| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/00950/и |
| Дугаар | 01533 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 01533
|
|
|
|
| 2016 оны 12 сарын 12 өдөр | Дугаар 142/ШШ2016/01533 | Орхон аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 1-30 тоотод оршин суух Хан жаргалант овогт Шагдарын Алтанбагана /ГБ:74022113/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 1-30 тоотод оршин суух Чонос овогт Балдансанжаагийн Батчимэг /ГК:75112861/
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Алтанбагана, хариуцагч Б.Батчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Алтанбагана шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ш.Алтанбагана нь Б.Батчимэгтэй 1997 онд гэр бүл болж албан ёсоор бүртгүүлсэн. Бидний дундаас хүү А.Өсөхбаяр 1997 онд, А.Санжаасүрэн 2001 онд, А.Түвшинчулуун 2008 онд тус тус төрсөн. Бид хоёр гэр бүл болоод 18 жил болсон. Эхний үед амьдрал хэруүл зодоонгүй хэвийн сайхан байсан. Одоогоос 3 жилийн өмнөөс эхлэн бид хоёр таарамж муутай болж байнгын хэрүүлтэй байдаг болсон. Сүүлдээ зодолддог ч боллоо. Гэр бүлээ бүтэн байлгах гэж бодоогүй биш зөндөө хичээсэн. Гэвч амьдрал маань нэг л эвлэж өгөхгүй байна. Миний бие өөрийн биеэ барьж дийлэхгүй хүн зодож гэмтээх аюул гарахад хүрээд байгаа тул эртхэн гэр бүлээ цуцалж тус тусдаа амьдаръя гэж бодож байна. Бид хоорондоо ярьж тохиролцсон болно. Иймээс бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Батчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нөхөр Ш.Алтанбаганы шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид хоёр 1997 онд гэр бүл болж, албан ёсоор бүртгүүлсэн. Том хүү А.Өсөхбаяр 1997 оны 02 дугаар сарын 24-ний өдөр, дунд хүү А.Санжаасүрэн 2001 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр, бага хүү А.Түвшинчулуун 2008 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн. Бид хоёрын амьдрал хэвийн үргэлжилж, өнөөдрийг хүртэл 3 хүүгээ эрүүл саруул сайхан өсгөж хүмүүжүүлж байна. Том хүү А.Өсөхбаяр Улаанбаатар хотын ШУТИС-ийн 2-р курсын оюутан, хүү А.Санжаасүрэн 14-р сургуулийн 11-р ангид, хүү А.Түвшинчулуун 2-р ангид суралцдаг. Бид анх хэн нэгний ятгалаг, туслалцаа дэмжлэгтэйгээр биш бие биеэ гэсэн сэтгэлээр хайрлаж, дурлалцан бие биедээ итгэж, энэ амьдралын төлөө бүхнээ зориулж өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн. Сүүлийн жилүүдэд нөхөр маань амралтын өдрүүдийг алгасалгүй архи ууж зарим үед хонож, өнжин алга болдог зуршилтай болсон. Энэ нь миний болоод хүүхдүүдийн сэтгэл зүйд хүнд дарамт болж байгаа. 2015 он гарсаар хардаж, элдэв хараал доромжлолын үгээр өдөр бүр дайрч давшилж үе үе зоддог болсон. Нөхрийн гаргаж буй эдгээр ааш авирыг тэвчилгүй гомдоосон нь үнэн. Гэхдээ би нөхрөө архи болон уур уцаараа багасгаж, сэтгэлийн тэвчээр гаргаж чадна гэж маш их итгэж байгаа. Бид хамтын хүчээр болж бүтэхгүй бүх зүйлийг ардаа орхиж сайхан амьдарна гэж бодож байна. Хэрвээ нөхөр маань гэрлэлтээ цуцлуулъя гэж үнэхээр хүсэж байгаа бол гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд эвлэрсэн талаар мэдүүлж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Алтанбагана нь хариуцагч Б.Батчимэгт холбогдуулан гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж талууд эвлэрч хамт амьдарч байгаа талаар мэдүүлж байна.
Зохигчид ийнхүү эвлэрч байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчидийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч өөрөө хариуцахаар шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Батчимэгт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Ш.Алтанбагана татгалзаж зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ