Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 23

 

                                        Б.Батзаяа, Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ нарт

                                      холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Прокурор А.Амгалан /онлайнаар оролцсон/

          Цагаатгагдсан этгээд Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ нарын өмгөөлөгч Ц.Баярмаа

          Хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг

         Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, шүүгч Ц.Урангуа, Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Б.Батзаяа, Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох 201616010069 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 25 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд механизмын операторч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 7 дугаар баг, Оюутын 2-10 тоотод оршин суух, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай Бундаг овгийн Борын Батзаяа /регистрийн дугаар: КЮ91032810/

                    Шүүгдэгч Б.Батзаяа нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлалтай Гашуун сухайт хилийн боомтонд Ц.Гантулгатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргах явцдаа түүний толгойд архитай шилээр цохиж санаатай алсан, мөн цаг хугацаанд хохирогчийг амь насанд аюултай хүнд гэмтлийн улмаас өөрийгөө удирдах чадваргүй болсон үед Б.Энхтөрийн хамт тээврийн хэрэгсэлд зөөвөрлөж оруулах, буулгах үедээ “ходоодны ханын урагдал, цооролт” буюу хүнд гэмтлийг болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Энхтөр нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлалтай Гашуун сухайт хилийн боомтод иргэн Ц.Гантулгыг амь насанд аюултай хүнд гэмтлийн улмаас өөрийгөө удирдах чадваргүй болсон үед нь Б.Батзаяагийн хамт тээврийн хэрэгсэлд зөөвөрлөн оруулах, буулгах үедээ “ходоодны ханын урагдал, цооролт” буюу хүнд гэмтлийг болгоомжгүй учруулсан, хохирогчийг толгойдоо архины шилээр цохиулсны улмаас өөрийгөө удирдах чадваргүй болж, амь биед аюултай нөхцөлд байхад нь өөртөө болон бусдад хохирол учруулахгүйгээр туслах бололцоо байсан боловч яаралтай тусламж үзүүлээгүй, мөн тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлалтай Гашуун сухайт хилийн боомтод иргэн Ц.Гантулгыг толгойдоо архины шилээр цохиулсны улмаас өөрийгөө удирдах чадваргүй болж, амь биед аюултай нөхцөлд байхад нь өөртөө болон бусдад хохирол учруулахгүйгээр туслах бололцоо байсан боловч яаралтай тусламж үзүүлээгүй, мөн тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Б.Батзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 97 дугаар зүйлийн 97.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар, Б.Энхтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар, Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсгүүдэд зааснаар Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р Прокурорын газраас шүүгдэгч  Б.Батзаяад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р Прокурорын газраас шүүгдэгч Б.Батзаяа, Б.Энхтөр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, шүүгдэгч Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ нарыг цагаатгаж, шүүгдэгч Б.Батзаяаг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Б.Батзаяаг 6 /зургаа/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Батзаяад оногдуулсан 6 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Батзаяагийн цагдан хоригдсон 253 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Б.Энхтөр 14 хоног цагдан хоригдсон, Д.Мөнх-Эрдэнэ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, Б.Батзаяа, Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Цэвэлмаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д  зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн талийгаач Ц.Гантулгын өмсч явсан гэх бор шар өнгийн тэлээтэй эрэгтэй хүний шаргал өнгийн өмд 1 ширхэг, хөх өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн даавуун малгай 1 ширхэг, хар өнгийн богино ханцуйтай футволк 1 ширхэг, хар өнгийн тэлээтэй хар саарал өнгийн жинсэн өмд 1 ширхэг, 0,75 литрийн Ерөөл гэсэн нэртэй архины нэртэй архины хүзүү орчимд хагарсан, бөглөө бүхий шилний хагархай, шилний бөглөө 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6 дахь хэсэгт зааснаар Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тогтоол биелүүлэх хүртэл Б.Батзаяад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Улсын яллагчаас давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх нь 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч Б.Батзаяаг “Хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулан шийдвэрлэсэн 17 дугаар шийтгэх тогтоолоор зарим шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй, шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангаж гараагүй, хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлаагүй, тэдгээрт үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй, үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.       

Өөрөөр хэлбэл шүүх 17 дугаартай шийтгэх тогтоолын “тодорхойлох” хэсэгт шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон ямар нэгэн нотлох баримтыг дурьдаагүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэлгүйгээр, урьд гаргасан шийтгэх тогтоолтой ижил агуулга бүхий дүгнэлтийг хийж, хэргийг шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “хууль ёсны, үндэслэлтэй байх” шаардлагуудыг хангаагүй байна. Түүнчлэн шүүх тогтоолдоо “хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг түүнийг тохиолдлоор, гэм буруугүйгээр учруулахаас ялгаж ойлгох нь чухал” гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгохдоо “ходоодны гэмтэл нь тухайн гэмт хэргээс өмнө үүсгэгдсэн байх боломжтой юм” гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийн хувьд тухайн гэмт хэрэг нь орон зай, цаг хугацааны хувьд суурин газарт гарсан бөгөөд багийн эмч байнга байрладаг талаархи хэрэгт авагдсан нотлох баримтууд, үхэхийн өмнө шинж тэмдэг илрэх хүртэл шүүгдэгч нар нь талийгаачид эмнэлгийн ямар нэгэн тусламж үзүүлээгүй /гэрч Д.Бархасжавын мэдүүлэг хх-72/, Цагаан хад гэх газраас удаа дараа архи авч хөдөө хээр гарч, архидан согтуурч байхдаа талийгаачийг хээр орхиж явсан талаархи хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үндэслэлгүйгээр үгүйсгээгүй, хэрэв нотлох баримтууд харилцан зөрүүтэй гэж үзсэн бол аль нэгийг нь авч, бусдыг үгүйсгэх үндэслэлээ тодорхой заагаагүй байна.

Хавтас хэрэгт хохирогчид туслах бодит боломж байсан эсэхийг хангалттай шалгаж нотолсон байхад шүүх “тухайн зүйл ангиар хариуцлага хүлээлгэхийн тулд хохирогчид туслах бодит боломж байсан эсэхийг тодруулах шаардлагатай” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүхээс “хэргийн газар орхилгүй, биеийг цэвэрлэж айлд хүргэх зэргээр байнга халамжлан авч явж байгаа”, “шүүгдэгч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурлын байдалтай байсан ч хохирогчийг хэргийн газар орхиж яваагүй айлд хүргэсэн”, “Гантулгыг аван Ханбогд сумын эмнэлэг рүү явснаас үзэхэд” гэхчилэн дүгнэсэн нь тус тус хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

Б.Энхтөр нь өөрийн эхнэрийн эгч болох Ц.Нарантуяатай 01 цаг 43 минутад холбогдож “болохгүй бол дуудлага өгье” гэж ярьсан атлаа 03 цаг 45 минутын орчимд дуудлага өгье гэж ярьсан болох нь гэрч Ц.Нарантуяагийн /хх-74/ мэдүүлгээр нотлогддог бол гэрч Б.Нандинцэцэгийн /хх-73/ “...04 цаг 35 минутын үед үзэхэд нас бараад 1-2 цаг болсон болов уу” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч нар нь талийгаачийг нас барсны дараа эмнэлгийн түргэн тусламж  дуудсан болох нь нотлогдож байгааг шүүх анхааран үзээгүй байна.

Б.Батзаяа, Б.Энхтөр нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хувьд шүүх гэрч Д.Золзаяагийн /хх-94/ “...түүний биед гэмтэл шарх, цус нөж болсон ямар нэгэн зүйл байгаагүй, архи уучихсан согтуу байгаа нь илт мэдэгдэж байсан. Түүнээс өөрөөр өвчтэй, гэмтэлтэй байдал мэдэгдээгүй”, гэрч Б.Эрдэнэбатын /хх-63-64/ “...дээшээ харсан байдалтай, ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй” гэх мэдүүлгүүд, шинжээчийн /хх-104/ “...тархины гэмтэл нь түрүүлж үүссэн байх боломжтой. Хэрвээ хэвлийн буюу ходоодны гэмтэл түрүүлж учирсан тохиолдолд ухаантай байх үед хүний хэвлийн эрхтнүүдийн гэмтлийн шинж болох хэвлийгээр хүчтэй өвдөх шинж тод илрэх ёстой” гэсэн мэдүүлэг болон гэрч, шүүгдэгч нарын гэмт хэрэг гарахын өмнө талийгаачийн биед ямар нэгэн гэмтэл, өвчин, зовиургүй байсан талаар өгсөн мэдүүлэгтэй харьцуулахгүй, дүгнэлтэд онцгой ач холбогдолтой нотлох баримтад дүгнэлт хийхгүйгээр “ходоодны гэмтэл нь тухайн гэмт хэргээс өмнө үүсгэгдсэн байх боломжтой юм” гэж шууд дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Шүүгдэгч Б.Батзаяа, Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтууд болон үйл баримтад бодитой үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй, шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгуулан, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Прокурор А.Амгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эсэргүүцлээ бүрэн дүүрэн дэмжиж байна. Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх хоёр шалтгаан байна. Хэрэгт цугларсан нотлох баримтыг дахин хэлэлцэхдээ өмнөхтэйгээ адилхан дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлгүй гэж үзэж байна. Ходооны гэмтэл нь энэ гэмтлийн хэзээ авсан нь тодорхойгүй байдаг. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн  шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэх үндэслэл нь байна гэж үзэж байгаа. Талийгаач биедээ ямарч гэмтэлгүй байж байгаад тархины гэмтэл авснаас хойш ходооны гэмтэл авсан мэтээр тайлбарладаг. Шүүгдэгч нар буруугаа хүлээн зөвшөөрч байдаг. Шүүх хэрэгт ач холбогдолтой байж болох байдлыг тодруулаагүй, нотлогдоогүй үйл баримтыг иш үндэс болгосон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хэргийг шийдвэрлэхдээ эрх зүйн онолын тайлбарыг дэлгэрэнгүй хийсэн боловч нөгөө талдаа нотлох баримтыг үнэлэх, шалгах ажиллагааг орхигдуулсан. Нотлох баримтуудыг харьцуулаагүй, шийдвэртээ ямар нотлох баримтыг үндэслэл болгож байгаагаа дүгнээгүй, үгүйсгэж байгаа нотлох баримтаа дүгнэлтгүйгээр хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ  байдалтай нийцэхгүй байна. Улсын яллагч хэргийн зүйлчлэлийн талаар нотлох баримттай бичсэн байгаа. Шүүх тогтоол гаргахдаа ач холбогдолтой байдлыг орхигдуулан нэг талыг баримтлан шийдсэн. Шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

          Цагаатгагдсан этгээд Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ нарын өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын яллагчийн эсэргүүцэлтэй танилцсан. Өнөөдрийн шүүх хуралд шүүгдэгч нарын эрх ашгийг хамгаалж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд улсын яллагч эсэргүүцлээ бичдэг. Улсын яллагчийн эсэргүүцэл дээр шүүгдэгчийн гэм буруугийн байдал хэргийн зүйлчлэл дээр маргалдсан зүйл байдаггүй. Мөн тухайн хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтуудыг зөрүүтэй байдлаар дүгнэж хэргийг шийдсэн гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж улсын яллагч эсэргүүцэл бичсэн байдаг. Өмгөөлөгч миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Нотлох баримтыг тал бүрээс нь нотлон үзэж үнэлэх хуулийн заалттай байдаг. Шийтгэх тогтоолд зарим хэсгээс цухас дурьдсан байдаг. Анхан шатны шүүхийн  тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг шүүх хуралд оруулж байна гэв.

          Хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүх гомдол эсэргүүцлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцдэг учраас анхан шатны шүүхээс Д.Мөнх-Эрдэнэ, Б.Энхтөр нарыг гэм буруугүй гэж цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.  Энэ хоёр хүн маань хохирогчийн биед аюултай нөхцөл учраад байхад тусламж үзүүлээгүй, тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүй учраас хор уршиг учирсан гэж хохирогчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Гэтэл шүүх ял оногдуулаагүй хэргийг цагаатгасан нь учир дутагдалтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.

Улсын яллагч А.Амгалангийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.Батзаяа, Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар

хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэхэд хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг няцаан үгүйсгэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэх агуулгаар бичигдсэн улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй байна. Учир нь:

1. Анхан шатны шүүхээс Б.Батзаяа, Б.Энхтөр нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг буюу “бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах” гэсэн зүйлд заасан гэмт хэргийн  бүрэлдэхүүнгүй, тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийг ямар байдлаар хэрхэн үйлдсэн талаар нотлох баримт байхгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэсэн дүгнэлтийг хийхдээ Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 60 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд /хх-100-101/ ...Гантулгын цогцост үзлэг шинжилгээгээр ...ходоодны өмнө ханын урагдал, цооролт...гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ...ходоодны урагдал, цооролт нь 3.1.12 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.  Ходоодны цоорол гэмтэл нь тархины гэмтэлтэй ойролцоо цаг хугацаанд үүссэн боловч үхэлд хурдан хугацаанд хүргэхгүй, хүндрэлээрээ үхэлд хүргэх боломжтой гэмтэл юм гэсэн дүгнэлт,

Шинжээч С.Шүрцэцэгийн ... Талийгаачийн ходоодны агууламж их хэмжээний шингэн бор ногоон өнгийн агууламжтай байсан. Ходоод цоорч урагдсанаас болж хэвлийн дээд хэсэгт ходоодны агууламжаас болж элэг, өрцний доод гадаргуй хэвлийн өмнө дээд хэсгийн гялтан бор өнгийн болсон байсан. Өөрөөр хэлбэл хүчиллэг агууламжинд түлэгдсэн гэсэн үг. Тархины гэмтэл нь түрүүлж үүссэн байх боломжтой. Хэрвээ хэвлийн буюу ходоодны гэмтэл түрүүлж учирсан тохиолдолд ухаантай байх үед хүний хэвлийн эрхтнүүдийн гэмтлийн шинж болох хэвлийгээр хүчтэй өвдөх шинж тод илрэх ёстой. Тархины гэмтлээс болж тухайн хүн ухаангүй болсны дараагаар ходоод гэмтсэн тохиолдолд мэдрэхүй алдагдаад зовиур шаналгаа өвдөлтийг мэдрэхгүй байх боломжтой. Ходоодны агууламж дүүрэн байсан тохиолдолд тухайн хэрэг явдлын үед Гантулгыг газарт хэвтүүлээд дарсан, дамжилж яваад ус руу хийсэн, зөөвөрлөж яваад унагасан үйлчлэлүүдийн улмаас ходоод урагдаж гэмтэх бүрэн боломжтой. Эвгүй амьсгаадаад, унтаж байгаа юм шиг хурхираад, бөөлжих гэж амьсгаадаад байгаа шинж тэмдгүүд нь тархины гэмтлийн улмаас хүн ухаангүй, комын байдалтай байх үед илэрдэг шинжүүд юм. Гантулга нь ходоодны гэмтлээсээ болж нас бараагүй, тархины гэмтлээс болж нас барсан байсан. Хэрвээ ходоодны гэмтэл дангаараа учирсан тохиолдолд хэвлийн гялтангийн үрэвслээр хүндэрч ерөнхий хордлогоор үхэлд хүргэх боломжтой. Энэ процесс нь ойролцоогоор эмчлүүлэхгүй тохиолдолд дунджаар 5-7 хоногийн хугацаанд үхэлд хүргэх боломжтой. Ходоодыг цооролт гэмтэлд хүргэдэг шарх шархлаа өвчин Гантулгын биед үзлэг шинжилгээгээр тогтоогдоогүй. Тиймээс Гантулгын ходоодны урагдал гэмтэл өвчний гаралтай үүсээгүй... /1 дугаар хавтасны-102-104/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч Н.Хүрэлбаатарын ...07-р сарын 02-ны өглөө Батзаяа, Ганаа хоёр бидэн дээр ирэхэд Ганаа зүгээр байсан. Түүний биед ямар нэг гэмтэлтэй зүйл харагдаагүй /1 дүгээр хавтасны 52/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Мөнх-Эрдэнийн ...Гантулга толгой руугаа цохиулахаас өмнө түүний биеийн гэдэс хэвлийн орчимд илтэд мэдэгдэхээр байдал байгаагүй. Шилээр цохиулахаасаа өмнө хамт ууж идээд ярьж хөөрөөд хэвийн байдалтай л байсан /1 дүгээр хавтасны 55-57/ гэсэн мэдүүлэг,

 Гэрч Э.Мөнхболдын ...машин руу алхаж байхдаа эргээд хартал Ганааг Энхтөр газарт унагаад дээр нь биеэрээ дарчихсан харагдсан. ...Ганаа яагаад ч юм шалдан болчихсон согтоод тасарчихсан юм шиг байхад нь Энхтөр, Заяа хоёр машины ард багажинд өргөж хийсэн. ...Энхтөр Заяа хоёр машины арыг онгойлгоод Ганааг хөл гараас нь дамжилж өргөөд шалбааг дотор оруулж бие рүү ус цацаж байсан. ...Заяа Энхтөр хоёр шалбаагны уснаас Ганааг чирч гаргаад өргөөд машины арын багажинд хийчихээд Батзаяа машинаа бариад Энхтөр хажууд нь суугаад эргэж Цагаан хад орсон. ...Ганаатай 07-р сарын 02-ны өглөө уулзахад ямар нэгэн шарх гэмтэл түүний биед байгаагүй. Урд орой нь хамт уухад ямар нэгэн хэрүүл маргаан зодоон болоогүй /1 дүгээр хавтасны 58-61/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Эрдэнэбатын ...машинаас Батзаяа Энхтөр хоёр буугаад Ганааг өргөж дамжлаад Ландны арыг онгойлгож хийсэн. Ганааг угааж цэвэрлэе энд ус байдаг гэж Батзаяа тийш нь аваачсан. Энхтөр Батзаяа хоёр машины араас Ганааг өргөж буулгаад тогтоол усанд хэвтүүлсэн. Тал архиа ч дууссан тул Ганааг мөн л нөгөө хоёр өргөж машины ар руу хийгээд бусад нь машиндаа сууцгаагаад Батзаяа машинаа унаад Цагаан хадны гэр буудал руу очиж нөгөө гурвыг буулгасан. 07-р сарын 01-нд бид нарын дунд хэрүүл маргаан болоогүй. Тэгэхэд Гантулга ямар нэгэн гэмтэлгүй хэвийн байдалтай ууж идээд инээж хөхрөөд байж байсан. Намайг анх авахаар очихдоо Гантулга эв эрүүл байсан. Түүнийг Батзаяа, Энхтөр хоёр л ихэвчлэн өргөж буулгасан /1 дүгээр хавтасны 63-64/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Ууганбаярын ...Тэгээд талийгаачийг Төрөө, Батзаяа хоёр машинаас буулгасан. /1 дүгээр хавтасны 86/ зэрэг дүгнэлт, мэдүүлгүүд хавтас хэрэгт авагдсан байхад тэдгээрийн агуулгад ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Мөн шүүх шийтгэх тогтоолдоо шинжээчийн 60 дугаартай дүгнэлтийн “...ходоодны гэмтэл нь... үхэлд хурдан хүргэхгүй... гэмтэл юм”, “Гантулгад эмнэлгийн тусламж үзүүлж амь насыг аврах боломжгүй гэсэн” гэсэн хоёр өөр агуулга бүхий дүгнэлтийг харьцуулан “ходоодны гэмтэл нь тухайн гэмт хэргээс өмнө үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй байна.

2. Анхан шатны шүүхээс Д.Мөнх-Эрдэнэ, Б.Энхтөр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107.3 дахь хэсэгт заасан зүйл ангиар яллах дүгнэлт ирүүлсэнийг шүүгдэгч

Д.Мөнх-Эрдэнэ “талийгаачийг зүгээр үү гээд очиход зүгээр гэсэн”, шүүгдэгч Б.Энхтөр, Б.Батзаяа нар хохирогчийг согтуурсны улмаас унтаж байгаа гэдэгт итгэлтэйгээр түүнийг хэргийн газар орхилгүй, биеийг цэвэрлэж, айлд хүргэх зэргээр байнга халамжлан авч явж байгаа үйлдлүүдээр тэднийг эрүүгийн хариуцлага хүлээхээс айгаагүй, хар амиа хичээгээгүй зэрэг байдал нь хохирогч Гантулгад тусламж үзүүлэхээс ямар нэгэн байдлаар зайлсхийгээгүй, эмнэлгийн тусламж үзүүлэхийг хичээж байсан санаа зорилготой байсан гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “гэм буруугүйгээр энэ хуульд заасан хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэсэн зарчмуудыг удирдлага болгон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгахдаа талийгаачийн толгойд архины шилээр цохисноос хойш босож ирээгүй тухай болон түүнийг тухайн газарт нь орхиод эргэж ирсэн байж болох тухай мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлгүүд тухайлбал,

Гэрч Д.Мөнх-Эрдэнийн ...Бид Цагаан хадны баруунтаа очиж 3 шил архи уусан газраасаа Цагаан хад руу буцаж орсон. Тэгэхдээ тасраад уначихсан Ганааг ууж байсан газраа орхичихоод бусад нь машинаараа яваад Цагаан хад орж эхний эгнээнд байдаг тоосгон буудалд байсан Ээгий, Ууганаа хоёртой уулзаж тэр хоёрыг тал шил архитай нь аваад буцаж нөгөө газраа очиж Ганааг машиндаа хийж аваад зүүн тийш тогтоол ус руу очсон. Гантулгыг хээр орхичихоод... /1 дугаар хавтасны 57, 188-189, 192/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Эрдэнэбатын ...Тэд гарья, явья Ганаа дээр очьё. Тэр өмд хамдандаа чацга алдчихсан чацга царайлаад хэвтэж байгаа. Очиж авья гээд Батзаяа их согтуу байдалтай яриад байсан. ...хамтдаа машинд нь суугаад Цагаан хадны төвөөс баруун зүгт 2 орчим км яваад замын хажуух буттай газар очсон. Тэнд Ганаа ямар нэгэн хувцасгүй чармай нүцгэн, толгойгоо баруун зүг харуулаад дээшээ хараад хэвтэж байсан /1 дүгээр хавтасны 63/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Ууганбаярын ...Эрдэнэбат бид хоёрыг буудалдаа байж байхад Батзаяа 4 найзтайгаа ороод ирсэн. Тэр үед талийгаач хамт ирээгүй. ...Бид нар бөөнөөрөө Батзаяагийн ланд 80 маркийн машинд суугаад Цагаан хаднаас баруун хойш хээр газар очсон. Талийгаач чармай нүцгэн газар хэвтэж байсан /1 дүгээр хавтасны 86/ гэсэн мэдүүлэг,

Яллагдагч Б.Энхтөрийн ...тэгээд би нөгөөдүүлдээ өмдөндөө баачихаж гэдгийг хэлээд Батзаяагийн хамт өмдийг нь тайлчихаад ус авчирч угаая гэтэл бидэнд ус байгаагүй. Гантулгыг тэнд нь үлдээгээд бусад нь машинаараа Цагаан хад руу усанд явцгаасан /1 дүгээр хавтасны 164/ гэсэн мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байх тул шүүхийн дээрх дүгнэлтийг хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Талийгаачийн амь биед аюултай ямар нөхцөл байдал хэзээ үүссэн, түүнийг нь шүүгдэгч нар хэрхэн мэдэх бололцоотой байсан эсэх зэрэг шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг тогтооход ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар шүүх дүгнэлт хийгээгүй байна.

Иймээс анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 95.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, үнэлэх зарчмыг хэрэгжүүлээгүй, шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасан “шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ...шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримт, шүүхээс бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл...-ийг тодорхойлно”,  296 дугаар зүйлийн  296.3 дахь хэсэгт заасан “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болж байгаа нотлох баримт, яллах үндэслэл болж байсан нотлох баримтыг шүүхээс ямар учраас үгүйсгэж байгаа үндэслэлийг тодорхойлох ...” гэсэн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

Мөн анхан шатны шүүх Б.Батзаяад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн тогтоохдоо ийнхүү хөнгөрүүлсэн шалтгаанаа шийтгэх тогтоолд бичээгүй, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулахдаа гэм хорыг хэрхэн арилгасан гэж үзсэн талаар дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551. 1 дэх хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2 дахь хэсэгт зааснаар хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гарсан тогтоол гэж үзэх боломжгүй байна.

Иймд шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтууд болон үйл баримтад бодитой үнэлэлт дүгнэлт өгч, шийтгэх тогтоолдоо шүүгдэгч нарыг гэм буруугүй болоход эргэлзээ төрүүлэхгүйгээр бичиж чадаагүй байх тул улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл болохгүй ч хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн дараах зөрчил гаргасныг магадлалд дурдаж өгөх нь зүйтэй гэж үзэв. Үүнд:

1. Шийтгэх тогтоолдоо цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцохоор шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг хэрэглэхээс гадна цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногтой тэнцүүлж ялын хугацаанд оруулан тооцох тухай мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсгийг, эд мөрийн баримтаар ирсэн талийгаачийн өмсөж байсан гэх хувцсыг  шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт заасныг тус тус давхар баримталж шийдвэрлэх нь хуульд нийцэх байжээ.

2. Шүүхээс иргэний нэхэмжлэлийн талаар заахдаа хуулийг буруу хэрэглэсэн байна.

Эрүүгийн 201616010069 дугаартай хэрэгт А.Цэвэлмаа, С.Цэрэндолжид нарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байна. /1 дүгээр хавтасны 40, 46 дугаар хуудасны ар тал/

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээд нь эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлын талаар хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн, түүнийгээ нөхөн төлүүлэхээр шаардлага тавьж байгаа этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ гэж зааснаас үзэхэд эрүүгийн хэрэгт гаргаж буй иргэний нэхэмжлэл гэдэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээс хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхэд тавьж буй хууль ёсны шаардлага гэж ойлгогдож байна.

 Шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Цэвэлмаа нь 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох талаар мэдүүлдэг ба энэ талаарх нотлох баримтгүй тул гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэснээс үзвэл түүнийг шүүхэд иргэний нэхэмжлэл гаргасан гэж үзнэ. Гэтэл шүүх иргэний нэхэмжлэл гараагүй боловч цаашид эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг заасан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсгийг баримталж хохирогчийн эд хөрөнгийн бус хохирлоо нэхэмжлэх эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан байна. Харин иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсгийн заалтыг баримтлан шийдвэрлэх нь хууль хэрэглээний хувьд оновчтой болох байжээ.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан... бол энэ зүйлд заасан эрхийг түүний гэр бүлийн гишүүн болон төрөл садангийн хүн эдэлнэ гэж заасны дагуу мөрдөн байцаалтын шатанд  А.Цэвэлмаа, С.Цэрэндолжид нарыг энэ хэргийн хохирогчоор тогтоосон тогтоол гаргаж байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулсан байхад шүүх тэдгээр оролцогч нарыг  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэж нэрлэн эрх зүйн байдлыг буруугаар тодорхойлж байгааг дурдаж байна. /1 дүгээр хавтасны 40, 46 дугаар хуудас, 3 дугаар хавтасны 551 дүгээр хуудасны ар тал, 513-525 дугаар тал/

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.1, 319.1.2 дахь хэсэг, 322 дугаар зүйлийн 322.1 дэх хэсэг, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Батзаяа, Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 201616010069 тоот хэргийг шүүх хуралдааны шатнаас хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн  шүүхэд буцаасугай.

2.  Хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.Батзаяад цагдан хорихоор, Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ нарт оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.НАСАНЖАРГАЛ

ШҮҮГЧИД                                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                                              Х.ГЭРЭЛМАА