| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01642/и |
| Дугаар | 01516 |
| Огноо | 2016-12-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 01516
| 2016 оны 12 сарын 08 өдөр | Дугаар 142/ШШ2016/01516 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Эрдэнэт хивс ХХК
Цагаан цамхаг ХХК-н захирал Т.Баясгаланг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани нь 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Цагаан цамхаг ХХК, түүний захирал /эзэн/ Түдэвийн Баясгалан /УС:79082911/- тай “Ажил хүлээлцэх гэрээ” байгуулан Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багт байрлах ноосны агуулахын дээврийн ажил гүйцэтгүүлэхээр болсон. Ийнхүү тус компанийн захиралтай харилцан тохиролцож гүйцэтгүүлсэн ба гүйцэтгэсэн ажлын хөлс болох 144 342 000 төгрөгийг тус компанид төлсөн. Гэтэл гүйцэтгэсэн ажил чанар муутай хийгдсэнээс болж ус гоожиж байсан тул ажлыг дахин гүйцэтгэж, доголдолоо арилгахыг даалгасан. Гэвч арилгаагүй өдийг хүрч байна. Ийнхүү гэрээнд заасны дагуу үүрэг гүйцэтгэх газрын шүүхэд буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасны дагуу Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШЗ2016/05874 дугаартай захирамжаар хариуцагч оршин суух хаягтаа байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймээс Цагаан цамхаг ХХК-ний захирал /эзэн/ Цулхар овгийн Түдэвийн Баясгалан /УС:79082911/-г эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Эрдэнэт хивс ХХК нь Цагаан цамхаг ХХК-н захирал Т.Баясгаланг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч хангах үндэслэлтэй байна.
Эрдэнэт хивс ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлуулж оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй.
Эрдэнэт хивс ХХК нь Цагаан цамхаг ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 144 342 000 төгрөг гаргуулахаар 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШЗ2016/05874 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч оршин суух хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Цагаан цамхан ХХК-н захирал Т.Баясгалангийн оршин суугаа хаяг тодорхой бус байгаа тул иргэний эрх зүйн маргаанд оролцвол зохих этгээд болох Түдэвийн Баясгаланг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т зааснаар Цагаан цамхаг ХХК-н захирал Цулхар овогт Түдэвийн Баясгаланг /УС:79082911/ эрэн сурвалжилж оршин суугаа газрын хаягийг тогтоон хүсэлт гаргагч Эрдэнэт хивс ХХК-д мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар Т.Баясгалан нь Улаанбаатар хот Сонгионхайрхан дүүрэг 25 дугаар хороо хайрхан 10-46 тоотод оршин сууж байсан болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн тушаасан улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ