Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2016/01358

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-16-20 тоотод оршин суух, Тэмээчин овгийн Чимэддоржийн Дашням /ФМ66032111/-ийн хүсэлттэй

"Ажиллаж байсан байдлаа тогтоолгох" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ч.Дашням, гэрч Л.Ханддорж, Г.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Дашням шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Чимэддоржийн Дашням нь 1996 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс одоог хүртэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн Авто тээврийн байгууллагын технологийн тээврийн аж ахуйн албаны шатах тослох материалын агуулахын эрхлэгч гэсэн албан тушаалд ажиллаж байна. Миний хийж буй ажил нь няравын ажлаа хамт хийдэг, тайлан тооцоогоо би гаргадаг юм. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн Авто тээврийн байгууллагын технологийн тээврийн аж ахуйн албаны шатах тослох материалын агуулахын эрхлэгч,  няраваар 1996.08.26-ны өдрөөс одоог хүртэл ажилласныг минь тогтоож өгнө үү. Миний хариуцдаг агуулах нь 120 тонн дизель түлш, 10 тонн А80 бензин, масло мотор гидравлик, трансмиссионы антифриз, литол, тормозны шингэн хүлээн авах, хадгалах 20 тонноос 30 тонн агуулахад нэг л орон тооны эрхлэгч няравын ажил болох шатахуун хүлээн авах, хадгалах, хэмжилт хийх, зарцуулалтыг тооцох, шатахуун буулгах, хяналт тавих, шатахуун түгээх станцад хүлээлгэн өгөх ажлуудыг биечлэн хийж гүйцэтгэдэг, ажлын байр нь шатахууны ууршилт дэглэмний хорт хийн нөлөөтэй утаа тоостой дуу чимээтэй, тэсэрч дэлбэрэх аюултай байнгын анхаарал болгоомж шаардсан хөдөлмөрийн хортой нөхцөлтэй юм” гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Чимэддоржийн Дашням нь шүүхэд хандан “1996 оны 8 дугаар сарын 26-наас эхлэн одоог хүртэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн Авто тээврийн байгууллагын технологийн тээврийн аж ахуйн албаны шатах тослох материалын агуулахын эрхлэгч, няраваар ажиллаж” байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Ч.Дашням нь 1996 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс одоог хүртэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн Авто тээврийн байгууллагын технологийн тээврийн аж ахуйн албаны шатах тослох материалын агуулахын эрхлэгч, няраваар ажиллаж байгаа болох нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Авто тээврийн байгууллагын 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 2022 дугаартай албаг бичиг, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн албан бичиг,  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төрөлжсөн архивын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 528 дугаартай лавлагаа, Ч.Дашнямын 094226 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 1987 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 230к дугаартай “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Авто тээврийн байгууллагын даргын тушаал зэргүүдээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд Чимэддоржийн Дашнямыг 1996 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс одоог хүртэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн Авто тээврийн байгууллагын технологийн тээврийн аж ахуйн албаны шатах тослох материалын агуулахын эрхлэгч, няраваар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тэмээчин овгийн Чимэддоржийн Дашням /ФМ66032111/ 1996 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийг хүртэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн Авто тээврийн байгууллагын технологийн тээврийн аж ахуйн албаны шатах тослох материалын агуулахын эрхлэгч, няраваар ажиллаж байсныг тогтоосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, өмгөөлөгч, түүний төлөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА