Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 329

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн

улсын яллагч Н.Энхболд

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол овгийн Б-н Дд холбогдох эрүүгийн 2005003640447 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороо нутаг дэвсгэрт байрлах "Есөн ес" нэртэй зочид буудалд согтууруулах ундаан зүйл хэргэлсэн үедээ хохирогч Ф.Штэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт: Яллах дүгнэлтийг би хүлээн зөвшөөрч байгаа. Өөрийн гэм буруу дээр маргах зүйлгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Ф.Ш мөрдөн байцаалтанд: “2020 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө би өөрийн ажиллуулдаг Биндэръяа пабад байж байтал манай  найз охин Сайнаа, Бүжээ хоёр гадаадаас ирсэний дараа уулзаагүй байж байгаад манай паб дээр бид 3 уулзаад 0,5 гр шилтэй боргио нэртэй пиво ууж байгаад бид 3 караоке орсон. Караоке ороод би 10 минут бололгүй тэнд согтууруулах ундаа хэрэглэлгүй 2 найз охиндоо би муудаад байна явлаа гээд тооцоог нь хийж өгчихөөд явсан. Тэндээс гараад би найз залуу болон нэг эрэгтэй найзтайгаа байж байсан Есөн ес зочид буудалд 1 цаг өнгөрч байхад очсон. Тэгээд буудалд ороход Мөнхжаргал 2-3 ширхэг 05 гр лаазтай сэнгүр пиво авчихсан байсныг нь би бүгдийг нь уусан. Би ганцаараа уугаад сууж байсан чинь нэг харсан Жавхлантөгс 2 охинтой ороод ирчихсэн байсан. Тэгээд л юу болсныг санахгүй байна. Би тэр хоёр охиныг танихгүй учраас яв гэх мэт зүйл ярьсан юм шиг байна лээ. Нэг мэдэхэд хөөе боль энэ тэр гээд хажуу талаас яриад байсан. Тэгээд хальт харахад өндөр хамартай намхан, бор царайтай богино үстэй туранхай эмэгтэй над руу чичлээд дайраад байсан...би тэр өдрийн маргааш нь Тэрэлжид байрладаг Морьтон сувилалд 5 хоног хэвтээд эмийн сангаас сорвины эмч авч хэрэглэсэн. Бас нүүр аймаар болсон байсан учраас ажлаа 5 хоног хийгээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/

 

Гэрч С.Хулан мөрдөн байцаалтанд: Д, Жавхаагийн найзууд дээр оччихоод харъя гэхээр нь за тэгье гээд бид гурав такси бариад хорооллын бичил хавьцаа байсан байх нэг зочид буудалд очсон. Буудалд бид гурав ороход 2 эрэгтэй 2 орон дээр 1,1-ээрээ унтаад нэг эмэгтэй, нэг эрэгтэйгийн хамт пиво уучихсан сууж байсан. Тэгээд оронгуут тэр охин чи хэнийгээ дагуулаад ирсэн юм гээд тэр Жавхлантөгс гэх залууд хэлээд байсан. Тэр залуу манай найзууд гээд бид хоёр хувцасаа тайлаад сууцгаасан. Жавхлантөгс нь орон дээр унтаж байсан 1 эрэгтэйг босоод ир гэсэн чинь тэр эрэгтэй босож ирээд суусан. 20 орчим минут юм ярилцаад архи пиво ууцгаасан. Би пивоноос нь хоёр стакан пиво уусан. Д тэр өрөөнд анх ороход байсан охинтой зэрэгцээд сууж байсан. Тэгсэн чинь тэр охин Дг гичий энэ тэр гээд ямар ч шалтгаангүй дайраад байсан. Д их хүлцэнгүй уур нь хүрсэн байдалтай чи яагаад намайг ингээд байгаа юм гэж байсан. Тэр охин нэлээн согтуу харагдаж байсан. Би тэр хоёрын өөдөөс хараад сууж байсан. Тэр хоёр бие биендээ мөчөөгөө өгөхгүй маргалдаад байсан. Жавхлантөгс би харилаа хамт явъя гэхэд Д энэ охин намайг доромжлоод байна, байж бай гэсэн. Тэгсэн Жавхлантөгс орон дээр хэвтэж байхад нь сэрээсэн эрэгтэйгийн хамт явъя гээд дагуулаад гараад явсан. Тэгснээ хэсэг байж байгаад Жавхлантөгс буцаж орж ирээд Дг явъя гэхэд Д би явахгүй гээд Жавхлантөгс гараад явсан. Би бас Дг явъя гэхэд миний үгэнд орохгүй тэр охинтой намайг зүгээр байхад яагаад доромжилоод байгаа юм гээд тэр хоёр маргалдаад байсан. Та хоёр болиоч ээ гэхэд миний үгийг тоохгүй байсан. Тэр хоёрын хэрэлдэх чимээнээр нөгөө орон дээр хэвтэж байсан эрэгтэй сэрээд босч ирсэн.  Д хэрэлдэж байхдаа пиво уугаад байсан. Тэр өрөөнд байсан охин Дгийн баруун хацар уруу зөөлхөн алгадаад чи хөөё гээд үргэлжлүүлээд доромжлоод байсан. Д гарыг нь болиулчхаад суугаад байсан. Би тэсэхээ байгаад Дгийн хувцсыг өмсүүлээд бид хоёр үүд рүү явсан. Тэгсэн Д эргэж очоод тэр охины толгой уруу нь гараараа 1-2 удаа цохисон. Тэгсэн нөгөө хүүхэн нь эргүүлээд Дгийн хоолойг боогоод хананд шахаад тэгэхээр нь очоод салгах гэсэн болихгүй байсан. Тэгээд өөрсдөө болиод бид хоёр нойлын өрөө орлоо гээд Д тэр хүүхэнтэй хамт ариун цэврийн өрөө орсон. Тэр хоёр 5-7 минут орчим ариун цэврийн өрөөнд байсан. Гарч ирээд тэр хоёр орон дээр суусан. Тэгээд дахиад хэрэлдээд эхэлсэн. Тэр охин чи намайг яаж байгаа юм гэхэд Д чи намайг эхэлж доромжлоо биз дээ гээд дахиад хэрэлдээд эхэлсэн. Тэгсэн тэр хүүхний найз залуу гээд сүүлд орон дээрээс босож ирсэн залуу та хоёр ингэж хэрэлдэж байхаар цагдаа дуудаад шийдүүл гээд цагдаа руу энд согтуу хүмүүс хэрэлдээд зодолдоод байна гээд цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1770 дугаартай “Ф.Шгийн биед баруун зовхи, дээд уруулд цус хуралт, баруун хөмсөгний дээр зулгаралт, уруулын зүүн талд, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 25/

Яллагдагчаар Б.Д мөрдөн байцаалтанд: “2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр би найз Хулан, Энхүүлээ, Заяа нарын хамт ороод Хулан бид хоёр 0,33 гр Хайникин пиво 2 ширхэгийг уусан. Энхүүлээ Заяа хоёр коктел ууж байгад удалгүй тэр 2 гэртээ харих гэж яваад Хулан бид хоёр бааранд үлдсэн. Тэгээд удалгүй Жавхлантөгс гээд миний найз ирээд Жавхаа бид хоёр тус бүр 50 гр виски уугаад гарцгаая гээд бид гурав гарсан. Тэгээд Хулан Жавхлантөгс бид гурав 5 цагийн үед Есөн ес нэртэй буудалд очиход Мөнхөө танихгүй 2 эрэгтэй, 1 хүүхэнтэй хамт байсан. Мөнхөө унтаж байсан. Бид 3 ороод Мөнхөө сэрээд хажууд суугаад нөгөө хамт байсан 3 хүнтэй бид 3 гар барьцгаасан. Тэгсэн тэр өрөөнд сууж байсан эмэгтэй юун янханууд ороод ирээ вээ, тоогоо тэнцүүлчихлээ одоо энэ хоёр шаа, шаа гэх мэтээр сонин харилцаж байсан. Тэгээд ширээн дээр байсан архинаас  нь би 3-4 хундагыг уусан. Бас 2-3 аяга пиво уусан. Тэгсэн буудалд ороход Мөнхөөтэй хамт байсан Шинэлээ гээд хүүхэн чи орж ирснээсээ хойш таалагдаагүй тэгээд гичий янхан гэж дуудаад тэр үгсээ байнга давтаж хэлээд намайг юм ярихаар айхтар жигшиж байгаа янзтай харьцаад байсан. Би тэр хүүхэнтэй яаж зодолдсоноо санахгүй байна. Миний уурыг хүргээгүй бол би тэгэж хүнтэй маргалдаад байдаггүй. Үнэхээр тэвчээр барагдаад л тэр хүүхэнтэй зодолдсон байх” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 38/ болон Б.Дгийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Д согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороо нутаг дэвсгэрт байрлах "Есөн ес" нэртэй зочид буудалд хохирогч Ф.Штэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Б.Дгийн“...Шинэлээ гээд хүүхэн чи орж ирснээсээ хойш таалагдаагүй тэгээд гичий янхан гэж дуудаад тэр үгсээ байнга давтаж хэлээд намайг юм ярихаар айхтар жигшиж байгаа янзтай харьцаад байсан. ...Үнэхээр тэвчээр барагдаад л тэр хүүхэнтэй зодолдсон байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38/, хохирогч Ф.Шгийн“...Би тэр хоёр охиныг танихгүй учраас яв гэх мэт зүйл ярьсан юм шиг байна лээ. Нэг мэдэхэд хөөе боль энэ тэр гээд хажуу талаас яриад байсан. Тэгээд хальт харахад өндөр хамартай намхан, бор царайтай богино үстэй туранхай эмэгтэй над руу чичлээд дайраад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/, гэрч С.Хулангийн“...Тэр өрөөнд байсан охин Дгийн баруун хацар уруу зөөлхөн алгадаад чи хөөё гээд үргэлжлүүлээд доромжлоод байсан...Д эргэж очоод тэр охины толгой уруу нь гараараа 1-2 удаа цохисон. Тэгсэн нөгөө хүүхэн нь эргүүлээд Дгийн хоолойг боогоод хананд шахаад тэгэхээр нь очоод салгах гэсэн болихгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/, шинжээчийн 1770 дугаартай дүгнэлт /хх-ийн 25/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас Б.Дг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Б.Дг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Д гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Д гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт, хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б.Дд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.