| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01625/и |
| Дугаар | 01488 |
| Огноо | 2016-12-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 01488
| 2016 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 142/ШШ2016/01488 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг зүүн дэнж 3-25А тоотод оршин суух Өөлд овогт Ёндонжамцын Оюунчимэг /ФБ:61102065/
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ё.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ё.Оюунчимэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 1981 онд Архангай аймгийн БНБС-ийг төгсөөд 1983 он хүртэл Архангай аймгийн Хашаат сумын 8 жилийн сургуульд бага ангийн багшаар ажилласан. 1983 онд манай гэр бүлийн хүн Эрдэнэт хотод шилжиж ирсэн тул 1983 оны 09 дүгээр сарын 01-нээс 1987 оны 02 дугаар сарын 06-нийг хүртэл Эрдэнэт хотын 4 дүгээр цэцэрлэгт асрагчаар ажилласан. Гэтэл энэ хугацааг миний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийхдээ 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Даариймаа ажилд орсон гарсан тушаалын оныг засвартай бичсэн байна. Би улсад 35 жил ажилласан бөгөөд өндөр насны тэтгэвэрээ тогтоолгоход цэцэрлэгт ажилласан 3 жил 5 сар хасагдаж, хохирох гээд байна. Иймд миний хөдөлмөрийн дэвтэрийг үндэслэн 1983 оны 09 дүгээр сарын 01-нээс 1987 оны 02 дугаар сарын 06-ныг хүртэл Эрдэнэт хотын 4 дүгээр цэцэрлэгт асрагчаар ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн тодорхойлолт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Өөлд овогт Ёндонжамцын Оюунчимэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Ё.Оюунчимэг нь Эрдэнэт хотын 4 дүгээр цэцэрлэгт 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл асрагчаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, Ё.Оюунчимэгийн 413336 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Орхон аймгийн архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тодорхойлолт, Ё.Оюунчимэгийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1981 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олгосон Багшийн сургуулийн 1983 дугаартай бага ангийн багшийн диплом /хавсралттай/-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч О.Насанжаргал, гэрч Ц.Оюунчимэг нарын тодорхойлолтууд хүсэлт гаргагчтай нэг цаг үед хамт ажиллаж байсан болохыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тус тус батлагдаж байна.
Иймд Өөлд овогт Ёндонжамцын Оюунчимэгийг Эрдэнэт хотын 4 дүгээр цэцэрлэгт 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл асрагчаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Өөлд овогт Ёндонжамцын Оюунчимэгийг Эрдэнэт хотын 4 дүгээр цэцэрлэгт 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл асрагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ё.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ