| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 181/2017/00888/И |
| Дугаар | 001/ХТ2018/00197 |
| Огноо | 2018-02-02 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2018/00197
Б.Д-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатарын дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01745 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2146 дугаар магадлалтай,
Б.Д-гийн нэхэмжлэлтэй,
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдох,
Тушаал, хавсралтыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч Б.Д-, Б.Батмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, Ц.Эрдэнэчулуун, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Төв аймгийн Автотээврийн төвийн тасалбар түгээгчээр ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа сахилгын зөрчилгүй, үүрэг даалгавраа цаг тухайд нь чанартай, бүрэн гүйцэтгэдэг байсан. Гэтэл сонгуулийн үр дүнгээр тус газрын удирдлагууд шинээр томилогдсон ба тус төвийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/790 дугаартай тушаалаар ажлаас халж, хөдөлмөрийн цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 55 дугаартай тогтоолоор Автотээврийн төв ТӨҮГ-ын орон тооны дээд хязгаарыг 751-ээр тогтоосноос бус ажлын байрны орон тоог хасах эсвэл цөөрүүлэхээр шийдвэрлээгүй. Ажил, албан тушаалын орон тоог хасах эсвэл цөөрүүлэх нь бодит хэрэгцээ шаардлагад тулгуурласан үндэслэлтэй байх ёстой тул Б/790 дугаар тушаалыг хууль бус. Иймд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Захирлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/49 дугаартай Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын орон нутаг дах Автотээврийн Төв болон салбарын ажил, албан тушаалын жагсаалтыг батлах тухай Арван долоодугаар хавсралтыг болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын орон нутаг дахь Автотээврийн Төв болон салбарын ажил, албан тушаалын жагсаалтыг батлах тухай А/275 дугаартай тушаалын Арван долоодугаар хавсралтыг, мөн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т Захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/790 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, Төв аймгийн Автотээврийн төвийн тасалбар түгээгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, ажилгүй байсан 3 сарын хугацааны олговорт 2.070.000 төгрөгийг болон 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс хойших хугацааны олговор гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм орон тооны дээд хязгаарыг тогтоож өгсөн. Тус үйлдвэрийн газрын захирлын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын аймгийн автотээврийн төвүүдийн ажил албан тушаалын жагсаалт батлах тухай А/89 дүгээр тушаалаар Төв аймгийн Автотээврийн тээврийн орон тоог 15 байхаар тогтоож тасалбар түгээгч 3 байхаар баталсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм орон тооны дээд хязгаарыг тогтоосонтой холбогдуулан Захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын орон нутаг дахь Автотээврийн төв болон салбарын ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай А/275 дугаар тушаалаар Төв аймгийн Автотээврийн төвийн орон тоог 10 байхаар баталж менежер-1, Тасалбар түгээгч-3, үйлчлэгч-1 гэсэн орон тоог байхгүй болгож 5 орон тоог цөөрүүлсэн болно.
Иймд Б.Д-гийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатарын дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01745 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн б/790 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Д-г Төв аймгийн автотээврийн төвийн тасалбар түгээгчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4.195.220 /дөрвөн сая нэг зуун ерэн таван мянга хоёр зуун хорь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д олгон, хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т ажилгүй байсан хугацааны олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамж, шимтгэлийг нөхөн төлөхийг даалган, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/49 дугаартай тушаалын 17-р хавсралт, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/275 дугаар тушаалын 17-р хавсралтыг хүчингүй болгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Д- улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 82.073 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 100200600910 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2146 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01745 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас тус тус чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батмөнх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01745 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2146 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах тухай.
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын орон нутаг дах Автотээврийн Төв болон салбарын ажил, албан тушаалын жагсаалтыг батлах тухай А/275 дугаартай тушаалын Арван долоодугаар хавсралтаар өмнө байсан тасалбар түгээгчийн ажлын байрны 3 орон тоог хассанаар Төв аймгийн Автотээврийн Төвийн нийт 15 албан тушаалыг 10 болгож цөөрүүлсэн боловч тасалбар түгээгчийн ажлын байрны орон тоог ямар үндэслэлээр хассан нь тодорхойгүй байна. Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын газар 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 55 дугаар тогтоолоор “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн орон тооны дээд хязгаарыг 751-ээр тогтоосноос бус ажлын байрны орон тоог хасах эсвэл цөөрүүлэхээр шийдвэрлээгүй бөгөөд “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-д дүрмээр болон АТтХ-иар үүрэг болгосон нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулах чиг үүрэг хэвээр хадгалагдаж буй тул тус чиг үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай тасалбар түгээж, худалдан борлуулах ажил, үүргийн хэрэгцээ бодитой хэвээр байгаа нь тасалбар түгээгчийн ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг нь ажил олгогчийн хөдөлмөрийн бүтцээс байхгүй болоогүй, хэвээр хадгалагдаж буйг илэрхийлж байна. Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 55 дугаартай тогтоол, түүний хавсралтыг үндэслэл болгоогүйгээс үзвэл дээд шатны захиргаанаас ажлын байрыг хасах талаар тогтоогоогүй байхад дур зоргоор хассан гэж үзэх үндэслэлтэй байна. Улаанбаатар хот болон Төв аймгийн Зуунмод төв хооронд нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулах хүрээнд тус чиглэлийн зорчих тасалбарыг худалдан борлуулж, түгээх ажлыг Төв аймгийн Автотээврийн Төв гүйцэтгэсэн хэвээр байгаагаас үзвэл Нэхэмжлэгч иргэн Б.Дэнмсаагийн ажиллаж байсан тасалбар түгээгчийн ажлын байрны ажил, үүрэг хэвээр хадгалагдаж, үргэлжлэн хэрэгжиж байна. Гэтэл Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын 55 дугаартай тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан захиргааны албан тушаалын жагсаалтаар тасалбар түгээгчийн ажлын байрны орон тоог хасаагүй байтал ТбОНӨгХ-ийн 20.1.4 дэх хэсэгт заасан “үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоох” гэсний дагуу “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийг тогтоогоогүй хэрнээ тухайн үндэслэлээр ажлын байрны орон тоог хасч шийдвэрлэсэн захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/275 дугаартай тушаал, 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр А/49 дугаартай тушаал нь хууль буруу хэрэглэсэн тул үндэслэлгүй. Хэрэв Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 55 дугаартай тогтоолоор тогтоосон 751 орон тооны дээд хязгаарт багтаахын тулд албан тушаалын тоог цөөрүүлж, төсөв хэмнэх бодит хэрэгцээ шаардлагын улмаас “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Захирал А/275 дугаартай тушаал гаргаж Төв аймгийн Автотээврийн Төвийн ажил албан тушаалын орон тоог өмнө байснаас 5-аар бууруулж, нийт 10-аар тогтоосон гэж үзвэл 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр тээвэр зохицуулагчийн 4 орон тоог дахин 1-ээр нэмэгдүүлж, Төв аймгийн Автотээврийн Төвийн орон тоог нийт 11 хүргэсэн “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Захирлын А/49 дугаартай тушаал гаргахгүй байсан.
Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01745 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний Хэргийн Давж Заалдах Шатны Шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2146 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017.06.14-ний өдрийн 01745 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.09.29-ний өдрийн 2146 тоот магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29 -ны өдрийн 55 дугаар тогтоолоор “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм орон тооны дээд хязгаарыг тогтоосонтой холбогдуулан Захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын орон нутаг дахь Автотээврийн төв болон салбарын ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай А/275 дугаар тушаалаар Төв аймгийн Автотээврийн төвийн орон тоог 10 байхаар баталж менежер-1, Тасалбар түгээгч-3, үйлчлэгч-1 гэсэн орон тоог байхгүй болгож 5 орон тоог цөөрүүлсэн болно. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29 -ны өдрийн 55 дугаар тогтоолоор батлагдсан захиргааны албан тушаалын жагсаалт орон тоонд тохируулж хаана хэдэн орон тоогоор ямар албан тушаалтныг ажиллуулах нь үйлдвэрийн газрын захирлын эрх хэмжээ юм. Мөн Захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын орон нутаг дахь Автотээврийн төв болон салбарын ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай А/275 дугаар тушаалаар Төв аймгийн Автотээврийн төвийн орон тоог 10 байхаар баталсан тушаал одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа давж заалдах шатны шүүх нь аливаа нэг ажил олгогч байгууллагын гаргасан шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээгүй гэж нэгэнт байхгүй болсон орон тоонд томилж байгаа үйлдэл нь зөрчилдөж байна.
Иймд хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг үндэслэн ажилтны тоог цөөрүүлж хуулийн хугацаанд мэдэгдлийг өгч хуулийн дагуу чөлөөлсөн тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017.06.14-ний өдрийн 01745 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.09.29- ний өдрийн 2146 тоот магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Нэхэмжлэгч Б.Д- нь хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/790 дүгээр тушаал, 2016 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн А/275 дугаар болон 2017 оны 2 дугаар сарын 10-ний өдрийн А/49 дүгээр тушаалын 17 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болгож, тасалбар түгээгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...орон тоо хасагдсан” гэсэн тайлбар гаргаж маргажээ.
Ажил олгогч нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б/790 дүгээр тушаал гаргаж, нэхэмжлэгч Б.Д-г Төв аймгийн Автотээврийн төвийн тасалбар түгээгчийн ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэл болгожээ /хэргийн 6 дугаар тал/.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын орон тооны дээд хязгаарыг 751 байхаар тогтоож, тус газрын захиргааны албан тушаалын жагсаалтыг 3 дугаар хавсралтаар баталсан ба аймгийн авто тээврийн төвд тасалбар түгээгчийн ажлын байр байхаар тусгагджээ.
“Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын захирлын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/89 дүгээр тушаалаар Төв аймгийн автотээврийн төвийг 15 орон тоотой, үүнд тасалбар түгээгч 3 байхаар тогтоосон бол 2016 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн А/275 дугаар тушаалын 17 дугаар хавсралтаар нийт орон тоог 10 болгон тасалбар түгээгчийн орон тоог хассан, 2017 оны 2 дугаар сарын 10-ний өдөр А/49 тоот тушаалаар тээвэр зохицуулагчийн орон тоог нэгээр нэмж нийт орон тоог 11 болгожээ.
Төв аймгийн Автотээврийн төвийн 2016 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн 165 дугаар албан бичигт тээвэр зохицуулагч нь ажил үүргийн хувьд тасалбар түгээгчийн ажлыг давхар гүйцэтгэхээр заажээ /хэргийн 21, 28-32, 107-108, 112, 113, 116-119 дүгээр тал/.
Дээр дурдсанаас үзвэл тасалбар түгээгчийн орон тоо бодитойгоор хасагдаагүй талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-т хамтын хэлэлцээр гэж иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамтран хамгаалах зорилгоор улсын хэмжээнд болон тодорхой бүс нутаг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбар, мэргэжлийн хүрээнд ажил олгогч, ажилтны төлөөлөгчид, төрийн захиргааны байгууллагын хооронд байгуулсан тохиролцоог ойлгох ба хэлэлцээр нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь төлөөлөн хамгаалж байгаа гэрээ, хэлэлцээрт оролцогч талуудын нийт ажил олгогч, ажилтныг хамаарч үйлчлэхээр мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зохицуулжээ.
Зам тээврийн яам, Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо нь авто тээврийн салбарт төрийн ба төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагсдын хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль эрх зүйн зохицуулалтыг одоогийн хүрсэн түвшингээс илүү нөхцлөөр болон зохицуулагдаагүй харилцааг зохицуулах, боловсронгуй болгох зорилгоор автотээврийн салбарын хамтын /тариф/-ын хэлэлцээрийг байгуулсныг Хөдөлмөрийн яам бүртгэжээ. Уг хэлэлцээрийн 2.2-т “...өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 2 жил хүртэл хугацаа дутуу байгаа ажилтнуудыг цомхотголд оруулахгүй бөгөөд хэрэв тухайн ажлын байр нь зайлшгүй цомхотгогдсон тохиолдолд цалин хөлс, хөдөлмөрийн нөхцлийг дордуулахгүйгээр өөр ажил олгоно” гэж заасан, нэхэмжлэгчийн “...тэтгэвэр тогтоолгоход 5 сар дутуу байхад ажлаас халсан” гэх тайлбарыг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Б.Д-г Төв аймгийн автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын тасалбар түгээгчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговорт 4.195.220 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын хураамж, шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах зохицуулалтыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэлийн зарим шаардлага болох Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/49 дүгээр тушаалын 17-р хавсралт, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/275 дугаар тушаалын 17-р хавсралтыг тус тус хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Сүхбаатарын дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01745 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2146 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат нарын гомдлыг тус тус хангахгүй орхисугай.
2. Зохигчид хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ