Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 262

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

Улсын яллагч: Г.Билгүүжин /томилолтоор/,

Шүүгдэгч: М.А-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.А-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005004210309 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.А-, 2001 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч М.А-нь 2020 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 04 цагт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, “Love” нэртэй бааранд пивоны шил шидэж иргэн Н.С-биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.А-шүүх хуралдаанд: “...2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 2 найзтайгаа бааранд орсон. Манай 2 найз охин маань хүнтэй зодолдож байсан би ард нь сууж байсан. Тэгсэн нэг пивоны шил нэг охин аваад шидсэн тэр нь намайг онохоор нь би буцаагаад пивоны шил аваад шидчихсэн гэв.” гэв.

Хохирогч Н.С-мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор юу ч санахгүй байна. Гэнэт миний зүүн талын хөмсөгний хэсэгт нэг юм ирээд цохих шиг болсон. Аймаар өвдөөд гараараа дараад үзэхэд цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 15/,

Гэрч П.Б-мөрдөн байцаалтад өгсөн: “...хар цамцтай охинтой явж байсан 2 охин пивоны шил авч нөгөө 2 залуутай явж байсан охидууд руу шидтэл цэнхэр ноосон цамцтай, бариу цэнхэр жинсэн өмдтэй, хар улаан хосолсон гуталтай охины шидсэн шил нь нэг охиныг оноод толгой хэсгээс нь цус гарчихсан” гэсэн мэдүүлэг /хх-н 18/,

Гэрч Т.Г-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...А-г тамхины өрөөнд ёжолсон гэх эмэгтэй бүжгийн талбай руу ирээд миний хажууд бүжиглэсэн. Тэгээд би бүжиглэж байгаад тухайн эмэгтэйг биеэрээ шахаж өдсөн юм. Тэгтэл нөгөө эмэгтэй надад нэг юм хэлэхээр нь би тухайн эмэгтэйгийн толгойноос үсдсэн. Тэгсэн чинь хажуунаас хамгаалагч Б- орж ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд хамгаалагч Б- намайг нөгөө эмэгтэйгээс холдуулаад тек рүү аваачихаар нь би текэн дээр байсан Сэнгүр пивоны шилийг аваад нөгөө муудалцсан эмэгтэйн зүг шидсэн. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй бас пивоны шил аваад шидсэн. Тэгээд намайг баарны хамгаалагч хориод байж байтал манай найз А- хаанаас авсан гэдгийг мэдэхгүй байна, ямарч байсан гартаа пивоны шил барьчихсан нөгөө эмэгтэйчүүд рүү шидсэн. Тэгсэн чинь надтай муудалцсан эмэгтэйтэй цуг явж байсан эмэгтэйн толгойн хэсэгт очиж оносон. Тэгээд тухайн баарны зохион байгуулагч Б- болон хамгаалагч Б- нар ирээд танай найз хүний толгой хагалчихлаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/,

Шинжээчийн 1716 тоот дүгнэлтэд: “...Н.Соёл-Эрдэнэ нь 28-29 долоо хоногтой жирэмсэн, умайн булчингийн чангаралттай байна. Дээрх умайн булчингийн чангарал нь гэмтлийн болон гэмтлийн бус шалтгаанаар үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Н.С-биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь урагт нөлөөлөхгүй. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 уадаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 26-27/,

Яллагдагчаар М.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Гэрэлмаа руу очтол нөгөө эмэгтэй дахиад над руу пивоны шил шидсэн. Тухайн пивоны шил миний зүүн талын гутлан дээр оноод газар унасан. Тэгээд би тухайн газар унасан пивоны шилийг газраас аваад над руу пивоны шил шидсэн эмэгтэй рүү шидсэн. Миний шидсэн пивоны шил тухайн эмэгтэйтэй цуг явж байсан найзых нь зүүн нүд хавьцаа очиж оносон” гэсэн мэдүүлэг /хх-н 36-37/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-н 4/, хохирлын баримтууд /хх-н 10-11/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 41-52/, хохирогчийн хүсэлт /хх-н 64/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч М.А-нь 2020 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 04 цагт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, “Love” нэртэй бааранд пивоны шил шидэж иргэн Н.С-биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Н.С-: “...тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор юу ч санахгүй байна. Гэнэт миний зүн талын хөмсөгний хэсэгт нэг юм ирээд цохих шиг болсон. Аймаар өвдөөд гараараа дараад үзэхэд цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 15/, гэрч П.Бат-Эрдэнийн: “...хар цамцтай охинтой явж байсан 2 охин пивоны шил авч нөгөө 2 залуутай явж байсан охидууд руу шидтэл цэнхэр ноосон цамцтай, бариу цэнхэр жинсэн өмдтэй, хар улаан хосолсон гуталтай охины шидсэн шил нь нэг охиныг оноод толгой хэсгээс нь цус гарчихсан” гэсэн мэдүүлэг /хх-н 18/, гэрч Т.Г-гийн: “...би текэн дээр байсан Сэнгүр пивоны шилийг аваад нөгөө муудалцсан эмэгтэйн зүг шидсэн. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй бас пивоны шил аваад шидсэн. Тэгээд намайг баарны хамгаалагч хориод байж байтал манай найз А- хаанаас авсан гэдгийг мэдэхгүй байна, ямарч байсан гартаа пивоны шил барьчихсан нөгөө эмэгтэйчүүд рүү шидсэн. Тэгсэн чинь надтай муудалцсан эмэгтэйтэй цуг явж байсан эмэгтэйн толгойн хэсэгт очиж оносон. Тэгээд тухайн баарны зохион байгуулагч Б- болон хамгаалагч Б- нар ирээд танай найз хүний толгой хагалчихлаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/, шинжээчийн 1716 тоот дүгнэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.А-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.А-нь согтуурсан үедээ пивоны шил авч шидэж хохирогч Н.Соёл-Эрдэний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 57/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг оногдуулсан торгох ялаас чөлөөлөх” саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.А-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.А-г 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-д оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шүүгдэгч М.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.ОТГОНБАЯР