Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2021/0411

 

“Б П Р” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, гомдол гаргагчийн өмгөөлөгч Т.Э, хариуцагч Э.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 409 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлын дагуу “Б П Р” ХХК-ийн гомдолтой, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Э.Н, Б.Б нарт  холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 409 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтаар: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.6, 14.6.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006/ 12 дугаар зүйлийн 12.1.36, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “Б П Р” ХХК-ийн гомдолтой Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Э.Н, Б.Б нарт холбогдох хэргийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Э.Н, Б.Б нарын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 351730077 тоот шийтгэлийн хуудас, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор орсон өөрчлөлт 78,222,887.07 төгрөгийн зөрчлөөс гомдол гаргагчийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Биеийн тамир, спортын газарт шилжүүлсэн 10,000,000 төгрөгийн зөрчлийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар хасч үлдэх 68,222,887.07 төгрөгийн зөрчлөөс тайлангийн үеийн алдагдал 36,114,816.57 төгрөгийг бууруулж, үлдэх 32,108,070.6 төгрөгийн зөрчилд 3210807.06 төгрөгийн нөхөн татвар, 963242.12 төгрөгийн торгууль, 390,113.08 төгрөгийн алданги, нийт 4,564,162.25 төгрөгийг төлүүлэхээр өөрчилж,

2 дахь заалтаар: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч “Б П Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2021/0409 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг  хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцэхгүй байна.

Нэг. “Ч Э Т” ХХК-аас Хан-Уул дүүргийн 11 хороо, Белла виста 500-1002 тоот байрыг орон сууцны зориулалтаар түрээсэлсэн 58,000,000 төгрөгийн зардлыг Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-12.1.35-д заасныг зөрчин татварыг хасч тооцсон зөрчлийн тухайд:

Анхан шатны шүүхээс “нэхэмжлэгчээс АНУ-ын иргэн Б М И-тай 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн дагуу “Ч Э Т” ХХК-тай орон сууцыг, ажлын хэрэгцээнд авто зогсоолыг түрээсэлсэн гэж тайлбарлаж буй хэдий ч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.2-т “хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ” хасахгүй гэж, түрээсийн гэрээний 1.1-д “... зөвхөн орон сууцны зориулалтаар”, 5 дугаар зүйлийн 5.2.4-д “оршин суугчид амьдран суух” гэж заасан зэргээс дүгнэхэд тухайн төлбөрийг хасагдах зардлаар бүртгэснийг зөрчил гэж үзсэн хариуцагчийн дүгнэлт үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь татварын байцаагч нар нэхэмжлэгчийн “Ч Э Т” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлсөн орон сууцны төлбөрийг татвар ногдох орлогоос хасагдах зардлаар бүртгэснийг Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийг зөрчсөн байна гэж үзэж шийтгэлийн хуудас гаргасан. Гэтэл шүүхээс хэрэглэх ёсгүй хууль буюу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн нь алдаатай байна.

Нэхэмжлэгч нь “Ч Э Т” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний дагуу Белла виста 500-1002 тоот байранд компанийн гүйцэтгэх удирдлага Бетани Морейра Инфантег амьдруулах зорилгоор түрээсэлсэн талаар маргаагүй болно.

Гагцхүү энэ түрээсийн төлбөр нь “Б П Р” ХХК болон гүйцэтгэх удирдлагын  хооронд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.6-д “ажилтан Улаанбаатарт оршин сууж байгаа хугацаандаа сарын 7,000,000 төгрөгөөс хэтрэхгүй /үүнд хэрэглээ, автомашины зогсоол болон түрээслэгчээс тогтоосон бус төрлийн төлбөр багтсан болно/ дүнтэй орон байрны тэтгэмж авах эрхтэй” гэж заасан үүргийн дагуу компаниас гүйцэтгэх удирдлагад олгосон байр орон сууцны хөлс юм.

Нэхэмжлэгч Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д “ажиллагчдад олгосон шагнал, урамшуулал, байр орон сууцны хөлс болон унаа, хоол, түлшний үнийн хөнгөлөлт”-ийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно гэж заасны дагуу энэхүү байр орон сууцны хөлсийг хасагдах зардлаар бүртгэсэн нь хуульд нийцсэн болно.

Тиймээс шүүхийн “Учир нь нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүрэг, 6 хороо, Бага тойруу, 26/2-0 тоотод бүртгэлтэй байх бөгөөд тухайн орон сууц, авто зогсоолыг албан ажлын хэрэгцээнд /ажлын байрны зориулалтаар/ бус түрээсийн гэрээнд заасан нөхцлийн дагуу тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагыг амьдруулах зорилгоор түрээсэлсэн байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.2-т заасан хасагдахгүй зардал гэж үзсэн нь үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

   Хоёр. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд бүртгэхдээ “Ч Э Т” ХХК-аас орон сууцны зориулалтаар түрээсэлсэн байрны зогсоолын төлбөрт төлсөн 7,390,909,12 төгрөг, “М И Ф Х” ХХК зэрэг компаниудаас авсан 3,168,052.49 төгрөг, нийт 10,558,961.60 төгрөгийн худалдан авалтыг хасалт хийсэн гэх зөрчлийн тухайд:

3,168,052.49 төгрөгийн худалдан авалтыг хасагдах зардлаар бүртгэсэн гэх зөрчлийн  тухайд:

Нэхэмжлэгч компаниас татварын хяналт шалгалтын хугацаанд хамаарах нэмэгдсэн өртөг бүхий бүхий л худалдан авалтыг нэгтгэсэн хүснэгтийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хүснэгтэд бүртгэгдсэн зардлууд компанийн үйл ажиллагаанд зориулсан худалдан авалтууд болох нь “илэрхий” харагддаг. Тухайлбал:

2016-11-10

СОФТЛАЙН АЗИЯ

Программ хангамж

259,600.00

25,960.00

285,560.00

2016-03-30

НОВАСОФТ

Программ хангамжийн үйл ажиллагаа

306,000.00

30,600.00

336,600.00

2016-09-30

ЭС АР ЭН

Худалдааны зууч

82,909.09

8,290.91

91,200.00

2016-05-20

МОНГОЛИА ИНТЕРНЭЙШНЛ

-Худалдааны зууч

-Гадаад худалдаа

99,091.00

9,909.00

109,000.00

Гэтэл татварын байцаагч нар хүснэгтэд бүртгэсэн зардлын тайлбарыг ч анзааралгүй, анхан шатны баримттай огт тулгалт хийлгүй бүхэлд нь хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулсан худалдан авалт гэж үзсэн байдаг.

Улмаар шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр энэхүү хүснэгт дэх зардлуудыг мөн л бүхэлд нь хасагдахгүй зардлын хүснэгт байна гэж хийсвэрээр дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүхээс “... худалдан авалтаас хасахгүй худалдан авалтыг хүснэгтээр гаргасан байх бөгөөд ... маргаан таслах зөвлөлөөс ... төгрөгийг хүчингүй болгож, үлдэх хэсэг болон авто зогсоол, кофе, кофений сүү, жигнэмэг сүү, тараг, цөцгийн тос зэрэг худалдан авалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасантай нийцэхгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч компанийн үндсэн үйл ажиллагаатай холбоотойгоор худалдан авсан санхүүгийн программын үйлчилгээ, худалдааны зөвлөхийн үйлчилгээг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.2-т “хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ” гэж үзэх боломжгүй юм.

7,390,909,12 төгрөгийн худалдан авалтыг хасагдах зардлаар бүртгэсэн гэх зөрчлийн  тухайд:

Шүүхээс “Ч Э Т” ХХК-аас орон сууцны зориулалтаар түрээсэлсэн байрны зогсоолын төлбөрт төлсөн 7,390,909,12 төгрөгийн зөрчлийн тухайд “... “Ч Э Т” ХХК-тай орон сууцыг, ажлын хэрэгцээнд авто зогсоолыг түрээсэлсэн гэж тайлбарлаж буй хэдий ч ...” гэж дүгнэлт хэсэгт дурдсан атал зогсоолын төлбөрийг яагаад хасагдахгүй зардалд хамааруулж байгаа талаараа үндэслэл бүхий дүгнэлт огт хийгээгүй.

Гурав. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зөрчсөн тухайд шүүхээс огт дүгнэлт өгөөгүй тухайд:

Татварын байцаагч нараас 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах шийтгэлийн тухай” 351730077 дугаар шийтгэлийн хуудсыг гаргасан.

Гэтэл байцаагч нараас Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг бүхэлд нь зөрчиж, зөрчлийн хэрэг үүсгэж, холбогдогчид хамаарах эрх үүрэгтэй холбоотой ажиллагааг огт хийлгүй, зөрчилд хамааралгүй этгээдээс мэдүүлэг авч, хуулиар тогтоосон хугацааг зөрчиж зөрчлийн шийтгэлийн хуудсыг гаргасан байдаг.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хууль зөрчсөн талаар маргаж, хариуцагч мөн уг үндэслэлд тайлбар өгдөг.

Гэтэл анхан шатны шүүхээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хууль зөрчсөн эсэх талаар огт дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2021/0409 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү ...” гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуяа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... “Б П Р” ХХК нь “Улаанбаатар марафон-2016” гүйлтийн арга хэмжээ зохион явуулах ажилд зориулж Нийслэлийн биеийн тамир спортын газарт 10,000,000.00 төгрөгийн хандив өгч аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд албан татвар ногдох орлогоос хасагдах зардлаар бүртгэсэн нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 13 дугаар зүйлд зөвшөөрсөн хасагдах зардлын ангилалд ороогүй байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хүчингүй болгосныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2021/0409 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д 10,000,000 сая төгрөгийн зөрчлийг хасаж тооцсоныг хүчингүй болгож, татварын улсын байцаагч нарын 351730077 дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр баталж өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Гомдол гаргагч “Б П Р” ХХК нь “... үйл ажиллагаанд ашигласан тээврийн хэрэгслийг түр байрлуулах зорилгоор төлбөр төлж, автомашины ашиглаж байсан учир зогсоолын төлбөрийг татвар ногдох орлогоос хасч тооцсон нь хуульд нийцсэн, ... “Ч Э Т” ХХК-тай Түрээсийн гэрээний дагуу байр түрээсэлсэн нь ... компанийн ажилтан Бетани Морейра Инфантетай компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангуулахаар тохиролцож, байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу тус иргэнийг орон байраар хангахаар орон сууц түрээсэлсэн, уг түрээсийн гэрээний дагуу төлсөн төлбөрийг хасагдах зардлаар бүртгэсэн нь хууль зөрчөөгүй ... гэрээт ажлын хүрээнд “Юниверсал Ложистикс Монгол” ХХК-аас хүсэлт гаргасны дагуу 10.000.000 төгрөгийн төлбөрийг “Улаанбаатар марафон-2016” гүйлтийн арга хэмжээний зардал болгож Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хороонд шилжүүлсэн ... энэ зардал нь хандив бус ... үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөр мөн тул ... хасагдах зардалд хамаарна ...” гэх зэрэг үндэслэлээр “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын улсын байцаагч Э.Н, Б.Б нарын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 351730077 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдол гарган маргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 32.4-д “Шүүх хуралдаан товлохоос өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй, түүнчлэн нотлох баримт цуглуулахыг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй”, 106 дугаар зүйлийн 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”,107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасан.

Дээрх хуулиар тогтоосон журмын дагуу захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий баримтыг цуглуулах үүрэгтэй, шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтад үндэслэсэн байх, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл тус бүрт хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй. Харин хэргийн оролцогчид өөрсдийн шаардлага, тайлбарын үндэслэлийн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөх, хэрэв боломжгүй бол тухайн баримтын эх сурвалжийг шүүхэд зааж мэдүүлэх үүрэгтэй.

Маргаанд хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтууд болох Татварын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудасны “... Нийслэлийн биеийн тамир, спортын газарт “Улаанбаатар марафон-2016” гүйлтийн арга хэмжээнд 10,000,000.00 төгрөгийн хандивын зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцсон” гэх зөрчилд хамаарах нотлох баримтууд болох “Б П Р” ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт /гэрээт ажлын төлбөр/, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/215 дугаар албан бичиг зэрэг гомдол гаргагч талын тайлбар, шүүхийн шийдвэрт дурдагдсан баримтууд, мөн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдагдсан хэрэгт хавсаргахаар өгсөн гэх “татварын хяналт шалгалтын хугацаанд хамаарах нэмэгдсэн өртөг бүхий л худалдан авалтыг нэгтгэсэн хүснэгт”, “санхүүгийн программын үйлчилгээ, худалдааны зөвлөхийн үйлчилгээ”-тэй холбоотой баримтууд мөн компанийн үйл ажиллагаанд зориулан худалдан авалт хийсэн гэх тайлбарт хамаарах баримтууд хэрэгт огт авагдаагүй байхаас гадна анхан шатны шүүх маргаан бүхий актын “зогсоолын төлбөртэй холбоотой зөрчлийн талаар” дүгнэлт хийлгүй орхигдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан байх тул давж заалдах шатны шүүх гомдол гаргагчийн гомдол үндэстэй эсэх, маргаан бүхий акт хуульд нийцсэн эсэх, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3-т “Давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж заасан.

 Анхан шатны шүүх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авч  хянуулахаар ирүүлсэн 172 хуудас бүхий 1 хавтаст хэрэгт дээр дурдсан баримтууд огт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх хэрэгт хавсаргаж ирүүлээгүй баримтуудыг таамгаар тодорхойлох  боломжгүй тул гомдол гаргагч талын “... анхан шатны шүүх нотлох баримтаар өөр хэргийг татаж авсан, анхан шатны баримтууд болон бусад хэрэгт холбогдолтой баримтуудыг нотлох баримтаар авагдсан тус компанийн нэхэмжлэлтэй хэрэгт өгч байсан, тус хэрэгт авагдсан баримтуудыг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар судалж, хэлэлцсэн ...”  гэх агуулга бүхий тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Иймд шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах”, 121.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана”, 121 дүгээр зүйлийн 121.3.4-д “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон”, 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэж тус тус заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 409 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                 С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ