| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0044/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/49 |
| Огноо | 2020-03-23 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,
Улсын яллагч: Д.Ганчимэг
Шүүгдэгчд нарын өмгөөлөгч: А.Бүдханд
Шүүгдэгч: Э.З, С.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хан-Өндөр овогт Энхтөрийн З, Дархан овогт Содномдовжийгийн Т нарт холбогдох 2029000580038 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Э.З, С.Т нар нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Оюу толгой” ХХК-ийн кемпэд 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-д багтдаг сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.З нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-32-р хуудас/
Гэрч Baker.Kevin Charled-ийн өгсөн “...Тухайн өрөө нь Michel гэх хүний өрөө байсан. Өрөөнд ороод зөвшөөрөл аван биедээ байгаа эд зүйлээ гаргаж үзүүлээч гэхэд Зулбаяр гэх хүний халааснаас жижиг амыг нь түгждэг ууттай нунтаг ургамал мэт зүйл гарч ирсэн. Тэгэхээр нь холбогдох байгууллагад нь мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55-р хуудас/
Гэрч Б.Цэрэндоржийн өгсөн “...2020 оны 02 дугаар сарын 03-ны орой ажил дээр байхад 20 цаг 37 минутанд Kevin гэх манай хэлтсийн менежер миний утасруу залгаад Манлай кемпийн 1б-39 тоотод нэг гадаад иргэн, 2 монгол хүн өвс мэт зүйл татан мансуурсан байдалтай байна гэж хэлсэн учир тухайн газар очиж үзэхэд З, Michel, Т гэх 3 хүн байсан. Заас нь хатаасан өвс мэт зүйл гарч ирсэн. Тэгээд ямар өвс гэж асуухад мариухан гэж З хэлсэн. З нь мансуурсан юм шиг байхаар нь цагдаад дуудлагаг өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64-р хуудас/
Э.Зын гэрчээр өгсөн “...Тамхи ороодог цаастай хамт байсан болохоор ямар ч байсан татдаг зүйл байна гэж мэдсэн. Түүнээс ямар нэртэй юм болохыг нь мэдээгүй. Michel нь миний татсан зүйл нь утааны үнэрийг үнэртээд мариухан буюу олон улсын хэллэгээр Занабис гэх ургамал байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 65-67-р хуудас/
С.Тын гэрчээр өгсөн “...Тухайн зүйлийг тамхины төрлийн зүйл байна гэж бодсон. Би тамхи татдаг тэгээд тамхи дуусвал ороож татаж үзнэ гэж бодоод цүнхэндээ хийсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 68-70-р хуудас/
Гэрч Aitchison Chris Ashley өгсөн “...тухайн 3 хүний биед үзлэг хийхэд нэг монгол хүний үүрч байсан цүнхнээс нь ууттай нунтаг ургамал мэт зүйл тамхи ороодог цаас гарч ирсэн. Нөгөө монгол хүний куртканы халааснаас жижиг түгждэг ууттай нунтаг ургамал мэтийн зүйл гарч ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 73-75-р хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1010 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн “1 дугаартай өвс”, “2 дугаартай өвс” гэж хаягласан 2 ширхэг гялгар ууттай ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delmg-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. энэ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 81-82-р хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1010 дугаартай: “Энхтөрийн З гэж хаягласан шээсний дээжнээс тетрагидроканнабинол /THC/ илэрсэн. Энэ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 95-97-р хуудас/
Э.Зын яллагдагчаар өгсөн: “Оюу толгой” ХХК-ийн Манлай кемпийн 6
дугаартай блокийн 00 өрөөн дотроос С.Т олж гаргаж ирсэн. Би тэрнээс нь жижиг ууттайг нь авч үлдсэнийг нь Т авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 107-108-р хуудас/
С.Тын яллагдагчаар өгсөн: “Тухайн зүйлийг олж аваад эрх бүхий
байгууллагад нь мэдэгдээгүй. Цүнхрүүгээ хийчихээд дараа нь тамхигүй болсон үедээ ороож үзье гэсэн зорилгоор авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110-р хуудас/
Шүүгдэгч Э.Зын хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Э.Зын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 114-р хуудас/,
Шүүгдэгч Э.Зын байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, /хх-ийн 208-210-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Тын хувийн байдлын талаар:
Шүүгдэгч С.Тын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115-р хуудас/,
Шүүгдэгч С.Тын иргэний үнэмлэхний лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний гэрлэлтийн лавлагаа, бакалаврын диплом /хх-ийн 155-161-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Э.З, С.Т нар нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Оюу толгой” ХХК-ийн кемпэд 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-д багтдаг сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.
Иймд шүүгдэгч Э.З, С.Т нарыг НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2-р жагсаалтанд багтсан “дельта-9 тетрагидроканнабинолын” агууламжтай, 1 дугаартай өвч цэвэр жин 0.1519гр, 2 дугаартай өвс 31.2314 жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэх гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “шүүгдэгч Э.З, С.Т нар нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн” зэрэг нөхцөл байдлыг шүүх хянасны үндсэн дээр прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
-улсын яллагчаас Э.З, С.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох ялын дүгнэлтийг гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Э.З, С.Т нарыг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох арга хэмжээ авах шийтгэл оногдуулав.
Бусад асуудлаар: Шүүгдэгч нь энэ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 дугаартай өвч цэвэр жин 0.1519 гр, 2 дугаартай өвс цэвэр жин 31.2314гр гэж хаягласан цэнхэр болон түгжээтэй жижиг ууттай нунтаг өвс мэт зүйл, OCB гэсэн бичиг бүхий тамхи ороох цаас, Emoting гэсэн бичигтэй тамхи ороох цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасан болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хан-Өндөр овогт Энхтөрийн З, Дархан овогт Содномдовжийгийн Т нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З, С.Т нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох арга хэмжээ авсугай.
3. Шүүгдэгч Э.З, С.Т нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 дугаартай өвч цэвэр жин 0.1519 гр, 2 дугаартай өвс цэвэр жин 31.2314гр гэж хаягласан цэнхэр болон түгжээтэй жижиг ууттай нунтаг өвс мэт зүйл, OCB гэсэн бичиг бүхий тамхи ороох цаас, Emoting гэсэн бичигтэй тамхи ороох цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА