Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 0024

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Баттөр /ҮД-2010/, Ц.Шийтэрчулуун /ҮД-2819/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц г овогт Бын Нт холбогдох 1908032851750 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, эмэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Тоосгоны ... гудамжны ... тоотод байнга оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Ц г овогт Бын Н /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Б.Н нь 2019 оны 06 дугаар сарын 19-нээс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Овоотын ... тоотын гадаа хүргүүлэхдээ Б.Бын жолоодон явсан тээврийн хэрэгсэлд гээгдүүлсэн Р.Мын Самсунг эс 8 плас, Нокио 3310 загварын гар утас, Хаан банкны карт зэргийг завшсаны улмаас 1.085.000 төгрөгийн хохирол учруулсан гэжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: иргэн Р.Маас цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 6х/, Р.Мын Хаан банкны хуулга /хх-ийн 7-8х/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10х/, мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 11х/, эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 12х/, бэлэн мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 13-14х/, хохирогч Р.Мын мэдүүлэг /хх-ийн 19-20х/,  Мастер үнэлгээ ХХК-ний хөрөнгийн үнийн тодорхойлолт /хх-ийн 37х/, хаан банкны албан бичиг /хх-ийн 123х/, гэрч Б.Пын мэдүүлэг /хх-ийн 128х/, яллагдагч Б.Нийн мэдүүлэг /хх-ийн 51х/, Б.Нийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62х/, Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны тодорхойлолт /хх-ийн 65х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 06 дугаар сарын 19-нээс 20-нд шилжих шөнө иргэн Р.Мын Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Овоотын ... тоотын гадаа хүргүүлэхдээ Б.Бын жолоодон явсан тээврийн хэрэгсэлд орхиж буусан Самсунг эс 8 плас, Нокио 3310 загварын гар утас, Хаан банкны карт зэргийг завшиж 1.085.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Р.Мын цагдаагийн байгууллагад гаргасан: “...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар гүүрний ар дэнжээс соната 5 маркийн саарал өнгийн машинд суугаад гэрлүүгээ харих замдаа нойрондоо дийлдээд унтах хооронд ...цүнхнээс “S8-plus, Nokia 3310, хаан банкны алтан карт зэргийг авсан... ...Миний асуудлыг шийдэхэд тусалж өгнө үү...” гэх гомдол /хх-ийн 6х/,

Хохирогч Р.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 19-ний орой манай ажлын хүний төрсөн өдөр болоод нэгдүгээр хороололд очсон юм. Бид нар тэнд 0.75 литрийн голд Чингис нэртэй архи дөрвүүлээ хувааж уусан. Би тэдний гэрээс харихаар шөнийн 02 цагийн орчим гараад зам дээрээс саарал өнгийн Соната 5 маркийн такси барьсан. Тэр таксин дотор эхнэр нөхөр хоёр бололтой эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Тэгээд Сансарын колонк руу очиж найз Мийг авахаар болоод явах замд эхнэр нь яриа өдөөд бид хоёр машиндаа танилцсан. Тэгээд Сансарын колонкоос Мийг авсан. Тэгэхээр нь би нөгөө таксины жолооч хүүхнийг хэдүүлээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орж шорлог идэж дугуй уная гээд тэгээд цэцэрлэгт хүрээлэн орсон боловч хаалттай байсан. Тэгээд бид нар караокед орохоор болоод 120-ын 19 дүгээр үйлчилгээний төвийн тэнд караокенд орсон. Тэгээд тэндээ нэг шил архи уусан, дуулсан. Тэгээд би баарны тооцоог өөрөө картнаасаа хийсэн. Би тэр нөгөө таксины жолоочийн эхнэрт нь өөрийн нууц дугаараа хэлээд картаа өгсөн. Тэгэхэд л миний нууц дугаарыг мэдсэн байх, би нэлээн согтуу байсан. Тэгээд тэндээсээ гараад явж байтал манай найз залуу Мэ нөгөө хүүхэн залуу хоёрын гэрт очно гээд байхаар нь би очихгүй маргааш ажилтай гэж хэлсэн чинь Мэ гандангийн тэнд буугаад үлдсэн. Тэгээд би гэртээ харихаар Баянхошууны хөтөл рүү нөгөө такситай хамт явсан. Явахдаа замдаа хэсэг хугацаанд унтчихсан байсан. Тэгээд шууд гэртээ орсон. Тэгээд маргааш өглөө нь өөрийнхөө хоёр ширхэг гар утас, виза карт байхгүй байгааг мэдсэн... ...Би Нокиа маркийн гар утсаа хүлээгээд авсан. Харин Самсунг эс 8 плас гар утасны үнэлгээгээр 650.000 төгрөгийг авсан. Бас картнаас уншуулаад авсан байсан 405.000 төгрөг зэргийг Нандинцэцэг гаргаж өгснийг өөрийн данс руу шилжүүлээд авсан юм. Одоо надад ямар нэг хохирол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19х, 20х/,

Хохирогч Р.Мын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 7-9х/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл “...Нокиа 3330 загварын гар утсыг Баттогтох овогтой Нандинцэцэгээс хураан авсан гэх” /хх-ийн 10х/,

Мөнгөн шилжүүлгийн баримт, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл “...Нокиа 3330 гар утас-хар хөх өнгийн гадартай гар утасыг хүлээлгэн өгч, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ... тоот дансанд 405.000 төгрөг шилжиж орсон тухай” /хх-ийн 11-12х/,

Бэлэн мөнгө хүлээж авсан тэмдэглэл “...хохирогч Р.Мын Самсунг эс 8 плас гар утасны төлбөр болох 650.000 төгрөгийг Б.Нэс хүлээн авч”, бэлэн мөнгө хүлээлгэж өгсөн тэмдэглэл: “...Хохирогч Р.Мын Самсунг эс 8 плас гар утасны төлбөр болох 650.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн” гэх /хх-ийн 13-14х/,

Мастер үнэлгээ ХХК-ний хөрөнгийн үнийн тодорхойлолт /хх-ийн 37-38х/,

Хаан банкны “... тоот дансыг Бын Н эзэмшдэг байна” гэх албан тоот /хх-ийн 124х/,

Гэрч Б.Пын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын сүүлээр билүү 07 сарын эхээр билүү яг сар өдрийг нь сайн санахгүй байна. Намайг Хархорин захын тэнд явж байхад нэг танихгүй эмэгтэй Самсунг эс-8 маркийн гар утсыг зарна гээд явж байхаар нь би 250.000 төгрөгөөр авахаар болоод бэлнээр 200.000 төгрөг өгөөд дараа нь дансаар 50.000 төгрөгийг нь тэр хүүхний данс руу шилжүүлсэн юм. Би 50.000 төгрөгийг өөрийн хаан банкны ... гэсэн дансаар нөгөө гар утас зарсан хүүхний данс руу шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 128х/,

Шүүгдэгч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 22-23 цагийн орчим нөхөр Буянжаргалын хамтаар Hyundai sonata-5 маркийн саарал өнгийн ... улсын дугаартай машинаараа халтуур хийгээд явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын 34 дүгээр байрны хойд зам дээрээс хохирогч Мыг авахад Баянзүрх дүүргийн Сансарын тэндээс хүн очиж авна гэсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн Сансарын колонк дээр очоод нэг эрэгтэй хүн аваад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тийшээ очно гээд явсан чинь тэр нь хаалттай байсан. Тэгээд машин дотор манай нөхөр Буянжаргал бид хоёртой нөгөө Мтай хамт явсан залуу хоёр нь хамт караокед орж сууя гээд тэгэхээр нь нөхөр бид хоёр зөвшөөрөхөд М би таксины мөнгийг чинь хангалттай өгнө гээд миний хаан банкны ... гэх данс руу мобайлаар 30.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд бид дөрөв үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн наана л байсан би сайн санахгүй байна нэг караокед бид дөрөв хамт орж М нэг шил архи авсан, бас цэвэр ус авсан. Тэгээд тооцоогоо хийхээр болоход М өөрийн хаан банкны шар өнгийн виза картаа гаргаж ирээд баарны поз машинд уншуулсан. Тэгээд би нөгөө бармен нь картны нууц кодоо хий гэтэл М надад найзаа би согтсон байна, чи миний картны нууц дугаарыг нь хийчих гээд нууц дугаараа 1024 гэж надад хэлж өгсөн. Тэгээд би нууц кодыг нь хийж өгсөн. Тэгээд тэндээсээ гараад 2019 оны 06 дугаар 19-нөөс 20-нд шилжих шөнө 02 цагийн орчимд гараад явтал нөгөө М хамт явсан залуу хоёр архи олж ууна гээд тэгээд Өргөөгийн ар тал руу эргээд байдаг машин дотор архи зардаг хүмүүсээс М буугаад нэг шил архи авсан. Тэгээд тэндээсээ зочид буудалд олдоогүй. Тэгээд буцаад анх суусан газар болох 34 дүгээр байрны арын зам дээр нөгөө залуу нь буугаад яваад өгсөн. Тэгтэл М гэртээ хүргүүлнэ гээд Баянхошуу явна гээд Баянхошууны Хөтөлийн дэнж дээр гэртээ хүргүүлээд М гэртээ орно гээд үүрээр 05-06 цагийн орчим буугаад үлдсэн. Ингээд нөхөр бид хоёр ханын материалын эцэс рүү гэрлүүгээ явсан. Тэгээд бид хоёр гэртээ хариад би машинаа шалгаж үзсэн чинь арын шалавчин дээр Самсунг эс-8 маркийн гар утас, хаан банкны виза карт зэрэг байхаар нөхөртөө хэлсэн. Тэгээд бид хоёр тэр өдрийн орой нь Мын буусан хаяг дээр нь гар утсыг нь аваачиж өгөх гэсэн боловч хаяг дээр М гэдэг хүн байдаггүй гэсэн болохоор буцаад гэртээ харьсан. Ингээд хоёр хоногийн дараа машиныхаа жолоочийн эсрэг талын суудалны доод талаас Нокиа 3310 маркийн гар утас байсныг авсан юм. Тэгтэл бас Мын гар утас байсан ингээд л би нөхөртөө  хэлэлгүй Самсунг эс-8 маркийн гар утсыг нь Хархорин дээр танихгүй хүнд 250.000 төгрөгөөр зарсан. Харин Хаан банкны виза картны нууц дугаарыг нь мэдэж байсан болохоор Толгойтын Гүнгэрваа худалдааны төвийн АТМ-ээс 405.000 төгрөгийг авсан. Ингээд дараа нь М цагдаа дээр өргөдөл өгсөн байсан учраас би нэг ширхэг Нокиа маркийн гар утсыг нь буцаагаад өгсөн, бас зарсан Самсунг маркийн гар утасны мөнгө болон картнаас авсан мөнгөө бүрэн барагдуулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл, хохирогч Р.Мыг Самсунг эс 8 плас, Нокио 3310 загварын гар утас, Хаан банкны карт зэргийг буухдаа мартаж буусныг шүүгдэгч Б.Н нь мэдсээр байж, уг эд зүйлсийг буцаан өгөлгүй хувьдаа завшиж, бусдад 1.085.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг тус зүйл ангиар гэм буруутайд тооцох үндэслэл болно. 

Иймд шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Р.Мд тус гэмт хэргийн улмаас нийт 1.085.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь Нокиа 3330 гар утсыг буцаан өгч, хохирогчийн дансанд 405.000 төгрөгийг шилжүүлсэн /хх-ийн 11х, 12х/, мөн хохирогчийн Самсунг эс 8 плас гар утасны үнэ болох 650.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн /хх-ийн 14х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “...Б.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, 3-11 насны хүүхдүүдтэй зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан торгох ялыг оногдуулж өгнө үү ” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.Нийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан шууд хохирлыг хохирогчид нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан, түүний хувийн байдал, тухайлбал, анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдсон, 3-11 насны буюу бага насны хүүхдүүдтэй зэрэг байдлыг харгалзан Б.Нт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.Н нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Нийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц г овогт Бын Нийг гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Нийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

            

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Г.АЛТАНЦЭЦЭГ