Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 273

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Бат-Эрдэнэ,

Улсын яллагч: А.Марал,

            Шүүгдэгч: Б.М-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.М-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905039440252 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.М-, 1982 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа .... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.М-нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.С-ын эзэмшлийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар иргэн Ч.С-ын Хаан банкны 5021671093 дугаартай данснаас 1.400.000 төгрөгийг АТМ-с 2 удаагийн зарлагын гүйлгээгээр гарган авч 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.М-шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

   Хохирогч Ч.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Орхоны гудамж 13 тоот хашаанд байсан хуучин байшинг 20 цаг 30 минутын үед буулгаад гарсан хогийг ачиж байх үед манай хойд талын гудамжинд амьдардаг М-гэх залуу надаас “гар утсаа түр өгч байгаач, би барилгын талбайн инженертэйгээ ярьчихаад өгье” гэж хэлээд миний гар утсыг гуйж аваад 99076858 гэсэн дугаар руу залгаснаа “холбогдох боломжгүй байна” гэж хэлээд миний утсыг буцаагаад өгсөн. Би тэгээд “Их наран” гэх газар хогоо асгачихаад замд дэлгүүр тааралдахаар нь орж тамхи авах гэтэл миний гар утасны гэрний ард байсан Хаан банкны виза карт алга болсон байсан. Тэгээд Хаан банк орж дансны хуулга авч үзтэл М- гэх хүн миний утсыг гуйж аваад өгсний дараа Хаан банкны виза карт ашиглан гүйлгээ хийсэн байсан ба тухайн гүйлгээг би хийгээгүй. Би өмнө нь дэлгүүр дотор М-гэх хүний хажууд Хаан банкны виза картын нууц үгийг нь хэлээд үйлчлүүлж байсан, хажууд байхдаа сонссон байх. Тэр хүн надаас гар утсыг минь гуйж аваад хойд хавтсанд нь байсан виза картыг ашиглаад эхлээд 600.000 төгрөг, түүний дараа 800.000 төгрөгийг тус тус АТМ-ээс уншуулж авсан байсан юм. Би одоо 900.000 төгрөг нэхэмжилж байгаа учир нь 500.000 төгрөг буцааж өгсөн байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16, 47/,

Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би М-, Н-нараас 2019 оны 9 дүгээр сарын орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг мэдэхгүй зочид буудалд байна гэж намайг дуудахаар нь очиход тэд нар мөнгөтэй болчихсон архи ууж байсан. Тэгэхээр нь би надад мөнгө хэрэгтэй байгаа талаараа хэлээд 300.000 төгрөгийг зээлж авсан. Тухайн үед очсон зочид буудлыг зааж өгч чадна. Би мөнгө яаж олсон талаар асууж тодруулахад ээжийнхээ хашаа байшинг зараад мөнгөтэй болсон гэж хэлсэн. М-, Н-нар нь ерөнхийдөө байнгын архи согтууруулах ундааны зүйл уугаад байдгаас биш ...гайгүй зан ааштай хүмүүс юм. Би эдгээр хүмүүсийг сүүлийн 10 орчим жил мэддэг болсон” гэсэн мэдүүлэг /хх-н 54/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...саарал хувцастай 50 орчим настай, буурал үстэй эрэгтэй хүн ногоон өнгийн виза карт 3 дугаар АТМ-д хийж ...виза картны кодыг хийж... мөнгө аваад гарч байгаа дүрс харагдаж байна. ...буцаж ороод 2 дугаар АТМ-д виза карт хийж байгаа дүрс харагдаж байна. ...мөнгө аваад гарч байгаа дүрс ...” гэжээ. /хх-н 25-28/,

Яллагдагчаар Б.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр С-тай цуг гэрийнх нь ажлыг хийж байгаад гадаа халуун байсан учраас цэвэр ус болон жижиг сажиг зүйлс худалдаж авахаар дэлгүүр орохдоо С- виза картаар тооцоо хийх үед нь би виза картын нууц кодыг цээжилчихээд С-гийн хашаанд буцаж ирж ажил хийж байгаад гар утсаа түр өгөөч гэж хэлээд гар утасны хавтсан дотор хавчуулчихсан байсан виза картыг нь авч гараад Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ дээр очоод 800.000 төгрөгөөр 1 удаа, 600.000 төгрөгөөр 1 удаа тус тус гүйлгээ хийж 1.400.000 төгрөгийг аваад виза картыг нь буцаагаад байшингийн үүдэнд хаячихаад тэндээс гарч яваад тэр мөнгөөрөө архи уугаад дуусгачихсан” гэсэн мэдүүлэг /хх-н 43-44/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 8/, хохирогчийн өргөдөл /хх-н 9/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 55-60/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.М-нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.С-ын эзэмшлийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар иргэн Ч.С-ын Хаан банкны 5021671093 дугаартай данснаас 1.400.000 төгрөгийг АТМ-с 2 удаагийн зарлагын гүйлгээгээр гарган авч 1.400.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,     хохирогч Ч.С-ын: “...манай хойд талын гудамжинд амьдардаг М-гэх залуу надаас “гар утсаа түр өгч байгаач би барилгын талбайн инженертэйгээ ярьчихаад өгье” гэж хэлээд миний гар утсыг гуйж аваад 99076858 гэсэн дугаар руу залгаснаа холбогдох боломжгүй байна гэж хэлээд миний утсыг буцаагаад өгсөн. Би тэгээд “Их наран” гэх газар хогоо асгачихаад замд дэлгүүр тааралдахаар нь орж тамхи авах гэтэл миний гар утасны гэрний ард байсан Хаан банкны виза карт алга болсон байсан. Тэгээд Хаан банк орж дансны хуулга авч үзтэл М-гэх хүн миний утсыг гуйж аваад өгсний дараа Хаан банкны виза карт ашиглан гүйлгээ хийсэн байсан ба тухайн гүйлгээг би хийгээгүй. Би өмнө нь дэлгүүр дотор М-гэх хүний хажууд Хаан банкны виза картын нууц үгийг нь хэлээд үйлчлүүлж байсан, хажууд байхдаа сонссон байх. Тэр хүн надаас гар утсыг минь гуйж аваад хойд хавтанд нь байсан виза картыг ашиглаад эхлээд 600.000 төгрөг, түүний дараа 800.000 төгрөгийг тус тус АТМ-ээс уншуулж авсан байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16, 47/, гэрч Б.Б-гийн: “...Би М-, Н-нараас 2019 оны 9 дүгээр сарын орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг мэдэхгүй зочид буудалд байна гэж намайг дуудахаар нь очиход тэд нар мөнгөтэй болчихсон архи ууж байсан. Тэгэхээр нь бид надад мөнгө хэрэгтэй байгаа талаараа хэлээд 300.000 төгрөгийг зээлж  авсан. Тухайн үед очсон зочид буудлыг зааж өгч чадна. Би мөнгө яаж олсон талаар асууж тодруулахад ээжийнхээ хашаа байшинг зараад мөнгөтэй болсон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 54/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, дипозит дансны хуулга болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.М-нь хохирогчтой цуг дэлгүүр орохдоо картны нууц дугаарыг цээжилж, улмаар утсаар ярьчихаад өгье гэж хэлж утсыг нь авч утасны хавтсанд байсан картыг нууцаар хулгайлан 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь шүүгдэгчээс хохирлоо бүрэн гаргуулж авсан гэж мэдүүлсэн, шүүхэд нотариатаар гэрчлүүлсэн гомдолгүй гэх баримт ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.М-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.М-нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Б.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулсан ялаас доогуур буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ялын доод хэмжээгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.М-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-нь шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР