Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 002

 

С.Харлыгашымын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 636 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суух, Жадик овогт Солтаны Харлыгашымыннэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 17 дугаар цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгч С.Харлыгашым, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен, хариуцагчийн төлөөлөгч Х.Гүлжайна, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 17 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1060000 төгрөгийг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: Би 1999 онд Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллежийг бага ангийн багш мэргэжлээр төгссөн.Одоогоор Зохиомж дээд сургуульд Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр суралцаж байна. Сургуулиа төгссөнөөс хойш тодорхой хугацаанд сургуулиудад багшаар ажиллаж байсан.

2016 оны 3 дугаар сард Өлгий сумын нутаг дэвсгэрт шинээр 17 дугаар цэцэрлэг байгуулагдаж, аймгийн Засаг даргын захирамжаар намайг тус цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллуулахаар хуваарилсны дагуу цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаар тушаалаар бүлгийн багшаар авч ажиллуулсан.

Ажлаа зохих ёсоор гүйцэтгэж байхад цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5 дугаар заалтуудыг үндэслэн намайг мөн өдрөөс ажлаас чөлөөлсөн.Цэцэрлэгийн эрхлэгчийн дээрх шийдвэр хууль бус учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд ажлаас чөлөөлөх ёстой. Намайг ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэл болгосон байна. Энэ дүгнэлт нь улсын байцаагчийн өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан дүгнэлт болохоос биш намайг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд тэнцэхгүй болсныг тогтоосон албан ёсны шийдвэр биш юм.

Иймд Өлгий сумын 17 дугаар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн намайг ажлаас чөлөөлсөн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тушаалыг хүчингүй болгож, Өлгий сумын 17 дугаар Хүүхдийн цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан 2 сарын хугацааны цалин 1060000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэгч С.Харлыгашымын нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Ажил олгогч нь 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр С.Харлыгашымтай сайн дурын үндсэн дээр тохиролцсон ёсоор Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаатай буюу 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хөдөлмөрийн гэрээ байгуулсан. С.Харлыгашымтай байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа нь 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон боловч С.Харлыгашым нь тус аймгийн сонгуулийн хороодод сонгуульт үүрэг гүйцэтгэж байсан учраас тухайн үед түүнийг Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3-т зааснаар ажлаас чөлөөлөх боломжгүй байсан.

Хэрвээ ажил олгогч болох Х.Гүлжайна би С.Харлыгашымыг сонгуульт үүрэг гүйцэтгэж байгаа үед ажлаас чөлөөлсөн тохиолдолд Сонгуулийн тухай хуулийн 29.7 Энэ хуулийн 29.2, 29.3-д заасныг зөрчсөн нь төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно гэсэн тул өөрөө үүрэгт ажлаас халагдах эрсдэл бий болсон. Ийм учраас С.Харлыгашымыг тухайн үед ажлаас шууд чөлөөлөх боломжгүй байсан.

2. С.Харлыгашымын сонгуулийн хэсгийн хорооны гишүүнээр ажилласан сонгуульт ажил нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дууссан. Тэр үед тус цэцэрлэгийн бүх ажилтан нар ээлжийн амралттай өөрөөр хэлбэл цэцэрлэг ажиллахгүй байсан. Ингээд С.Харлыгашым 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр үүрэгт ажилд орсон ба түүнтэй өмнө нь байгуулсан хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах асуудлыг талууд тавиагүй учраас хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учраас үүрэгт ажлаас ньчөлөөлсөн. Ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т Гэрээний хугацаа дууссан тохиолдолд ажлын үзүүлэлтийг харгалзан аль нэг талын санаачилгаар гэрээг дуусгавар болгож болох бөгөөд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг сунгаж ажиллана гэж заасан. Ажил олгогчийн С.Харлыгашымыг ажлаас чөлөөлсөн шалтгаан нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгаагүй явдалтай холбоотой гэж үзэж байна.

3. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ний өдрийн №04-09-006\120 дугаар дүгнэлт нь С.Харлыгашымтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах асуудлыг боломжгүй байдалд хүргэсэн гэж үзэж байна.

4. Ажил олгогч Х.Гүлжайна би С.Харлыгашымыг ажилд авах үед тэрээр цэцэрлэгийн бүлгийн багшаар ажиллах боломжгүй, өөрөөр хэлбэл багшлах эрхгүй байсан гэдгийг мэдэж байсан боловч Баян-Өлгий аймгийн Засаг дарга асан Х.Дармен, аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга асан С.Ерия нар надад албан тушаалын байдлыг ашиглан дарамт шахалт үзүүлэн тэд хэрвээ та С.Харлыгашымыг ажилд авахгүй бол та өөрөө ажлаас гарна, удахгүй сонгууль болох гэж байгаа тул С.Харлыгашымыг ажилд авах хэрэгтэй гэж удаа дараа үүрэг даалгавар өгсөн тул би аргагүйн эрхэнд аймгийн дарга нараасайгаад С.Харлыгашымыг цэцэрлэгийн бүлгийн багшаар ажилд томилсон. Тухайн үед аймгийн Засаг дарга болон аймгийн Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга нар ажил олгогч С.Гүлжайна миний бүрэн эрхэд хөндлөнгөөс нөлөөлсөн гэдэг нь тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2016 оны 04-09-006\120 дугаар дүгнэлтээр нотлогдож байгаа. Хэрвээ аймгийн дарга нар надад хууль бус дарамт шахалт үзүүлээгүй байсан бол би С.Харлыгашымыг ажилд авахгүй байсан. Иймд нэхэмжлэгч С.Харлыгашымын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 636 дугаар шийдвэрээр: 1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Солтаны Харлыгашымыг Өлгий сумын Хүүхдийн 17 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 678381 төгрөгийг Өлгий сумын Хүүхдийн 17 дугаар цэцэрлэгийн санхүүгээс гаргуулан С.Харлыгашымд олгож, илүү нэхэмжилсэн 381619 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Харлыгашым улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Өлгий сумын Хүүхдийн 17 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 91031 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай. гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчХ.Гулжайна би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 636 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн хууль зүйн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн 17 дугаар цэцэрлэгийн захиргаа буюу ажил олгогч нь 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ажилтан С.Харлыгашымтай сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцсон ёсоор Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 03 дугаар сарын 01-нээс 2016 оны 06 дугаар сарын 01-ныг хүртэл хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан. Ажил олгогч Х.Гүлжайна би С.Харлыгашымыг ажилд авах үед тэрээр цэцэрлэгийн бүлгийн багшаар ажиллах боломжгүй багшлах эрхгүй, багшлах эрхийн шалгалт өгөөгүй байсан гэдгийг мэдэж байсан боловч Баян-Өлгий аймгийн Засаг дарга асан Х.Дармен, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга асан С.Ерия,С.Харлыгашымын төрсөн ах аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Шаяхмет нар надад албан тушаалын байдлыг ашиглан дарамт шахалт үзүүлсэн учраас аргагүйн эрхэнд өөрөө ажлаас халагдахгүйн төлөө С.Харлыгашымыг цэцэрлэгийн бүлгийн багшаар ажилд томилсон. Хэрвээ аймгийн дарга нар надад хууль бус дарамт шахалт үзүүлээгүй байсан бол би С.Харлыгашымыг ажилд авахгүй байсан.

2. С.Харлыгашымтай байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа нь 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон боловч С.Харлыгашым нь аймгийн сонгуулийн хэсгийн хороонд сонгуульт үүрэг гүйцэтгэж байсан тул тухайн үед түүнийг ажлаас чөлөөлөх боломжгүй байдалд хүрсэн. Хэрвээ ажил олгогч би С.Харлыгашымыг сонгуульт үүрэг гүйцэтгэж байгаа үед ажлаас чөлөөлсөн тохиолдолд Сонгуулийн тухай хуулийн 29.7-д зааснаар өөрөө үүрэгт ажлаас халагдах болзошгүй эрсдэл бий болох магадлалтай байсан.

3. Ажилтан С.Харлыгашымын сонгуулийн хэсгийн хороонд ажилласан сонгуульт ажил нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дууссан. Цэцэрлэг зуны улиралд ажиллахгүй байсан. С.Харлыгашым 2016 оны 09 дүгээр сарын 01ний өдөр ажилд орсон ба тэрээр өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах асуудлаар надад санал тавиагүй, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учраас үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгаагүй явдалтай холбоотой байсныг нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй танилцан өгсөн хариу тайлбартаа болон анхан шатны шүүх хуралдааны үед мэдүүлсэн асуудлыг шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна.

4. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ний өдрийн №04-09-006\120 дугаар дүгнэлт нь С.Харлыгашымтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах боломжгүй байдалд хүргэснийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна.

5. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасныгтайлбарлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэдгийг нотолж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна." гэж заасан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т"энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор хуульчлан зохицуулсан тул шүүхийн дүгнэлт үндэслэл муутай гэж үзэж байна.

6. Ажил олгогчоос МХГ-ын дүгнэлтийг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ажилтан нарын хурлаар хэлэлцэж, цаашидС.Харлыгашымыг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас өгсөн боловч тэрээр хуралдааны үед " .. Би ямар ч цаасанд гарынүсэг зурахгүй..." гэж хэлж байсан нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 636 дугаар шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд нэхэмжлэгч С.Харлыгашымын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Давж заалдах гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд Х.Гулжайна болон өмгөөлөгч Я.Сьезд нар заавал оролцоно. гэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбарт: 1. Х.Гүлжайнагийн гомдлын үндэслэл болгосон нэр бүхий хүмүүсээс дарамт шахалт үзүүлсэн учир С.Харлыгашымыг ажилд авсан гэдэг нь огт үндэслэлгүй. Энэ талаар хэргийн материалд авагдсан ямар нэгэн нотлох баримт байхгүй. Хэн нэгэн албан тушаалтны дарамт шахалтаар хүнийг ажилд авах ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүй. Дарамт шахалт үзүүллээ гэхэд эрх бүхий албан тушаалтан нь аливаа шийдвэр гаргахдаа холбогдох хууль, журмыг зөрчих ёсгүй. Энэ бол анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй.

2. Давж заалдах гомдлын 2, 3 дахь үндэслэл болгосон сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой асуудлууд нь С.Харлыгашымыг ажлаас чөлөөлөхөөс өмнөх үйл баримт бөгөөд энэ талаар талууд ямар нэгэн байдлаар хоорондоо маргаагүй, энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй учир анхан шатны шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй.

З. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн №04-09-006/120 дугаар дүгнэлт нь цэцэрлэгийн эрхлэгч С.Харлыгашымыг ажилд томилохдоо холбогдох хууль, журмыг зөрчсөнийг тогтоосон дүгнэлт болохоос биш С.Харлыгашымын гэм бурууг тогтоосон дүгнэлт биш.

Улсын байцаагч дээрх дүгнэлтийг гаргахдаа хэт нэг талыг барьж, С.Харлыгашымыг буруутгах зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/305 дугаар тушаалаар баталсан "Багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам"-ын нэрийг "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам" болгон өөрөө дур мэдэн өөрчилсөн. Дээрх журам нь ерөнхий боловсролын сургуулийн багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах харилцааг зохицуулсан журам бөгөөд сургуулийн өмнөх боловсролд огт хамааралгүй юм.

Бидний зүгээс дээрх журмыг нотариатаар гэрчлүүлж нотлох баримтаар өгч анхан шатны шүүх хуралдаан дээр тодорхой тайлбарласан.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т талууд хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор зохицуулсан боловч энэ нь талуудын аль аль талын санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцсоны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хийгдэх ёстой бөгөөд тухайн шаардлага, үндэслэл, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг гэрээнд заавал тусгасан байх ёстой.

Гэтэл ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээнд тодорхой хугацаа тавьсан боловч үндэслэл, шаардлага, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг гэрээнд огт тусгаагүй, ажилтантай харилцан тохиролцоогүй байсан. Тэгээд ч байнгын ажлын байранд өөрөө дур мэдэн хугацаатай гэрээ байгуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ холбогдох нотлох баримтуудыг тал бүрээс нь зөв үнэлж шийдвэр гаргасан бөгөөд түүнийг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй учир хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.Харлыгашым хариуцагч 17 дугаар цэцэрлэгт холбогдуулан цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1060000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрөн маргасан байна.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 6 дугаар тушаалаар С.Харлыгашымыг туршилтын 3 сарын хугацаатай тус цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд томилсон ба тушаалд ажилтантай хугацаатай гэрээ байгуулахаар дурджээ. (Хэргийн 5 дугаар тал)

Ажил олгогч болон ажилтны хооронд 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, С.Харлыгашымыг тус цэцэрлэгийн бүлгийн багшаар дээрх хугацаанд ажиллуулахаар талууд харилцан тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд нийцсэн байна. (Хэргийн 28-29 дүгээр тал)

Ажил олгогч болон ажилтны хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2.-т зааснаар хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болох тул тухайн хөдөлмөрийн гэрээг хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 4 сарын 06-ны өдрийн 04-09-006/120 дугаар дүгнэлтэд (хэргийн 31-32 дугаар тал) Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 17 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшаар ажиллаж байгаа багш С.Харлыгашымын төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12.1-д заасан Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр дипломын болон түүнээс дээш зэрэгтэй багш ажиллана гэсэн заалтыг зөрчсөн талаар тусгагджээ.

Дээрх дүгнэлтийг ажил олгогч ажилтанд мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсан өдөрт нь буюу 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр танилцуулж, баримтжуулсан байна. (Хэргийн 33 дүгээр тал)

Мөн ажил олгогчийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Мэдэгдэх хуудсаар ажилтан С.Харлыгашымд ...таны эзэмшсэн мэргэжил нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллах шаардлагыг хангаагүй байгааг тогтоосон Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 04-09-006/120 дугаартай дүгнэлт гарсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5.-д зааснаар 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдөх болсныг нэг сарын өмнө мэдэгдэж байна. хэмээн мэдэгдэж, баримтжуулсныг хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгчээ. (Хэргийн 34,36-37 дугаар тал.)

Ажил олгогчийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5.-д заасныг тус тус үндэслэн С.Харлыгашымтай байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээг мөн өдрөөс эхлэн цуцалж, дуусгавар болгохоор шийдвэрлэжээ. Хэрэгт авагдсан баримтууд, тушаалын үндэслэл, хариуцагч талын тайлбар зэргээс үзвэл, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 04-09-006/120 дүгээр дүгнэлтийг үндэслэн ажилтан С.Харлыгашымтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна.

Ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар С.Харлыгашымыг мэргэжлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй нь тогтоогдсон гэж үзэж, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 04-09-006/120 дүгээр дүгнэлтийг үндэс болгожээ.

Нэхэмжлэгч С.Харлгашым нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-ийг хариуцагчийн тушаалдаа үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа боловч нэхэмжлэгч С.Харлыгашым төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжлийн хувьд гүйцэтгэж байгаа ажилд тэнцэхгүй болох нь Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын боловсролын хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 04-09-006/120 дүгээр дүгнэлтээр нотлогдож байна гэж дүгнэлээ.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байхад ажилтны гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ. Мөн анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай талаас үнэлэх журмыг зөрчжээ.

Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр ажилтан С.Харлыгашымын Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 17 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1060000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ажил олгогчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т заасныг удирдлага болгонТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн 636 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 17 дугаар цэцэрлэгт холбогдохцэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1060000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Харлыгашымын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

Д.КӨБЕШ