| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01603/и |
| Дугаар | 01515 |
| Огноо | 2016-12-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 01515
| 2016 оны 12 сарын 08 өдөр | Дугаар 142/ШШ2016/01515 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг шинэ хороо 8-11 тоотод оршин суух Хонин онход овогт Даваагийн Энхцэцэг /ФВ:82051007/
Даваадолгорыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Даваа овогтой Энхцэцэг нь хадам ээж байсан Даваадолгорыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байна. Миний хүү Баасандалайгийн хадгаламжинд байсан хүүхдийн мөнгийг авч хувьдаа ашигласантай холбогдуулах шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч оршин суугаа хаяг, регистрийн дугаарыг нь тодорхой мэдэхгүй Сэлэнгэ аймгийн Хушаат суманд түр оршин суудаг гэсэн тодорхой бус мэдээлэлтэй байгаа тул Даваадолгорыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Энхцэцэг нь Даваадолгорыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Д.Энхцэцэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлуулж оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй боловч Даваадолгор нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Д.Энхцэцэг нь Б.Баасандалайн төрсөн эх бөгөөд түүний төрийн банкны 130600041269 тоот дансанд хуримтлагдсан хүүхдийн мөнгийг эмээ Даваадолгор дур мэдэн хувьдаа завшсан тул уг мөнгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргахтай холбогдуулан хариуцагч Даваадолгорыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна гэж тайлбарлаж байна.
Иргэний хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Төрийн банкны 130600041269 дугаартай Б.Баасандалайгийн дансны орлого 800 000 төгрөг, эцсийн үлдэгдэл нь 800 000 төгрөг байх ба сар бүр Нийгмийн халамжаас хүүхдийн мөнгө 20 000 төгрөгийн орлого орж, орлогийг холбосон дансанд шилжүүлдэг болох нь Төрийн банкны диспозит дансны харилцагчийн хуулгаар нотлогдож байна. Хүүхдийн мөнгө холбосон дансанд шилжүүлдэг гэх боловч ямар дансанд холбосон, тэр дансны эзэмшигч нь хэн болох, Даваадолгор нь хууль бусаар хүүхдийн мөнгийг авсан талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул Даваадолгор нь иргэний эрх зүйн маргаанд оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.
Хүсэлт гаргагч Д.Энхцэцэг нь насанд хүрээгүй хүү Б.Баасандалайг төлөөлөх бүрэн эрхтэй бөгөөд түүний дансны орлого зарлагын гүйлгээг хянах, хэний дансанд хууль бусаар мөнгө шилжүүлсэн талаар мэдээлэл авах бүрэн эрхтэй.
Иймд Даваадолгорыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагч Д.Энхцэцэгийн хүсэлтийг хангахаас татгалзаж, хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар Даваадолгорыг эрэн сурвалжлах тухай хүсэлт гаргагч Д.Энхцэцэгийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Энхцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ