| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2020/0019/Э |
| Дугаар | 0028 |
| Огноо | 2020-01-06 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 0028
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,
улсын яллагч Б.Дэлгэрмаа,
шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Б овогт Гийн Эт холбогдох 1903012870550 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, Шар хадны ... дүгээр гудамж, ... тоотод оршин суух хаягтай, урьд 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Гийн Э /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны 20 цаг 12 минутын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг “Шинэ 22-н товчоо"-ноос зүүн тийшээ 3 км зайд байрлах, “Монсуль” шатахуун түгээх станцын урд талын замд “Хьюндай Верна” маркийн ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Аыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5х, 6х, 7х, 8-9х/, хохирогч Н.Аын мэдүүлэг /хх-ийн 15-16х/, гэрч Б.Бийн мэдүүлэг /хх-ийн 40х/, гэрч Ц.Мын мэдүүлэг /хх-ийн 43х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13659 дугаартай дүгнэлт /хх-ийн 64х/, Тээврийн цагдаагийн алба замын цагдаагийн газар шинжээчийн 534 дугаартай дүгнэлт /хх-ийн 77-78х/, гэрч Ш.Гын мэдүүлэг /хх-ийн 36х/, гэрч Э.Уийн мэдүүлэг /хх-ийн 38х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 48х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49х/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 50х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 51х/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 98х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 57х, 60-61х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 20 цаг 12 минутын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг “Шинэ 22-н товчоо"-ноос зүүн тийшээ 3 км зайд байрлах, “Монсуль” шатахуун түгээх станцын урд талын замд “Хьюндай Верна” маркийн ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Аыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
-2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5х, 6х, 7х, 8-9х/,
Хохирогч Н.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 10-ны орой 20 цагийн үед би доошоогоо дэлгүүр орчхоод тэндээсээ такси бариад Монсуль ШТС-ын гадаа машинаас буугаад ажил руугаа орох гэж явж байгаад машинд мөргүүлсэн. Тухайн өдөр ажил дээрээ дөрвүүлээ 2 шил архи уусан ажлынхаа гэрт уусан. Ажлынхаа даргаас урьдчилгаа болгож 100.000 төгрөг авсан. Тэгээд дэлгүүр орж хүнсээ цуглуулах гэж байгаад осолд орсон. ...ямар нэгэн гомдол санал байхгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13659 дугаартай: “...Н.Аын биед баруун гарын шуу, богтос ясны ил хугарал, баруун гарын шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 64х/,
Тээврийн цагдаагийн алба замын цагдаагийн газар шинжээчийн 534 дугаартай: “...1: Х.Верна маркийн ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Гансүхийн Эрдэнбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 дахь заалт “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Нийн А нь МУ-ын ЗХД-ийн 5.6 дахь заалт “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /хх-ийн 77-78х/
Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шинэ 22 товчоо руу замд Монсуль ШТС-ын урд талын замд нэг явган хүн замын хойноос урагшаа зам хөндлөн гараад гүйсэн. Тэгээд гэрэлд орж ирээд тормолзоход би хүн мөргүүлж байхыг харсан. Машинаас буугаад бид нар биеийн байдлыг асуухад мөргүүлсэн хүн их согтуу байсан. Намайг босгоод явуулаадахаач гэж хэлсэн. Биеийн байдлыг асуухад барын талын гараа мэдрэхгүй байна гэж хэлсэн. Хамт явсан хүн нь хүн дуудаад ирье гэж хэлээд явсан. Гартаа архи барьчихсан явж байсан. Манай жолооч түргэн болон цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40х/,
Гэрч Ц.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шинэ 22 товчоо руу замд Монсуль ШТС-ын урд талын замд нэг явган хүн замын хойноос урагшаа зам хөндлөн гараад гүйсэн. Тэгээд гэрэлд орж ирээд тормолзоход хүн мөргүүлж байхыг харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Г.Э нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Иймд шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Н.А нь нийт 703.454 төгрөгийн үнэ бүхий эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгсөн /хх-ийн 20-23х/ байх бөгөөд шүүгдэгч Г.Э нь хохирогчийн эмчилгээний зардалд нийт 780.000 төгрөгийг төлсөн, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 98х/ гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор нь Г.Эт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Г.Эт танилцуулсан байх ба тэрбээр гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгч Г.Э нь учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Г.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлсний байдлыг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Эын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Гийн Эыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ