Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2021/0412

 

“О Р” ХХК, “Э А Б Э” ХХК нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч “О Р” ХХК-ийн өмгөөлөгч Б.Ц, нэхэмжлэгч “Э А Б Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, С.Ү нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 207 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу “О Р” ХХК, “Э А Б Э” ХХК нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 207 дугаар шийдвэрийн

1 дэх заалтаар: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.2, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 3, 7 дугаар мөрүүдэд бичигдсэн “О Р” ХХК, “Э А Б Э” ХХК-иудад холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж,

 

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болохыг дурдаж,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

4 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарлажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү, Ж.Б нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 128/ШШ2021/0207 дугаар шийдвэрээр “О Р” ХХК, “Э А Б Э“ ХХК-уудын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжийн тус компаниудад холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх заалтыг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн Байгаль орчны газрын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/16 дугаартай “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу хийсэн хяналт шалгалтаар тус компаниуд нь түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй.

Мөн “О Р” ХХК MV-013549 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбай нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны А/02/01 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан Ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужтай 189,38 га, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор тогтоосон Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүстэй 320,97 га газар буюу 99.7 хувь давхцалтай, “Э А Б Э” ХХК-ийн MV-017227 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбай Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан Усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй 19,87 га талбайгаар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор тогтоосон Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүстэй 20,47 га газраар буюу 62,7 хувийн давхцалтай тул Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг нь дуусгавар болгосон.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх зөрчлүүд нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн боловч маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж үзэж маргаан бүхий захиргааны актын биелэлтийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй, үйл баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

Мөн тус компаниуд нь Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс, Ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн муж, Усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхацсан учир дахин судалж, шинэ акт гаргах бол тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох шийдвэрийг дахин гаргахаар байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2021/0207 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дуга1ар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч “О Р” ХХК болон “Э А Б Э” ХХК нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэн уг захирамжийн Нэгдүгээр хавсралтаар “Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон” үндэслэлээр 62 аж ахуйн нэгж, байгууллагын түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж, Хоёрдугаар хавсралтаар “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй” үндэслэлээр 33 аж ахуйн нэгж, байгууллагын газрын хэвлий ашиглах эрхийг тус тус дуусгавар болгожээ.

 “О Р” ХХК, “Э А Б Э” ХХК нар нь дээрх захирамжийн Хоёрдугаар хавсралтад багтсан буюу “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй” үндэслэлээр тус компаниудын газрын хэвлийн ашиглах эрхийг тус тус дуусгавар болгосон байна.

Нэхэмжлэгч компаниуд дээрх захирамжийн холбогдох хэсгүүдийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар “О Р” ХХК-аас “... хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох этгээдэд нөхцөл байдлын талаар санал гаргах боломж олгож, сонсох ажиллагаа явуулаагүй ... тухайн газрын хэвлийг актаар хүлээлгэж өгөөгүй ... А зөвшөөрлийг авч нийгэм эдийн засгийн үндэслэлээ батлуулахаар төрийн байгууллагад хандаад ТЭЗҮ батлагдаагүй ... ашигт малтмалын дээжийг авах, геологийн судалгаа авах ажлуудыг хийж байгаа. Энэ нь газрын хэвлий ашиглаж байгаа нэг хэлбэр ... газрын хэвлийг ашиглаж эхлээгүй гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн үндэслэл байхгүй ... хуулийг үндэслэж захирамж гарах ёстой байтал үндэслэлгүйгээр захирамж гаргасан ...” гэсэн үндэслэлээр, “Э А Б Э” ХХК нь “... сонсох ажиллагааг бүрэн гүйцэд явуулсан гэж үзэхгүй .. хуулийн этгээдэд заавал бичгээр гаргаж танилцуулах ёстой ... манай компани 2020 онд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөөр ирсэн ... хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчиж байна ... актыг хуульд заасны дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж заасан ... энэ акт нь хүчин төгөлдөр болоогүй ... тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлд ... тусгай зөвшөөрлийн талбайн усны сан бүхий энгийн хамгаалалтын бүс бүхэлдээ эсхүл хэсэгчлэн давхацсан гэсэн зохицуулалт байхгүй ... ” гэсэн үндэслэлээр тус тус маргасныг хариуцагч эс зөвшөөрч “... А/609 дүгээр захирамжийг гаргахдаа холбогдох хууль тогтоомжийг үндэслэж гаргасан .. хяналт шалгалтын явцад тухайн аж ахуйн нэгжүүд нь Газрын хэвлийн тухай хуулийг зөрчсөнийг илрүүлсэн ... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор тогтоосон Улаанбаатар хотын хамгаалалтын бүстэй давхцалтай болох нь тогтоогдсон ... Нийслэлийн Засаг дарга ... хэвлэлийн бага хурал зарлаж ... Байгаль орчны тухай хуулийг дагаж мөрдөж ажиллах, эс бөгөөс тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах тухайгаа 4 сарын өмнө мэдэгдэж тус хэвлэлийн бага хурлыг зарласан ба үүгээр сонсох ажиллагаа явуулсан гэж үзнэ ...ТЭЗҮ батлуулах нь тухайн аж ахуйн нэгжийн хуульчлан заасан нийтлэг үүрэг ... хуульд заасан үүргээ биелүүлээгүй газрын хэвлийг 3-с дээш жил ашиглаагүй нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болсон ...” гэж маргаан бүхий актын үндэслэлээ тайлбарлан маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “О Р” ХХК нь 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр олгогдсон 13549А дугаар /1хх-16/ тусгай зөвшөөрлийн дагуу Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Гишүүний ам” нэртэй газарт орших 322.16 га талбайд, “Э А Б Э” ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр олгогдсон MV-017227 дугаар /4хх-7/ тусгай зөвшөөрлийн дагуу Улаанбаатар хотын Налайх дүүргийн Бүс толгой нэртэй газарт орших 32.76 га талбайд ашигт малтмал ашиглах эрхийг тус тус эзэмшдэг бөгөөд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн байгаль орчны газар Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд Ашигт малтмалын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Газрын хэвлийн тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиуд, “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам” болон бусад норм, стандартын хэрэгжилтийг шалгаж, хууль журам зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх ажлын хэсгийн 2017/16 дугаар удирдамжийг батлан хяналт, шалгалтыг гүйцэтгэж, улмаар нэхэмжлэгч компаниудын “тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй” зөрчлийг илрүүлж, маргаан бүхий актын холбогдох хэсгээр нэхэмжлэгч компаниудын газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон зэрэг үйл баримтууд тогтоогджээ.

Нэхэмжлэгч “О Р” ХХК-аас “... тусгай зөвшөөрлийг холбогдох захиргааны байгууллагаас хуульд заасан журмын дагуу авч үйл ажиллагаа явуулж эхэлж байх үед буюу 2009 онд “Гол мөрний урсац бүрэлдэх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль гарч үйл ажиллагаа явуулж чадаагүй 2 жил орчим хугацаанд зогсонги байдалд орсон ... хуулийн зохицуулалт өөрчлөгдөж үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажил хийх, холбогдох байгууллагуудад хүсэлт гаргаж ... Төрийн байгууллагын үйл ажиллагаанаас хамааран хүлээгдэж байх хугацаанд ямар нэгэн шалгалт, тодруулга, үндэслэлийг тодруулалгүйгээр газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон нь үндэслэлгүй ...” гэж маргасан боловч тус компаниас өөрийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулж, хуульд заасан журмын дагуу ашиглахтай холбоотой эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж байсантай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, ... үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл болох баримтуудаа гаргаж өгөх боломжгүй тохиолдолд шүүхэд нотлох баримтын эх сурвалжийг заах замаар өөрийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаа явуулж байсан, явуулахаар эрх бүхий байгууллагуудад хандаж байсантай холбоотой баримтуудыг гаргуулан авах боломжгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Мөн “Э А Б Э” ХХК-ийн хувьд Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай банкны гүйлгээний баримтууд, Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тодорхойлолт, тус компанийн санхүүгийн тайлан зэрэг баримтууд хэрэгт авагдсан байх боловч эдгээр баримтуудын хүрээнд тус компанийг тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын хэвлийг ашигласан гэж үзэх үндэслэлгүй.

Харин хэрэгт авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн “О Р” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газарт хийсэн үзлэгийн “... нэхэмжлэгч уг газартай үйл ажиллагаа явуулж байгаагүй, явуулаагүй байв ...” гэх тэмдэглэл /3хх-179/, фото зургууд, мөн шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Э А Б Э” ХХК-ийн маргаан бүхий тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн үзлэгийн фото зураг /4хх-176-193/, Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “... О Р” ХХК-ийн ... тусгай зөвшөөрөлтэй холбогдох хайгуулын ажлын үр дүнгийн тайлан болон ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан Геологийн төв архивд бүртгэгдээгүй ...” 13/3298 дугаар /3хх-226/, Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “... О Р” ХХК нь ... тусгай зөвшөөрлийн талбай дээр ... уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг тавих бөгөөд уурхайн талбайн хэмжилтийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хийлгэж хил тогтоосон тухай актыг тус хэлтэст ирүүлээгүй байна ...” гэх 8/3508 /3хх-250/, Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 5/586 /4хх-168/, Мэргэжлийн Хяналтын газрын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 02-01/691 дүгээр албан бичиг, түүний хавсралт /1хх-98/ зэрэг баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “О Р” ХХК болон “Э А Б Э” ХХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш тухайн газрын хэвлийг 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй болох нь тогтоогдсон байхаас гадна тус компаниуд өөрсдийн тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын хэвлийг ашигласан талаарх холбогдох баримт нотолгоог гарган мэтгэлцээгүй байна.

Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс /бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж/-ийг газрын хэвлий гэнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй тохиолдлыг зөрчил гэж үзэхээр, ийм зөрчил гаргасан тохиолдолд, газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгохоор, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай (2014 он) хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэхээр тус тус заасан, тухайн тохиолдолд, 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр олгогдсон 13549А дугаар /1хх-16/ тусгай зөвшөөрлөөр “О Р” ХХК-д, 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр олгогдсон MV-017227 дугаар тусгай зөвшөөрлөөр “Э А Б Э” ХХК-д тус тус Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй нь эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын хяналт шалгалтаар тогтоогдсон, нэхэмжлэгч нар өөрсдийн тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэвлийг ашигласан тухай баримт нотолгоог гарган мэтгэлцээгүй энэ тохиолдолд хариуцагч нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгч компаниудын газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон нь дээрх хуулийн заалтад нийцээгүй, уг захирамжийн холбогдох хэсгүүдийн улмаас нэхэмжлэгч компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Аймаг, нийслэлийн Засаг дарга тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан, нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалсан үндэслэлд  хамааралгүй буюу хариуцагч Газрын хэвлийн тухай хуульд заасны дагуу “тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй” гэсэн үндэслэлээр цуцалсан байх бөгөөд маргаан бүхий актын үндэслэл буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь бодит байдалд тогтоогдсон байх тул зөвхөн шийдвэр гаргах ажиллагааны алдаа гарсан гэж үзэх үндэслэлгүй буюу зөвхөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлтэй гэж үзэх үндэслэлгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгч нарын буруутай үйл ажиллагааг зөвтгөх, маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлага болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаар түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлагатай холбоотой харилцааг тус хуулиар зохицуулахаар заасан ч маргаан бүхий Засаг даргын захирамж (нэхэмжлэгч нарын хувьд) “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй” гэсэн үндэслэлд хамаарч байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд нэхэмжлэгч компаниудын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усан сан бүхий газрын энгийн хамгаалалттай давхцалтай нь тогтоогдсон, хариуцагчаас нэхэмжлэгч компаниудын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усан сан бүхий газрын энгийн хамгаалалттай давхцалтай гэж маргаан бүхий актын үндэслэлээ тайлбарлан маргасан байна.

Усны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь  усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж зааснаар усны нөөц, түүний сав газрыг хамгаалах харилцаа нь Усны тухай хуулиар зохицуулагдахаар байх бөгөөд Усны тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэхээр гарсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоол /Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-д заасныг баримталсны зэрэгцээ Тогтоолын 1-д Туул голын урсац бүрэлдэх эх, түүний цутгал голуудын урсцыг тогтвортой хэмжээнд барих, хуримтлуулах, ундны усны эх ундарга, нөөцийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах” гэж тогтоолын зорилгыг тайлбарласан/ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, хэргийн оролцогчид үүнтэй маргаагүй байна.

Нэхэмжлэгч “Э А Б Э” ХХК-ийн MV-017227 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбай “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4.3-д заасан Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй 19.87 га талбай, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор баталсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 20,47 га талбайгаар 62.7 хувиар давхцалтай болох нь хэрэгт авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 06б/420 /4хх-207/, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 06б/8852 дугаар албан бичгүүд, “О Р” ХХК-ийн MV-013549 дүгээр тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор баталсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 320,97 га, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02/01 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужтай 189,38 га талбайгаар тус тус давхцалтай болох нь хэрэгт авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 06б/836 /4хх-221/ албан бичиг, усан сан бүхий газрын энгийн хамгаалалттай давхцалтай тусгай зөвшөөрлийн талбайн зураг /3хх-57/ зэрэг баримтуудаар тогтоогдсоныг дурдах нь зүйтэй байна.

Түүнчлэн, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай (2014 он) хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5-д “/нийслэлийн Засаг дарга/ харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох”-оор заасан байх бөгөөд уг хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгогдсоноос эхлэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уг тусгай зөвшөөрлийн дагуу эрх эдлэх, үүрэг хүлээх хууль зүйн боломжтой, мөн хуулийн 11.2.2-т “... /нийслэлийн Засаг дарга нь/ харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргасан тохиолдолд уг зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах” гэж хуульчилсны дагуу хариуцагч бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргаж, хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосныг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгч “О Р” ХХК “... тухайн газрын хэвлийг актаар хүлээлгэж өгөөгүй ... ” гэж маргасныг хүлээн авч маргаан бүхий актын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд сонсох ажиллагаа явуулах журмыг тогтоосон бөгөөд мөн зүйлийн 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх”-ээр заасан, Нийслэлийн Засаг даргын 2017 оны маргаан бүхий А/609 дүгээр захирамжаар 21 буюу түүнээс дээш тооны (1 дүгээр хавсралтаар 62 аж ахуйн нэгж, 2 дугаар хавсралтаар 33 аж ахуйн нэгж) этгээдэд хамаарах шийдвэр гаргасан, хариуцагч уг асуудлаар 2017 оны 3 дугаар сарын 29-ны өдөр хэвлэл мэдээллийн болон цахим мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн нь  сонсох ажиллагаа явуулах журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн гэж үзэх тул нэхэмжлэгч нар “... мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй ... акт хүчин төгөлдөр болоогүй ...” гэж маргасан нь үндэслэлгүй.

Дээр дурдсанаар нэхэмжлэгч компаниуд тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэвлийг 3 жилийн хугацаанд ашиглаагүй нь эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан бусад баримтуудаар тогтоогдсон, нэхэмжлэгч нараас тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэвлийг 3 жилийн хугацаанд ашиглаж байсантай холбоотой баримт нотолгоог гарган мэтгэлцээгүйгээс гадна нэхэмжлэгч компаниудын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор баталсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай нь тогтоогдсон энэ тохиолдолд  хариуцагч өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй” үндэслэлээр нэхэмжлэгч нарын газрын хэвлий ашиглах эрхийг тус тус дуусгавар болгосныг хуульд нийцээгүй, уг захирамжийн улмаас нэхэмжлэгч компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй буюу нэхэмжлэгч компаниудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байхад шүүх “... А/609 дүгээр захирамжаар ... тусгай зөвшөөрлүүдийг тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй гэсэн үндэслэлээр цуцалсан ... тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбайнууд нь ... хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үйл баримт тогтоогддог хэдий ч хариуцагчаас маргаан бүхий захирамжийг гаргахдаа энэ үндэслэлд хамааруулан захирамжийг гаргаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд маргахдаа энэ үндэслэл хамт байсан гэх байдлаар тайлбарлан маргаж байна. Иймд маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн ...” гэж дүгнэж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны маргаан бүхий А/609 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 3, 7 дугаар мөрүүдэд бичигдсэн “О Р” ХХК, “Э А Б Э” ХХК-уудад холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг үндэслэлтэй болох нь тогтоогдсон, хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлэх үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 207 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “О Р” ХХК, “Э А Б Э” ХХК нарын Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн “О Р” ХХК, “Э А Б Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтыг хүчингүй болгож, “3” дахь заалтын дугаарыг “2”, “4” дэх заалтын дугаарыг “3” болгон тус тус өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                        С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                        Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                       Н.ХОНИНХҮҮ