Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 01522

 

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2016/01522

Орхон аймаг

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-16-71 тоотод оршин суух Тайж овогт Цэндийн Нарантуяа /ФМ:65062966/

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг хөтөлийн 10-01-41 тоотод оршин суух Хурган овогт Сүхийн Гүндсамбуу /ФБ:69061074/

            7 095 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Нарантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа хариуцагч С.Гүндсамбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Гүндсамбуу надаас 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1 сарын хугацаатай 4 300 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй буюу 2015 оны 07 дугаар сарын 30-нд 4 730 000 төгрөг болгон өгөхөөр бичгийн гэрээ хийж би 4 000 000 төгрөгийг түүний данс руу дүүгийнхээ данснаас, 300 000 төгрөгийг бэлнээр өгсөн юм. Гэвч одоо болтол бэлэн мөнгө өгөлгүй шалтаг тайлбар хийсээр 2016 оны 09 дүгээр сарын 25-нд 1 000 000 төгрөгийн блок тохирч авсан ба гэрээ ёсоор бусад мөнгөө авахаар энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор гэрээнд бичсэн байгаа тул үндсэн мөнгө 4 300 000 төгрөг, нэг сарын хүү 430 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 30-нд 4 730 000 төгрөг өгөх байснаас 0.5 хувийн алдангийг хоног тутамд төлөхөөр тооцож гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн хуулийг баримтлан 2 365 000 төгрөгийн алдангийг тооцоод нийт 7 095 000 төгрөгийг С.Гүндсамбуугаас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч С.Гүндсамбуу шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Ц.Нарантуяагийн нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагч С.Гүндсамбуу би 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 4 300 000 төгрөгийг 1 сарын хугацаатай Энхцэцэг болон түүний нөхөр Өлзийхутаг нарт авч өгсөн нь үнэн. Энхцэцэг, Өлзийхутаг нар нь зээлсэн мөнгөө цаг хугацаанд нь төлөөгүй өдийг хүрсэн тул миний бие С.Гүндсамбуу Дархан хотын шүүхэд нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сард гаргаад 2016 оны 2 сараас эхэлж дансруу төлөлтийг хийнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл орж ирээгүй. Би өөрийн боломжоор нэхэмжлэгч Ц.Нарантуяад үндсэн мөнгө 4 300 000 төгрөгөндөө блок өгөхийг санал болгосон боловч хүлээн зөвшөөрөөгүй ба 2016 оны 09 дүгээр сард 1 100 000 төгрөгний блок өгсөн. Одоо миний бие нь 3 200 000 төгрөгний блок бодож өгөхөд бэлэн байна. Одоо нэхэмжилж байгаа 7 095 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Энхцэцэг, Өлзийхутаг нар нь нэхэмжлэгч Ц.Нарантуяад гэрээний дагуу өгч байсан бол би ийм өр зээлэнд орохгүй байсан. Иймд Өлзийхутаг, Энхцэцэг нартай зээлийн төлбөрийг хамт төлнө, эсвэл үндсэн мөнгөндөө надаас блок авбал татгалзах зүйлгүй, Нарантуяа өөрөө Энхцэцэгт мөнгийг тоолж өгсөн би сайхан сэтгэл гаргаж гарын үсэг зурсан гэв.

Шүүх зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Нарантуяа нь хариуцагч С.Гүндсамбууд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7 095 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч С.Гүндсамбуу нэхэмжлэлийн шаарлдлагыг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан гэрээгээр үндсэн зээл 4 300 000 төгрөгийг хүү болон алдангийн хамтаар гаргуулан авна гэж тайлбарлаж байна.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ:  2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Энхцэцэг, Өлзийхутаг нарт Нарантуяагаас 4 300 000 төгрөг авч өгөхөд зуучилсан. Миний дансанд шилжүүлсэн 4 000 000 төгрөгийг би тэр 2-т өгсөн, 300 000 төгрөгийг би тоолж аваагүй тул хариуцахгүй гэж тайлбарлаж байна.

            2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 4 300 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрбэл хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор барьцаалан зээлдүүлэх гэрээнд Ц.Нарантуяа, С.Гүндсамбуу нар гарын үсэг зурсан байх ба тухайн өдөр 300 000 төгрөгийг бэлнээр, 4 000 000 төгрөгийг Л.Энхтуяагийн /нэхэмжлэгчийн дүү/ данснаас С.Гүндсамбуугийн дансанд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, Л.Энхтуяагийн Хаан банкны 5127009049 дугаарын диспозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн  281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч Ц.Нарантуяа шаардах эрхтэй.

            Хариуцагч С.Гүндсамбуу 4 300 000 төгрөгийг аваагүй, Энхцэцэг, Өлзийхутаг нарт авч өгөхөд зуучилсан гэж маргаж байх боловч гэрээнд хүн чанар гаргаж гарын үсэг зурсан тухай болон түүний 5090176302 дугаартай Хаан банкны дансанд 4 000 000 төгрөг орсон болохыг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Нарантуяагийн Энхцэцэг, Өлзийхутаг нарыг танихгүй тул өөрт нь зээл өгсөн, дээрхи бүх хугацаанд би төлнө гэж тайлбарлаж байсан болон тэдгээр хүмүүсээс мөнгөө авахын тулд шүүхэд нотлох баримт хэрэгтэй гэсний дагуу бичиж өгсөн баримтанд гарын үсгээ зураагүй тухай тайлбарыг хариуцагч үгүйсгэж чадахгүй энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Харин түүнд төлөх ёстой төлбөрт тооцож 1 000 000 төгрөгийн блокыг өгсөн талаар болон Ц.Нарантуяагаас мөнгө авсан талаар зохигчдын хэн аль нь маргаагүй хүлээн зөвшөөрч байна.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байх тул хуулинд заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж дүгнэлээ.

            Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-д  ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байх тул хариуцагч С.Гүндсамбуугаас 5 880 000 төгрөг гаргуулж / үндсэн зээл 3 300 000 төгрөг, зээлийн хүү 430 000 төгрөг, алданги 2 150 000 төгрөг / нэхэмжлэгч Ц.Нарантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  1 215 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцон 109 030 төгрөг хариуцагч С.Гүндсамбуугаас гаргуулж нэхэмжлэгч Ц.Нарантуяад олгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 128 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч С.Гүндсамбуугаас 5 880 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Нарантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 215 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШЗ2016/05956 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 128 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Гүндсамбуугаас 109 030 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Нарантуяад олгосугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.   

 

 

 

 

 

                                    

 

 

           

 

 ШҮҮГЧ                                   Л.АРИУНЦЭЦЭГ