Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 0042

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

           улсын яллагч Р.Энх-Оюун,

            хохирогч А.М,

            шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтуудад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Тийн Гт холбогдох 1908038141689 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, эх, хүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух хаягтай, Урьд

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 85 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны

2 дугаар сарын 14-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны

3 дугаар сарын 20-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 cap 10 хоногийн хорих ял оногдуулж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл  үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 02 жил 07 сар 04 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 470 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Б овогт Тийн Г /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Т.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 04 дүгээр сарын 08, 2019 оны 05 дугаар сарын 27, 2019 оны 07 дугаар сарын 14, 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоот буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий төрсөн эх 56 настай А.Мтэй байнга харгис хэрцгий харьцан, догшин авирлан, зодож, төрсөн хүү 6 настай Г.Этэй байнга харгис хэрцгий харьцан, догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, энэ гэмт хэргийг хүүхэд, ахмад настны эсрэг үйлдсэн,

Мөн 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эмэг эх 79 настай И.Дтой маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...М бид хоёрын дунд юунаас болоод маргаан болдог вэ гэхээр янз бүрийн шалтгаанаас болдог. М гуай өнөөдөр их даруухан байна. Түүнээс гэртээ байхдаа байнгын хараалын үг хэлж байдаг. Янхан гичий гэх мэт үг байнга л гарч байдаг. Өөрийнхөө ээжийг гэрээсээ хөөж туудаг. 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр намайг согтуу орж ирэхэд энэ хүн өөрөө юмаа эвдэлчхээд цагдаа дуудаад намайг эвдэлсэн болгоод намайг 08 дугаар сарын 01-ний өдөр 15 хоногийн баривчилгаанд явуулсан. 2018 оны 4 сард намайг 10.000 төгрөг нэхэж зодсон гээд цагдаад шалгуулж баривчлуулсан. Мгийн дүү З гэх хүнд гэр орон байхгүй, манай дүүгийнд байдаг хүн байгаа юм. 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Зг  манай гэрт ирэхэд М нь 32 дугаар байрнаас  хоолны түмбүүшиг аваад ир гэж явуулсан. Удаагүй З ах хөлс нь гоожсон байдалтай орж ирээд  2000 төгрөг өгчих гэхэд М нь уурлаад би ээжийг чинь харж байна, чамд мөнгө өгөхгүй гээд хэрэлдээд байхаар нь би манай хүүхдэд байсан 10,000 төгрөгийг аваад энийг задлуулаад 2000 төгрөг авчих гээд өгсөн. Тэрний дараа М нь ээжийгээ хөөгөөд  байхаар би өмөөрсөн чинь чи дандаа миний эсрэг байдаг гээд уурлаад байхаар нь гарч яваад юм уучихаад буцаж орж ирсэн чинь цагдаад дуудаж намайг өгч явуулсан. 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр ямар асуудал болсныг сайн санахгүй байна. 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 15 хоног баривчилгаанд яваад гараад ирэхэд манай найз өнгөрсөн байсан. Гарч ирсэн өдрөө ээжтэй маргаад гарч яваад Сонгинохайрхан дүүргийн хажууд байдаг найзындаа очоод  архи, пиво уугаад  гэртээ орой ирээд ахиад хэрэлдээд тэгээд эмээ чинь айгаад нүд амаараа юм мөргөчихсөн байна гэж байсан. Маргааш нь гарч яваад  буцаж ороход ахиад л янхан гичий минь гээд шүүр бариад орилоод, эмээ яг ар талд байсныг мэдээгүй надад түлхэгдээд унасан юм. Д гэдэг байцаагч намайг эд зүйлээ эвдсэн болчих гэсэн, намайг гүтгэсэн. Миний үгэнд итгээгүй. Энэ хүний үгэнд итгээд явуулсан. Би 8 дугаар ангиасаа гадуур хэсэж эхэлсэн. Яагаад гэвэл энэ хүн гэртээ хүн авчирчхаад шалдан нүцгэн хэвтэж байдаг байсан. Гэр орондоо байх боломж байдаггүй байсан. Дараа нь би хүнтэй суусан боловч бас л энэ хүн миний суусан хүнийг янхан гичий гэж элдвээр хэлж харааснаас болоод 2 тийш болсон. Надтай суусан эмэгтэй тэр янхан, гичий гэдэг юмыг мэдэхгүй хүн, гэтэл энэ хүн элдвээр хэлдэг байсан. Би салснаас хойш архи их уудаг болсон. Би хүүхэддээ гар хүрээд байдаггүй. Харин ч энэ хүнээс өмөөрдөг. Энэ хүн миний амьдралыг ийм болгосон, одоо тэгтэл миний үр хүүхдээр минь оролдож байна. Энэ хүн надад буулт хийдэггүй, би ч хийхийг хүсдэггүй. Буулт хийх гэхээр энэ хүн намайг гичий, янхан, үхээсэй, дугуйны нөхөөс болоосой гэх мэтээр хараагаад байхаар буулт хийхийг хүсдэггүй. Би эмээгээ цохиогүй, тэр 80 настай хүнийг цохивол юу үлдэх юм бэ. Би зодож цохиогүй. Хана мөргөсөн гэдэг. Энэ хүн намайг цагдаад маргасан ч маргаагүй ч барьж өгдөг. Иймд би энэ зүйл ангиудыг хүлээн зөвшөөрөхгүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч А.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би энэ хүнээс болж сэтгэл санааны хүнд дарамтанд орсон. Энэ хүн намайг гичий, янхан, хошного гэх мэтээр хэлэх, хэлэхгүй үгээр хэлж хараадаг. Ажил ерөөсөө хийдэггүй. Би энэ хүний ажил хийж мөнгө олж ир гэж байгаагүй. Г нь найз нөхөдтэйгээ нийлээд 10, 20 хоног ажил хийгээд явдаг ч надад мөнгө авчирч өгч байгаагүй, авчирсан мөнгөөрөө архи уугаад хүүхэддээ зарцуулаад л дуусдаг. 7 хоногт нэг уухаараа 3-4 хоног уудаг. Эх намайг хүндэлдэггүй. Би архи ууж агсам тавих тоолонд нь цагдаа дууддаг. Намайг байнга харааж, зоддог. Би одоо эдгээр үйлдлүүдийг сайн санахгүй байна. Эмээгээ зодсон, намайг шанаадсан. Эмчилгээний зардал гарсан, гэхдээ энэ хүн төлж чадахгүй шүү дээ. 2018 оны 4 сард миний хоолойг боож багалзуурдаад байсан санагдаж байна. Ер нь энэ хүний архи уух тоолонд хэрүүл болж намайг цохиж, зоддог. Харин хүүгээ өмөөрдөг, нэг их зодоод байдаггүй. Би хямарсан үедээ гичий, янхан гэж хэлдгээ хэлдэг. Бас ээжийгээ хөөх үе байдаг. Бүгд энэ хүн архи уусантай холбоотой. Надад найз байдаг байсан. Би яагаад найзтай байж болдоггүй юм. Тэр хүн надад мөнгө өгч тусалдаг, тэр хүн миний ямар амьдралтайг сайн мэднэ. Гэтэл энэ хүн тэр хүн рүү хутга хүртэл гаргаж байсан. Би өөрөө группд байдаг, ээжийн тэтгэврийг авдаг, өөр орлого байхгүй, эдгээр мөнгөөр би амьдралаа л авч явж байна, хэрэггүй юманд үрдэггүй, үрэх ч мөнгө байхгүй.  Би гэр бүлийн хүчирхийллийн дор амьдарч байна. Шударгаар шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хавтаст хэргээс:

1. Хохирогч А.Мгийн өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоотод хүү Г, түүний хүү Э 6 настай, манай төрсөн ээж Д нарын хамт амьдарч байна. Ээж Д нэг жилийн өмнөөс манай гэрт ирж амьдарч байгаа.

“...2018 оны 04 сарын 08-ны өдөр 15 цагийн үед хүү Г гаднаас согтуу орж ирээд хоол унд байна уу пизда наахуу минь гэж хэл амаар доромжилж хараагаад ална гээд миний хоолойг базахад би амьсгаа авч чадахгүй нүд харанхуйлахад багалзуурдаж байсан гараараа намайг түлхэж унагаагаад миний хөл гарлуу өшиглөж байсан. Миний баруун хөлийн гуя хөхөрч хөндүүрлээд би алхаж чадахгүй байсан. Би хорооны байцаагчид өргөдөл гаргаж өгөхөд хорооны байцаагч шүүхийн захиргааны журмаар 30 хоног баривчилгаанд явуулсан. Г баривчилгаанаас гарч ирээд 30 хоног амарч байгаад гарч ирлээ. Чи одоо надаа мөнгө төгрөг өг. Та намайг баривчилгаанд явуулсан биздээ гэж дарамталдаг байсан.

Миний санаж байгаагаар 2019 оны 05 сарын 27-ны орой 19 цагийн үед гаднаас хүү Г согтуу орж ирээд намайг хэл амаар доромжилж загнаж эхэлсэн. Тэр үед миний сэтгэл санаа ихээр хямарч ингэж дарамтлуулж амьдарч байхаар үхье гэж бодоод гэрийнхээ болконыг онгойлгоход ээж Д намайг зуураад авсан. Тэр үед гаднаас хоёр цагдаа ирээд Гийг аваад явсан.

2019 оны 07 дугаар сарын 14-ний орой хүү Г гаднаас шал согтуу орж ирээд идэх хоол унд байна уу гэж надтай хэрэлдэж элдвээр доромжлоод /пизда наахуу, янхан, авгай, хошного гэж/ хэлээд хутга бариад намайг айлгаж сүрдүүлээд та нар цагдаагаа дууд би 30 хоног амарчхаад архичингуудтай танилцаад, гарч ирээд алнаа янхан минь гэж намайг дарамталсан. /Энэ хэрэг болохоос өмнө 14 хоногийн баривчилгаанд явсан юм. Г 17, 18-тайгаасаа архи дарс ууж эхэлсэн. Г ажил төрөл хийхгүй надаар тэжээлгэдэг. Надаас байнга мөнгө төгрөг нэхдэг. Би мөнгө өгөхгүй болохоор намайг элдвээр доромжилж харааж зүхдэг. Г 7 хоногийн 3-4 өдөрт нь архи уудаг, өглөө гэрээсээ гарч яваад орой орж ирэхдээ дандаа хоол ундны хэрүүл маргаан хийж намайг дарамталж элдвээр доромжилдог.

Г нэг удаа согтуу гэртээ ирээд хүүгээ цонхоор шиднэ гэж яриа өгүүлэл гаргаж байсан. Мөн манай ээжийг гэрээс хөөж туудаг. Г намайг эрүүл согтуудаа хамаагүй надтай хэрүүл маргаан хийж байнга дарамталдаг. Г надтай хэрүүл хийж байхдаа миний толгойруу цохих хөл, гарнаас базах, өшиглөх зэрэг үйлдэл үзүүлдэг. Би урдаас нь эсэргүүцэл үзүүлээд намайг зодчих гээд би урдаас нь дайрахаар зайл авгай минь гэж хэлээд надад гар хүрэхээ болиод холдоод явчихдаг...”

2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэртээ ээж Дын хамт байж байхад 16 цагийн үед Г гаднаас согтуу архи ууж орж ирээд надаас хоол унд мөнгө нэхээд гал тогооны өрөөнөөс гараад ээж Дын бие засах гээд 00-н үүдэнд зогсож байхад чи манайхаас зайл гээд хөөгөөд байсан. Би Гоос айгаад том өрөөнд ороод удаагүй байж байхад манай ээж Д ёо ёо гээд орилохоор нь би том өрөөнөөс гарахад ээжийг газар цохиж унагасан, та нарыг бүгдийг нь алнаа гээд орилж, хашхирахаар нь чи яахаараа манай ээжийг цохиж унагадаг юм бэ гээд том дуугаар орилоход дуугүй байгаач янхан авгай минь гэж хэлээд гараа атгаж байгаад миний дээд үүдэн шүд рүү нэг удаа хүчтэй цохиж гэдэс сав руу хөлөөрөө тийрч намайг газар унагасан. Манай ээжийн зүүн нүд нь хөхөрч хавдаад хаагдсан байсан, миний эрүү хөхөрч хавдсан байсан. Би ээжтэйгээ цагдаад өргөдөл гомдол гаргаад шүүх эмнэлэг дээр ээж бид хоёр очиж үзүүлэхэд манай ээж дээр хөнгөн гэмтэл гарсан. Надад гэмтэл гараагүй.

2019 оны 10 сарын эхээр санагдаж байна Г согтуу гаднаас орж ирээд хоол унд нэхээд намайг хэлэх хэлэхгүй үгээр хэл амаар доромжлоод миний нүүрлүү 1-3 удаа нулимахад манай ээж болиоч гэж Гт хэлэхэд яадаг юм энэ муу ямбий авгайг гэж хэлээд тоохгүй байсан. Би тэгээд цагдаад дуудлага өгөөд удаагүй цагдаа ирээд Гийг авч явж эрүүлжүүлсэн.

Г гэр орны эд хогшил эд зүйлийг бүгдийн эвдэж сүйтгэсэн. Манайд бүрэн бүтэн юм байхгүй. /Хоолны шкафны хаалгыг цөм цохисон, мөн гэрийн хаалгыг цохиод хонхойлгоод дуран цоожийг эвдсэн. 00-н хаалгыг цөм цохисон, би нэг мод олоод нөхсөн. Би хүү Гт маш их гомдолтой байна. Би сэтгэл зүйн их дарамтанд байна. Гт яаралтай хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /1хх-ийн 17-18х, 20-21х, 23х/,

2. Насанд хүрээгүй хохирогч Г.Эийн өгсөн: “...Манай аав жоохон архи уудаг. Манай аав архи ууж гэртээ ирэхээрээ эмээ Мтэй хэрүүл хийдэг. Манай эмээ аавыг гэрээсээ гараад явахаар цагдаа дуудаад аавыг бариад өгдөг. Манай аав аймаар согтуу гэртээ ирээд эмээ М хөгшин эмээ Д хоёрыг зодсон. Манай аав маргааш нь эмээ М хөгшин эмээ Д хоёроос уучлалт гуйхад манай эмээ аавыг уучлаагүй. Манай аав Г намайг хичээлээ хийсэнгүй гэж хоёр удаа гэдэс рүү цохисон. Миний гэдэс өвдөөд би уйлсан. Би ааваасаа айдаггүй. Эмээгээсээ жоохон айдаг. Би эмээ аав хоёрыг хэрэлдэхээр айдаг. Манай эмээ М аав Гоос айдаг...” гэх мэдүүлэг /1хх-ийн 29х/,

3. Хохирогч И.Дын өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 23 дугаар байрны 360 тоот гэртээ охин М, Мгийн төрсөн хүү Г нарын хамт байсан ба Г их согтуу байсан. Би гал тогооны өрөөнд байж байхад Г согтуу гал тогооны өрөөнд орж ирээд шүүгээнээс хутга аваад над руу ойртоод ирэхээр нь би Гийг чи одоо эмээгээ алах гэж байна уу гэж хэлээд хутгыг гарнаас нь салгаж аваад шүүгээний араар шидсэн. Тэгээд гал тогооны өрөөнөөс гараад 00-н өрөө орох гээд явж байхад 00-ийн өрөөний гадна Г согтуу зогсож байхаар нь би Гт хандаж миний хүү бие засах юм уу эмээ нь бие засаадах уу гэж хэлэхэд Г битгий солиороод байгаарай пизда минь гэж хэлээд миний зүүн талын нүдний хэсэг рүү гараараа цохиход би хөл алдаад газар унасан. Унахдаа ёо ёо гэж хэлээд орилоод унахад том өрөөнөөс охин М гарч ирээд Гийг чи ээжийг минь алчихлаа шүү дээ гэж хэлэхэд Г битгий хуцаад байгаарай гэж хэлээд би газар унасан байдалтай хэвтэж байхад Г миний зүүн талын гарнаас татаад намайг чирээд гал тогооны өрөө рүү оруулаад буцаж гал тогооны өрөөнөөс гараад коридорт зогсож байхад гаднаас цагдаа орж ирээд Гийг аваад явсан. Гт зодуулснаас болж миний зүүн талын нүдний хэсэгт хавдаж хөхөрсөн, бөгсний хэсгээр хөндүүртэй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 176-177х/,

4. И.Дын гэрчээр өгсөн: “...Би 2018 оны намраас хойш охин Мгийн гэрт амьдарч байна. М залуудаа цэргийн оёдлын үйлдвэрт ажиллаж байгаад автомашины осолд ороод  тархи толгойн өвчтэй, чих хатуу, одоо группд байдаг. М нь аваарт орсноосоо хойш ааш зан нь эвдэрсэн, ширүүн ааштай болсон. Хүү Г нь дандаа архи дарс уугаад байдаггүй, заримдаа архи уугаад ороод ирэхээр эх нь уурлаад  ажил төрөл хийсэнгүй, би ганцаараа орон гэрээ авч явж байна гэж бухимдаж уурлаад  Гт хэлэхээр Г нь өөдөөс нь яадаг юм гээд хэрэлдээд байдаг. Намайг М гэр орноосоо хөөдөггүй,  Г нь ээждээ гарч хүрч  цохиж зоддог асуудал байхгүй. Манай охин Мгийн хүү Г архи дарс ууж гэртээ ирэхдээ дандаа ээжтэйгээ хэрүүл маргаан хийж дарамталдаг. Мөнгө төгрөг нэхдэг, хоол хийсэнгүй гэх шалтгаанаар хэрүүл хийгээд байдаг. Тэгээд ээж нь цагдаад дуудлага өгөөд Гийг өгөөд явуулчихдаг. 2019 оны 05 дугаар сарын 27-ны орой би охин Мгийн хамт гэртээ байж байхад 19 цагийн үед Г гаднаас согтуу орж ирээд ээжтэйгээ хэрүүл маргаан хийсэн. М уурлаад ингэж амьдарч байхаар өндөр дээрээс унаад үхье гээд болкон дээрээ гарахаар нь би сандраад Мг зуурч авсан....” гэх мэдүүлэг /1хх-ийн 31-32, 34х/,

5. Шүүхийн сэтгэц судлалын 1212 дугаартай: Сэтгэцийн онош: Бие хүний органик эмгэг. “...А.М нь бие хүний органик эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна. А.Мгийн дээрх эмгэг нь олдмол сэтгэцийн эмгэг болно. А.М өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. А.М нь үйлдэгдсэн хэргийн үйлдлийг үнэн зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна. А.М гэр бүлийн хүчирхийлэл болон сэтгэл зүйн дарамтаас болж сэтгэцийн  ямар нэгэн өвчтэй болсон гэх эмнэлгийн бичиг баримтгүй байна. Харин А.М нь  тархины гэмтлээс шалтгаалсан Бие хүний органик эмгэг сэтгэцийн эмгэгтэй болсон байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 42-45х/,

6. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэрүүдийн хуулбар /1хх-ийн 49х, 50х/,

7. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 115-118х/,

8. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, хамтарсан багийн хурлын тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээний маягт /1хх-ийн 122-131х, 132-133х, 134-138х, 139-140х, 215-216х, 217-225х, 226-228х/,

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10116 дугаартай: “...И.Дын биед баруун өгзөг, зүүн нүдний зовхи, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 198х/,

10. Шүүгдэгч Т.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 234х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар, Цагдаагийн дуудлагын хуудас, асап сангийн лавлагаанууд  /1хх-ийн 52-59х, 241х, 243-250х, 2хх-ийн 19-20х, 21-22х/,

11. Гэрч Г.Дгийн өгсөн: “...Т.Г нь архины хамааралтай  хүн байгаа юм. Ээж болох М нь удаа дараа гомдол гаргаж дуудлага өгч байсан. 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Мгээс хүү Г агсам тавиад байна гэх дуудлага мэдээллийг шалгахад аяга таваг хагалж Мгийн гар утсыг эвдэлсэн болох нь тогтоогдож Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.4 дэх заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэрээр 10 хоногийн хугацаатай баривчлах шийтгэл оногдуулсан. Г нь түргэн ууртай, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг, эрхэлсэн тодорхой ажилгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ар гэртээ агсам согтуу тавьдаг. Өмнө нь ял шийтгэл эдэлж байсан этгээд байгаа юм. Мөн Г нь энэ хэргээс өмнө ээж болон эмээгээ зодож байсан эсэхийг нь би сайн мэдэхгүй байна. Бас Гийн байрных нь орцны жижүүр нь байхгүй буюу орцны жижүүргүй байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 192-193х/,

12. Гэрч Э.Гий өгсөн: “...Манай байрны 360 тоотод 30 орчим насны нэг залуу болон 50 орчим насны нэг эмэгтэй хоёр байдаг юм шиг байна лээ. Хаалгыг чанга чанга нүдээд байдаг. Бас гэр дотроо хоорондоо хэрэлдээд байгаа бололтой чанга дуугарч орилолдоод байдаг. Ер нь байнга л залуу нь согтуу гэрийнхээ хаалгыг нүдээд байгаа нь сонсогддог. Харин хоорондоо зодолдож байсныг нь бол би харж байгаагүй. Мөн гэр дотроо яг юу гэж хэрэлддэгийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 196х/,

13. Шүүгдэгч Т.Гийн өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр манай ээжийн төрсөн дүү З манай гэрт ирсэн юм. З ахыг манай ээж 32 дугаар байрны подволоос хоолны шүүгээ аваад таксидаад ир гэж хэлсэн. З ах манай гэрээс гарч яваад нэлээн удсаны дараа хөлс нь гоожоод шүүгээ тэврээд орж ирээд ээж Мгээс таксины 2000 төгрөг өгчих би автобусанд суугаад явчихъя гэж хэлэхэд манай ээж М уурлаад би эхийг чинь харж байна. Чи надаа ганц юм өргөөд авч ирэхээр яагаад байгаа юм бэ гэж хэлээд загнаад байхаар нь би хүүд байсан 10.000 төгрөгийг авч ахад өгөөд та энэ мөнгийг задлуулаад 2000 төгрөг авчих гэж хэлсэн. З ах гарч яваад мөнгө задлаад буцаж орж ирээд хариулт мөнгө надад өгчхөөд гараад явсан. Удаагүй манай эмээ гаднаас орж ирэхэд нь ээж уурлаад эмээ рүү дайраад би чамайг тэжээж байхад З надаас мөнгө нэхлээ чи Зг дуудаад манай гэрээс яв гэж хэлсэн. Би хажуугаас нь ээжид хандаж та яагаад хүн хөөгөөд байгаа юм бэ гэж хэлээд намайг хэл амаар доромжлохоор нь би урдаас нь хэрэлдсэн. Би гэрээсээ хүүхдээ дагуулж гараад найзынхаа гэрт очиж 0.5 литрийн архи хувааж уугаад буцаад гэртээ ирээд хэвтэж байхад цагдаа орж ирээд намайг авч яваад эрүүлжүүлсэн. Би 2011 онд О гэж эмэгтэйтэй танилцаж нэг гэрт орсон. Бид хоёр дундаасаа хоёр хүүхэдтэй том хүү нь 6 настай бага нь 4 настай хүү байдаг. Бид хоёр 2017 онд тус тусдаа амьдарч салсан. Би том хүүхдээ авч, эхнэр бага хүүхдээ аваад бид хоёр одоо тусдаа амьдарч байна. Би эхнэр Оээс салснаасаа хойш архи эрчимтэй ууж эхэлсэн. Намайг гэртээ архи уугаад орж ирэхээр ээж үглээд би урдаас нь юм хэлэхээр цагдаа дуудаад өгчихдөг. Дээрх шалтгаанаас болж би олон удаа баривчилгаанд явж байсан. Би архины албадан эмчилгээнд харин явж байгаагүй. Би зуны цагт найз нартайгаа хамт барилгын ажил хийдэг. Би тогтсон ажил одоо хийхгүй байгаа. Би ээж Мтэй эрүүл согтуудаа хамаагүй хэрүүл маргаан хийдэг. Бид хоёр бие биедээ буулт хийдэггүй. Бие биедээ буулт хийдэггүй. Би биеийнхээ дээр гарах гээд хэрүүл хийгээд байдаг. Манай ээж надтай хэрүүл хийхээрээ намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлж хэл амаар доромжилдог. Би мөн адил хэл амаар ээжийг доромжилдог...” гэх мэдүүлэг /2хх-ийн 34-39х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Шүүхийн дүгнэлт:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос  Б овогт Тийн Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Учир нь,

Яллах дүгнэлт болон яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан тухай тогтоолуудад Т.Гийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 04 дүгээр сарын 08, 2019 оны 05 дугаар сарын 27, 2019 оны 07 дугаар сарын 14, 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 360 тоот буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий төрсөн эх 56 настай А.Мтэй байнга харгис хэрцгий харьцан, догшин авирлан, зодож, төрсөн хүү 6 настай Г.Этэй байнга харгис хэрцгий харьцан, догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, энэ гэмт хэргийг хүүхэд, ахмад настны эсрэг үйлдсэн гэжээ.

Тус хэрэгт авагдсан баримтуудаар, тодруулбал,

“...Т.Гийн 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эх А.Мгийн баруун булчинд гараараа нэг удаа цохиж зодсон” үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 50 цагийн албадан сургалтанд хамруулж, 30 хоногийн хугацаагаар  баривчлах шийтгэл оногдуулсан Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 313 дугаартай шийтгэвэртэй /1хх-ийн 49х/,

“...2019 оны 05 дугаар сарын 27, 28, мөн оны 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд  өөрийн ээж А.Мгийн хүсэл зоригийнх эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө өмчлөх эрхэд халдсан” үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, 4.4 дэх заалтад зааснаар 25 цагийн албадан сургалтанд хамруулж, 15 хоногийн хугацаагаар  баривчлах шийтгэл оногдуулсан Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 738 дугаартай шийтгэвэртэй, уг шийтгэврүүд хүчин төгөлдөр болсон байна. /1хх-ийн 50х/,

Өөрөөр хэлбэл, прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд тусгагдсан үйлдлүүдээс 2018 оны 4 дүгээр сарын 8, 2019  оны 5 дугаар сарын 27-ны өдрүүдэд үйлдсэн Т.Гийн үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос зөрчил гэж үзэн тухай, тухайн цаг хугацаанд нь тус шүүхэд шилжүүлснийг шүүхийн шийтгэвэрээр албадлагын арга хэмжээ, баривчлах шийтгэлүүдийг тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.1 дүгээр зүйлд “...энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлд “... нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж,

Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “...хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан  үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж хуульчилсан байна.

Дээрх байдлаас үзвэл, гэмт хэрэг гэдэг нь Эрүүгийн хуульд тусгайлан зааж өгсөн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор байх бөгөөд энэ шинжээрээ зөрчлөөс яллагдахаар байна.

Иймээс өмнө зөрчил хэмээн үзэж шийтгэл оногдуулсан Т.Гийн үйлдлүүдийг одоо гэмт хэрэг хэмээн үзэж түүнийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуульзүйн үндэслэлгүй, энэ нь шударга ёсны зарчимд үл нийцэхээр байна.

Мөн Т.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 360 тоот буюу гэртээ ...2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр, 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий төрсөн эх 56 настай А.М, төрсөн хүү 6 настай Г.Э нарын эсрэг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй ямар үйлдэл хийсэн /хэргийн товч агуулга/ нь яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тодорхой тусгагдаагүй ч хэрэгт авагдсан А.М, И.Д, Г.Э нарын хохирогчоор өгсөн мэдүүлгүүдэд дурдсанаар дээрх өдрүүдэд Т.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа төрүүлсэн эх А.Мг хэл амаар доромжлох, айлган сүрдүүлэх, агсрах, цохих зэргээр хийсэн сэтгэл санааны болон биемахбодийн хүчирхийллийн үйлдлүүд нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулсан байх боловч давтамжийн хувьд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “байнга” хэмээх шинжийг хангахгүй  байгаа болно.

Хэдийгээр хохирогч А.М нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад “би байнгын дарамтанд байдаг, би энэ хүнээс болж сэтгэл санааны хямралтай, өвчтэй болсон, гар хөлөөрөө цохих, зодох зэрэг үйлдлийг байнга гаргадаг” гэж мэдүүлсэн боловч түүний энэ мэдүүлэг нь хамт амьдардаг хохирогч И.Д, насанд хүрээгүй хохирогч Г.Э нарын мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдоогүй, И.Дын гэрчээр өгсөн мэдүүлэгт “А.М нь авто ослын улмаас тархиндаа гэмтэл авсан, уг гэмтлээс хойш түүний ааш зан эвдэрсэн, ширүүн ааштай болсон тухай” дурдагдсан байх төдийгүй Шүүхийн сэтгэц судлалын 1212 дугаартай дүгнэлтэд “...А.М нь бие хүний органик эмгэг сэтгэцийн эмгэгтэй, дээрх эмгэг нь олдмол сэтгэцийн эмгэг болно. А.М нь тархины гэмтлээс шалтгаалсан Бие хүний органик эмгэг сэтгэцийн эмгэгтэй болсон байна...” гэх /1хх-ийн 42-45х/ тул А.Мгийн сэтгэцийн эмгэг нь шүүгдэгч Т.Гийн үйлдэлтэй шалтгаант холбоогүй байна.

Насанд хүрээгүй Г.Эийн хувьд: тэрбээр хохирогчоор мэдүүлэхдээ “... аав Т.Г нь намайг хичээлээ хийсэнгүй гэж хоёр удаа гэдэс рүү цохисон. Миний гэдэс өвдөөд би уйлсан. Би ааваасаа айдаггүй. Эмээгээсээ жоохон айдаг” гэж /1хх-ийн 29х/ мэдүүлсэн байх бөгөөд уг үйл явдал нь хэзээ болсон нь тодорхойгүй байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгох бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн дээрх хэлбэрүүдээс аль хэлбэрээр Г.Эөд хохирол учирсан болох нь тодорхойгүй, давтамжийн байдал нь тогтоогдоогүй, мөн насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэгт “ааваасаа айдаггүй, хичээлээ хийсэнгүй гэж гэдэс рүүгээ цохиулснаас өөрөөр зодуулж цохиулдаг, дарамтлуулдаг, байнгын айдас хүйдэст автдаг талаар ямар нэгэн мэдүүлэг өгөөгүй, мөн А.М нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад “Т.Г нь хүүхдээ өмөөрч надтай хэрүүл хийдэг, зодоод байдаггүй” гэж мэдүүлсэн зэргээс үзвэл Г.Эийг гэр бүлийн хүчирхийллийн хохирогч буюу шүүгдэгч Т.Гийн ...үйлдлийн хохирогч гэж үзэхээргүй байна.

Харин эсрэгээрээ Г.Э нь эмээ болох А.Мгээс айдаг талаар мэдүүлсэн болохыг тэмдэглэх зүйтэй байна.

Иймээс Т.Гт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Харин шүүгдэгч Т.Г нь 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эмэг эх 79 настай И.Дтой маргалдаж, түүнийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь:

Хохирогч И.Дын өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоот гэртээ охин М, Мгийн төрсөн хүү Г нарын хамт байхад Г согтуу гал тогооны өрөөнд орж ирээд шүүгээнээс хутга аваад над руу ойртоод ирэхээр нь би Гийг чи одоо эмээгээ алах гэж байна уу гэж хэлээд хутгыг гарнаас нь салгаж аваад шүүгээний араар шидсэн. Тэгээд гал тогооны өрөөнөөс гараад 00-н өрөө орох гээд явж байхад 00-ийн өрөөний гадна Г согтуу зогсож байхаар нь би Гт хандаж миний хүү бие засах юм уу эмээ нь бие засаадах уу гэж хэлэхэд Г битгий солиороод байгаарай пизда минь гэж хэлээд миний зүүн талын нүдний хэсэг рүү гараараа цохиход би хөл алдаад газар унасан. Унахдаа ёо ёо гэж хэлээд орилоод унахад том өрөөнөөс охин М гарч ирээд Гийг чи ээжийг минь алчихлаа шүү дээ гэж хэлэхэд Г битгий хуцаад байгаарай гэж хэлээд би газар унасан байдалтай хэвтэж байхад Г миний зүүн талын гарнаас татаад намайг чирээд гал тогооны өрөө рүү оруулсан. Гт зодуулснаас болж миний зүүн талын нүдний хэсэгт хавдаж хөхөрсөн, бөгсний хэсгээр хөндүүртэй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 176-177х/,

А.Мгийн хохирогчоор өгсөн: “...2019 оны 08 сарын 17-ны өдөр гэртээ ээж Дын хамт байж байхад 16 цагийн үед Г гаднаас согтуу архи ууж орж ирээд надаас хоол унд мөнгө нэхээд гал тогооны өрөөнөөс гараад ээж Дын бие засах гээд 00-н үүдэнд зогсож байхад чи манайхаас зайл гээд хөөгөөд байсан. Би Гоос айгаад том өрөөнд ороод удаагүй байж байхад манай ээж Д ёо ёо гээд орилохоор нь би том өрөөнөөс гарахад ээжийг газар цохиж унагасан, та нарыг бүгдийг нь алнаа гээд орилж, хашхираад байсан.  Манай ээжийн зүүн нүд нь хөхөрч хавдаад хаагдсан байсан. Би ээжтэйгээ цагдаад өргөдөл гомдол гаргаад шүүх эмнэлэг дээр ээж бид хоёр очиж үзүүлэхэд манай ээж дээр хөнгөн гэмтэл гарсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 18х, 21х/

Насанд хүрээгүй Г.Эийн хохирогчоор өгсөн: “...Манай аав аймаар согтуу гэртээ ирээд эмээ М, хөгшин эмээ Д хоёрыг зодсон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 29х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10116 дугаартай: “...И.Дын биед баруун өгзөг, зүүн нүдний зовхи, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 198х/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Т.Г нь төрүүлсэн эх, эмэг эх, бага насны хүүхдийн хамт нэг гэрт амьдардаг, Т.Г нь архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэг байдал нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдох бөгөөд тэрбээр 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр мөн согтуурсан үедээ өөрийн эмэг эх И.Дыг өндөр настай, хүч сул дорой, өөрийг нь эсэргүүцэж чадахгүй байдлыг далимдуулан  зүүн нүдэн тус газар цохиж газар унагааснаас хохирогч И.Дын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан, уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчийг тус зүйл ангид зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн болно.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч А.М, И.Д нар нь эрүүл мэндийн хохирол, төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гт 720 цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний цагдан хоригдсон хугацааг эдлэх ялаас хасаж тооцох тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Т.Гийн хувийн байдлыг харгалзан бага ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Т.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Т.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн ахуйн хүрээнд үйлдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Т.Гийн хувийн байдал /тэрбээр согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, өмнө ял шийтгүүлж байсан гэх мэт/ зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Т.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн болно. Учир нь Т.Г нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлоготой эсэхийг илэрхийлэх ямар нэгэн баримтгүй тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй байна.

            Харин шүүгдэгч Т.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл нийт 54 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу түүний цагдан хоригдсон 54 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон 54х8=432 цагийг түүнд оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцох нь хуульзүйн үндэслэлтэй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос  Б овогт Тийн Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 2. Шүүгдэгч Б овогт Тийн Гийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гийг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гийн цагдан хоригдсон 54 /тавин дөрөв/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон 54х8=432 цагийг түүнд оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

8. Шийтгэх тогтоолыг прокурор, оролцогч нар гардан авснаас хойш эсхүл тэдгээрт хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   Т.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Г.АЛТАНЦЭЦЭГ