| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01230/и |
| Дугаар | 142/ШШ2016/01377 |
| Огноо | 2016-11-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 142/ШШ2016/01377
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: Хаан банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум “Гүн арвижих эрдэнэс” ХХК-д холбогдох
“Зээлийн гэрээний үүрэг 78 116 674, 26 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Төмөртогоо, хариуцагчийн төлөөлөгч Б.Эрдэнэсоёл, Н.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: Зээлдэгч “Гүн арвижих эрдэнэс” ХХК түүнийг төлөөлж захирал Б.Эрдэнэ-Соёл, Б.Эрдэнэбилэг нар Хаан банкны Орхон салбар, Оюут тооцооны төвөөс 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ЗГ1З/91 тоот зээлийн гэрээ, БГҮ13/91 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, БГХ13/91 тоот хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 100 000 000 сая төгрөгийн зээлийг жилийн 21.6%-н хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, эхний 6 сар хүү төлөх нөхцөлтэйгээр хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн барьцаанд: “Гүн арвижих эрдэнэс” ХХК-ны өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2101016209 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум 2-р баг Оюут багийн дутуу барилгын хажууд байрлах 504 мкв талбайтай 1 давхарын 70%-н гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, иргэн Б.Эрдэнэ-Соёлын өмчлөлийн нэгж талбарын 18431433695183 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум 2-р баг Оюут багийн дутуу барилгын хажууд байрлах 614 м.кв эзэмших эрхтэй газар, иргэн Б.Эрдэнэ-Соёлын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2101009347 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 17-09 тоот, 90 мкв талбай бүхий дэлгүүр, иргэн Б.Эрдэнэ-Соёлын өмчлөлийн улсын бүртгэлийн Г-2101000252 дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 17-09 тоот, 777 мкв өмчлөх эрхтэй газар. Иргэн Б.Эрдэнэ-Соёлын өмчлөлийн улсын дугаар 8965 0Р0, 2006 онд үйлдвэрлэсэн, шар өнгийн SUZUKI IGNIS-GL маркын суудлын машин, иргэн Б.Эрдэнэ-Соёлын өмчлөлийн улсын дугаар 7518 0Р0, 2005 онд үйлдвэрлэсэн, цэнхэр өнгийн ROBEX 1300 маркийн ачааны машин, иргэн Б.Эрдэнэ-Соёлын өмчлөлийн улсын дугаар 8004УБ, 1999 онд үйлдвэрлэсэн, КОВЕХ 1300 маркын эксковатор машин, барьцааны гэрээнд тусгагдсан Солонгос гэр ахуйн бараа материалуудыг тус тус барьцаалан зээлийг авсан юм. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1-дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 28 690 365.04 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 46 960 896.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 21,342.68 төгрөг, нийт 75 672 604 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл хугацаа хэтэрч, /155 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиололд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн. Зээл буцаан дуудах мэдэгдлийг 2016 оны 04 дугаар сарын 01, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус тус хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк зээлийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсгийг үндэслэн дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2013 оны 10 дугаар сарын 08-ний өдөр байгуулсан ЗГ13/91 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 71 309 634.96 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6 657 548,55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 143 990.75 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 5 500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 548 505 төгрөг, нийт 78 665 179 26 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч “Гүн арвижих эрдэнэс” ХХК-ийн захирал Б.Эрдэнэсоёл, Н.Эрдэнэбилэг нар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: Хаан банкны Орхон салбарын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. “Гүн арвижих эрдэнэс” ХХК нь 2013.10.08-нд Хаан банктай зээлийн гэрээ байгуулж 100 000 000 төгрөгийг авсан. Зээл авахдаа “Гүн арвижих эрдэнэс” ХХК-ны өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2101016209 дугаарт бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн дутуу барилгын хажууд байрлах 504 мкв 1 давхарын 70%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга Б.Эрдэнэсоёлын өмчлөлийн нэгж талбарын 18431433695183 дугаарт бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн дутуу барилгын хажууд байрлах 614 мкв эзэмших газар, Улсын бүртгэлийн Г-2101000252 дугаарт бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 17-09 тоот 90 мкв талбай бүхий 8 нэрийн дэлгүүр, ОРхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 17-09 тоот 777 мкв өмчлөх эрхийн газар, 89-65 ОРО улсын бүртгэлтэй SUZUKI IGNISGL маркийн суудлын авто машин, 75-18 ОРО улсын дугаартай KIA-Bongo маркийн ачааны авто машин 80-04 УНБ улсын дугаартай robex 1300 маркийн эксковатор машин мөн барьцааны гэрээнд тусгасан Солонгос гэр ахуйн бараа материалуудыг барьцаалсан. “Гүн арвижих эрдэнэс” ХХК-ний үйл ажиллагаа нь дутуу баригдсан 6 давхар барилгыг дуусгах шаардлагатай байсан учраас АНУ хөрөнгө оруулагч “МОНО МИРА” ХХК-тай 2014-09-29-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулан гэрээнд заасны дагуу хөрөнгө оруулалтын 2% болох 53 400 000 төгрөгийг тухайн хөрөнгө оруулагч “МОНО МИРА” ХХК-д манай “Гүн арвижих эрдэнэс” ХХК өгсөн боловч тус хөрөнгө оруулагч “МОНО МИРА” ХХК гэрээний үүрэг хариуцлага алдан гэрээнд заасан хугацаандаа хөрөнгө оруулалтаа хийгээгүйн улмаас манай компани хэвийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болсон учраас 2016 оны 03 дугаар сараас эхлэн тус зээлээ төлж чадахгүй хугацаа алдуулсан. Иймд манай компаний зүгээс “МОНО МИРА” ХХК-ийг гэрээгээр халхавчилсан залилан хэмээн үзэж Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст хандан эрүүгийн хэрэг үүсгээд явж байна. Хаан банкны Орхон салбараас нэхэмжилсэн 78 665 179.26 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 2013.10.08-ны өдөр байгуулсан ЗГ13/91 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хаан банкны нэхэмжилсэн 78 665 179.26 төгрөгийг төлөхдөө дээрхи шалтгааныг харгалзан үзээд зээлийн барьцаанд байгаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 17-09 тоот 90 мкв талбай бүхий 8 нэрийн дэлгүүр, Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаант 17-09 тоот 777 м кв өмчлөх эрхийн газрын хамт зарахаар зар өгсөн бөгөөд дэлгүүр газрыг зарагдмагц 45 000 000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийг зээлийн гэрээний хугацаанд графикийн дагуу төлж дуусгах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар нь хариуцагч “Гүн арвижих эрдэнэс” ХХК-д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг 78 116 674, 26 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн.
“Гүн арвижих эрдэнэс” ХХК нь Хаан банкны Орхон салбараас 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ЗГ13/91 тоот зээлийн гэрээ болон БГҮ13/91, БГХ13/91 тоот барьцааны гэрээнүүдийг байгуулан 100 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай жилийн 21,6%-ийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн байх ба, зээлийн барьцаанд Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн дутуу барилгын хажууд байрлах 504 мкв талбайтай 1 давхарын 70%-ийн гүцэтгэлтэй дуусаагүй барилга, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн дуту барилгын хажууд байрлах 614 мкв талбай бүхий эзэмших эрхтэй газар, Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 17-09 тоот 90 м кв талбайтай үйлчилгээний зориулалттай дэлгүүр, Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 17-09 тоот 777 м кв өмчлөх эрхтэй газар зэргийг тус тус барьцаалан зээл авсан болох нь хэргийн 7-13 дүгээр хуудас дахь зээлийн болон барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зохигчдын тайлбарууд зэргээр нотлогдож байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө барьцаалсан 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн БГҮ 13/91 гэрээ, хөдлөх хөрөнгө барьцаалсан БГХ13/91 дугаартай барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан бичгээр хийгдэж улсын бүртгэлд бүртгүүлж нотариатаар баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байх ба зээлийн гэрээ болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар хариуцагч маргаагүй.
Дээрх зээлийн болон барьцааны гэрээгээр Хаан банк нь хариуцагчаас Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлүүдэд заасан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг шаардах, гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар барьцааны зүйлийн үнээс шаардлагыг хангуулахаар шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь “...зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн барьцаанд байгаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 17-09 тоот 90 мкв талбай бүхий 8 нэрийн дэлгүүр, Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаант 17-09 тоот 777 м кв өмчлөх эрхийн газрын хамт зарахаар зар өгсөн бөгөөд дэлгүүр газрыг зарагдмагц 45 000 000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийг зээлийн гэрээний хугацаанд графикийн дагуу төлж дуусгах хүсэлтэй байна” гэсэн тайлбар гаргасан. Энэ тайлбарыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй.
Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ 13/91 тоот гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-д “дараах нөхцөлд гэрээг зөрчсөн гэж банк тооцож, гэрээг хугацаанаас өмнө цуцална”, 8.2.1-д “Энэхүү гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-7.1.14-т заасан зөрчлийн аль нэгийг гаргасан бол зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар заажээ.
Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Зээлдэгч энэхүү гэрээний хавсралт 1-д заасан зээл буцаан төлөх хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн бол зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлана гэжээ.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу буюу 2016 оны 03 дугаар сараас хойш төлөөгүй байх ба Хаан банк Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар зээлдэгчид гэрээнээс татгалзах тухайгаа мэдэгдэж байсан нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн зээл буцаан дуудах мэдэгдэл, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн зээл буцаан дуудах мэдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах Хаан банкны шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Нэгэнт хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “Гүн арвижих эрдэнэс” ХХК-аас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох үндсэн зээл 71 309 634.96 төгрөг, зээлийн хүү 6 657 548.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 143 990.75 төгрөг, нийт 78 111 174.26 төгрөг, наториатын зардал 5 500 төгрөгийг гаргуулан Хаан банкны Орхон салбарт олгож шийдвэрлэлээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай нэхэмжлэгчийн шаардлага хуульд нийцсэн байна.
Хариуцагч нар нь дээрхи төлбөрийг сайн дураараа эс төлбөл үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хариуцагчийн барьцаа хөрөнгийг албадан худалдаж үнийн дүнгээс хангуулах үндэстэй гэж шүүх шийдвэрлэлээ.
Шүүхэд нэхэмжлэл гаргахад холбоотой гарсан зардал улсын тэмдэгийн хураамж 548 505 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнд оруулан тооцсон байх тул нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцлоо.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан “Гүн арвижих эрдэнэс” ХХК-аас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох үндсэн зээл 71 309 634.96 төгрөг, зээлийн хүү 6 657 548.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 143 990.75 төгрөг, нотариатын зардал 5 500 төгрөг, нийт 78 116 674, 26 төгрөгийг гаргуулан Хаан банкны Орхон салбарт олгосугай.
2. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-д заасныг баримтлан Хаан банкны “Гүн арвижих эрдэнэс” ХХК-тай байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ13/91 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцласугай.
3. Хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх 78 116 674, 26 төгрөгийг сайн дураараа эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйлийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 548 505 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 548 505 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарт олгосугай.
5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА