Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2016/01334

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-3-16 тоотод оршин суух, Боржигон овгийн Төрөөгийн Өлзийхишиг /ТГ64090600/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-21-33 тоотод оршин суух, Жажингүн овгийн Шавганы Отгончимэг /ФМ71083008/-д холбогдох

“Зээлийн гэрээний үүрэг 1 500 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагч Ш.Отгончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Т.Өлзийхишиг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: Т.Өлзийхишиг би зээлдэгч Ш.Отгончимэгт зээлийн үлдэгдэл 1 000 000 төгрөгийг өгөхгүй удсан тул сарын 6 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай төлөхөөр зээлийн гэрээг сунгасан ба Ш.Отгончимэг хүлээн зөвшөөрч, гэрээнд гарын үсэг зурсан. 2013-06-06-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй Т.Өлзийхишиг намайг хохироосоор байна. Зээлийн гэрээний үүргийн дагуу зээл 1 000 000 төгрөг, хүү 720 000Т /нэг сард 60 000 х 12 сар= 720 000Т/ нийт 1 720 000 төгрөг Ш.Отгончимэг төлөх тооцоо гарсан. Зээл, хүүг төлүүлэхээр Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Ш.Отгончимэг"... төлөхгүй, шүүхээр яв...” гэсэн учраас эвлэрүүлэх ажиллагааг дуусгавар болгож, тус шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа Ш.Отгончимэгээс тооцоогоор төлөх зээл, хүүгийн хамт 1 720 000 төгрөг байгаа ба шаардлагаа багасгаж, Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд зааснаар Ш.Отгончимэгээс 1 500 000Т /Нэг сая таван зуун мянган төгрөг/ гаргуулж, зээлдүүлэгч Т.Өлзийхишигийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Отгончимэг шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: Ш.Отгончимэг миний бие нь ломбардны Өлзий гэх эмэгтэйгээс 1 000 000 төгрөг бэлнээр аваагүй. Энэ хүнээс би өөрийн цалингаа эргүүлэн хүүтэй авч байсан. 2011 оноос хойш сар бүр 150 000 төгрөг хүүнд нь өгч, 2015 онд өөрийн визагаа хаалгасан. Энэ мэтээр 4 жил би хүү төлж, үлдсэн цалингаа эргүүлэн хүүтэй зээлсээр ирсэн. Миний бие 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Нэг хүүхэд маань оюутан. Энэ хүний мөнгийг би хангалттай өгсөн учир дахин мөнгө өгөх шаардлага байхгүй. Энэ хүн удаа дараа ажил дээр минь орж ирэн ямар ч үндэслэлгүй юман дээр гарын үсэг зуруулах гэж удаа дараа хамт олны минь дунд барьж аван үсдэн зодож хэл амаар доромжилж байсан. Энэ хүнээс би бэлнээр 1 000 000 төгрөг гардан аваагүй учир ямар ч үндэслэлгүй мөнгийг төлж чадахгүй энэ хэргийн үнэн зөвийг олж өгөхийг хүсье.

2011 онд 300 000 төгрөг авч байсан, виза картаа өгчөөд цалингаа буухаар надад хэдэн төгрөг илүү гарсан бэ Өлзий эгчээ? гэхээр тэд гарсан гэдэг, надаас хэдэн төгрөг хасах юм гэхээр нь 100 000, 50 000 төгрөг хасчих гэх мэтээр явж байсан. Виза картаа өгөөд 3 жил гаран болсон, тэгээд хаалгасан. Өлзий эгчтэй хүүгүйгээр үндсэн мөнгө гэж 1,0 сая төгрөг өгөхөөр тохиролцсон юм, тэгтэл 2 ч удаа хүү гэж 75 000 төгрөг надаас авсан учир би визаа картаа хаалгасан юм. Өмнө нь бол мөнгө төгрөг өгч авалцаад л явж байсан. Миний цалинг л хүүтэй өгч байсан гэж бодож байна. Цех дотор орж ирээд намайг ширээ тойруулж хөөгөөд гарын үсэг зуруулах гээд, тэгээд би хүмүүсээс ичээд гарын үсэг зурсан. Би цалингийн зээл 1,0 сая төгрөг аваад 800 000 төгрөгийг нь Өлзий эгчид охиноороо өгч явуулчаад 200 000 төгрөгтэй хүртэл үлдэж л байсан гэжээ.  

Шүүх зохигчидын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Өлзийхишиг нь хариуцагч Ш.Отгончимэгт холбогдуулан “1 500 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хэргийн 5 дугаар хуудас дахь зээлийн гэрээнд үндэслэсэн бөгөөд хариуцагч уг гэрээн дээрх гарын үсгийг өөрийн гарын үсэг биш гэж марган шинжээч томилуулах хүсэлт гарган дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлтээр уг зээлийн гэрээн дээрх гарын үсэг Ш.Отгончимэгийн гарын үсэг мөн гэсэн. Хариуцагч шүүх хуралдаанд дээр энэ гарын үсгийг би зурсан гэдгээ мөн тайлбарласан.

Ш.Отгончимэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...1,0 сая төгрөгийг бэлнээр аваагүй, 300 000 төгрөг л авсан” гэсэн байх ба, шүүх хуралдаан дээр ”2011 онд 300 000 төгрөг авч байсан, виза картаа өгчөөд цалингаа буухаар надад хэдэн төгрөг илүү гарсан бэ Өлзий эгчээ? гэхээр тэд гарсан гэдэг, надаас хэдэн төгрөг хасах юм гэхээр нь 100 000 төгрөг хасчих, 50 000 төгрөг хасчих гэх мэтээр явж байсан. Виза картаа өгөөд 3 жил гаран болсон, тэгээд хаалгасан. Өлзий эгчтэй хүүгүйгээр үндсэн мөнгө гэж 1,0 сая төгрөг өгөхөөр тохиролцсон юм, тэгтэл 2 ч удаа хүү гэж 75 000 төгрөг надаас авсан учир би визаа картаа хаалгасан. Өмнө нь бол мөнгө төгрөг өгч авалцаад л явж байсан... Цех дотор орж ирээд намайг ширээ тойруулж хөөгөөд гарын үсэг зуруулах гээд, тэгээд би хүмүүсээс ичээд гарын үсэг зурсан. Би цалингийн зээл 1,0 сая төгрөг аваад 800 000 төгрөгийг нь Өлзий эгчид охиноороо өгч явуулчаад 200 000 төгрөгтэй хүртэл үлдэж л байсан“ гэж тайлбарласан нь өмнө нь тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэнийг харуулж байна.     

Хариуцагч 300 000 төгрөг л авсан гэх боловч 3 жил гаран виза картаа өгөөд цалингаасаа сар бүр Өлзийхишигт 150 000 төгрөг суутгуулж байсан, мөн цалингийн зээл аваад 800 000 төгрөг ч өгч байсан гэж тайлбарлаж байгаа нь өмнө тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх ба хэргийн 5 дугаар хуудас дахь зээлийн гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан эрхийн хүрээнд байгуулагдсан гэж үзнэ.

Тиймээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь Ш.Отгончимэгээс шаардах эрхтэй.

Гэрээнд 2013 оны 06 дугаар сарын 06-нд 1,0 сая төгрөгийг жилийн хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлдэв гэсэн байгаа тул нэхэмжлэлээс үндсэн зээл 1,0 сая төгрөг, хүү 60 000 төгрөг нийт 1 060 000 төгрөгийг хангаж, үлдэх 440  000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 29 990 төгрөг  гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан Ш.Отгончимэгээс 1 060 000 төгрөг гаргуулан Т.Өлзийхишигт олгож, нэхэмжлэлээс 440 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 38 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 29 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА