Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2016/01359

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдава даргалж, шүүгч Д.Ариунцэцэг, О.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2-28-05 тоотод оршин суух, Тахилт овгийн Лхагваагийн Өнөрчулуун /ФВ73123009/-ы нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Орхон аймаг,Баян-Өндөр сум, Оюут баг, 2-28-09 тоотод оршин суух Далхаа овогтой Цэенхорлоо /ИИ60091108/-д холбогдох

            “Гэм хорын хохирол 1 742 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Өнөрчулуун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагч Д.Циенхорлоо, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, иргэдийн төлөөлөгч Ж.Нямсүрэн, гэрч А.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015-01-30-ний өдөр 14 цагт манай бага хүү утсаар яриад “ээжээ дээрээс ус алдаад байна” гэхээр нь ажлаа зохицуулаад 15 цагт гэртээ ирэхэд гэр тэр чигээрээ усанд автсан, саун шиг уур манангийн байдалтай бороо шиг шаагиж байсан буюу тухайн айл руу залгаж хэлэхэд “Эрдэнэт-Ус” ХХК-руу утасдаж халуун усыг нь подвольд нь хаалгасан буюу мастерийг нь дуудаж хэл дуулгасан бөгөөд баримтжуулах үүднээс үнэлгээчин дуудаж, зургыг нь авахуулан үнэлгээ тогтоолгосон. Дээд айлынхан бидний буруу биш, гэсэн боловч үнэлгээчний хамтаар гэрт нь ороход халуун усны пепси хоолойгоор хийсэн шугамнаас халуун ус нь олгойдон гоожиж байсан буюу гэрийн эзний хамтаар ванны өрөөнд орж пепси хоолойноос гаргасан хаалтыг хаахад ус гоожихоо больсон ба гоожиж байгаа үеийн зургыг баримтжуулах үүднээс авсан зургаа баримтанд хавсаргасан. Энэ байдлын дараа тохиролцохыг хүсээгүй буюу явдаг газраар нь яваад аваарай гэсэн. Үүний дараа хувийн ажил буюу гачигдлаас болоод даруй өгч чадаагүй тул миний бие нь ус алдуулсан буруутай этгээдээр өөрт учирсан хохирлын буюу 1 542 000 төгрөгийг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. танай байгууллагаас бидний хооронд тохиолдсон маргааныг үнэн зөвөөр нь шүүн тунгаан хохиролыг минь барагдуулж өгөхийг хүсье гэжээ.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2015-01-30-ны өдөр манай 2-28-05 тоотод дээд давхарын 9 тоот айлаас ус алдаж, 1 531 000 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохиролыг дээд давхарын айлын хүмүүс болох Цэенхорлоо нь хохирлын хэмжээг зөвшөөрөхгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд 9 тоот айлыг уг хохиролыг хуулийн дагуу хариуцах үүрэгтэй гэж үзэж байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна.Үнэлгээнчид төлсөн хөлс 50 000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 150 000 төгрөг нийт 200,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэжээ.

            Хариуцагч Д.Циенхорлоо шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Д.Циенхорол нь иргэн Л.Өнөрчулууны нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаадлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараахи хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Л.Өнөрчулуун нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ бодит үнэнийг бичээгүй байх бөгөөд 2015-01 дүгээр сарын 30-ны өдөр намайг ажил дээрээ байхад 15 цаг орчид холбогдож тэдний дээрээс ус алдаж байгаа тухай мэдэгдсэн  бөгөөд миний бие шууд очиж ванны өрөөний дулааны шугамнаас гоожиж байсан усыг хаасан болохоос нэхэмжлэлд дурьдаж буй “подволд халуун ус хаасан” гэх нь худлаа юм. Манай байр угаасаа подвол байхгүй бөгөөд айл болгондоо /бүх айл/ усны хаалт, дулааны хаалт байрлуулсан байдаг. Нэхэмжлэгч Л.Өнөрчулуун нь намайг гэртээ очих үед “11 цагийн үед хүүхэд утасдаад ус манай дээрээс ус гоожиж байна гэхэд нь би тоогоогүй юм” гэж хэлж байсан бөгөөд үүнийгээ энэхүү нэхэмжлэлдээ дурьдаагүй байгаа хачирхалтай байна. Энэ ус алдсанаас болж манайд ч мөн адил хохирол учирсан билээ. Энэ үед манай нөхөр хөдөө ажлаар явсан, миний бие өөрөө БЭОТ-д ажилтай байсан ба гэрт хүн байгаагүй. Миний хувьд санаатай болон илт болгоомжгүй хандаж ус гоожуулаагүйг Л.Өнөрчулуун өөрөө мэдэж байгаа. Уг ус алдсан шалтгаан нь 2015-01-25-нд буюу ус алдсахаас хоногийн өмнө миний бие орон сууцны сантехникийн болон дулааны үйл ажиллагаа, засвар үйлчилгээ хариуцсан Орхон аймгийн “Эрдэнэт-Ус” ДТС ОНӨХК-ны ажилтнууд болох засварчин Г.Тэлмэн, Энхтүвшин, Мөнхбат нараар засварлуулсан бөгөөд эдгээр ажилтнуудын засварласан засварын ажил муу, буруу хийгдсэнээс болж дээрх хохирол учирсан билээ. Иймээс нэхэмжлэгч Л.Өнөрчулуун нь дээрх орон сууцны сантехникийн болон дулааны үйл ажиллагаа засвар үйлчилгээ хариуцсан Орхон аймгийн “Эрдэнэт-Ус” ДТС ОНӨХК-аас өөрт учирсан хохиролоо нэхэмжлэх хэрэгтэй гэж үзэж байна. Монгол улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 /Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ/ гэж заасны дагуу Л.Өнөрчулуунд учирсан хохиролыг Орхон аймгийн “Эрдэнэт-Ус” ДТС ОНӨХК хариуцах ёстой. Тиймээс тус компанид холбогдуулан энэхүү нэхэмжлэлээ гаргана уу. Миний бие энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохиролын үнэлгээ бодит байдалд нийцээгүй гэжээ.

            Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Өнөрчулуун нь өөрийн өмгөөллийн хөлс болон үнэлгээнчний хөлс 200,000 төгрөг нэхэмжилсэн нь дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү ус алдсан шалтгаан нь миний санаатай болон болгоомжгүй үйлдлээс болоогүй ба харин “Эрдэнэт-Ус” ДТС ОНӨХК-ын ажилтнуудын буруутай үйл ажиллагаанаас болсон учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн өмгөөлөгч сонгон аваад өмгөөлөгчийнхөө хөлсийг шууд төлүүлэхээр нэхэмжилж байгаа нь буруугүй этгээдээс нэхэмжилсэн, хариуцагчаа буруу сонгосон гэж үзэж байна. Тодруулбал 2015-12-21-ний өдрийн шүүх хуралдаан дээр гэрчээр “Эрдэнэт-Ус” ДТС ОНӨХК ажилтнууд болох Тэлмэн, Энхтүвшин нар халаалтын буюу дулаан шугам задарсан түүнийг ПВС хоолойгоор сольж засаж байсан тухайгаа гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлсэн байгаа болно. Иймээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Л.Өнөрчулуун нь Д.Циенхорлоод холбогдуулан ус алдсанаас учирсан гэм хорын хохирол 1 742 000 төгрөгийг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

            2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Оюут багийн 2-28-09 тоотод байрлалтай хариуцагч Д.Циенхорлоогийн байрны доторх халуун усны шугамнаас, нэхэмжлэгчийн өмчлөлийн 2-28-05 тоот байр луу  ус алдсан гэм буруугийн талаар хариуцагч маргаагүй.

            Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагчаас гэм хорын хохиролыг шаардах эрхтэй.

            Хариуцагч өөрийн гэрээс ус алдсан талаар маргаагүй ч, энэ ус алдсан нь “Эрдэнэт-Ус” ДТС ОНӨХК-ын ажилтнуудын буруутай үйл ажиллагаанаас болсон учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, мөн нэхэмжлэлийн үнийн дүн бодит байдалтай нийцээгүй гэж тайлбарласан.

            “Лэндс” ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2-28-05 тоот хувийн орон сууцыг хохирол барагдуулах зорилгоор өмчлөгч Л.Өнөрчулууны хүсэлтээр 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр үнэлгээ хийж, үнэлгээгээр уг байранд учирсан хохиролыг 1 541 999 төгрөг гэж тогтоосон байна. Хохирлын үнэлгээг хууль бус гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

            Хариуцагч нь ус алдсанд өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа бөгөөд, засвар хийсэн “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ХХК буруутай учраас хохиролыг хариуцан арилгах ёстой гэж үзэж байгаа бол өөрт учирсан хохиролоо буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа.

            Оюут багийн 2-28-09 тоот байр нь Д.Циенхорлоогийн өмчлөлийх гэдэг дээр маргаагүй, хариуцагчийн гэрийн доторх халуун усны шугамнаас ус алдсан нь нотлогдсон  тул нэхэмжлэгч Л.Өнөрчулууны өмчлөлийн байранд ус алдаж гэм хор учруулсны хохиролыг хариуцагч Д.Циенхорлоо хариуцан арилгах үүрэгтэй гэж үзнэ.

             Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлээс 1 592 000 төгрөгийн хэсгийг хангаж,  өмгөөлөгчийн хөлс 150 000 төгрөг нь гэм хорын хохиролд тооцогдохгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу гаргуулав.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлүүдэд заасаныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Циенхорлоогоос 1 592 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Өнөрчулуунд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 150 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46 272 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 40 422 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

3.  Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА

                                               ШҮҮГЧИД                                  Д.АРИУНЦЭЦЭГ

                                                                                                  О.ОДОНЧИМЭГ