Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 0046

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

            нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

            улсын яллагч Н.Уранбайгаль,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Б,

            иргэний хариуцагч Я.Э,

       шүүгдэгч Я.Эг, түүний өмгөөлөгч Б.Отгонжаргал, Г.Баттогтох нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Б овогт Яын Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903011040492 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн байцаалт

  Монгол Улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, арьс ширний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... байр ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б овогт Яын Э /РД:.../

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Шүүгдэгч Я овогтой Э нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Хилчин” хотхон, “Тулга” хүнсний дэлгүүрийн зүүн замд Я.Эын эзэмшлийн “Тоёота Приус” маркийн ... УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 51 настай, эмэгтэй Ц.Нг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ  НЬ:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Я.Эг шүүхийн хэлэлцүүлэгт: “...мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг дээр нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...Манай ээж цаашид 2 удаа хагалгаанд орно. Түнхний хагалгаанд орсон. Одоо ахиад орно. Мөрний хагалгаанд бас орно. Хагалгаанд ороход гарах зардлуудыг нэхэмжилнэ. Мөн хөл дээрээ боссоны дараа дараагийн гарах үр дагаврыг  нэхэмжилнэ. Хөл нь мэдээ ороогүй байгаа. Гүн шархтай учир шүүс гараад эдгэрэлт нь удаан байна. Цаашид гарах зардлыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Иргэний хариуцагч Я.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Эгчийгээ өөрийн бизнест оролцуулж цалин хөлс олгож, олсон мөнгийг эмчилгээний зардалд зарцуулж байгаа. Миний зүгээс өгсөн хохирол байхгүй. Цаашид гарах хохирлоос төлөөд явна. Миний машиныг унаж явсан болохоор хамт төлнө” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Хавтаст хэргээс:

1. 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5х, 8-9х, 10-12х/, хохирогч Ц.Нн мэдүүлэг /хх-ийн 17-19х/, иргэний нэхэмжлэгч С.Өийн мэдүүлэг /хх-ийн 21х/, гэрч Ц.Өгийн мэдүүлэг /хх-ийн 25х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11364 дугаартай дүгнэлт /хх-ийн 29х/, Тээврийн цагдаагийн алба шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 395 дугаартай дүгнэлт /хх-ийн 51х/, Ашид Билгүүн ХХК-ний үнэлгээний тайлан /хх-ийн 80-84х/, шүүгдэгч Я.Эгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54х/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 92х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 93х/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 94х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 95х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 96х/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 97х/, шүүгдэгч Я.Эгийн мэдүүлэг /хх-ийн 73-74х/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчдөөс гаргаж өгсөн хохирол төлсөн тухай баримтууд /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Я.Эг нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Хилчин” хотхон “Тулга” хүнсний дэлгүүрийн зүүн замд Я.Эын эзэмшлийн “Тоёота Приус” 41 маркийн ... УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 51 настай, эмэгтэй Ц.Нг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт нь:

1. 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5х, 8-9х, 10-12х/,

2. Хохирогч Ц.Нн өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 14 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин хотхоны дунд засмал замын хажуугийн явган хүний замаар дүү Өийн хамт гэрлүүгээ алхаад явж байтал Тоёота Приүс 41 маркийн ... УБЦ улсын дугаартай машин явган хүний зам хаагаад ертөнцийн зүгээр зүүн тийшээ хараад зогссон. Тэгэхээр нь дүү бид хоёр тэр машиныг явахыг хүлээж байгаад явахгүй болохоор нь тухайн машины араар тойроод гарчихъя гээд манай дүү Ө түрүүлээд араар нь тойроод гарсан. Тэгэхээр нь би намайг толиндоо харж байгаа байх гэж бодоод араар нь тойрсноо санаж байна. Тэгээд би гэмтлийн эмнэлэгт ирсэн байсан. Тухайн үед ухаан ороод дүүгээсээ би хаана байна гэхэд манай дүү Ө та гэмтлийн эмнэлгийн сэхээнд байна, ухаангүй хоёр хоног хэвтсэн гэж надад хэлсэн. Миний баруун талын чих тасарсан байсныг оёулсан, зүүн мөр далны ойролцоо бяцарч хугарсан одоо гипстэй байгаа, зүүн хөлний дунд чөмөг сүүжнийхээ яс руу цөмөрч орсон тэрэндээ хагалгаа хийлгэсэн, толгой хүзүү хөл гар бүгд хавдартай байсан. Зүүн гар хөл хөдлөхгүй байсан. Одооноос дөнгөж хөдөлж байгаа. Хамрын үзүүр, дух, нуруу халцарч шалбарсан гэж эмч нар хэлсэн. Одоо миний биеийн байдал хүнд байгаа. Түнх аарцагны хагалгаанд орсон, сайн эдгээгүй байгаа. Энэ хагалгааг гайгүй болсны дараа мөрний хагалгаанд орно гэсэн. Би байнгын хэвтэрт хүний асаргаанд байгаа. Би одоо гэмтлийн эмнэлэгт 1 сар орчим болж байна. Цаашид хэдэн сар хэвтэхийг мэдэхгүй байна. Намайг мөргөсөн жолоочийн тал шаардлагатай эмчилгээ, эм тариа зэргийн зардлыг гаргаж байгаа. Одоогоор хэдэн төгрөгийн эм тарианы мөнгө төгрөг гаргасныг би мэдэхгүй байна. Гомдолтой байна. Би бүрэн бүтэн эрүүл саруул болтлоо эмчлэгдэх шаардлагатай зардлаа нэхэмжилнэ. Би хөл дээрээ босмоор байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19х/,

3. Иргэний нэхэмжлэгч С.Өийн: “...2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 14 цагийн орчим хашааны гадна их дуу чимээ гарахаар нь гараад харахад ... УБЦ улсын дугаартай Тоёота Приүс 41 маркийн тээврийн хэрэгсэл манай хашааг цөм дайраад ороод ирчихсэн байсан. ...намайг гараад харахад осол хийсэн машины жолооч буучихсан, мөргүүлсэн хүн нь машины зүүн талд нь байсан. Хүмүүс тэр мөргүүлсэн хүнийг хөдөлгөж болохгүй шүү гээд байсан ба би айгаад тэр мөргүүлсэн хүнийг нь очиж хараагүй. Тэгээд удалгүй эмнэлгийн машин ирээд мөргүүлсэн хүнийг аваад явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 21х/,

4. Гэрч Ц.Өийн: “...Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо,  Хилчин хотхоны машины замын зүүн талын явган хүний замаар төрсөн эгч Ц.Нн хамт явган алхаад явж байтал хажуугаар буюу баруун талаар хар саарал өнгийн Тоёота Приүс 41 маркийн ... УБЦ улсын дугаартай автомашин өнгөрч яваад зүүн эргээд гудамж руу орох гэж байгаа бололтой явган хүний замыг хаагаад зам хөндлөн зогсчихсон. Тэгэхээр нь эгч бид хоёр зогсож түр хүлээгээд машиныхаа араар тойроод цувраад гарсан. Тэр үед би урд нь алхаж явж байсан эгч миний ард явж байсан. Тэгээд эгчийг тэр машины араар тойроод гарч ирэх үед нөгөө машин нь гэнэт ухраад манай эгчийг дайраад доороо хийгээд замынхаа урд талын дэлгүүрийн хашааг цөм мөргөөд зогсчихсон. Тэгээд би гүйж очоод тэр осол хийсэн машины доороос эгчийгээ татаж аваад 103 дуудсан. Тэр үед манай эгч ёолоод л хашгараад байсан, зүүн мөрнийх нь яс ил харагдаж байсан. Хувцасных нь гадна тал зулгараад урагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25х/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11364 дугаартай “...Ц.Нн биед зүүн сүүжний тогооны бяцрал зөрсөн хугарал, зүүн дунд чөмөг ясны толгойны бүрэн мултрал, зүүн умдаг ясны доод салааны сэлтэрч салсан хугарал, баруун умдаг явсны дээд доод салааны зөрүүгүй хугарал, умдаг ясны симфизын зөрсөн хугарал, зүүн атгаал ясны ил хугарал, баруун чихний урагдал, нүүрэнд зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.2-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 29х/,

6. Тээврийн цагдаагийн алба шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 395 дугаартай “...Тоёота Приус-41 маркийн ... УБЦ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Я.Эг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ц.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламж нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 51х/,

7. Шүүгдэгч Я.Эгийн өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 14 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин хотхоны замд өөрийн төрсөн дүү Эрдэнэтулгын эзэмшлийн Тоёота приус 41 маркийн ... УБЦ улсын дугаартай машиныг жолоодож явж байгаад буруу замаар ороод ухрах үйлдэл хийх үедээ тоормосоо гишгэх гэж байгаад андуураад хаазаа гишгэсэн тэр үед миний машины араар явж байсан хүнийг мөргөж гэмтээсэн. Гэхдээ андуураад хаазаа гишгэснээ мэдэхгүй байна, би зүгээр тэгсэн байх л гэж бодож байгаа. Тухайн үед машины ухрах камерт болон толинд мөргүүлсэн хүн харагдаагүй, намайг ухрах үйлдэл хийхээс өмнө шулуун явж байхад хоёр хүн зорчих хэсгийн зүүн талаар урагшаа чиглэлтэй алхаж байсныг бол харсан. Тэр үед би буруу замаар андуурч орсноо мэдээд би машинтайгаа ухрах үйлдэл хийж байгаад л зам тээврийн осол гаргаж хүн мөргөсөн. Би тэр үед дүүгийнхээ машиныг гуйж унаад Сонгинохайрхан дүүргийн автохудалдааны төв орчихоод 3,4 дүгээр хороолол чигтэй эгчийнх рүүгээ явж байсан юм. Би зам тээврийн осол гаргах үедээ машиндаа ганцаараа явж байсан ба үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, зорчих хэсэг дээр ямар нэгэн халтиргаа гулгаа байхгүй, анхаарал сарниж ядарсан зүйл машин жолоодох ямар нэгэн асуудал байгаагүй. Миний болгоомжгүй байдлаас болж осол гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг баримтуудаар тогтоогдсон буюу  шүүгдэгч Я.Эгийн гэм буруутайг нотолжээ.

Шүүгдэгч Я.Эг нь тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийх үедээ явган зорчигч Ц.Нг дайрч, эрүүл мэндэд хүнд гэмтэл  учруулсан энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Ц.Нн зүгээс өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан гаргасан зардалгүй, хохирогчид учирсан эмчилгээний зардлыг шүүгдэгч талаас тухай бүрт нь гаргаж, холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргаж ирүүлсэн байх ба шүүгдэгч Я.Эг нь нийт 6.386.612 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтууд зэргээр тогтоогдсон, хохирогчийн төлөөлөгч Ё.Б нь төлөгдсөн үнийн дүн дээр маргаагүй болно.

Харин иргэний хариуцагч Я.Эас хохирогч Ц.Нн эмчилгээтэй холбоотой гарсан зардлыг төлсөн байдал тогтоогдоогүй байна.

Хохирогч Ц.Н нь авто ослын улмаас авсан гэмтлүүдээс үүдэн одоогоор босож явж боломжгүй, хэвтрийн байдалтай байгаа, цаашид хэд хэдэн хагалгаанд орох, эмчилгээ сувилгаа хийлгэх шаардлагатай, гарах зардлуудыг бүгдийг нь нэхэмжилнэ гэх тул  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Б нь дээрх зардлуудыг нотолсон баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Я.Эг, иргэний хариуцагч Я.Э нараас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Я.Эг нь мөн иргэн С.Өийн эзэмшлийн хашааг мөргөж, 267.680 төгрөгийн хохирол /хх-ийн 83х/ учруулсныг шүүгдэгч нь төлж барагдуулсан буюу эвдэрсэн хашааг нь засаж янзалж, хэвийн байдалд нь оруулж өгсөн байх тул иргэний нэхэмжлэгч С.Өлзийцэцэгт төлөх төлбөргүй болохыг дурдав.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагч нь “...шүүгдэгч Я.Эгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг,

-Шүүгдэгчийн өмгөөлөгчдөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-ийг хэрэглэж тэнсэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Я.Эгийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой зардлыг баримтын хүрээнд барагдуулсан байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Я.Эг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг санаачилга гарган тухай бүрт нь баримтын хүрээнд нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Я.Эгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Я.Эг нь тэнссэн 3 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Я.Эгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэн тул түүний В ангиллын 1007062 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тогтоолын хамт хүргүүлэхээр тогтов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Яын Эийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Я.Эгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Эг нь тэнссэн 3 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Я.Эгт мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Я.Эгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

5. Хохирогч Ц.Нн эмчилгээний зардалд 6.386.612 /зургаан сая, гурван зуун наян зургаа мянга, зургаан зуун арван хоёр/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч С.Өлзийцэцэгт 267.680 /хоёр зуун жаран долоон мянга, зургаан зуун ная/ төгрөг шүүгдэгч Я.Эгээс тус тус төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Б нь хохирогч Ц.Нд цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гаргах зардлуудыг нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Я.Эг, иргэний хариуцагч Я.Э нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Я.Эгийн В ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор,оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Я.Эгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.АЛТАНЦЭЦЭГ