Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 01539

 

=

 

 

 

 

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2016/01539

Орхон аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 13-04 тоотод оршин суух Шинэ хошуу овогт Элбэгийн Долгорсүрэн /ИЮ:80110365/

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 13-04 тоотод оршин суух Бэсүд овогт Шүхэртийн Ганбаатар  /РМ:84091911/

            Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Долгорсүрэн, хариуцагч Ш.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Долгорсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Ш.Ганбаатартай 2006 онд танилцаж 2008 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2008 онд хүү Тэмүүлэн төрсөн. Сүүлийн үед бид хоёр хоорондоо таарч тохирохгүй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон  Ш.Ганбаатар өөр хүнтэй хамтран амьдрах болсон тул гэрлэлтийг цуцлуулж өгнө үү. Хүү Тэмүүлэнгээ өөрийн асрамжинд авч эцгээс нь тэтгэмж тогтоолгохыг хүсэж байна. Бидний гэр бүлийн дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв. 

Хариуцагч Ш.Ганбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие тогтмол эрхэлсэн ажилгүй тогтмол орлогогүй. Барилгын ажил олдвол хийдэг ажлын олдоц муу улирлын чанартай байдаг. Би олсон орлогынхоо тодорхой хувийг хүү Тэмүүлэнгийнхээ хэрэгцээ болох хувцас болон хичээлийн хэрэглэл, эрүүл мэндэд нь байнга зарцуулдаг учир гаргасан нэхэмжлэл тэтгэмжийг 50 хувиар хөнгөлж өгч туслана уу, гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Э.Долгорсүрэн нь хариуцагч Ш.Ганбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Ш.Ганбаатар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч  байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Зохигчид 2006 онд танилцаж, 2008 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн, гэрлэгсдийн дундаас хүү Г.Тэмүүлэн 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, одоо эрүүл бойжиж байгаа болох нь талуудын тайлбар, Учралтбаяр өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Эрдэнэ багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэгсдийн 588 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Г.Тэмүүлэнгийн 137 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байна.

            Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцолоос байнгийн хэрүүлтэй байх болсон ба хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Г.Тэмүүлэн нь төрсөн цагаасаа эцэг, эхийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 13-04 тоотод амьдарч байсан ба хүүхдийн насны байдал, шүүхэд гаргасан санал, эхийн анхаарал халамж асаргаа зэрэг бусад нөхцөл байдлыг харгалзан эх Э.Долгорсүрэнгийн асрамжинд байлгах нь зүйтэй байна.

            Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс  нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх  эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх, эд хөрөнгийн талаар зохигчид маргаагүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.

            Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу эцэг Ш.Ганбаатараар тэтгэлэг гаргуулан хүү Г.Тэмүүлэнг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ганбаатараас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Долгорсүрэнд олгож, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгээс нэг жилийн хугацаанд төлөх хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 26 092 төгрөг тус тус гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Шинэ хошуу овогт Элбэгийн Долгорсүрэн, Бэсүд овогт Шүхэртийн Ганбаатар нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Г.Тэмүүлэнг эх Э.Долгорсүрэнгийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Г.Тэмүүлэнг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг Ш.Ганбаатараар  тэжээн тэтгүүлсүгэй.

            4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.

5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц  шийдвэрийн хувийг Орхон аймгийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Энхбаатарт даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ганбаатараас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Долгорсүрэнд, 26 092 төгрөг гаргуулж улсын орлогод тус тус оруулсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

           

 

 

 

 

 

 

 

 

                      ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ