдвэр" ХХК-д нийлүүлэх ажлыг зохион байгуулахаар "Эрдэнэт үйлдвэр" ХХК-тай харилцан тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу "Эрдэнэт металл" ХХК болон "Хенлон" компанийн хооронд 2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр "Нэмэлт гэрээ" байгуулагдсан байна. Дээр дурдсан тохиролцооны дагуу Henlon Company Limited нь Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээс 18 000 тонн ган бэлдэцийг нэг тоннын 380 ам.доллараар худалдаж авахаар “худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулсан /1 дүгээр хх-ийн 138-140/. Энэхүү гэрээний дагуу ган бэлдэцийн төлбөрт “Хенлон” компаниас 2006 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 499 965 ам.доллар, 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 200 000 ам.доллар, 2007 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 699 960 ам.доллар, Техинвест компаниас 2007 онд 100 000 ам.долларыг тус тус Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт шилжүүлсэн /1 дүгээр хх-ийн 130-133/, "Эрдэнэт үйлдвэр" ХХК 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Н-Л230606/052327 тоот гэрээний дагуу Henlon Company Limited шилжүүлэх ган бөмбөлөгийн урьдчилгаа төлбөр 4 600 000 ам.долларыг "Henlon Company Limited-ийн өмнөөс ган бөмбөлөг, ган бэлдэцийн төлбөрт" гэж Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт шилжүүлсэн байдаг /хх-ийн 133-134/. Ингээд Henlon Company Limited Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээс 2006 оны 12 дугаар сарын  05-ны өдрөөс 2007 оны 7 дугаар сарын 28-ны өдрүүдийн хооронд нийт 17 312 070 тонн ган бэлдэцийг 6 578 586,60 ам.доллараар худалдан авч "Эрдэнэт металл" ХХК-ийн үйлдвэрт нийлүүлсэн. /хх-ийн 132-137-р хуудас/. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээс худалдаж авсан 17 312 070 тонн ган бэлдэцийг "Эрдэнэт металл" ХХК-ийн үйлдвэрт нийлүүлэн 16 842 040 тонн ган бөмбөлөг үйлдвэрлүүлсэн. Henlon Company Limited нь "Эрдэнэт металл" ХХК-ийн үйлдвэрт үйлдвэрлэсэн 16 842 040 тонн ган бөмбөлөгийг "Эрдэнэт үйлдвэр" ХХК-д нийлүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Энэ нь Н.Энхбаяр, Д.Дуламсүрэн, Д.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал нарт холбогдох 21147024 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан 2007 оны "Нэмэлт гэрээ"-гээр нотлогддог. Дээр дурдсан "Эрдэнэт металл" ХХК болон "Хенлон" компанийн хооронд байтуулагдсан 2007 оны "Нэмэлт гэрээ" /орчуулгын хамт/ Н.Энхбаяр, Д.Дуламсүрэн, Д.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал нарт холбогдох 21147024 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан болох нь шүүхийн журмаар хийсэн үзлэгээр нотлогдсон. Хариуцагч талаас 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тус шүүхэд хандан дээр дурдсан нэмэлт гэрээг шүүхийн журмаар гаргуулах тухай хүсэлт гаргасан /4 дүгээр хх-ийн 18-р хуудас/. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 102/Ш32015/10920 тоот захирамжаар Улсын Ерөнхий Прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архиваас Н.Энхбаяр, Д.Дуламсүрэн, Д.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал нарт холбогдох 21147024 дугаартай эрүүгийн хэргээс "Эрдэнэт металл" ХХК болон "Хэнлон" компанийн хооронд байгуулагдсан 2007 оны "Нэмэлт гэрээ" /орчуулгын хамт/-г гаргуулахаар захирамжилсан. /4 дүгээр хх-ийн 19-р хуудас/ Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1/1960 тоот албан бичгээр нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 102/Ш32015/10920 тоот шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэргийн төв арихвт хүргүүлсэн ч энэхүү нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байсан /4 дүгээр хх-ийн 20/.

Тиймээс дээр дурдсан хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулж, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Ж.Мягмаржаргалд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, ач холбогдолтой нотлох баримт болох "Эрдэнэт металл" ХХК болон "Хенлон" компанийн хооронд байгуулагдсан 2007 оны "Нэмэлт гэрээ" /орчуулгын хамт/ Улсын Ерөнхий Прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архиваас шүүхийн журмаар гаргуулахыг хүсэлтийг хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нар 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн энэхүү хүсэлтийг хүлээж авахаас үндэслэлгүйгээр татгалзан нотлох баримт гаргуулах тухай хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийн дагуу холбогдох нотлох баримт ирээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн. Шүүх хуралдааны явцад дээр дурдсан асуудал яригдсаны дагуу талуудын хооронд 2007 онд "Нэмэлт гэрээ" байгуулагдаж байсан талаар хариуцагч болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нар харилцан мэтгэлцэж, маргалдсан. Дээр дурдсан "Нэмэлт гэрээ"-г нотлох баримтаар гаргуулснаар талуудын маргааны зүйл болох 17 312 070 тонн ган бэлдэц буюу 16 842 040 тонн ган бөмбөлөгийн төлбөр тооцооны асуудал тодорхой болох байсныг анхан шатны шуүх анхааран үзээгүйд гомдолтой байна.

Нэхэмжлэгч нь иргэн Ж.Мягмаржаргалаас компанийн хүлээх ёстой гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжлэхдээ Эрүүгийн 21147024 тоот хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэсэн байдаг. Харин эрүүгийн хэрэг дэх шинжээчийн дүгнэлтүүд нь "Эрдэнэт үйлдвэр" ХХК болон "Хенлон" ХХК-ийн хооронд 2007 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан гэх 2007/05-01 тоот бэлдэц нийлүүлэх гэрээг үндэслэсэн байдаг. Гэтэл энэхүү гэрээ нь эх хувиараа байдаггүй бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчээс эх хувийг нь гаргуулах, эрүүгийн хэргийн архивт үзлэг хийлгүүлэх, шинжээч томилуулах зэргээр жинхэнэ болон байгуулсан эсэхийг тодруулахын тулд хуульд заасан арга хэмжээнүүдийг өөрсдийн эрхийн хүрээнд авсан боловч гэрээний эх хувь одоо болтол олдоогүй. Тиймээс "Эрдэнэт үйлдвэр" ХХК болон "Хенлон" ХХК-ийн хооронд 2007 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан гэх 2007/05-01 гэрээг хуурамч гэрээ гэж үзэх хангалттай үндэслэлээр нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргахад шүүх тухайн гэрээг хасалгүйгээр түүнд болон хуурамч гэрээнд үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5 дахь хэсгийг ноцтойгоор зөрчсөн. Нэхэмжлэгч талын хувьд тухайн хуурамч гэрээ болон түүнд үндэслэж гарсан шинжээчийн дүгнэлтийн дагуу шаардлага гаргаж байгаа бол үүнийгээ өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч хуурамч гэх гэрээг эх хувиар нь гаргаж өгөөгүй, үүнийгээ нотолж чадаагүй байхад шүүх түүнийг нотлогдож байгаа мэт хуурамч баримтуудад үндэслэн дүгнэлт хийсэн нь хууль бус байна.

Хариуцагчийн өмгөөлөгч нарын "Эрдэнэт үйлдвэр" ХХК болон "Хенлон" ХХК-ийн хооронд 2007 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан гэх 2007/05-01 дээрх хуурамч гэрээ болон нэхэмжлэгчээс гаргаж өгсөн архивын хуулбар үнэн гэсэн бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудыг хасуулах, мөн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт болох "Эрдэнэт үйлдвэр" ХХК болон "Хенлон" ХХК-ийн хооронд 2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээг Эрүүгийн хэргийн төв архиваас гаргуулахаар захирамжилсан 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн шүүгчийн захирамжийн биелэлтийг хангасны дараа шүүх хурлыг хийх зэрэг хүсэлтүүдийг анхан шатны шүүх хангахгүй орхиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн нь ач холбогдол бүхий нотлох баримтыг байлгахгүйгээр мөн хуурамч болон нотлох баримтын шаардлага хангахгүй баримтан дээр үндэслэж хэргийг зөвхөн нэхэмжлэгч талд ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж чадахгүй гэсэн үндэслэл бүхий эргэлзээг төрүүлсэн.

Иймээс хариуцагчийн өмгөөлөгчдөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасныг үндэслэл болгон мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсгт заасны дагуу шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан боловч шүүх бүрэлдэхүүн "хэргийн оролцогчдыг хурлын зааланд сууж бай" гээд 10 минутын дараа татгалзлыг хүлээн авахаас татгалзсан, Ерөнхий шүүгчээр гарын үсэг зуруулсан захирамжийг танилцуулсан. Тэр даруйд нь хариуцагчийн өмгөөлөгчдөөс тухайн шүүхээс татгалзсан хүсэлт гаргахад шүүх бүрэлдэхүүн "хэргийн оролцогчдыг хурлын зааланд сууж бай" гээд шүүгчдийн зөвлөгөөн хийхгүйгээр 20 минутын дотор хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг шүүгчээр тойрон явж зуруулан шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг бидний зүгээс "шүүх бүрэлдэхүүн хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэх гэж улайрсан, бусдын зөрчигдсөн эрх, эрх чөлөөг хамгаалах талаар шүүхийн буруу жишиг тогтоосон" явдал боллоо гэж үзэж байна.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болсон 2005 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн H-L-240305 тоот, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн H-L-230606/05-327 тоот, 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2007/05/581 тоот ган бөмбөлөг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан талуудыг зөв тодорхойлж чадаагүй байна.

2.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: "...зохигч талуудын хооронд Иргэний
хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 2005 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн H-L- 240305 тоот, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн H-L-230606/05-327 тоот, 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2007/05/581 тоот ган бөмбөлөг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв" гэсэн нь үндэслэлгүй. Учир нь: иргэн Ж.Мягмаржаргал хувь хүний хувьд "Эрдэнэт үйлдвэр" ХХК-тай ган
бөмбөлөг бэлтгэн нийлүүлэх тухай ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэлийн
үндэслэл болсон 2005 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн H-L240305 тоот гэрээ, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Н-Л230606/052327 тоот гэрээний үндэслэх хэсэгт "Нэг талаас Монгол-Оросыи хамтарсан "Эрдэнэт үйлдвэр" ХХК /цаашид "Худалдан авагч" гэх/, нөгөө талаас Henlon Company Limited, Hong Kong цаашид "Худалдагч" гэх нар дараах зүйлийг харилцан тохиролцож энэхуү гэрээг байгуулав" гэж гэрээ байгуулсан талуудыг тодорхой тусгасан байхад анхан шатны шүүх "Эрдэнэт үйлдвэр” ХХК болон иргэн Ж.Мягмаржаргал нарын хооронд ган бөмбөлөг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна” гэж байж боломгүй дүгнэлт хийсэнд гайхан эргэлзэж байна.

2.2. Анхан шатны шүүх ган бөмбөлөг худалдах-худалдан авах гэрээний талуудыг
тодорхойлохдоо хоорондоо илт зөрүүтэй, өөр өөр дүгнэлт хийснийг ойлгохгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12 дугаар хуудсанд: "Эрдэнэт үйлдвэр ХХК нь "Хенлон" ХХК-тай 2005 оны 3 дугаар сарын 24-ний өдөр H-L240305 тоот, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Н-Л230606/052327 тоот, "Грийт глобал интернэшнл" ХХК-тай 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2007/05/581 тоот гэрээ байгуулсан байна" гэж дүгнэсэн атлаа шийдвэрийн үндэслэх хэсгийн 13 дугаар хуудсанд: "Нэхэмжлэгч "Эрдэнэт үйлдвэр" ХХК болон хариуцагч Ж.Мягмаржаргал нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан ган бөмбөлөг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна" гэж хоорондоо илт зөрүүтэй, дүгнэлт хийснийг ойлгохгүй байна.

Үүнээс үзэхэд анхан шатны шүүх "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Ж.Мягмаржаргалд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үндэслэл болсон "ган бөмбөлөг худалдах-худалдан авах гэрээ"-нүүд "Эрдэнэт үйлдвэр ХХК болон Henlon Company Limited, Great Global Internationaл-ийн хооронд байгуулагдсан гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн эсэх, "Эрдэнэт үйлдвэр” ХХК болон Ж.Мягмаржаргалын хооронд байгуулагдсан байна гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэл болсон ган бөмбөлөг худалдах-худалдан авах гэрээг байгуулсан талуудыг зөв тодорхойлох нь чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

2.3. Шүүх ган бөмбөлөг худалдах-худалдан авах гэрээг байгуулсан талуудыг тодорхойлохдоо хариуцагчийн тайлбарыг мушгин гуйвуулж тайлбарласан байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: "2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2007/05/581 тоот гэрээнд хариуцагчийн гарын үсэг зураагүй гэж хариуцагчийн өмгөөлөгч нар маргасан боловч хариуцагч нь 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2007/05/581 тоот гэрээний урьдчилгаа төлбөрт 1 580 000 ам.доллар хүлээн авсан гэдгийг хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрсөн тул ган бөмбөлөг худалдах-худалдан авах гэрээ байгуүлагдсан байна" гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Хариуцагч Ж.Мягмаржаргал нь "2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2007/05/581 тоот гэрээг "Эрдэнэт үйлдвэр" ХХК нь Great Global International-тай байгуулсан, Great Global International нь гэрээний урьдчилгаа төлбөрт 1 580 000 ам.долларыг хүлээн авсан, энэхүү гэрээнд зургадсан гарын үсэг Ж.Мягмаржаргал миний гарын үсэг биш" гэж тайлбарласныг шүүх "энэхүү гэрээг “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь Ж.Мягмаржаргалтай байгуулсан байна" гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

"Эрдэнэт үйлдвэр" ХХК болон Great Global International компанийн хооронд эайгуулагдсан гэх 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2007/05-581 тоот гэрээнд иргэн Ж.Мягмаржаргал гарын үсэг зураагүй /1 хав 28-29/. Үүнийг тодорхой болгох үүднээс 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2007/05-581 тоот гэрээний эх хувийг "Эрдэнэт үйлдвэр" ХХК-иас шүүхийн журмаар гаргуулж, гарын үсгийн шинжилгээ хийлгэх тухай хариуцагч талын гаргасан удаа дараагийн хүсэлтийт огт шийдвэрлээгүй атлаа дээрх дүгнэлт хийсэн нь хууль бус байна.

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

3.1. "Эрдэнэт үйлдвэр" ХХК-тай ган бөмбөлөг бэлтгэн нийлүүлэх тухай гэрээг Хонг Конг Улсад бүртгэлтэй байсан Henlon Company Limited байгуулсан бөгөөд Henlon Company Limited нь "Эрдэнэт үйлдвэр" ХХК-тай байгуулсан H-L240305 тоот гэрээ болон Н-Л230606/052327 тоот гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байдаг. Энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгосон санхүүгийн тайлан, олон улсын аудитын "KPMG" компанийн дүгнэлт, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогчийн орлогч Х.Хандсүрэнгийн Henlon Company Limited болон бусад хууль хяналтын байгууллагад өгсөн албан бичиг зэрэг анхан шатны нотлох баримтуудаар хангалттай нотлогддог. Үүнд:

"Эрдэнэт үйлдвэр" ХХК нь 2007 оны жилийн эцсийн санхүүгийн тайландаа 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар "Henlon Company Limited''-д 2 802 419 ам.долларын өглөгтэй гэж тусгасан байдаг /2 дугаар хх-ийн 5/. Энэхүү өглөгийг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын аудитын "KPMG" компани нь "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн санхүүгийн тайланд аудит хийх явцдаа баталгаажуулсан. Үүнийг үнэн зөв болохыг "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогчийн орлогч Х.Хандсүрэн баталж гарын үсгээ зуран тамгаа дарж Henlon Company Limited болон бусад хууль хяналтын байгууллагад өгсөн байдаг /1 дүгээр хх-ийн 239-241/. Henlon Company Limited нь 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар "Эрдэнэт үйлдвэр" ХХК-иас 2 802 419 ам.долларын авлагатай байхад "Эрдэнэт үйлдвэр" ХХК 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө байгуулсан гэрээнүүдийн дагуу /2005.03.24-ний өдрийн H-L240305 тоот гэрээний дагуу 2005.04.19-ний өдрөөс 2006.05.22-ны өдрүүдийн хооронд төлбөр шилжүүлж байсан /1 дүгээр хх-ийн 44-53/, 2006.06.23-ны өдрийн Н-L230606/052327 тоот гэрээний дагуу 2006.08.14-ний өдрөөс 2007.01.25-ны өдрүүдийн хооронд төлбөр шилжүүлж байсан /1 дүгээр хх-ийн 54-57/ Henlon Company Limited-д шилжүүлж байсан төлбөрүүдийг иргэн Ж.Мягмаржаргалаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм."Эрдэнэт үйлдвэр" ХХК нь 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар "Henlon Company Limited''-д 2 802 419 ам.долларын өглөгтэй гэж санхүүгийн  тайландаа тусгаснаас үзэхэд "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн  "H-L240305  тоот гэрээний дагуу 1 337 230,65 ам.долларын бараа, Н-Л230606/052327 тоот гэрээний дагуу 439 130,07 ам.долларын бараа нийлүүлээгүй байна" гэж нэхэмжилж байгаа төлбөрүүд нь бүрэн хаагдсан, харин Henlon Company Limited нь "Эрдэнэт үйлдвэр" ХХК-иас 2 802 419 ам.долларын авлагатай болох нь хэрэгт авагдсан дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байхад анхан шатны шүүх энэхүү нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3.2. Henlon Company Limited нь 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар "Эрдэнэт үйлдвэр" ХХК-иас 2 802 419 ам.долларын авлагатай компанийг 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1 797 581 ам.долларын өглөгтэй болгож санхүүгийн тайландаа тусгасан атлаа "авлага"-тай компанийг "өглөг"-тэй компани болгож өөрчилсөн учир шалтгаанаа баримтаар нотолж чадаагүй. Henlon Company Limited нь 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар "Эрдэнэт үйлдвэр" ХХК-д 1 797 581 ам.долларын өглөгтэй байхын тулд 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш "Эрдэнэт үйлдвэр" ХХК-тай гэрээ байгуулж, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-иас 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш ямар нэгэн төлбөр шилжүүлсэн байх шаардлагатай. Харамсалтай нь Henlon Company Limited нь "Эрдэнэт үйлдвэр" ХХК-тай 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш ямар нэгэн гэрээ байгуулж байгаагүй, түүнээс хойш "Эрдэнэт үйлдвэр" ХХК-иас Henlon Company Limited огт төлбөр шилжүүлж байгаагүй болохыг анхааран үзэх шаардлагатай байна. "Эрдэнэт үйлдвэр" ХХК нь 2 802 419 ам.долларын өглөгийг Henlon Company Limited-д хэрхэн барагдуулсан, иргэн Ж.Мягмаржаргалаас нэхэмжилж буй 3751269.58 ам.доллар буюу 6 327 453 964 төгрөгийн төлбөрт дээр дурдсан 2 802 419 ам.долларын өглөг хэрхэн уялдаж байгаа зэргийг тодорхой болгох зайлшгүй шаардлагатай. Энэхүү нөхцөл байдлыг тодорхой болгохгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна.

3.3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхой дурдаагүй байхад шүүх нь түүнийг хүлээн авч, нэхэмжлэлийн үндэслэлийн талаар хууль ёсны дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн. Тухайлбал, нэхэмжлэлдээ “Хенлон” ХХК болон “Грийт глобал интернейшнл” ХХК-тай гэрээ байгуулсан гэсэн атлаа иргэн Ж.Мягмаржаргалаас гэрээний үүргийн биелэлтийг ямар үндэслэлээр шаардаж байгаагаа дурдаагүй. Гэтэл анхан шатны шүүх Ж.Мягмаржаргалыг компанийн эрх бүхий этгээд байна гэж үзсэн атлаа ямар хуулийн зүйл, заалтын дагуу хариуцах ёстой гэж үзсэн нь тодорхойгүй, энэ талаар үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн нэхэмжлэгч талд ашигтайтаар шийдвэрлэсэн нь хууль бус байгаа болно. Хариуцагчийн хувьд компанийн эрх бүхий этгээд гэдэг дээр ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд чухам тэрхүү эрх бүхий этгээд яагаад компанийн хүлээх үүргийг бусдын өмнө хүлээх ёстой талаар анхан шатны шүүх хуулийн үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүй шийдвэрлэж хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар гүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй, нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж дүгнэн 243.1 дэх заалтыг баримталсан байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтэд мөнгө биш ган бөмбөлөг гаргуулах ёстойг болохыг шүүх анхаарч үзсэнгүй.

3.4. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар "Хенлон" болон "Грийт глобал интернэшнл" компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүн буюу эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ж.Мягмаржаргал болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй, уг компаниудын ерөнхий захирал байсан гэж хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний үүргийг Ж.Мягмаржаргалаас шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв" гэжээ. Д.Мягмаржаргал нь нэхэмжлэгч "Эрдэнэт үйлдвэр" ХХК-тай ямар нэг гэрээ, хэлцэл байгуулаагүй, тус компанийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар компани хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцдаггүй, мөн хуулийн 9.3 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй, гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээдэг.

"Хенлон" компани нь 2005 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Хонт-Контд 3/F, Jonsim Place 228, Queen's Road East, Wanchai, Hong Kong хаягт бүртгэлтэй, 100 HKD (Хонг-Конг доллар)-ын үнэтэй 1000 ширхэг хувьцаатайтаар үүсгэн байгуулагдаж, хэрэгт авагдсан баримт бичит /хх-ийн 142-164/-т зааснаар дээрх компанийн хувьцаа эзэмшигчээр Ч.Мөнхбат, хувь хүн ТУЗ-ийн гишүүнээр Д.Мягмаржаргал бүртгэгдсэн байдаг. "Грийт глобал интернэшнл" компани нь Хонг-Конгд 3/F, Jonsim Place 228, Queen's Road East. Wanchai. Hong Kong хаягт бүртгэлтэй, 100 HKD (Хонг-Конг доллар)-ын үнэтэй 1000 ширхэг хувьцаатайгаар үүсгэн байтуулагдсан. Үүсгэн байгуулагдсан он cap өдөр нь тодорхойгүй байна. Мөн Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болдог.  Хонг-Конг дахь “Хенлон" болон "Грийт глобал интернэшнл" компанийн нарийн бичиг болох "AALL ZYLEMAN" компани нь 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх тухай мэдэгдэл гаргаснаар дээрх компаниуд татан буугдсан байх бөгөөд үүнд нэхэмжлэгч Эрдэнэт үйлдвэр маргадаггүй. Иймд дээр дурдсан нэхэмжлэлтэй хэргийн жинхэнэ хариуцагч нь "Хенлон" болон "Грийт глобал интернэшнл" компаниуд бөгөөд Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэл болгон үзэхэд эдгээр хуулийн этгээдүүдийн хүлээх үүрэг нь дуусгавар болсон байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийлээ.

Хувьцаа эзэмшигч нь компанийн тайлан балансаас хөрөнгөө зааглаагүй тохиолдолд өөрийн бүх өмч хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ гэснийг гэрээний бүх үүргийг хариуцна гэж анхан шатны шүүх буруугаар ойлгон тайлбарлаж хувьцаа эзэмшигчийн одоо байгаа хөрөнгийн хэмжээгээр биш, гэрээний үүргийг бүхэлд нь хариуцуулж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх заалтыг ноцтойгоор зөрчиж байгаа болохыг анхаарч үзнэ үү. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ж.Мягмаржаргалын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь хариуцагч Ж.Мягмаржаргалд холбогдуулан 3 751 269,58 ам.доллар буюу 6 327 453 964 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 1 222 419 ам.доллар буюу 2 376 675 916 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн өмгөөлөгч П.Еркебулан нь 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “Улсын Ерөнхий Прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архиваас Н.Энхбаяр, Д.Дуламсүрэн, Д.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал нарт холбогдох 21147024 дугаартай эрүүгийн хэргээс “Эрдэнэт металл” ХХК болон “Хенлон” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2007 оны “Нэмэлт гэрээ”-г орчуулгын хамт шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулах тухай” хүсэлт /4 дүгээр хх-ийн 18 тал/ гаргасны дагуу Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШЗ2015/10920 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж, 2015 оны 4 дүгээр сарын 24-ний дотор ирүүлэхийг үүрэг болгосон байна /4 дүгээр хх-ийн 19 тал/.

Тус шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1/1960 албан тоотоор уг шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулахаар хүргүүлсэн боловч захирамжийн биелэлт хангагдаагүй буюу Улсын Ерөнхий Прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архиваас нотлох баримтыг ирүүлээгүй байна. Мөн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагч Ж.Мягмаржаргал болон түүний өмгөөлөгч Р.Болдбаатар, П.Еркебулан, Г.Мөнхбат, Ш.Энхтөр нар дээрх 2007 оны “Нэмэлт гэрээ”-г нотлох баримтаар гаргуулах хүсэлтээ /4 дүгээр хх-ийн  191 тал/ шүүх хуралдаан дээр гаргасан боловч хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШТ2016/00103 дугаар шүүхийн тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ уг баримттай холбоотой хүсэлт, тайлбарыг өмнө нь гаргах, санал болгох боломжтой байсан гэх үндэслэл заасан нь Иргэний хэрэг шүүхэд хяхан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасантай нийцээгүй гэж үзнэ.

Хариуцагч Ж.Мягмаржаргал шүүхэд болон шүүх хуралдаанд “Эрдэнэт металл” ХХК болон “Хенлон” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу шилжүүлэгдсэн зүйл нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д шилжүүлэх ёстой үүрэгт тооцогдох байсан” гэх агуулгатай тайлбар гаргаж байх тул “Эрдэнэт металл” ХХК нь хариуцагч Ж.Мягмаржаргалын төлөөлж байсан компанийн хооронд байгуулагдсан гэрээ, нэмэлт гэрээ байгаа эсэх нь хэрэгт ач холбогдолтой юм.

Иймд хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2016/00827 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатын шүүхэд буцаасугай.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШЗ2016/06364 дүгээр захирамжаар хариуцагч Ж.Мягмаржаргалын давж заалдах гомдол гаргахдаа төлвөл зохих улсын тэмдэгтийн хураамжид 40 435 880 төгрөгийг төлөх хугацааг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

          

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                            ШҮҮГЧИД                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                                      Д.БАЙГАЛМАА