Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 269

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна,

Улсын яллагч: Н.Мөнхцэцэг /томилолтоор/,

Хохирогч: Ш.Б-,

Шүүгдэгч: Г.Б-, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005002660165 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Б-, 1997 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Г.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден Парк хотхоны 10 дүгээр байрны цахилгаан шатны гадна хохирогч Ш.Б-ыг түлхэж унагаан биед нь баруун шагайн гадна, дотор хавчаарын далд хугарал гэмтэл үүсгэн, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч Ш.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...охин Б.М-ын хамт 2019 оны 12 дугаар сарын 31-ний орой 23 цаг өнгөрч байхад гэрээс гараад хүргэний гэр болох Цоглог хотхон руу явах гээд цахилгаан шатанд суухад 5 давхарт оргилуун дарс барьчихсан нэг залуу цахилгаан шатанд суух гэсэн. Тэгтэл даац дийлэхгүй хонх дуугарсан. Охин Б.М- би бас нэг хүнтэй хамт цахилгаан шатаар бууж байсан юм. Манай цахилгаан шат 3-4 хүн суудаг, том хүмүүс бол 3 хүн л суудаг. Тэгтэл 5 давхарт цахилгаан шатанд суух гэсэн эрэгтэй хүн намайг заамдаад татаж цахилгаан шатнаас буулгасан. Би тэр эрэгтэй хүнтэй коридорт түлхэлцээд намайг түлхээд унагаасан. Нөгөө эрэгтэй хүн намайг унагаачихаад доошоо шатаар буугаад явсан. Би босох гэтэл хөл эвгүй болоод босож чадаагүй, хүргэн Тэмүүжинг утсаар дуудаж гэртээ би орсон” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/,

Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...цахилгаан шат 5 давхарт очих үед дахин нэг эрэгтэй хүн суух гээд дохиолол дуугарч нөгөө суух гэж байсан эрэгтэй хүн дотогш ороод хойш болсон. Тэгэхэд бас дохиолол дуугарч л байсан. Нөгөө эрэгтэй хүн буухаас өөр аргагүй болоод юм хэлээгүй байснаа манай аавыг хувцаснаас нь татаад цахилгаан шатнаас буулгах гэсэн. Аав хувцсаа татаад чи юу гээд байгаа юм гээд маргалдсан. Нөгөө эрэгтэй хүнтэй түрүүлж цахилгаан шатнаас буугаад би аавын араас очсон. 5 давхрын коридорт аав нөгөө эрэгтэй хүнийг цохих гээд гараа далайсан, нөгөө эрэгтэй хүн хойш болох үед аав тэр цохих эрчинд өөрөө унасан. Аав дахин босч ирсэн, нөгөө эрэгтэй хүн гартаа оргилуун дарс барьчихсан байснаа шалан дээр тавьсан. Тэгээд аав нөгөө эрэгтэй хүн хоёр барилцаж аваад аавыг түлхээд унагаасан, аав босож чадахгүй суусан” гэсэн мэдүүлэг /хх-н 27/,

Шинжээчийн 1182 тоот дүгнэлтэд: “...Ш.Б-ын биед баруун шагайн үений гадна, дотор хавчаарын далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 30-31/,

Шинжээч эмч Г.Ханхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих цохигдох, хөшигдөх зэрэг хүчний үйлчлэлээр үүснэ. ...түлхэх үед хүн хазгай далий гишгэх нөхцөлд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-н 34/,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сидинд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Билгүүн цахилгаан шатанд байгаа эрэгтэй хүнийг хувцаснаас гараараа татаж байгаа. ...Цахилгаан шат дотроос Билгүүнийг өшиглөх гэж буй ...Билгүүн хойш ухарч байгаа... Билгүүн хойш ухраад зогсох үед цахилгаан шат дотроос эрэгтэй хүн гарч ирэх... Баатар нь охин Б.М-ын хажуугаар гарч ирээд Билгүүн рүү очих үед Билгүүн гараараа Баатарыг түлхэж байв. Билгүүний Ш.Б-ыг түлхээд Ш.Б- газар унасан. Баатар босож чадахгүй хажуу тийш болж байгаа...” гэжээ. /хх-н 7-14/,  

Хохирогчийн өргөдөл /хх-н 2/, хохирлын баримтууд /хх-н 17-18/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 35-39/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден Парк хотхоны 10 дугаар байрны цахилгаан шатны гадна хохирогч Ш.Б-ыг түлхэж унагаан биед нь баруун шагайн гадна, дотор хавчаарын далд хугарал гэмтэл үүсгэн, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ш.Б-ын: “...5 давхарт цахилгаан шатанд суух гэсэн эрэгтэй хүн намайг заамдаад татаж цахилгаан шатнаас буулгасан. Би тэр эрэгтэй хүнтэй коридорт түлхэлцээд намайг түлхээд унагаасан. Нөгөө эрэгтэй хүн намайг унагаачихаад доошоо шатаар буугаад явсан. Би босох гэтэл хөл эвгүй болоод босож чадаагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/, гэрч Б.М-ын: “...Нөгөө эрэгтэй хүн буухаас өөр аргагүй болоод юм хэлээгүй байснаа манай аавыг хувцаснаас нь татаад цахилгаан шатнаас буулгах гэсэн аав хувцсаа татаад чи юу гээд байгаа юм гээд маргалдсан. Нөгөө эрэгтэй хүнтэй түрүүлж цахилгаан шатнаас буугаад би аавын араас очсон. 5 давхрын коридорт аав нөгөө эрэгтэй хүнийг цохих гээд гараа далайсан, нөгөө эрэгтэй хүн хойш болох үед аав тэр цохих эрчинд өөрөө унасан. Аав дахин босч ирсэн, нөгөө эрэгтэй хүн гартаа оргилуун дарс барьчихсан байснаа шалан дээр тавьсан. Тэгээд аав нөгөө эрэгтэй хүн хоёр барилцаж аваад аавыг түлхээд унагаасан, аав босож чадахгүй суусан” гэсэн мэдүүлэг /хх-н 27/, шинжээчийн 1182 тоот дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг, хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сидинд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Б-ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б- нь хохирогч Ш.Б-тай маргалдаж улмаар түүнийг түлхэж унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт баримтаар авагдсан, баримттай хохирол болох 266.803 төгрөгийн хохиролыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ш.Б-т олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч нь шүүх хуралдаанд ажилгүй байсан хугацааны цалин, цаашид эмчилгээ хийлгэхэд нийт 2 сая төгрөг нэхэмжилсэн ба ажилгүй байсан хугацааны цалингийн нэхэмжлэлтэй холбоотой баримт хангалтгүй, эмчилгээ хийлгэх талаарх баримт байхгүй, цаашид эмчилгээнд хэдэн төгрөгийн зардал гарах нь тодорхой бус байх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээ болон хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г.Б-ий үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгч “улсын яллагчтай санал нэг байна” гэсэн бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Б-ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийг 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ээс 266.803 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Б-т олгосугай.

7. Хохирогч Ш.Б- нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР