Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 297

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Б.Бат-Эрдэнэ хөтлөн

улсын яллагч Г.Билгүүжин

шүүгдэгч Г.Ч

хохирогч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Чыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905041710308 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Г-ын Ч.  

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Г.Ч нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зүүн Ард Аюушийн 1-35а тоотод байрлах  нийтийн байрны 15 тоотод хамтран амьдрагч Б.Зг жирэмсэн болохыг мэдсээр байж хардалтын улмаас үснээс нь зулгааж, нүүр, толгой руу нь гараа зангидаж байгаад цохиж хөл, гуя, нуруу руу өшиглөж биед нь тархи доргилт, дээд доод уруулын дотор салст, доод уруулын гадна хэсэгт язарсан шарх, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   

Шүүгдэгч Г.Ч шүүхийн хэлэлцүүлэгт: Би гэртээ эхнэр Зтай утсаар хамт кино үзээд байж байсан чинь утсанд нь “чи ямар мурай юм бэ” гэсэн мессэж ирэхээр нь би Згаас ямар учиртайг нь асуусан. Тэгэхэд З надад “за Чинбаа чи битгий уурлаарай, би чамаас өмнө энэ залуутай явдаг байсан юм” гэж хэлсэн. Тэгээд З надтай утсаа булаацалдаж байгаад утас нь эвдэрсэн. Би З руу мессэж бичсэн залуутай уулзахад тэр залуу нь надад З надтай 300.000-400.000 төгрөгөөр уулздаг гэж хэлсэн. Би Зг алгадаж зодсондоо бол гэмшиж байна. Хуулийн өмнө хариуцлага хүлээхэд бэлэн байна. Ер нь З надаас өмнө 2 удаа төрөөд том охиноо хамаатныхаа хүнд өргүүлж, бага охиноо эцэгт нь өгөөд гадаад явуулсан юм байна лээ. З бол архи, тамхины бүрэн хамааралтай, 10 жилийн боловсролгүй, ар гэрийн амьдрал боломжгүй хүн. З намайг ээмэг, бөгж аваад явсан гээд байгаа юм. Ээмэг бөгжөө Начин заан ломбарднаас лавлагаа авбал гараад ирнэ гэж хэлмээр байна гэв.  

 

Хохирогч  Б.З шүүхийн хэлэлцүүлэгт:  Ч бид хоёр гэртээ хамт кино үзээд байж байтал миний утсанд “ямар мурай юм бэ” гэсэн мессэж ирсэн.  Би Чад тэр хүнээс мөнгө зээлсэн юм аа гэж үнэнээ хэлсэн. Тэгэхэд Ч намайг тухайн үед 5 сартай жирэмсэн байхад шууд зодсон.  Мөлхөж байсан охиноо хүртэл Ч өшиглөсөн. Гэхдээ охин маань гэмтэж бэртээгүй. Ч намайг олон нийтийн сүлжээ сошиалаар биеэ үнэлэгч гэж миний нэр төрд халдаж байна. Ер нь Чынхан ах дүү нараараа хүнийг дээрэлхдэг. Ч хүүхдүүдээ миний хүүхдүүд биш гэж хэлдэг. Би Ч шиг араатан авиртай хүнд хүүхэд төрүүлэгч тээгч эх биш. Хүүхдүүдээ би Чад өгөхгүй. Надад  “мурайчин юм бэ” гэж мессэж бичсэн залуу “танай нөхөр чинь ямар хэцүү хүн бэ, би бөө хүн гэж хүн дарамтлаад байх юм, миний утаснаас танай нөхөр өөрөө мессэж бичсэн шүү” гэж хэлсэн. Би гомдолтой байна. Намайг Ч зодчихоод миний ээмэг, бөгжийг аваад явсан. Үүнийгээ авмаар байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.З мөрдөн байцаалтанд: “Би 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ байж байсан миний таньдаг хүнээс мессэнжер чатаар яасан муриач юм бэ гэсэн мессэж ирсэн тэгэхэд нөхөр хардаад асуусан. Хэн бэ гэхээр нь би манай ангийн хүүхэд гэж хэлсэн тэгсэн хардаад худлаа ярилаа чиний явалддаг хүн байна гээд уурласан тэгсэнээ л шууд уурлаад зодоод эхэлсэн. Тэгээд чи чат бич хариу өг гэсэн тэгсэн зодож байхдаа газар мөлхөж байсан хүүхдээ хүртэл өшиглөсөн. Тэгснээ хувцасаа хамж машиндаа ачаад эргэж орж ирээд зодсон. Би гарч орилоод коридор руу гарч орилоод тусламж хүссэн. Тэгээд намайг үснээс чирч оруулаад  зодож байхад гаднаас хүн орж ирээд болиоч гэхэд тэр хүн рүү бас дайрсан тэгээд үнэт эдлэлийн хайрцгийг гадагш шидэх шиг болсноо өөрөө аваад явсан байсан. Тэгээд цагдаа ирэхээс өмнө гараад явсан. Үнэт зүйлээ авмаар байна. Салмаар байна. Надаас тэр хүнийг хол байлгамаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/

“ нөхөр миний утсыг хамт оролдоод хэвтэж байхад би урьд нь хүнээс 100.000 төгрөг зээлсэн байсан тэр хүн над руу мессэж бичсэн байсныг манай нөхөр олж уншаад хардсан.  Тэгээд уурлаад намайг үсдээд нүүр толгой руу гараа зангидаж байгаад цохиод хөл, гуя нуруу руу өшиглөөд байсан. Тэгээд хүүхэд айгаад уйлаад мөлхөөд ирсэн чинь хүүхдийн цээж рүү өшиглөсөн. Тэгээд өөрийнхөө хувцсыг хамаад машиндаа хийчихээд буцаад орж ирсэн. Би айгаад хүүхдээ аваад гарах гэтэл үргэлжлүүлээд толгой түрүүгүй цохиод байсан. Тэгээд цонх руу очоод миний ээмэг бөгжийг авч байхаар нь би коридор руу гараад туслаарай гээд орилсон. Тэгэхэд манай доод давхрын айлын хүн орж ирээд болиоч ээ гэхэд чамд хамаагүй гээд тэр залуу руу дайраад тэр залуу яваад өгсөн. Тэгээд хаалгаа түгжээд намайг цохиод миний гар утсыг шидээд хугалаад эвдсэн. Тэгээд гарч яваад буцаж ирээгүй. Би араас нь гүйгээд гарахад өөрийн эзэмшлийн 58-97 УБЧ улсын дугаартай цагаан өнгөтэй Приус-11 маркийн машинаа унаад зугатаасан. Би одоо 5 сартай жирэмсэн байгаа. Тэгээд бие өвдөөд байнга эмнэлэгээр явж байгаа...урьд өмнө нь 3 жилийн өмнөөс Өмнөговь аймагт амьдардаг байхдаа гар хүрч зоддог байсан. Мөн 4 хоногийн өмнө Төв аймаг яваад буцаад ирэх замдаа машин дотор хадам ээжийн хажууд байхдаа уурлаад хадам ээж намайг араас үсдээд, зүүн гарын булчингаас чимхээд баруун гараараа нүд ухах гээд байсан. Тэгэхэд нөхөр хажуунаас гараа зангидаж байгаад нүүр рүү цохиод байсан” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 34/

“...Ч намайг 2017 оны 12 сараас эхлэн байнгын хардалтын улмаас намайг зодох болсон. Өөрөө болохоор гэр бүлээс гадуур харилцаа үүсгээд байдаг байсан. Би зодуулах бүрдээ Улаанбаатар хот руу зугатаж ирдэг байсан боловч дахин зодохгүй хүүхдээ бодъё гэх мэтээр надаас гуйж байгаад нийлдэг байсан. Одоо би 4 сартай жирэмсэн бөгөөд хүүхдээ авахуул гэх мэтээр дарамтлах болсон...хүүхэд гаргалаа, намайг тайван байлгасангүй гэх мэтээр загнаж намайг цагдаж юм л болвол гэрийнхээ эд зүйлийг эвдэж зодож байна. Одоогоос 4 хоногийн өмнө намайг зодсон. Би тухайн үед хүүхдээ тэвэрчихсэн машин дотроо сууж байсан чинь чи манай ээжтэй муудлаа гээд миний үснээс зулгааж байгаад миний толгой нүүр рүү гараараа олон удаа цохисон. Үүний улмаас миний хамар хавагнаж, дээд, доод уруулын дотор тал язарсан, зүүн гарын бугалга хэсэгт хөхөрсөн гэмтэл учирсан. Миний хувьд гомдол гаргаж байгаагүй.   Гомдол гаргана гэж хэлэхээр чи хүүхэдгүй болно. Хүүхдийг чинь бид нар авна аль мөнгөтэй, бололцоотой газарт хүүхдийг өгдөг болчихсон чи цагдаагаар яв гэх мэтээр загнадаг учраас миний хүүхдийг хуулийн байгууллагаар авчихна гэж бодож явсаар байгаад одоог хүрсэн. Гадны ямар нэгэн хүн болон манай ах дүү нар Чтай уулзахаар маш боловсон харьцаатай байдаг. Тэд нар байхгүй үед шууд л их ууртай болдог юм. Чын ээж нь хэрүүл маргаан үүсгэхэд их оролцож хүүхдээ их өмөөрдөг. Гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Миний хувьд маш их айж байна. Хэрүүл маргаан болох үед чиний чихийг чинь сэтэлж ээмэг, бөгжийг чинь авна гээд чихнээс татаад байдаг. Ч надад ээмэг бөгж авч өгч байсан учраас үүнийгээ нэхэж байгаа байх” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 44/

Аюулын зэргийн үнэлгээний маягт  /хх-ийн 56/

 

Гэрч Г.Хурцэцэг мөрдөн байцаалтанд: “2019 оны 9 дүгээр сарын 24-нд 16-17 цагийн орчим гэртээ хүүхдээ хараад сууж байсан тэгсэн 3 давхараас хүн орилсон тэр нь авраарай туслаарай намайг аллаа гэж орилсон. Тэгэхэд хүүхэд маань цочиж уйлаад би салхинд авч гарсан. Тэгэхэд 1 давхарын 3 тоотын нэг ах дээшээ гараад хүүе боль гэсэн. Тэгэхэд 3 давхрын 15 тоотын ах манай гэр бүлийн асуудал та нарт ямар хамаатай юм бэ гэсэн...тэгээд доор 1 давхарт байж байхад тэр эгч хамар амнаас нь цус гоожсон хүүхдээ тэврээд гараад ирсэн. Тэр эгч миний ээмэг, бөгж хаана байна гэхэд нөхөр нь цаад талын хашааг давуулаад шидсэн гэж хэлээд машинаа унаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40/

 

Гэрч Э.Болд-Энх мөрдөн байцаалтанд: “Би Б.Зг 2-3 жилийн өмнө найзын найзуудаараа дамжуулаад танилцаж байсан. Тэрнээс хойш нэг их харьцаагүй энгийн мэнд усын зөрүүтэй танилууд. 9 дүгээр сарын 12-ны өдөр З над руу залгаад  мэнд мэдээд 100.000 төгрөг яаралтай зээлээч нөхөр хөдөө ажлаар явсан ирэхээр нь буцаагаад өгье гэсэн. Тэгэхээр нь за дансаа явуулчих гээд буцааж өгөөрэй гээд мөнгө шилжүүлсэн. 9 дүгээр сарын 24-ний өдөр би мөнгөө нэхээд чатаар муриа байна уу гэсэн тэгсэн хариу ирээгүй. Нилээн удаж байгаад чатаар нь нөхөр нь орж ирээд “эхнэртэй явалдлаа гээд ор үндэсгүй хардаад эхнэртэй явалдсан фэйсбүүкийн од болгоно, эхнэр хүүхдэд чинь хэлнэ гээд хадам эгч рүү миний зургийг явуулаад энэ танай нөхөр мөн үү гээд хүний эхнэртэй заваарахаа боль гэж нөхөртөө хэлээрэй гээд мэссэж явуулсан байсан хүүгийн чинь нэрийг Монголд өндөрт өгөөд өгье” гээд эгчийн чат руу бичсэн байсан. Над руу тэгээд харьцаж эхэлсэн тэгээд дарамтлаад од болгоё энэ тэндэхийн группэд тавина гээд 1 цагийн хугацаа өгье яг яаснаа хэл гэхээр нь би чи андуураад байна уу гэхэд тоохгүй дарамталаад байхаар нь би үнэнээ хэлсэн мөнгө зээлсэн дансны хуулгаа явуулсан. Надтай бичил хорооллын МТ колонкийн энд уулзаад үнэнгээ хэлж дансны хуулгаа харуулахад итгэхгүй, эхнэртэйгээ нүүрэлдүүлнэ гэсэн тэгээд гэрт нь очсон тэгэхэд эхнэр нь байхгүй байсан. Тэгээд нөхөр нь би чиний чатнаас өөр рүүгээ чат бичье гэсэн болзол тавиад тэгтэл иймээ тиймээ асуудал байхгүй харин эхнэрт битгий хэлээрэй ингээд салъя гэсэн. Тэгэхээр нь тэг гэхэд миний утсыг аваад өөрийнхөө чат руу эхнэр чинь надаас 100.000 төгрөг аваад надад биеэ үнэлсэн гэсэн мэссэж бичээд устгаад явсан. Тэр хүн над руу дарамтлаад элдэв юм бичихгүй амгалан тайван л байлгачихвал өөр ч гомдол санал  алга” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  11674 дугаартай “Б.Згийн биед тархи доргилт, дээд, доод уруулын дотор салст, доод уруулын гадна хэсэгт язарсан шарх, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт  /хх-ийн 53/

 

Яллагдагчаар Г.Ч мөрдөн байцаалтанд: “2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Зүүн Ард Аюушийн-1-35 тоот нийтийн байранд өөрийн эхнэр З, 10 сартай охин Анунгоотой хамт байж байгаад З бид хоёр хамт Згийн гар утсаар кино үзээд байж байтал манай эхнэрийн гар утасны фэйсбүүк чатанд нэг эрэгтэй хүний зурагтай чи яагаад мурьчихваа гэсэн чат ирсэн. Тэгэхээр нь би энэ юун хүн бэ алив уншъя гэтэл З уншуулахгүй гээд гар утсаа надаас аваад кодолчихсон...Зд ирсэн чатад нөгөө залуутай З уулзана гэж чат бичсэн байсан. Би Зд уурлаад чи яагаад энэ залуутай явалдаж байгаа юм гэхэд З надад наад залуу чинь эхэлж над руу чат бичээд уулзъя гэсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би чиний гар утас, фэйсбүүк гээд бүх зүйлийг чинь сольсон байхад энэ залуу чам руу эхэлж чамайг олж чат бичсэн юм уу гэхэд чи иймхэн юм ойлгоод амьдарч чадахгүй юм бол чамтай амьдрахгүй гээд хүүхдээ тэврээд өрөөний хаалгаар гарах гэхээр нь би гаргахгүй гэтэл миний гаран доогуур З шургаад гарах гэхээр нь би Згийн үснээс нь зулгааж өрөө рүүгээ оруулаад нүүр рүү нь 2 удаа алгадсан. Тэгээд би Згийн гар утсыг  уурандаа хана руу шидээд өмнө нь Зд авч өгч байсан монетон гинж зэрэг эд зүйлсийг нь цонхны тавцангаас аваад гаргаад шидчихсэн. Тэгээд би Зтай чат бичсэн залууг олж уулзсан чинь надад Зтай болсон бүх асуудлаа ярьсан. Тэр залуу Зтай уулзаад 3 жил болсон. З нөхөртэй болсон болохоор зүгээр найзууд байхаар болсон тухай ярьсан. Тэгээд намайг ажлаар урагшаа Хятад руу яваад ирэх хооронд З тэр залуу руу мөнгө өгчих уулзъя гэж чат бичээд мөнгө авсан байсан...би Зтай хамтран амьдарч байх 2 жилийн хугацаанд 3 удаа Зг алгадаж байсан...З согтчихоод хамаатны залууг үнсээд байхаар нь ...нэг удаа алгадаж байсан.  Дараа нь...охин Анунгоог уйллаа дуугүй бай гээд нүүр рүү нь алгадаад ална гэхээр нь би миний жаахан хүүхэд чамд ямар гэм хийсэн юм гээд гарынхаа араар Зг цохиод авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 79/ зэргийг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Ч нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 1-35а тоотод байрлах нийтийн байрны 15 тоотод хамтран амьдрагч Б.Зг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, цохиж, зодож  бие махбодид нь “тархи доргилт, дээд доод уруулын дотор салст, доод уруулын гадна хэсэгт язарсан шарх, зүүн бугалганд цус хуралт”  бүхий хөнгөн гэмтэл  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Згийн“...миний таньдаг хүнээс мессэнжэр чатаар яасан муриач юм бэ гэсэн мессэж ирсэн тэгэхэд нөхөр хардаад асуусан. Хэн бэ гэхээр нь би манай ангийн хүүхэд гэж хэлсэн тэгсэн хардаад худлаа ярилаа чиний явалддаг хүн байна гээд уурласан тэгсэнээ л шууд уурлаад зодоод эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/, гэрч Г.Хурцэцэгийн“...3 давхараас хүн орилсон тэр нь авраарай туслаарай намайг аллаа гэж орилсон...тэр эгч хамар амнаас нь цус гоожсон хүүхдээ тэврээд гараад ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40/, гэрч Э.Болд-Энхын“...нөхөр нь би чиний чатнаас өөр рүүгээ чат бичье гэсэн болзол тавиад тэгтэл ийм тийм асуудал байхгүй харин эхнэрт битгий хэлээрэй ингээд салъя гэсэн. Тэгэхээр нь тэг гэхэд миний утсыг аваад өөрийнхөө чат руу эхнэр чинь надаас 100.000 төгрөг аваад надад биеэ үнэлсэн гэсэн мессэж бичээд устгаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42/, шинжээчийн 11674 дугаартай дүгнэлт /хх-ийн 53/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар Г.Ч, Б.З нар хамтран амьдардаг эхнэр, нөхөр байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нэгэн адил хамаарахаар зохицуулжээ. 

 

Шүүгдэгч Г.Ч эхнэр Б.Зг зодож бие махбодид нь тархи доргилт, дээд, доод уруулын дотор салст, доод уруулын гадна хэсэгт язарсан шарх, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд уг үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно.

 

Хяналтын прокуророос Г.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас Г.Чыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч;

шүүгдэгч Г.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон шүүгдэгч Г.Ч өөрийн гэм буруугийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирогч Б.З өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролын  баримт хэрэгт хэрэгт хавсаргаагүй байх боловч холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Чаас жич нэхэмжлэх эрх нь нээлттэй.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Чад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй.  

      

Шүүхээс шүүгдэгч Г.Чад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Г.Чын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу эхнэр Б.Зг  5  сартай жирэмсэн байхад нь зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан, хохиролын хэр хэмжээ, шинж чанар болон түүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.