Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/00121

 

Д.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/01963 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 210/МА2017/02080 дугаар магадлалтай,

Д.С-ийн нэхэмжлэлтэй,

О.А-эд холбогдох,   

Зээлийн гэрээний үүрэгт нийт 14.720.091 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,  

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С-, өмгөөлөгч О.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г-, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.С- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч О.А- нь тухайн үед манай хорооны нийгмийн ажилтан байсан ба би түүний хүсэлтийн дагуу 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, хугацаагүй зээлсэн. Энэ зээлийн хүүг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тооцсон ба үндсэн зээл 1.000.000 төгрөг, зээлийн хүү 700.000 төгрөг, нийт 1.700.000 төгрөг болсноос 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 110.000 төгрөгийг хасч зээлийн төлбөрт 1.590.000 төгрөг үлдсэн байна. Мөн 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, хугацаагүй зээлсэн ба үүн дээр өмнө авсан 500.000 төгрөгийг нэмж нийт 1.500.000 төгрөг зээлснээ баталгаажуулсан. Үүнийг хариуцагч О.А- хүлээн зөвшөөрч, тэрээр нөхрийнхөө дансаар 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өөрөө 1.000.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөг төлж 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон.

2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, хугацаагүй зээлсэн. Энэ гэрээний дагуу үндсэн зээл 1.000.000 төгрөг, зээлийн хүү 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 17 сарын хүү 1.700.000 төгрөг, бүгд 2.700.000 төгрөг төлөх ёстой. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тухайн үеийн ханшаар 4.000.000 төгрөг буюу 2010 ам.долларыг сарын 10 хувийн хүүтэй зээлж, мөнгөө төлж дуустал сар бүрийн 23-ны дотор хүү төлөхөөр тохиролцож, тухайн өдрийн ам.долларын ханшаар бодож тооцоо хийх байсан. 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар ам.долларын ханш 2471 төгрөг гэж үзвэл 4.966.710 төгрөг болж байна. Энэ 4.966.710 төгрөгийн 1 сарын хүү 496.671 төгрөг гэж тооцвол 11 сарын хүү 5.463.381 төгрөг байна. Энэ гэрээний дагуу үндсэн зээл 4.966.710 төгрөг, зээлийн хүү 5.463.381 төгрөг, нийт 10.430.091 төгрөг болно.

Хариуцагч О.А- 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн гэрээний дагуу 1.590.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний дагуу 2.700.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 10.430.091 төгрөг болж байна. Нэхэмжлэгч Д.С- 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээг иргэн Ч.Мөнгөнцэцэгтэй байгуулсан тул уг гэрээний үүрэгт 6.279.909 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа татан авч тусдаа нэхэмжлэл гаргана. Зээлийн гэрээний үүрэгт 21.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаас иргэн Ч.Мөнгөнцэцэгт холбогдох шаардлагаа татан авч, хариуцагч О.А-ээс 14.720.091 төгрөг нэхэмжилж байна. 500.000 төгрөгийн тооцооллын алдаа гаргасан байх гэжээ.

Хариуцагч О.А- шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч О.А- 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөг, 2015 онд 500.000 төгрөг зээлсэн бөгөөд уг мөнгийг хэдийд авснаа сайн санахгүй байгаа ч үүнийг баталгаажуулж 1.500.000 төгрөг зээлсэн баримт үйлдсэн. Нэхэмжлэгч Д.С-т 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 110.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 100.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөгийг түүний Төрийн банкин дахь дансанд, мөн 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 120.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1.500.000 төгрөгийг Хаан банкин дахь дансанд шилжүүлсэн талаар нэхэмжлэгч Д.С-т маргаагүй. Нэхэмжлэгч Д.С-аас хариуцагч О.А- зээл авч гэрээ байгуулаагүй бөгөөд иргэн Ч.Мөнгөнцэцэг зээл авахад тодорхойлолт гарган өгч хооронд нь танилцуулж байсан. Нэхэмжлэгчид төлөх, төлөх төлбөр байхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/01963 дугаар шийдвэрээр, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.А-ээс 14.620.091 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.С-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 600.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,  Нэхэмжлэгч Д.С- 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг 6.279.909 төгрөг гаргуулах тухай шаардлагаа Ч.Мөнгөнцэцэгт холбогдуулан гаргах үндэслэлээр татан авсан болохыг дурдаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.А-ээс 231.050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С-т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 210/МА2017/02080 дугаар магадлалаар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/01963 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 283 дугаар зүйлийн 283.1 гэснийг хасч, 14.620.091 гэснийг 9.544.707 гэж, 600.000 гэснийг 5.175.384 гэж өөрчилж, 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтыг 2 гэж дугаарлан 231.050 гэснийг 167.665 гэж өөрчилж, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.       

Хариуцагч тал давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Магадлалын хянавал хэсэгт “Талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 4.000.000 төгрөгтэй тэнцэх 2010 ам.долларыг сарын 10 хувийн хүүтэй зээлж, хугацаа хэтэрвэл өдрийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон баримтад хариуцагч О.А- гарын үсэг зураагүй байх тул уг зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж үзэхгүй. Иймд, Д.С- нь зээлийн хүү шаардах эрхгүй. Харин 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс хүү төлөх талаар хариуцагч О.А- хүсэл зоригоо илэрхийлсэн тодорхойлолт гэх баримтыг үйлдэж эсрэг талдаа өгсөн тул зээлийн хүүгийн талаар талууд тохиролцсон гэж үзнэ” гэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Өөрөөр хэлбэл, хавтаст хэргийн ху-9, 10-т авагдсан нотлох баримтаар хариуцагч О.А- биш, харин иргэн Мөнгөнцэцэг, Пүрэв нар нэхэмжлэгч Д.С-аас 2010 доллар зээлж авсан нь тогтоогддог болно. Энэ тохиолдолд хоёр шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх  хэсэгт “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэснийг хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан гэж үзэж байна. Хоёр шатны шүүх нэхэмжлэгч Д.С-ийг 2015.05.06-ны өдөр., 2015.08.13-ны өдөр., 2015.08.24-ний өдөр тус тус хариуцагч О.А-эд мөнгө зээлдүүлсэн мэтээр үндэслэлгүй үнэлэлт дүгнэлт хийсэн.

Хариуцагч О.А-ийн хувьд 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 1 сая төгрөг зээлж авсан талаараа маргахгүй. Харин 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр өмнө нь мөнгө зээлж авсан талаараа бичиг бичиж Д.С-т өгсөн. 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Д.С- ирээд, чиний бичсэн зээл авсан талаарх бичгийг хаячихсан байна, дахиад хийгээд өг гэсний дагуу бичиг бичиж өгсөн тэрнээс биш нэг төгрөг ч аваагүй гэдэг. Энэхүү нөхцөл байдлыг нотлохын тулд иргэн Б.Бяраасан, Д.Нямаа нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон, харин давж заалдах шатны шүүх хянаж үзээгүй болно. Анхан шатны шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байдаг ч давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. Үүнд:

Хавтаст хэргийн ху-77, 78-т шүүх хуралдаан хойшлуулах тухай 09900 тоот захирамжаас харахад 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдаан хийсэн байдаг. Харин шүүх хуралдааны тэмдэглэл хавтаст хэрэгт авагдаагүй,

Хавтаст хэргийн ху-84-т хариуцагч талын 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт байдаг. Энэхүү хүсэлтийг 10250 тоот шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгохдоо зохигчдын гомдол гаргах эрхийг хязгаарласан,/ху-86, 87./

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч тал шаардлагаа өөрчилж, тодруулсан байна./ху-62./ Хариуцагч талд үүнийгээ тухайн өдөр нь гардуулан өгөөд 5 хоногийн дараа буюу 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр маргаж буй иргэний хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн /ху-81./

Хариуцагч тал Ч.Мөнгөнцэцэг гэдэг хүнийг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч Д.С- хүлээн зөвшөөрсөн байдаг. /ху-41, 45, 46./ Үүний дараа хариуцагч тал Ч.Мөнгөнцэцэгийн овог нэр, хаяг байршлыг тодорхой бичин хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасан боловч хүсэлт шийдвэрлэх тухай 10250 тоот шүүгчийн захирамж гарган үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан,           

Хариуцагч тал 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр иргэн Б.Бяраасан, Д.Нямаа нарыг гэрчээр оролцуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Үндэслэл нь, гэрчээс мэдүүлэг авахуулах тухай хүсэлтийг энэ өдрийн шүүх хуралдаан дээр гаргаж буй нь ямар хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь тогтоогдсонгүй тул гэрчээс мэдүүлэг авхуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай. /ху-86, 87,/

Хавтаст хэргийн ху-62-г харахад нэхэмжлэгч тал 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн байдаг. Үүнд, 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 1 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн, 7 сарын хүү 700.000 төгрөг, үүнээс 110.000 төгрөг төлсөн. Үлдэх 1.590.000 төгрөгөө гаргуулж авна. Нэхэмжлэгч тал холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой байсан ч төлөөгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх ихэсгэсэн шаардлагыг үндэслэлгүйгээр хүлээн авч, хянан шийдвэрлэсэн.

Эдгээрийг харгалзан үзэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах., эсхүл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Д.С- О.А-эд холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт нийт 14.720.091 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Хэргийн баримтаар Д.С- болон О.А- нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөгийн, 2015 оны эхээр 500.000 төгрөгийн /2015 оны  8 дугаар сарын 13-ны өдөр  баталгаа гаргасан/, 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөгийн, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 2010 ам.долларын нийт 4 удаагийн зээлийн гэрээний харилцаа үүссэн нь тогтоогдсон байна.

Хоёр шатны шүүх зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж үзэх эсэх, эсхүл үүргийг хүлээн зөвшөөрснөөр гэрээ хүчин төгөлдөр болсон эсэхийг хуульд нийцүүлэн дүгнээгүй нь учир дутагдалтай болжээ.

Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцлийг бичгээр хийсэн гэж үзэхийг  Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан ба зохигчдын хооронд бичгийн хэлбэрээр гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл  тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар  хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ,  энэхүү  шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.

Зохигчдын хооронд бичгийн хэлцэл байгуулагдаагүй боловч дээрх 4 удаагийн зээлийг авахдаа зээлдэгч О.А- мөнгийг буцаан төлж дуусах хүртэл сарын 10 хувийн хүү өгөхийг зөвшөөрч нэг талын баталгаа гаргасан нь хэргийн 5-7, 9-10 дугаар талд авагдсан байх бөгөөд энэ нь үүргийг хүлээн зөвшөөрснөөр гэрээ хүчин төгөлдөр гэж үзэх Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д заасан нөхцөл  болно гэж дүгнэв.

Нэхэмжлэгч 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч О.А-  1.500.000 төгрөгийн зээл  авч, эргэн төлсөн  гэснийг,  хариуцагч эс зөвшөөрч өмнө нь 500.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөг зээлж нийт  1.500.000 төгрөг гэж 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр баталгаа бичиж өгсөн гэж маргасан ба давж заалдах шатны шүүх уг  баталгаа нь  2 удаагийн гэрээний үүргийг  нэмсэн агуулгатай гэж үзсэн нь  хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зээл 2010 ам.долларыг хариуцагч О.А- бус Ч.Мөнгөнцэцэг зээлсэн гэх үндэслэл нотлогдоогүй, тухайлбал, мөнгийг хүүтэй, тухайн төлөгдөх үеийн ам.долларын ханштай тэнцэх хэмжээгээр төлөх баталгааг хариуцагч О.А- бичсэн нь тогтоогдсон байна.

Иймд, давж заалдах шатны шүүх нийт 4 гэрээний биелүүлбэл зохих зээл, хүүг тодорхойлж, төлөгдсөн төлбөрийг хасч,  нэхэмжлэлийн  хангагдах хэмжээг тооцоолсныг буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагч 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр зээл аваагүй, өмнөх баталгааг гээгдүүлсэн үндэслэлээр дахин бичиж өгсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, тухайн  өдрийн баталгаа бичигт өмнө авсан зээлийн талаархи утга тусгагдаагүй  байна.

Гэрч асуулгах, хамтран хариуцагчаар Ч.Мөнгөнцэцэгийг татах хариуцагч О.А-ийн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн дагуу шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 210/МА2017/02080 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167.665 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ЦАГААНЦООЖ

                                 ШҮҮГЧ                                                    Г.АЛТАНЧИМЭГ