| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0046/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/50 |
| Огноо | 2020-03-26 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2020/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: О.Цэрэндорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хомоол овогт Будын Бт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1929003630028 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өглөө 07 цагийн орчим Өмнөговь аймгийн Ханбогд сумаас урагш 70 км, Номгон багийн нутагт 39-19 ӨМҮ улсын дугаартай Тоёота Хайлюкс маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын ховилд шарван онхолдож зам тээврийн осол гаргасны улмаас С.Оюунчимэгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэрэндоржийн өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 11-ний орой 18 цагийн үед би гэртээ орж иртэл утсаар нөхөр Хатанбаатартай яриад утасны чанга яригч дээр байсан учир юун тухай ярьж байгааг нь асуухад “ээжийн эрүүл мэндийн картыг аваад эмнэлэгрүү явж байна” гэхээр нь эхнэр “яах гэж байгаан” гэж асуухад “Номгон бригадаас урагш хөдөө айлруу машинтай явж байгаад осолд орчихлоо” гэхээр нь ээжийн биеийн байдлыг хэр байгааг асуухад “эгэмний яс нь 2 хугарсан одоо ухаангүй байдалтай байгаа” гэж хэлсэн “дүү Туулын хоолойг жоохон хөндүүр байгаа” гэж хэлсэн тэгээд би Ноён баг арц хужирт байх гэрээсээ гарч Ханбогд сумын эмнэлэгт 20 цагийн үед ирэхэд талийгаач ухаангүй байдалтай байсан. Тэгээд би эхнэр, Баатараа ах бас жолооч, жолоочийн эхнэрийн хамт эмнэлэгт сахиж хоносон өглөө 07 цагийн үед бие нь муудаж эмчлүүлж байгаад 08 цагийн үед нас барсан” гэх мэдүүлэг /33-р хуудас/,
Гэрч Ц.Болдын өгсөн: “...07 цагийн орчимд Номгон бригад дөнгөж өнгөрөөд явж байтал замын хувил таарч машин шарваад хөндөлсөөд унаад эргээд дугуйн дээрээ босоод ирсэн би хажууд сууж явсан хүнтэйгээ мөргөлдсөн юм. Түргэний машин явсаны дараа урд айлаас 2 хүн жолоочийн хамт бид 4 машины 2 дугуй нь хагарсан байсныг сольж запас дугуй тавиад жолооч машинаа унаж айлын гадаа очиж машинаа янзлаад байсан миний бие өвдөөд байсан болохоор тэр айлын гэрт хэвтэж байгаад жолоочийн хамт өөрийнх нь машинтай айлаас гарч Ханбогд суманд 17 цагт ирээд гэртээ буусан. Машин замын хувилд цохиулах шиг болсон тэгээд шарвасан байх, би машины арын суудлын гол хэсэгт сууж явсан юм. Машин 1 өнхрөөд босох шиг болсон, машины жолоочийн эсрэг тал руугаа буюу зүүн талаараа унасан юм” гэх мэдүүлэг /40-41-р хуудас/,
Гэрч Т.Ноёнболдын өгсөн: “...би сумаас гараад унтаад явсан юм гэнэт хүмүүс бахиралдаад машин шарвах шиг болсон машин нэг өнхөрөөд дугуйн дээрээ босоод ирсэн” гэх мэдүүлэг /43-р хуудас/,
Гэрч Д.Төмөрчөдөрийн өгсөн: “...Б ах залгаад танай хойд талд машинаа унагаачихлаа хурдан хүрээд ирээч гэхээр нь эхнэр бид хоёр гэрээс машинаа асаагаад яваад очсон чинь машин нь замаас гарч баруун хойш чигтэй харсан байдалтай, дугуй нь хагарсан, жолоочийн эсрэг талын хаалганы цонхны шил хагарсан, салхины шил бутарч үүрсэн 2 толь нь хагарч унасан байдалтай урд талын суудалд сууж явсан гэх эмэгтэйг газар буулгаж нөхөр нь гэх залуу гар дээрээ тэврээд сууж байсан” гэх мэдүүлэг /47-48-р хуудас/,
Яллагдагч Б.Бын өгсөн мэдүүлэг /хх-ийн 103-р хуудас/,
Гэрч С.Хатанбаатарын өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,
Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт /хх-ийн 80-р хуудас/,
2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 92-р хуудас/,
Шүүгдэгч Б.Бын хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Б.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /210-р хуудас/,
Шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхний хуулбар, жолооны үнэмлэхний хуулбар, жолоочийн лавлагаа, мэдээлэл /238-240-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өглөө 07 цагийн орчим Өмнөговь аймгийн Ханбогд сумаас урагш 70 км, Номгон багийн нутагт 39-19 ӨМҮ улсын дугаартай Тоёота Хайлюкс маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэм буруутай нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч С.Оюунчимэгийн амь нас хохирсныг гэмт хэргийн хохиролд, харин мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү хохирлын улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Шүүгдэгч Б.Бын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутай байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа буюу Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Б.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Быг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан ““Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн С.Оюунчимэгийг дайрч амь насыг нь хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Зам тээврийн осол гарахад тухайн өдрийн цаг агаарын байдал, замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Цэрэндоржид хохирол төлбөрт 10 555 114 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн дүүдээ хашаа, газар авах 5 000 000 төгрөг нэхэмжилсэнийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу “шүүгдэгч Б.Б нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн” зэрэг нөхцөл байдлыг шүүх хянасны үндсэн дээр прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
- Улсын яллагчаас Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.2 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулах дүгнэлтийг,
- шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруу дээр маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг дүгнэж, түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй, боломжтой байна.
Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээгээр “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс нэмэгдэл ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Бусад асуудлаар: Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөрт 10 555 114 төгрөг төлсөн, Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн B ангиллын №226841 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг тус тус дурьдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хомоол овогт Будын Бын автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн оногдуулахыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, хохирол төлбөрт 10 555 114 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Бын B, №226841 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА