Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 331

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн

улсын яллагч Н.Мөнхбат

шүүгдэгч У.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Товуд овогт У-н Ад холбогдох эрүүгийн 2005010130487 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

У.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны орцонд иргэн Д.Лын нүүрэн тус газарт гараараа цохих, чирэх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу, хүзүү, 2 тохой, зүүн өвдөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч У.А шүүхийн хэлэлцүүлэгт: Үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Хохиролд 200.000 төгрөг төлж хохирогчтой сайн дураараа эвлэрсэн. Прокурорын санал болгосон 550.000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрч байгаа гэв.

 

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Лын “...2020 оны 3 дугаар сарын 06-ны орой намайг хуурай ах болох А над руу залгаад хүрээд ир гэсэн бөгөөд бид 2 уулзаад Өргөөгийн замын урд талд байдаг 89 гэх пабад ороод тэндээ 1 шил 0,75 литрийн архи аваад уусан юм. Тэгээд тухайн газар хаах гээд байна гэхээр нь 22 цаг 30 минутын үед тэндээсээ гараад дэлгүүрээс 0,5 литрийн Соёрхол  архи аваад 15 дугаар байрны 9-н давхарт гараад уусан. Тэгэж байгаад А ах бид хоёр маргаан хийсэн бөгөөд нилээд хэрүүл хийсэн. Гэтэл намайг нүүрэн дээр цохиод бос гэхээр нь босохгүй байсан чинь ахиад хэд хэдэн удаа гараараа цохиод хувцас хунараас чирээд байхаар нь арай гэж зай гарахаар нь зугатаагаад 4 давхарт буугаад цагдаад дуудлага өгсөн...надад нийт 200.000 төгрөгийн хохирол гарсан. Үүнийгээ авсан тул гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 22-24/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 сарын 09-ний өдрийн 3418 дугаартай “ Д.Лын биед зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу, хүзүү, 2 тохой, зүүн өвдөгний зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн үед үүссэн шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 15-16/,

 

Яллагдагч У.Агийн “...2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Лтой Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутагт байх 15 дугаар байрны 3 дугаар орцны 9 давхарт гарч 0,5 литрийн Соёрхол архи хувааж уусан. Тэгээд бид 2 архиа хувааж ууж байгаад Лтой жаахан зүйлээс болж маргаан хийсэн. Тэгээд өөдөөс хэрүүл хийгээд байхаар нь би уурандаа нэг, хоёр удаа гараараа цохиод хувцаснаас нь татаад боль одоо тэгвэл ор гээд хэлсэн чинь согтуурхаад орохгүй байхаар нь татаж чангаасан юм. Гэтэл мөн босохгүй байхаар нь ахиж нэг хоёр удаа гараараа  толгой хэсэгт нь цохиж мөн бие рүү нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд байж байсан чинь гэнэт босоод гүйгээд явсан...Лын биед учирсан гэмтлийг би учруулсан. Дүгнэлтийн хариуг хүлээн зөвшөөрч байна. Би болсон явдалд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-32/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор У.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/ оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 40/ зэргийг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                            

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч У.А 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны орцонд хохирогч Д.Лтой хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоорондоо маргалсаны улмаас Д.Лыг зодож бие махбодид нь “зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу, хүзүү, 2 тохой, зүүн өвдөгний зулгаралт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагчаар У.Агйин“...ээжтэйгээ утсаар маргаан хийгээд тэгээд би уурандаа дүүгээ зодчихсон байсан...” гэсэн мэдүүлэг   /хх-ийн 31/, хохирогч Д.Лын“...А ах бид хоёр маргаан хийсэн бөгөөд нэлээн хэрүүл хийсэн гэтэл намайг нүүрэн дээр цохиод бос гэхээр нь босохгүй байсан чинь ахиад хэд хэдэн удаа гараараа цохиод хувцас хунараас чирээд байхаар нь арай гэж зай гарахаар нь зугатаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/, шинжээчийн 3418 дугаартай дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас У.Аг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос У.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч У.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч У.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч У.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт, хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг У.Ад танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Хяналтын прокурор гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр гэж техникийн шинжтэй алдаа гаргаж буруу бичсэнийг 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр болгож шүүх зөвтгөснийг тэмдэглэх нь зүйтэй.