Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001

 

Ш.Хыстаубайн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 627 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар багт оршин суух Жадик овогт Шидерханы Хыстаубайн нэхэмжлэлтэй, Баяннуур сумын 3 дугаар багт оршин суух Жадик овогт Нурхасын Ергенбайд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгч Ш.Хыстаубай, хариуцагч Н.Ергенбай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Унаганы үнэ 250000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний ижил адуу Баяннуур сумын Хөх хөтлийн давааг уруудан явж байхад тус сумын 3 дугаар багийн иргэн Ш.Хыстаубайн хүү Харжаубайн тууж явсан ижил адууг дайрч өнгөрсөн байна. Нэг гүү, нэг унага гэмтсэн. Унагыг айлд хүргэсэн боловч хүнд гэмтэл авсан тул эмчилгээ авахгүй үхсэн. Гүүний урд талын хөл бэртсэн. Унага маань эрэгтэй, хурдан удамтай байсан. Гүү маань бас хурдны удамтай, ах нь болохоор хурдан морь одоо байгаа.

Унага маань одоогийн ханшаар 500000 төгрөгийн үнэтэй байна. Учир нь он гарч даага болох байсан. Энэ байдал 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр болсон ба энэ өдрөөс хойш хариуцагч Н.Ергенбай ямар нэгэн төлбөр өгөөгүй тул Н.Ергенбайгаас унаганы мөнгө болох 500000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Н.Ергенбай шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2016 оны 6 дугаар сарын 19-ний шөнийн 02 цагийн үед Баяннуур сумын Хөх хөтөл давааг уруудаж, тал газраар явж байхад Харжаубай гэгч мотоциклээр адууны ижил тууж ирээд миний машины туслах талд оруулж ирсэн. Адууны ижлийг миний машины туслах талд яагаад оруулж ирсэн бэ гээд Харжаубайгаас асуухад таныг зогсоох гээд таны машины туслах талд тууж ирээд оруулсан гэсэн. Би тухайн үед унага дайрагдсаныг мэдээгүй. Машинаа зогсоогоод Харжаубай гэгчид учир байдлыг хэлсэн болно. Тухайн үед унаганы гүү бэртээгүй байсан. Би албаар түүний унагыг дайраагүй, харин машинд дайрагдсан унаганы асуудал нь Харжаубай гэгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон юм. Тухайн үед миний хажууд Б.Аргынбек гэдэг залуу байсан. Нэхэмжлэгч Ш.Хыстаубайд хурдан удмын адуу байхгүй. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 627 дугаар шийдвэрээр: 1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Нурхасын Ергенбайгаас унаганы үнэ 250000 төгрөг гаргуулан Шидерханы Хыстаубайд олгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15650 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.Ергенбайгаас 8150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Хыстаубайд олгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 627 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэл бүхий гомдол гаргаж байна.Үүнд:

1. Миний бие 2016 оны 6 дугаар сарын 19-ний шөнийн 02 цагийн үед Баяннуур сумын Хөх-хөтөл давааг уруудаж тал газраар явж байхад Харжаубай гэгч мотоциклээр адууны ижил тууж ирээд миний машины туслах талд оруулж ирсэн. Адууны ижлийг миний машины туслах талд яагаад оруулж ирсэн бэ гэхэд таныг зогсоох гээд таны машины туслах талд тууж ирээд оруулсан гэсэн билээ.

2. Би тухайн үед унага дайрагдсаныг мэдээгүй. Машинаа зогсоогоод Харжаубай гэгчид учир байдлыг хэлсэн.

3. Тухайн үед унаганы гүү бэртээгүй байсан. Би албаар түүний унагыг дайраагүй, харин машинд дайрагдсан унаганы асуудал нь Харжаубай гэгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон. Тухайн үед миний хажууд Б.Аргынбек гэдэг залуу байсан. Нэхэмжлэгч Ш.Хыстаубайд хурдан удмын адуу байхгүй.

4. Тухайн үед тэр хүмүүс мотоциклоор явж байсан. Би мориор явж байгаад дайрсан бол асуудал өөр байсан. Миний машин, техникийн эрхийг холбогдох байгууллагаас шалгасан. Тухайн үед мотоциклыг яагаад шалгаагүй юм бэ гэдэгт мэл гайхаж байна.

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 627 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт "Баяннуур сумын төрийн сангийн төлөөлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолтоос үзэхэд Баяннуур суманд 2016 оны 6 дугаар сарын байдлаар нэг насны унаганы үнэ 200000-250000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон" байна гэж заасан ба уг төрийн сангийн төлөөлөгчийн унаганы үнийг тогтоосон тодорхойлолтыг нэхэмжлэгч малын их эмчээс 130000 төгрөгөөр тогтоолгож авсан ба тухайн үед төрийн сангийн төлөөлөгч Мендигүл жирэмсний амралттай байсан билээ. Иймд дээрх үндэслэлээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 627 дугаартай шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ш.Хыстаубай нь хариуцагч Н.Ергенбайд холбогдуулан унаганы үнэ 500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж хариуцагчаас 250.000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Н.Ергенбай нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээр Баяннуур сумын нутаг, Хөх хөтлийн давааг уруудаж явахдаа Ш.Хыстаубайн өмчлөлийн сүрэг адууг мөргөж замын хөдөлгөөний журам зөрчсөнөөс нэг гүү гэмтэж, нэг унага үхсэн тул буруутай этгээдээс унаганы үнэ 250.000 төгрөг гаргуулахыг хүсэж, шаардлагаа үндэслэхээр Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/370 дугаартай прокурорын тогтоол, багийн Засаг даргын тодорхойлолт, гэрч Х.Тойлыбай, Б.Ерболат нарын мэдүүлэг, унаганы үнэ тогтоосон талаарх тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.

 

Хариуцагч Н.Ергенбайн тайлбарыг Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/370 дугаартай прокурорын тогтоолтой харьцуулан дүгнэвэл, хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид гэм хор учруулсан үйл баримт тогтоогдсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн тайлбарыг үнэлж, Н.Ергенбайн буруутай үйл ажиллагаанаас Ш.Хыстаубайн өмчлөлийн нэг унага үхсэн талаар хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Хариуцагч Н.Ергенбай нь машинд дайрагдсан унаганы асуудал нь Харжаубайн буруутай үйл ажиллагаанаас болсон, Н.Мендигүлийн үнэлгээний актыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтыг хариуцагч өөрөө гаргаж өгөх үүрэгтэй ба хариуцагчийн үгүйсгэлийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг маргааны үйл баримтад зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчийн нэрийг Н.Ерген гэж буруу бичсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар Н.Ергенбайг оролцуулсныг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 627 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.Ергенбайн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон хэмжээнээс илүү хураасан 7.500 төгрөгийг төрийн сангийн 0020000941 дугаартай данснаас гаргаж хариуцагч Н.Ергенбайд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

С.ӨМИРБЕК