Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2016/01364

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-18-36 тоотод оршин суух, Жалиар овгийн Бямбаагийн Оюунгэрэл /ДМ68013006/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Жаргалант сумын Засаг даргад холбогдох

“Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Мөнх-Ундраа нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Жаргалант сумын Соёл мэдээллийн төвийн эрхлэгч Б.Оюунгэрэл намайг хуучин Засаг даргаар ажиллаж байсан С.Дангаасүрэн ажлаас үндэслэлгүй халж, Орхон аймгийн Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014-12-08-ны өдрийн 1049 дугаартай шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаж тогтоогдсон ба Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2015-02-27-ны өдрийн 32 дугаартай магадлал, УДШ-ийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015-04-16-ны өдрийн 239 дугаартай тогтоолоор тус тус буруу халсан гэдэг нь давхар тогтоогдож баталгаажсан. Сумын засаг дарга Бөхтулга 2015-05-20-ны өдрийн захирамжаараа 2015-05-21 өдрөөс соёлын төвийн эрхлэгчээр ажилд авсан юм. Ажилгүй байсан үеийн цалин хөлсөө анхан шатны шүх хуралдаан хүртэл нэхэмжилж, шүүхээс 1 611 192 төгрөг 1049 дугаартай шийдвэрээр гарсныг Сумын засаг даргаас байгууллагын дансанд өртүүлэн байж өгсөн. Харин ажилд эгүүлэн тогтоосон 2014-12-08-наас ажилд орсон 2015-05-21-ний өдөр хүртэл хугацааны ажилгүй байсан үеийн цалин хөлс 3 696 264 төгрөгийг Жаргалант сумын Засаг дарга Э.Бөхтулгаас нөхөн гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Жаргалант сумын засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Жаргалант сумын Засаг дарга Э.Бөхтулгыг төлөөл итгэмжлэгдсэн төлөөлөгч ЗДТГ-ын ХЭЗДАХАжилтан Г.Мөнхзаяа би СМТ-ийн Б.Оюунгэрэлийн ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээ хариу тайлбартайгаар хүргүүлж байна. СМТ-ийн эрхлэгч ажилтай Б.Оюунгэрэл нь ажлын хариуцлага алдаж төрийн албан хаагчийн буруутай үйлдлээс болж тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан С.Дангаасүрэн нь 2014 онд ажлаас халсан байна. 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Б/07 дугаартай захирамжаар Б.Оюунгэрэлийг Соёл мэдээллийн төвийн эрхлэгчийн ажилд томилох тухай шийдвэрийг сумын Засаг даргаар ажиллаж байгаа Э.Бөхтулга гаргасан. 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1049 дугаартай шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1 611 192 төгрөгийг Соёл мэдээллийн төвийн эрхлэгч Б.Оюунгэрэлд 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгууллагын төсвөөс олгож өр төлбөрийг барагдуулсан байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг байгууллагын төсвөөс дахин олгох боломжгүй байна. Б.Оюунгэрэл нь өөрийн хохирлыг гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд зохигчдын тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Оюунгэрэл нь Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан “Ажилгүй байсан хугацааны цалин олговор гэж нийт 3 696 264 төгрөг” гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзсэн.

Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч, хариуцагчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч Б.Оюунгэрэл нь Орхон аймгийн Жаргалант сумын Соёл мэдээллийн төвийн эрхлэгчээр ажиллаж байгаад, 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр А/06 дугаартай сумын засаг даргын тушаалаар ажлаасаа үндэслэлгүйгээр халагдаж, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1049 дугаартай шийдвэрээр ажилдаа буцаж тогтоогдсон ба, Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 239 дугаартай тогтоолоор тус тус ажилдаа тогтоогдсон байна.

Орхон аймгийн Жаргалант сумын засаг дарга 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр захирамж гарган, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс Б.Оюунгэрэлийг Жаргалант сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудаар нотлогдож байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорыг Б.Оюунгэрэл нь Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргаас шаардах эрхтэй гэж үзнэ.     

Нэхэмжлэгч нь 2014 оны 12 дугаар сарын 08-наас 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговорт нийт 3 696 264 төгрөг нэхэмжилсэн бөгөөд, үүнийг өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу нэг өдрийн цалинг 31 592 төгрөгөөр тооцож, нийт 117 хоногоор тооцон гаргуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар  нэхэмжлэгч нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжаар 74 090 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргаас 3 696 264 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Оюунгэрэлд олгосугай.

         2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар Б.Оюунгэрэлийн цалинтай тэнцэх нөхөх олговор 3 696 264 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргад даалгасугай. 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргаас 74 090 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

5. Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

                              

                

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ХИШИГДАВАА