| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01438/и |
| Дугаар | 142/ШШ2016/01380 |
| Огноо | 2016-11-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 142/ШШ2016/01380
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 38-13 тоотод оршин суух Шатарчин овгийн Түмэн-Өлзийн Батболд /ИЖ84012312/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг овоотын 13 тоотод орүин суух, Тайж овгийн Далх-Очирын Сугар /ФА81040369/-т холбогдох,
“Гэрлэлт цуцлуулах” тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Батболд, хариуцагч Д.Сугар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Батболд нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: “Миний бие нь Д.Сугартай 2012 оны 09 сард танилцаж гэр бүлж болж 2013 оны 07 дугаар сарын 22-нд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2013 оны 08 дугаар сарын 02-нд хүү Б.Буянтогтох төрсөн. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй болж цашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Гэр бүлийн дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүү Буянтогтох нь эхийнхээ асрамжинд байна. хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон төлж байгаа” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.Батболдын гэр бүл цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нөхөр бид хоёр 2007 онд танилцаад, 2013 оны 07 дугаар сард гэрлэлтээ албан ёсоор батлуулсан болно. Хүү Б.Бяунтогтох нь 2013 оны 08 дугаар сарын 02-ний өдөр төрсөн, одоо 3 нас 2 сартай цэцэрлэгээр хүмүүжиж байна. Нөхөр маань 2013 оны 10 сард гэрээсээ яваад ирээгүй бөгөөд өнөөдөр гэр бүл цуцлах тухай шаардлага гаргаж байна. Үүнийг нь зөвшөөрч байна. Хүү маань миний асрамжинд байлгүй яахав. Хүүг маань 3 сартайд нь хаяж явчихаад өнөөдөр гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжилсэн байна. Хүү маань төрөхдөө түнхний мултралттай байсан тул би ганцаараа өсгөж өндийлгөх гэж маш их чармайсны хүчинд өнөөдөр зүгээр болсон байгаа. Хүүхдийн тэтгэлэг төлж байгаа харин сэтгэл гаргаж хүүдээ эдийн засгийн тусламж үзүүлбэл дургүйцэхгүй. Иймд Т.Батболдын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Батболд нь хариуцагч Д.Сугарт холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Т.Батболд, Д.Сугар нар нь 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2013 оны 08 дугаар сарын 02-нд хүү Б.Буянтогтох төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байна.
Гэрлэгчид 2013 оноос хойш буюу 3 жилийн хугацаанд тусдаа амьдарсан байх ба, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 712 дугаартай шийдвэрээр Т.Батболд нь Б.Буянтогтохыг насанд хүртэл нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Гэрлэгчид хэн аль нь гэр бүлээ цааш үргэлжлүүлэхгүй гэж буй байдал, тусдаа амьдраад 3 жил болсон зэрэг байдлуудыг харгалзан үзэж, тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгөлгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэгэнт гэрлэлтийг цуцалж байгаа тул хүүхдийн асрамжийг шийдвэрлэх учиртай, хүүхэд одоо эхийнхээ асрамжинд байгаа бөгөөд нэхэмжлэгч Т.Батболд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул хүүхдийг эх Д.Сугарын асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.
Т.Батболд нь хүү Б.Буянтогтоход хүүхдийн тэтгэлэгийг Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 712 дугаартай шийдвэрээр шийдсэн хүчин төгөлдөр шийдвэр байгааг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Т.Батболд, Д.Сугар нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 08 дугаар сарын 02-нд төрсөн хүү Б.Буянтогтохыг эх Д.Сугарын асрамжинд үлдээсүгэй.
3. Т.Батболд нь хүү Б.Буянтогтоход хүүхдийн тэтгэлэгийг Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 712 дугаартай шийдвэрээр шийдсэн хүчин төгөлдөр шийдвэр байгааг дурьдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Намуунцэцэгт даалгасугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА