Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2016/01333

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, шүүгч Д.Ариунцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-17-16 тоотод оршин суух, Зулай овгийн Зулын Гэрэл /ХД67041766/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 49 тоотод оршин суух Зая овгийн Нямсүрэнгийн Батмөнх /АЮ68112378/-д холбогдох

“Тэтгэлэг нөхөн гаргуулах, тэжээн тэтгүүлэх, сэтгэл санааны хохирол гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Гэрэл, хариуцагч Н.Батмөнх, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Гэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зул овогтой Гэрэл миний бие Батмөнхтэй 2003 онд гэр бүл болж 2007 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бид 3 хүүхэдтэй. Нөхөр маань байнга худлаа ярьж цалингаа гэртээ зарцуулдаггүй. Би мөнгө төгрөг болон бэлгийн хүнд дарамтаас болж сэтгэцийн гутралд орж, унаж татдаг болсон. 2010 оноос сэтгэцийн өвчнөөр группд орсон. Хавар намар 2 заавал эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай. 2012 онд шүүхэд хандаж өөртөө болон бага хүүдээ тэтгэлэг тогтоолгосон. Үүнээс хойш Батмөнхөөс өөртөө нэг ч төгрөг аваагүй. Бага хүүгийнхээ тэтгэлэг болон өөрийн группийн мөнгөөр өдий хүртэл амьдарч ирсэн. 2016 оны 02 сараас хүү Эрдэнэболд маань 18 нас хүрч тэтгэлэг нь хаагдсан. Би цаашид дан группын мөнгөөр амьдрах аргагүй байна. Батмөнх сүүлийн үед гэрээсээ зугтаагаад утсаа хаагаад алга болсон. Ажил дээр нь очихоор цагдаа хөөгөөд байна. Аргагүй шүүхэд хандаж байна. Одоо би Батмөнхөөс энэ бүх хугацаанд өөрт учирсан сэтгэл санааны хохирол ба шүүхээс надад тогтоосон тэтгэлгийг нөхөн төлүүлэх ба цаашид тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Нөхөн төлбөр болох 30 000 000 төгрөг нэхэмжилж байна. Надтай бэлгийн харьцаанд ордоггүй учраас цэвэршилт эрт явагдсан, тйимээс гутрал өвчтэй болсон гэж эмч хэлсэн. Одоо шүүхийн шийдвэрээр намайг тэжээн тэтгүүлэхээр гаргасан мөнгийг нөхөн гаргуулах хүсэлтэй байна, мөн би энэ хүнээс болж өвчтэй болсон учир сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ, цаашид энэ хүнээр тэжээн тэтгүүлнэ гэжээ.

Хариуцагч Н.Батмөнх шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: Миний бие З.Гэрэлийн гаргасан нэхэмжлэлтэи танилцлаа. Түүний бичээд байгаа зүйлийг бүгдийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Гэрэл нь надаас мөнгө салгаж авах гэсэн ээлжит оролдлогоо явуулж байгаа юм байна л гэж ойлгож байна. Шүүх үүнийг зөвөөр ялгаж салгаж ойлгоосой гэж хүсч байна. Би Гэрэлтэй 2003 оноос танилцаж 1007 онд гэрлэлтээ батлуулсан минь үнэн. Гэвч 2011 оны 8 сараас эхлэн одоог хүртэл тусдаа амьдарч байна. Гэрэл Улаанбаатар хотод шинэ нөхөртэйгээ амьдарч байгаа. Бид хоёр гэрлээд бидний дундаас нэг ч хүүхэд гараагүй. Бид хоёрыг суух үед Гэрэл нөхрөөсөө салсан 5-15 насны 3 хүүхэдтэй ажилгүй хүндхэн амьдралтай байсан. 3 хүүхэд нь гурвуулаа өөр хүний хүүхэд байсан. Би суусан цагаасаа эхлэн 3 хүүхдэд нь өөрсдийнх нь эцэг шиг хандан дунд хүүг нь өөрийн нэр дээрээ болгон УБ хотын ШС-д сурган сургалтын төлбөрийг нь 4 жил төлж сургаж төгсгөсөн. Түүнтэй амьдарч байх хугацаандаа би амьдралаа болгож бүтээе гэж хамаг хүч хөдөлмөрөө зориулсан. Хүүхдүүдийг нь өөрийн хүүхдүүд мэт үзэж сургуульд сургаж мэргэжилтэй ажилтай болгочихыг хичээж амьдарсаар ирсэн. Хүүхдүүд нь бүгд Турк, Цайхун зэрэг төлбөртэй сургуульд сургаж байсан. Үүний үр дүнд том хүү одоо Улаанбаатар хотод Голомт банкинд, дунд хүү нь Солонгос улсад Самсунг компанид ажиллаж байна. Бага хүү нь Улаанбаатар хотод дээд сургуульд сурч байна. Энэ үед Гэрэл нэг ч төгрөгийн орлогогүй байсан. Миний цалин мөнгөөр л хүүхдүүдээ сургаж бүгдийг болгож байсан, Харин би өөртөө нэг ч төгрөгийн эрх мэдэлгүй л байсан шүү дээ. Гэрэл надтай 5 жил орчим амьдрахдаа миний цалинг надад нэг ч удаа өгч байгаагүй хамаг бичиг баримт бүгд Гэрэлд л явж байдаг байсан. Гэрэлтэй хамт амьдрах хугацаандаа 2-26-15 тоот байранд амьдардаг байсан. Тэр байрыг 2010 оны 06 сард надаар 7 400 000 төгрөгийн цалингийн зээл авахуулж байж миний нэр дээр болгож авсан. Дараа нь 2011 оны 4 сард Гэрэлийн аав ээж нь Улаанбаатар хотод амьдрах болж бидэнд амьдарч байсан 5-17-16 тоот З өрөө байраа өгсөн. Би яаж зүгээр авах вэ гээд дахин цалингийн зээл нэмж авч байж 5 000 000 төгрөгийг Гэрэлд өгч / Гэрэл аав ээждээ өгсөн гэж хэлсэн/ Тэгээд байраа Гэрэлийн нэр дээр авсан. Одоо энэ байраа түрээслүүлдэг. Ингээд 2011 онд 2-26-15 тоот байрыг буцаагааад хүүгийнхээ нэр дээр болгохыг шаардан чамайг ажилгүй болгоно гэж дарамтлах болсон. Ер нь 2011 онд байртай болсноос хойш Гэрэлийн ааш зан нь эвдэрч намайг хөөх болж элдвээр худал зүйл бичиж удаа дараа цагдаад өгч дарамтлан нэр хүндийг минь гутаан сэтгэл санаа болон эд материалын хохиролд оруулах болсон. Үүнд: “Гэрэл намайг гэрээсээ яваад биднийг харж үзэхгүй байна” гэж  худал зүйл бичиж 4-р микрийн цагдаад өгснөөр тус хэсгийн цагддаа Цогтсайхан “Эрдэнэт үйлдвэр”-ийн цагдаад хэлж ажил дээрээс баривчлуулж 4-р микрийн цагдаад авчруулж байсан. Гэтэл би зугтаж алга болсон зүйлгүй ажлаа хийгээд л гэрээсээ хөгдөөд л явж байсан. Ингээд 4-р микрийн цагдаатай нийлж байраа хүүгийнхээ нэр дээр болго, эсхүл ажилгүй болгоно шүү гэх мэтээр дарамталсаар байж байрыг маань шилжүүлж авсан. Уг нь бол харъяаллаараа цагдаад өгвөл 2-р микрийн цагдаад өгөх байсан. Гэтэл 4-р микрийн цагдаад өргөдөл өгч Цогтсайхан гэж цагдаатай нийлж дарамталсаар байж байрыг минь шилжүүлүүлсэн нь Гэрэлийн эгч нь Цагдаагийн академид багшилж байсан учраас Цогтсайханыг таньдаг байсан юм байна билээ. Цогтсайханд бол олон удаа худлаа зүйл бичиж өргөдөл өгсөн. Ингээд байраа хүүгийнхээ нэр дээрээ шижлүүлж авсан. Ингээд намайг гэртээ бүүр оруулахаа байсан. Хамгийн сүүлд 2011 оны 08 сард ирж хувцасаа аваарай гээд байхаар нь очтол хувцсыг маань гаргаж хаясан байсан. Тэгээд л аргаа барж хамт амьдрахаа больсон. Уг нь байраа шилжүүлж авахдаа чамаас одоо юу ч авахгүй зүгээр л салъя гэж хэлж байсан. Гэвч намайг амар заяа үзүүлэлгүй байсаар өдий хүрч байна. 2012 онд өөрөө сална гэж намайг гэртээ оруулахгүй хөөж явуулсан мөртөө намайг явсан мэтээр шүүхэд өргөдөл гаргаж бага хүүдээ хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон. Би миний өөрийн хүүхэд биш ч гэсэн бага хүүдээ 18 нас хүртэл нь 2012 оноос 2016 оны 02 сар хүртэл хүүхдийн тэтгэлэг төлсөн. Гэрэл надаас салаад аль 2011 оноос өөр нөхөртэй Улаанбаатар хотод амьдрах болсон. Би орох оронгүй айл айлаар амьдарсаар өдий хүрч байна. Энэ хооронд Гэрэл мөн л байнгын мөнгө нэхээстэй байсан. Би хүүхдийн тэтгэлэг төлөөд байр хүртэл түрээслэж амьдарч байхад яах гэж чамд мөнгө өгөх юм бэ гэхэд “тэгвэл чи хүнд түрээс төлж байхаар байрандаа орж амьдар гэхээр нь би 5-17-16 тоот байранд нь орж амьдарсан. Тэгсэн чинь чи сарын 200 000 төгрөгний түрээс төлөөрэй гэснээр нь төлсөн. Дээр нь байр цахилгааны мөнгийг мөн төлж 2015 оны 07 сараас 12 сар хүртэл 6 сар амьдарсан. Гэтэл түрээсийнхээ мөнгийг нэмж байна гээд дааж давшгүй мөнгө нэхээд байхаар нь би байрнаасаа гарсан. 2015 оны 06 сард мөн дэслэгч Цогтсайханд гэрээс угаалгын машин болон нийт 3 000 000 төгрөгний эд зүйлс алга болгосныг намайг хулгайлсан гэж өргөдөл өгсөн байсан. Ингээд ах эгч 2 дээр очиж дүүгээ олж өг гэж дарамталсан байсан. Би Цогтсайхантай очиж уулзахад Гэрэл худлаа хэлснээ хүлээн зөвшөөрсөн. Уг нь Гэрэл тэр үед Гокын ажилчидад урамшуулал өгч байсан учраас надаас мөнгө салгаж авах санаатай байсан юм шиг байна лээ. 2016 оны 01 сард мөн дэслэгч Цогтсайханд миний нөхөр гэртээ ирэхгүй байрны түрээс төлөхгүй хүүхдийн тэтгэлэг төлөхгүй алга болчихлоо гэж өргөдөл өгсөн байсан, гэвч би байрны түрээс төлсөнөө нотолсон. Харин хүүхдийн тэтгэлэг 1 сар ажилгүй байсан учраас төлөөгүй байж байгаад 150 000 төгрөг шилжүүлж 30 000 төгрөгний үлдэгдэлтэй байснаа хэлэхэд “Чамайг мөнгөө өгөхгүй болохоор би чиний 150 000 төгрөгөөр замын зардал хийж ирсэн гээд байсан. Ийнхүү ирэхдээ шинэ нөхөртэйгээ явж байсан. Дэслэгч Цогтсайханыг яагаад энэ хүний өргөдөл тань дээр очоод та яагаад заавал энэ хүний үгийг сонсоод минийхийг сонсдоггүй юм бэ таныг буцаагаад холбогдох газар гомдол гаргаж өгнө гэхэд Гэрэлд дахиад таныг өргөдөл гаргавал би хүлээж авахгүй шүү гэж хэлсэн. Ингээд дахин Цогтсайханд хандаагүй. Гэтэл дахиад 2016 оны 03 сард аль хэдийн амьдрахаа больж салчихсан өөрөө өөр хүнтэй амьдарч байгаа хирнээ миний нөхөр Батмөнх гэртээ ирэхгүй утсаа унтраагаад холбогдохгүй цалин мөнгөө ч өгөхгүй байна. Би 3 хүүхэдтэйгээ хэцүүдлээ гээд миний цалингийн тодорхойлолтыг барьчихсан ГОК-ийн цагдаа дээр ирчихсэн ийм их цалин авчихаад биднийг тэжээн тэтгэсэнгүй гэчихсэн бага хүүгийнхээ эцэг Баттулгатай явж байсан. ГОК-ийн цагдаагийн дарга намайг дуудаж уулзсан. Би учир явдлыг тайлбарлаж хамт амьдрахгүй 5 жил болж байгаа тухайгаа орох оронгүй өөрт нь хүүхдийн тэтгэлэг төлж байгаа зэргээ үнэн мөнөөр нь хэлж ойлгуулсан. Тэгээд тэднийг дахин хүн ажил хийлгэхгүй ажил дээрээс дуудаж болохгүй аваар осол гарвал гарсан хохирлыг та нар хариуцна шүү гэж хэлсэн. Дахиад ийм асуудал гаргавал та нар арга хэмжээ авна гэж хэлээд гаргасан. Гэтэл Гэрэл чамайг ажилгүй болгоно, би чамаар насаараа тэжээлгэнэ гэж хашгираад байсан. Ингээд энэ нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа юм байна гэж ойлгож байна. Миний бие Гэрэлийн бичээд байгаа шиг нэг ч удаа Гэрэлийг дарамталж зодож нүдэж бэлгийн дарамтад байлгаагүй. Би бэлгийн дарамт гэж юу байдгийг ч мэдэхгүй. Би архи уудаггүй. Тамхи татдаггүй. Үүнийг хамт олон, ах дүү маань бүгд мэднэ. Харин ч Гэрэлд дарамтлуулсаар байгаад сэтгэл санаа минь тайван биш байх болсон. Гэрэл надтай хамт амьдарч байхдаа ямар ч өвчин байгаагүй. Унаж тусдаг гэвэл худлаа. Би л лав мэдэхгүй юм байна. Групп яаж тогтоолгосныг нь мэдэхгүй байна. Харин би л энэ хүнээс болж өөрөө өвчтэй болох гэж байх шиг байна. Би энэ хүнтэй амьдарсан 5 жилийн хугацаанд хүүхдүүдээ сургах, байр оронтой болох гэж байнга өртэй зээлтэй байсан. Одоо ч өр зээл маань дуусаагүй л байна. Би Гэрэлтэй амьдрахдаа хангалттай тэжээн тэтгэж, үр хүүхдүүдигйг нь хичээл сургууль мэргэжилтэй, орох оронтой болгосон. Иймд би эв эрүүл зүв зүгээр энэ хүнийг тэжээн тэтгэх үүрэг надад байхгүй. Харин ч би өөрийн хүүхэд биш ч гэсэн өөрийнх нь эцэг байсаар байтал би Баттулгын Эрдэнэболд хүүдээ тэтгэлэг төлсөн. Нэгэнт 18 нас хүрсэн учраас л сая 2 сард тэтгэлэг төлөхөө больсон. Түүнээс биш энэ хүнд би тэтгэлэг төлж байгаагүй. Хүнийг мөлжих тамлах хэмжээ хязгаар гэж байдаг бол Гэрэл одоо намайг тамлаад байх шаардлага баймааргүй санагдах юм. Хэрвээ Гэрэл зүгээр гэрлэлтээ цуцлуулахгүй гэж байгаа бол би энэ хүнээс гэрлэлтээ цуцлуулж хамт амьдарч байх хугацаандаа бий болгосон хөрөнгөнүүдээсээ оногдох хэсгээ гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Шүүх зохигчидын тайлбар болон хэрэг цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Гэрэл нь хариуцагч Н.Батмөнхөд холбогдуулан “Тэтгэлэг нөхөн гаргуулах, тэжээн тэтгүүлэх, сэтгэл санааны хохирол гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зохигчид 2003 оноос хамтран амьдарч гэрлэлтээ бүртгүүлсэн, албан ёсны гэр бүл бөгөөд 2012 оноос хойш тусдаа амьдарч, хариуцагч Н.Батмөнх нь 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 191 дугаартай Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн шийдвэрээр хүү Б.Эрдэнэболдыг насанд хүртэл нь тэжээн тэтгэхээр, мөн эхнэр З.Гэрэлд 2012 оны 05 дугаар сарын 25 хүртэл сар бүр 48 600 төгрөг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан. Дээрх шийдвэрийн дагуу хүү Б.Эрдэнэболд тэтгэлэгийг авч байсан байх ба насанд хүрсэн учир тэтгэлэг зогссон, харин өөртөө олгохоор шийдвэрлэсэн 48 600 төгрөгийг нөхөн гаргуулна гэж нэхэмжлэгч тайлбарласан.

Нэгэнт шүүхийн шийдвэрээр 48 600 төгрөгийг 2012 оны 05 дугаар сарын 25 хүртэл олгохоор шийдвэрлэсэн байхад шүүх энэ асуудлыг дахин авч шийдвэрлэх боломжгүй.

Нэхэмжлэгч сэтгэл санааны хохирол 30,0 сая төгрөг нэхэмжилнэ гэсэн бөгөөд Н.Батмөнхөөс болж яаж хохирсон талаар хэрэгт нотлох баримт ирүүлээгүй, сэтгэл гутрал өвчин нь Э.Батмөнхийн буруутай үйлдлээс болсон нь тогтоогдохгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Гэрлэгчдийн хэн нэг нь гэрлэлтээ цуцлуулах болон гэрлэлт хүчин төгөлдөр бус болсонд тооцогдохоос өмнө, эсхүл гэрлэлтээ цуцлууснаас хойш нэг жилийн дотор хөдөлмөрийн чадвараа бүр мөсөн алдсан нь гэр бүлийн хүчирхийлэл болон гэрлэлт цуцлахаас өмнө бий болсон нөхцөл байдалтай шууд холбоотой үүссэн, гурван нас хүрээгүй болон тахир дутуу хүүхдээ асарч байгаагийн улмаас хөдөлмөр эрхлээгүй буюу гэрлэлтээ цуцлуулах үед тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, эсхүл гэрлэлт цуцлахаас өмнө тэтгэвэрт гарсан бол салсан нөхөр буюу эхнэрээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй” гэж заасан. З.Гэрэлийн хувьд хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан нь тогтоогдоогүй, дээрх хуулийн заалтад заасан нөхцөл байдал үүсээгүй байх тул цаашид Н.Батмөнхөөр тэжээн тэтгүүлэх шаардлага үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.      

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэсэн үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдэрлэлээ. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Гэр бүлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Батмөнхөөс “Тэтгэлэг нөхөн гаргуулах, тэжээн тэтгүүлэх, сэтгэл санааны хохирол гаргуулах” тухай З.Гэрэлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА

                                                      ШҮҮГЧИД                                Д.АРИУНЦЭЦЭГ

                                                                                                        Р.ҮҮРИЙНТУЯА