Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 0045

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа,

улсын яллагч М.Сүхчулуун,

шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Нн Нт холбогдох 1908047811655 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С овогт Нн Н /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Н.Н нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг ... дугаар хороо Хилчин хотхоны уулзвар орчим ... УНТ улсын дугаартай “Тоёота приус-30” тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргаж улмаар осол хэргийн газарт дуудлагаар ирсэн хууль сахиулагчийг буюу Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад С.Быг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эрүүл мэндэд нь халдаж түүний эрүүл мэндэд тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, 2 хөмсөгний голд зулгаралт, хамрын нуруу баруун хөмсөг, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н нь “...шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг/ шүүх хуралдааны тэмдэглэл/

Талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.Бын мэдүүлэг /хх-ийн 19-20, 69-70х/, гэрч Н.Угийн мэдүүлэг /хх-ийн 22х/, гэрч Д.Бийн мэдүүлэг /хх-ийн 24х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 11230 дугаартай дүгнэлт /хх-ийн 34х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 11301 дугаартай дүгнэлт /хх-ийн 38х/, шүүх сэтгэц эмгэг судлалын 1171 дугаартай дүгнэлт /хх-ийн 44-46х/, гэрч Д.Бын мэдүүлэг /хх-ийн 72х/, гэрч М.Бийн мэдүүлэг /хх-ийн 74х/,  шүүгдэгч Н.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55х/, шүүгдэгч Н.Нын мэдүүлэг /хх-ийн 65-66х, 76-77, 102х/, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гаргаж өгсөн 2 хуудас баримт зэрэг болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Хилчин хотхоны уулзвар орчим ... УНТ улсын дугаартай “Тоёота приус-30” тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа Subaru маркийн ... УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас тус осол хэргийн газарт дуудлагаар ирсэн Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад С.Быг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эрүүл мэндэд нь халдаж, хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч С.Бын өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Цамба 13-т бүсийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал 11 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Хилчин хотхоны урд талын уулзвар дээр хоёр машин мөргөлдсөн байна гэсэн зам тээврийн дуудлага 102-оос ирсэн. Түүний дагуу ахмад Бийн хамт хэргийн газар дээр ирэхэд Субару маркийн ... УБА улсын дугаартай автомашины хойноос тоёота приус 38-04 УНБ улсын дугаартай автомашин мөргөсөн байдалтай байсан ба тоёота приус маркийн автомашины жолоочийг доош нь харуулчихсан хоёр гарыг нь ард нь гаргаад нэг залуу дээрээс нь дараад сууж байсан. Тэгэхээр нь нөгөө залуу болон приусын жолоочийг босгосочихоод Субару маркийн жолооч дээр очоод ослын талаар асуугаад бичиг баримтыг нь шалгаад байж байсан чинь тоёота приус маркийн жолооч хажуу талаас ирээд миний хамар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би ахмад Бийн хамт өмсөж байсан майкаар нь гарыг нь ард нь хүлээд албаны машинд оруулж суулгасан. Тухайн үед миний хамар хавдаж зулгарч шалбарсан байсан ба маш их цус гарсан. Тоёота приус маркийн жолоочийг хэлтсийн согтуурал хэмжих багажаар үлээлгэж үзэхэд 0.00 бүхэл гарч байсан. Тоёота маркийн машины жолооч нь яг согтуу юм шиг орилж хашхираад хүн болгоныг хэл амаар доромжлоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20х, 69-70х/,

Гэрч Д.Бийн өгсөн: “...Хилчин хотхоны “Тэс” шатахуун түгээх станцын зүүн талын төв замаар явж байхад араас приус 30 маркийн саарал өнгийн автомашин мөргөсөн. Би хүүхдээ аваад мөргөсөн машины жолооч дээр яваад очтол мөргөсөн машины жолооч жолооны ард 3 орчим настай хүүхэд тэвэрсэн сууж байсан. Тэгэхээр нь би хаалгыг нь онгойлгоод яаж байна аа гэсэн чинь “миний хүүхэд амьд гарчихлаа, гайгүй байна” гэснээ уйлаад орилоод эхэлсэн. Тэгэхээр нь машиныг нь унтраагаад, түлхүүрийг нь аваад цагдаа, эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд би эхнэр дээрээ буцаж очоод эхнэр хүүхэдтэйгээ замын хажууд зогсож байхад машин мөргөсөн залуу машин дотроо хүүхдээ зодоод байсан. Тэгээд байж байтал төд удалгүй түргэний машин ирээд манай хүүхэд болон мөргөдөг жолоочийн хүүхдийг үзээд зүгээр байна гэж хэлээд яваад өгсөн. Тэгсэн чинь намайг мөргөдөг жолооч нь “чиний машин чинь будаа болчихсон байна, гомдолтой байгаа бол миний машиныг ав” гэж хэлчхээд хүүхдээ дагуулаад алхаад явахаар нь би араас нь гүйж очоод “тийм юм гэж юу байхав дээ, замын цагдаа одоо ирж байгаа хэргийг нь шийдэх байх” гэж хэлсэн чинь буцаж намайг дагаж ирээд миний машины хажууд явган хүний зам дээр хүүхэдтэйгээ сууж байсан. Тэгсэн нөгөө залуу утсаар “бурхан чөтгөр гэж яриад хараалгуулсан байсан, хүний хараал гэж аймаар юм байна” гэх зэргээр яриад орилоод байсан. Тэгээд би ойр хавийн хүмүүстэй осол гарсан талаар яриад байж байтал миний машиныг мөргөсөн залуу бид хэд рүү утсаа шидээд оноогүй. Тэгэхээр нь би “яагаад юм хум шидээд байгаа юм бэ зүгээр сууж байгаач ядаргаатай юм бэ” гэж хэлсэн чинь нөгөө залуу “тэгвэл хүүхдээ шидчихье” гээд хүүхдээ барьж аваад шидлээ шүү гээд босож ирэнгүүтээ шидчихсэн. Тэгэхээр нь би хүүхдийг нь барьж аваад газар тавиад барих гэтэл миний гар болон бие рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгсэн хажууд байсан том биетэй ах нөгөө залууг барьж аваад газар хэвтүүлээд 2 гарыг нь ард нь барьсан. Тэгээд гайгүй тайвшраад байж байтал цагдаа ирээд нэг ахмад нь над дээр ирээд яасан талаар асуугаад байж байсан чинь нөгөө хүн нь босч ирснээ цагдаа нар гээд янз бүрийн юм ярьж орилж байснаа миний бичиг баримт шалгаж байсан ахмадын хамар руу шууд цохиод авсан. Тэгсэн нөгөө ахмадын хамарнаас цус шууд годгодоод гоожсон ба нөгөө залууг 2 цагдаа нийлж байгаад газар хэвтүүлээд өөрийнх нь майкаар гарыг нь хүлсэн. Тэгээд хүлж байх хугацаанд хамарлуугаа цохиулсан цагдаагийн цус нь нөгөө залуугийн дээрээс гоожоод байсан. Тэгснээ нөгөө залууг албаны машинд аваачиж суулгаад цохиулсан залуу хамт байсан. Миний хажууд байхад цагдаагийн алба хаагчид Нэмэхбаяр гээд приусын жолоочийг цохисон зүйл байхгүй. Миний биед учирсан гэмтэл байхгүй би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24х/,

Гэрч Н.Угийн өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө 11 цагийн орчим гэрээсээ гараад нөхөр Бямбадоржтой Тэмүүлэн хүүгээ аваад бид гурав хажуу айлын эмээ өвөө хоёрыг аваад 32 дугаар тойрог руу явж байсан чинь араас нэг приус 30 маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн, уг машин дотор хүүхэдтэй эрэгтэй хүн жолооны хүрдэн дээрээ сууж байсан. Тэгэхэд би жолоочийг согтуу байна гэж харсан. Эргэн тойрон баахан хүмүүс цуглачихсан байсан чинь машин мөргөсөн залуу “та нар юугаа харсан юм” гэх зэргээр хашхираад, чанга уйлаад “надад хүний хараал хүрчихлээ” гээд орилоод байсан. Тэгээд байж байтал цагдаа нар манай нөхөр дээр ирээд юу болсон талаар асуугаад бичиг баримтаа шалгуул гэж хэлээд байж байхад манай  машиныг мөргөсөн залуу ирээд нөгөө цагдаагийн хамар руу гараараа цохичихсон. Тэгсэн нөгөө цагдаагийн хамраас цус гоожоод,  нөгөө хоёр цагдаа приус 30 маркийн жолоочийн гарыг ард нь майкаар нь хүлээд цагдаагийн машинд оруулаад суулгасан. Тэгээд цохиулсан цагдаа нь нөгөө жолоочтой машин дотор байгаад байсан нөгөө нэг цагдаа нь хэмжилт хийж байгаад дуусаад явцгаа гээд явуулсан. Би цагдааг жолоочийг цохиж зодсоныг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 11230 дугаартай: “...С.Бын биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчний мурийлт, хамрын нуруу, 2 хөмсөгний голд зулгаралт, хамрын нуруу, баруун хөмсөг, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 34х/,

Гэрч Д.Бын өгсөн: “...миний сууж явсан машины жолооч тухайн жолооч дээр очиход нь би араас нь хамт явж очсон. Тэгээд бид хоёр яаж байна гэж асуусан чинь битгий хуц гээд хараалын үг хэлээд машин дотроо суугаад байсан. ...Тэгээд удалгүй замын цагдаагийн ажилчид ирээд машины бичиг баримт шалгаад зогсож байхад нь миний сууж явсан машиныг мөргөсөн жолооч орилж хашхичиж байгаад замын цагдаагийн хамар руу цохисон. Тэгээд замын цагдаагийн хамраас маш их цус гоожиж байсан. Хамраа цохиулсан цагдаатай хамт явсан цагдаа нь тэр хоёр нөгөө залуугийн майкаар гарыг нь хүлээд албаны машиндаа оруулаад суулгаж байсан. Тэрнээс хойш би юу болсныг мэдэхгүй, би өөрийнхөө машинд ороод эхнэрийн хамт суучихсан. Тухайн жолооч эрүүл согтуу нь мэдэгдэхгүй орилж хашхираад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72х/,

Шүүгдэгч Н.Нын өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өглөө 8 цагийн үед 4 настай хүү Аыг дагуулаад өөрийн ... УНТ улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй гэр рүүгээ явж байтал .... хүн гар өргөхөөр нь аваад ...цаашаа явж байгаад толинд хартал нэг хүүхэд нь бурхан болж харагдаад.... би нөгөө хүүхдээсээ айгаад урдаа явж байсан Субару маркийн ... УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн. Би машинаасаа буугаад тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байгаа юм. Тэгээд нэг мэдсэн цагдаа ирчихсэн хэмжилт хийж байсан ба би дуудлагаар ирсэн цагдааг цохисон байсан. Би яагаад тухайн цагдааг цохисныг мэдэхгүй. Би уурлаад, сандрахдаа шоконд ороод болсон асуудлыг мэдэхгүй байгаа юм. Би тухайн өдрөөс өмнө 7 хоног унтаагүй явсан ба унтаж чадахгүй янз бүрийн бодол санаа орж ирээд байсан... ...Надад өмнө нэмж ярих зүйл гэвэл би машинаа барьж явж байгаад машин мөргөхдөө үрүүлээ мөргөөд нэг шүдээ унагачихсан юм. Тэгээд өмнөх мэдүүлэг дээрээ цагдаа цохисон байсан болохоор айсандаа цагдаа намайг цохисон гэж мэдүүлсэн юм. Түүнээс цагдаагийн албан хаагч намайг цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66х, 76-77х, 102х, шүүх хуралдааны тэмдэглэл/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Н нь зам тээврийн ослыг хэрхэн гаргасан, дуудлагаар ирсэн хууль сахиулагчийг ажил үүргээ гүйцэтгэж байхад биемахбодид нь хэрхэн ямар байдлаар халдаж, гэмтэл учруулсан болохыг хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын агуулгын хувьд харилцан зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримтууд зэргээр хангалттай нотолж тогтоосон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Хэргийн үйл баримтаас үзвэл, шүүгдэгч Н.Н нь тухайн үед хэвийн бус, согтуу, эрүүл нь мэдэгдэхгүй, хүн хүн рүү үсчсэн, элдэв хараал хэлж орилох, хүүхдээ шидэх зэрэг янз бүрийн авир гаргаж байсан байх бөгөөд түүний энэ байдлыг Шүүх сэтгэц эмгэг судлалын 1171 дугаартай дүгнэлтэд F48.0 “Мэдрэл сульдал” сэтгэцийн эмгэг гэж оношилсон ба түүнийг үнэн зөв мэдүүлэг өгөх, өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байсан буюу хэрэг хариуцах чадвартай байсан болохыг дүгнэсэн байна. /хх-ийн 44-46х/,

Шүүгдэгч Н.Н нь ослын дуудлагын дагуу ирж албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэснээс үүдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нийлмэл гэмт хэргийг 1 удаагийн үйлдлээр хангасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1,  мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинжлэн судалсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11301 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Н.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан /хх-ийн 38х/ байх бөгөөд Н.Н нь мөрдөн байцаалтад гэрч болон яллагдагчаар 5 удаа мэдүүлэг  өгөхдөө  эхний үед “... тухайн гэмтлийн Б ахмад үүсгэсэн”  гэж /хх-ийн 28-29х, 66х/ мэдүүлж байсан атлаа сүүлд мэдүүлэг нь өөрчлөгдөж “...би машин мөргөхдөө үрүүлээ мөргөөд шүдээ унагачихсан юм. Тэгээд өмнөх мэдүүлэг дээрээ цагдаа цохисон байсан болохоор айсандаа цагдаа намайг цохисон гэж мэдүүлсэн,  цагдаагийн албан хаагч намайг цохиогүй гэж /хх-ийн 77х/, мөн шүүхийн хэлэлцүүлэгт “... цагдаагаас намайг цохисон зүйл байхгүй, өмнө худал мэдүүлсэн” гэж мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/  байна.

Иймд тус шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь зүйтэй гэж үзсэн ба харин шүүгдэгч Н.Н нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой асуудлыг жичид нь шалгуулж шийдвэрлүүлэхийг тогтоолдоо дурдах нь зүйтэй байна.

Мөн хавтаст хэргийн 73, 74 дүгээр хуудсанд М.Бт гэрчийн эрх, үүрэг танилцуулсан тухай тэмдэглэлтэй М.Б нь танилцаагүй, улмаар гэрчийн мэдүүлэгт тэрбээр гарын үсэг зураагүй зэрэг байдлаас үзвэл түүнийг гэрчээр мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй тул  нотлох баримтаар тооцоогүй болохгүй тэмдэглэв.

Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч С.Бын  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх боловч хохирогч нь “...надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 70х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүх хуралдаанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх  тухай дүгнэлтийг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Гэм буруу дээр маргаагүй, холбогдсон хэрэг нь хөнгөн ангиллын хэрэг байгаа бөгөөд энэ байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү ” гэсэн саналыг тус тус гаргасан.

      Шүүгдэгч Н.Нын үйлдэлд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

  Хэрэгт авагдсан Н.Нын хувийн байдлын талаарх баримтуудад тэрбээр өөрийн гэсэн эд хөрөнгөгүй,  хадгаламж эзэмшдэггүй,  мөн ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, бусад орлого олдог эсэхийг илэрхийлсэн ямар нэгэн баримтгүй байх тул торгох ял оногдуулах нь зохимжгүй, тухайн ял биелэгдэх боломжгүй гэж үзсэн болно.

Иймд шүүгдэгч Н.Нын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийг цохиж гэмтэл учруулсан нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, хор уршгийн шинж чанар, мөн шүүгдэгч Н.Нын хувийн байдал /тэрбээр ажил хөдөлмөр эрхэлдэггүй, эд хөрөнгө, хадгаламж, орлоготой эсэхийг илэрхийлэх баримтгүй/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын  хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг тус тус журамлан шүүгдэгч Н.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагийг нэг хоногоор тооцон 240:8=30 хоногийг нэмж, нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 8 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Нн Ныг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял,  мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,  2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг тус тус журамлан шүүгдэгч Н.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагийг 1 хоногоор тооцон нэмж, нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 8 /найм/ сарын хугацаагаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Н.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Нт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Г.АЛТАНЦЭЦЭГ