| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01384/и |
| Дугаар | 142/ШШ2016/01376 |
| Огноо | 2016-11-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 142/ШШ2016/01376
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Капитал банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-25а-2 тоотод оршин суух, Дулаанхаан овгийн Пүрэвдоржийн Наран /ФБ74120804/,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-25а-2 тоотод оршин суух, Хорчин овгийн Баасандайн Амгалан /ГЙ75061611/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг 79 709 262.78 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхжаргал, хариуцагч П.Наран, Б.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол улсын Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яам болон Капитал банкны хооронд байгуулсан гэрээний дагуу албан хаагчдыг орон сууц худалдан авахад зориулж Капитал банкны зүгээс санхүүжилт хийхээр болсон. Гэрээний дагуу Капитал банк нь зээлдэгч П.Наран, хамтран зээлдэгч Б.Амгалан нартай 2013.10.04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 86 060 000 төгрөгийн зээлийг 8 сарын хугацаатай, сарын 0,67 хувийн хүүтэй олгосон. Орон сууц бүрэн ашиглалтад орсны дараа зээлдэгчийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарч зээлдэгч орон сууцны урьдчилгаа 30%-ийг төлснөөр урт хугацааны орон сууцны зээлд хамрагдах нөхцөлтэй байсан. Гэвч зээлдэгч Пүрэвдорж овогтой Наран, Баасандай овогтой Амгалан нар нь зээлээр худалдан авсан орон сууц болох Орхон аймаг БӨ сумын 2-р баг, Оюут 2-25А байр 2 тоот 2 өрөө орон сууцны гэрчилгээг банкинд хүлээлгэн өгсөн боловч худалдан авч буй орон сууцны урдчилгаа 30% төлбөрийг төлөхгүй байх зээлийн гэрээний график төлөлтийг зөрчих зэрэг үйлдэл гаргаж байгаа тул урт хугацааны орон сууцны зээлд хамрагдах шалгуурыг хангах боломжгүй болсон. Зээлийн гэрээний хугацаа 2014.06.04-ний өдөр дууссан бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгч нараас удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 13 166 214.43 төгрөг, зээлийн хүүд 12 597 774.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд1 317 770.88 төгрөг нийт 27 081 759.74 төгрөг төлсөн байх бөгөөд зээлийн өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд:үндсэн зээл 72 893 755.55 төгрөг, зээлийн хүү 6 272 329.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 543 177.42 төгрөг, нийт 79 709 262.78 төгрөг байна. Иймд Пүрэвдорж овогтой Наран, Баасандай овогтой Амгалан нараас зээлийн үлдэгдэл төлбөр болох нийт 79 709 262.78 төгрөгийг гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч П.Наран, Б.Амгалан нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие П.Наран, Б.Амгалан нар нь Орхон аймгийн Капитал банкны Орон сууцны орон сууцны зээлийн гэрээтэй байдаг. Нэхэмжлэгч тал болох Капитал банкны захиралтай 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагт уулзалдан байр сонирхож буй хүнд байр зарах болон 2 өрөө байраа үзүүлж сонирхуулахаар боллоо. Ингээд үзэж харсаны дагаараа бидэнд эргэж холбогдож ямар шийдэлд хүрсэнээ мэдэгдэхээр тохиролцлоо гэжээ.
Шүүх хуралдаан дээр хариуцагч нар: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөр байна гэсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны Орхон салбар нь хариуцагч П.Наран, Б.Амгалан нарт холбогдуулан “79 709 262.78 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Капитал банкны Орхон салбарын нэхэмжилсэн 79 709 262.78 төгрөгийг хариуцагч П.Наран, Б.Амгалан нар нь шүүх хуралдаан дээр төлнө гэж хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Капитал банкны Орхон салбарын нэхэмжлэлийн шаардлага 79 709 262.78 төгрөгийг хариуцагч П.Наран, Б.Амгалан нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 556 496 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч П.Наран, Б.Амгалан нараас 556 496 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитал банкны Орхон салбарт олгосугай.
3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШЗ2016/05918 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
4. Хариуцагч нар 79 709 262.78 төгрөгийг сайн дураараа эс төлбөл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА