Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 26

 

Г.Гал-Эрдэнэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн хэргийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Ц.Ариунжаргал

          Ялтан Г.Гал-Эрдэнэ

          Ялтны өмгөөлөгч Э.Уянга

          Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж шийдвэрлэсэн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн ялтны өмгөөлөгч Э.Уянгын давж заалдах гомдлоор Г.Гал-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201716000029 тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

                 Г.Гал-Эрдэнэ нь 2017 оны 02 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут багийн нутаг дэвсгэрт найз охин Д.Алтангэрэлийг Б.Бямбадэлгэртэй хардсаны улмаас Д.Алтангэрэлийн нүүрэн тус газар нь алгадаж цохин хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Б.Бямбадэлгэрийн нүүрэн тус газар цохиж, толгойгоороо мөргөн зодож давтан үйлдлээр бусдын бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Г.Гал-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  Г.Гал-Эрдэнийг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар Г.Гал-Эрдэнэ албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг 1 хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Гал-Эрдэнэ бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар Г.Гал-Эрдэнэд авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч Э.Уянга давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Г Гал-Эрдэнэ нь 2017 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут багийн нутаг дэвсгэрт найз охин Д.Алтангэрэлийг Б.Бямбадэлгэртэй хардсан буюу хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Бямбадэлгэрийн нүүрэн тус газар цохиж, мөн найз хүүхэн Д.Алтангэрэлийг өөр эртэй хамт явж байсныг хараад хардан уурласандаа түүний нүүрэн тус газар нь алгадаж цохин давтан үйлдлээр Д.Алтангэрэл, Б.Бямбадэлгэр нарын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн аймгийн Прокурорын газраас Г.Гал-Эрдэнэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч Г.Гал-Эрдэнэд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгэл оногдуулсан.

Өмгөөлөгч миний хувьд хэргийн зүйлчлэлтэй санал нийлэхгүй байгаа тул Г.Гал-Эрдэнэд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх саналтайгаар хэргийн онолоо тайлбарлая.

Ялтан Г.Гал-Эрдэнэ нь: “...өөрийн найз охиныг өөр эртэй хамт явааг хараад очиж уулзах гэтэл машинаа хөдөлгөж явах гэхээр нь жолоо барьж байсан Б.Бямбадэлгэрийг машинаас гаргаж цохьсон, түүний дараа Д.Алтангэрэл нь Б.Бямбадэлгэр, Г.Гал-Эрдэнэ хоёрыг салгах гэж байгаад цохигдсон, мөн Д.Алтангэрэлтэй хамтран амьдарч байсан гэрийнхээ гадаа очоод найзынхаа машинд Г.Гал-Эрдэнэ найз хүүхэн Д.Алтэнгэрэлийг архи пиво уучихаад өөр эртэй холбоотой утсаар ярьдаг юм байна гэж хардаснаас болж Д.Алтангэрэлийг нэг алгадсан гэмт үйлдлийг хийсэн байдаг...”

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Г Гал-Эрдэнийн үйлдлийг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, сэдэлт нь Г.Гал-Эрдэнэ нь өөрийн найз хүүхнийг өөр эрэгтэй хүнтэй, согтуурсан байдалтай явааг хараад хардаж харамлах сэтгэл буюу хардалтаас үүдсэн уурандаа Д.Алтангэрэл, Б.Бямбадэлгэр нарын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь үргэлжилсэн үйлдлээр үйлдэгдсэн.

Г.Гал-Эрдэнийн Бямбадэлгэрийг зодсон үйлдэл, Д.Алтангэрэлийг алгадсан үйлдлүүд нь тус тусдаа гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, харин тус тусдаа үйлдэгдсэн гэм буруугийн үйлдэл байгаа боловч субьектив талын шинж /санаа бодол/ нь нэг байгааг анхаарах нь зүйтэй. Анхан шатны шүүхийн дүгнэж буйгаар Г.Гал-Эрдэнэ нь эхлээд Б.Бямбадэлгэрийг хувийн таарамжгүй харилцаанаас маргаж зодчихоод, хэсэг хугацааны дараа дахин уурлаж Д.Алтангэрэлийг алгадаж зодоод байгаа үйлдэл нь өмнөх гэмт үйлдлээ төгсгөчихөөд дахин гэмт үйлдэл гаргасан тул давтан гэж үзэж байгаатай санал нийлэхгүй байна. Яагаад гэвэл Г.Гал-Эрдэнэ анхнаасаа найз хүүхнээ хардаж уурласан уурандаа хоёр хүнд хөнгөн гэмтэл учруулсан үргэлжилсэн үйлдэлтэй нэг сэдэлт, нэг эхлэл төгсгөлтэй, нэг гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй хэрэг юм. Давтан гэмт хэргийг үргэлжилсэн ба удааширсан үйлдэлтэй гэмт хэргээс ялган зүйлчлэхдээ гэмт хэргийн бүрэлдэхүүн сэдэлт, санаа бодлыг анхаарах нь чухал.

Иймд анхан шатны шүүх Г.Гал-Эрдэнэд холбогдох хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул Г.Гал-Эрдэнэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд заасан /Г.Гал-Эрдэнэ нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулж эвлэрсэн буюу хохирогч нар гомдол саналгүй болсон зэрэг/ үндэслэл тогтоогдож байх тул Г.Гал-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагыг хангасан байна.

Г.Гал-Эрдэнэ нь 2017 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө өөрийн найз эмэгтэй Д.Алтангэрэлийг хардсаны улмаас иргэн Б.Бямбадэлгэрийг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут багийн 3 дугаар гудамж орчимд, Г.Алтангэрэлийг мөн сумын Дунд сайхны 8 дугаар гудамжны 03 тоотод зодож бие махбодид нь тус тус хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан, анх шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тухайлбал,

хохирогч Б.Бямбадэлгэрийн “...Алтангэрэл утсаар яриад гэрт хүргээд өгөөч би найз нартайгаа нийлээд хоёр, гурван пиво уусан, машин жолоодож болохгүй байна гэж хэлсэн...би машин бариад гэр лүү нь явсан, ...гэрийг нь мэдэхгүй Оюутын 3 дугаар гудамжаар өгсөөд тасархай гудамжаар эргэх гэтэл нэг машин зөв талаар орж ирээд зогссон тэгсэн Алтангэрэл манай найз залуу ирж байна хурдан яв гэхээр явтал... Гал-Эрдэнэ машины арын хаалга  нээж орж ирээд Алтангэрэлийн дээгүүр гарч ирээд миний нүүр лүү гурван удаа цохисон..., машины араа салгаад машины урдуур тойрч намайг машинаас татаж гаргаад хоёр, гурван удаа цохиж, миний нүүр лүү мөргөсөн...Алтангэрэлийг хоёр удаа алгадсан ...” /хх-09/,

хохирогч Д.Алтангэрэлийн “...би найзуудтайгаа пиво уусан тэгээд гэртээ харих болоод машин барьж болохгүй Бямбадэлгэрийг дуудаж машинаа бариулсан юм...Оюутын 2-р гудамжаар яваад тасархай гудамжаар эргэх гэтэл машины зөв талаар машин орж ирээд зогссон тэгсэн Гал-Эрдэнэ машинаас бууж ирээд хоёр удаа Бямбадэлгэрийн нүүр лүү цохисон, .. би машинаас бууж очоод Гал-Эрдэнэ, Бямбадэлгэр хоёрыг салгасан. Гал-Эрдэнэ миний нүүр лүү алгадсан бас Бямбадэлгэрийн нүүр лүү мөргөсөн...Гал-Эрдэнэ миний машиныг хашаанд оруулж тавиад Буянжаргалын машины ар талд суугаад чи Бямбадэлгэртэй ярьдаг юм байна гээд миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон...би Бямбадэлгэртэй харилцаа холбоо байхгүй, зүгээр таньдаг...”/хх-11/,

гэрч Т.Буянжаргалын “...Гал-Эрдэнэтэй зааланд тоглочихоод Дундсайхны гудамж руу явж байтал... Гэрлээгийн машин явж байгаатай тааралдаад араас нь дагаж Оюутын гудамжинд ... зогсоход нь Гал-Эрдэнэ буугаад...машин барьж байсан залууг гараараа нүүр лүү нь цохиж авч байсан. Гал-Эрдэнэ Гэрлээтэй хамт явж байсан залуутай Гэрлээгийн машинтай хөдлөөд явсан. Би Гэрлээг хүргэж өгөх гээд гэрийнх нь гадаа очсон Гал-Эрдэнэ ирсэн байсан. Гал-Эрдэнэ Гэрлээг миний машинд алгадсан хамраас нь цус гарсан...” /хх-54/  гэх мэдүүлгүүд,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “...Бямбадэлгэрийн биед тархины доргилт, хамар ясны хугарал, хамар, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл үүссэн... уг гэмтэл нь...биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”  гэсэн 108 дугаар дүгнэлт /хх-13/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “...Алтангэрэлийн биед хамар, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл үүссэн... уг гэмтэл нь...биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”  гэсэн 107 дугаар дүгнэлт зэргээр нотлогдож байна.  /хх-17/,

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар Д.Алтангэрэл нь Б.Бямбадэлгэр, Г.Гал-Эрдэнэ хоёрыг салгах гэж байгаад цохигдсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Д.Алтангэрэл нь Дундсайхны 8 дугаар гудамжны 03 тоотод амьдардаг болох нь түүний хохирогчоор байцаагдсан тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх-11 /,

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолбол зохих асуудлыг нотлон тогтоосон, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хууль нь хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах зорилттой. Г.Гал-Эрдэнэ нь Д.Алтангэрэл, Б.Бямбадэлгэр гэсэн хоёр хүний  эрх чөлөөнд хоёр өөр газар, цаг хугацаанд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан нь түүнийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн, энэ үйлдлийг нь Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг давтан үйлдсэн гэж үзэх үндэслэл болж байх тул хохирогч Б.Бямбадэлгэрийн эрх чөлөөнд халдсан үйлдэл төгссөний дараа хохирогч Д.Алтангэрэлийн эрх чөлөөнд халдаж давтан үйлдлээр бусдад халдсан гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж хэргийн зүйлчлэлийг зөв тогтоосон, ялтанд оногдуулсан ял тохирсон байна.

Иймд ялтан Г.Гал-Эрдэнийн өмгөөлөгч Э.Уянгын “Г.Гал-Эрдэнэ нь хоёр хүний биед үргэлжилсэн үйлдлээр хөнгөн гэмтэл учруулсан тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, хэргийг хэрэгсэхгүй болгон, эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

  1. Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Г.Гал-Эрдэнийн өмгөөлөгч Э.Уянгын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.НАСАНЖАРГАЛ

                                   ШҮҮГЧИД                                                        Т.БЯМБАЖАВ

                                                                                                 Х.ГЭРЭЛМАА