Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/53

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: В.Төгсбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа

Шүүгдэгч: Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хангад овогт Дугарын Т холбогдох 1929003670016 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

  Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3-р баг, Хөөврийн 8-809 тоот гэртээ иргэн Б.Хадбаатарын хэвлийн тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-11-р хуудас/

Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-23-р хуудас/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 30 дугаартай:

  1. Б.Хадбаатарын биед хэвлийн баруун дээд хэсэгт зүсэгдэн дүрэгдсэн хэвлийн ханын нэвтэрсэн, үргэлжлэн нарийн гэдэс, чацархайнд үүссэн шарх, нарийн гэдэсний чацархайн цусны судсууд тасарснаас болж гэдэсний хэсэг цусан хангамжгүй болсон хэвлийн хөндийд шархнаас дотуур цус алдаж, цусан хураа үүссэн, цус алдсанаас болоод ерөнхий биеийн цочмог цус багадалтанд орсон гэдэсний агууламж гэдэсний хөндийд гарч бохирдуулсан зэрэг хүндрэл үүссэн, зүүн гарын шууны гадна дунд хэсэгт зурагдалттай үүссэн гэмтлүүд байна.
  2. Б.Хадбаатарын биед учирсан гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлээр үүссэн байх боломжтой.   
  3. Уг гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  4. Б.Хадбаатарын биеийн зүүн гарын шуунд үүссэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн

гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн эрүүл мэндэд хөнгөн гэмтлийн хэмжээнд нөлөөлөхгүй учир гэмтлийн зэрэг тогтоогдохгүй.

  1. Хэвлийд учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна”  гэх дүгнэлт /хх-ийн 54-р хуудас/

Хохирогч Б.Хадбаатарын өгсөн “...Тэгээд би Тийн гэрийн баруун талд байх орон дээр хэвтүүлсэн чинь үгэнд орохгүй гарч авирлах гээд байхаар нь “боль” гээд хэлсэн чинь хоолны шкафны шүүгээнээс хар иштэй хутга аваад гарах гээд байхаар нь ”боль хутгаа цааш нь хий” гээд хутгыг авах гэтэл миний гарнаас булаацалдахдаа миний гэдэсрүү хутгалчих шиг болсон чинь Т хутгаа усны лаазны тийшээ шидчихээд гэрээс гараад гадаа үүдэнд хашгираад байсан. Миний гэдэснээс цус гарч амьсгал авахад их хүндрэлтэй байхаар нь гэрийн зүүн баганын хажуунаас үүдний босго хүртэл мөлхөөд эмнэлэг рүү залгаж дуудлага өгөөд дараа нь эхнэр Бат-Оюун руу залгаад хань нь хутгалуулчихлаа гэж хэлээд тасдаад эмнэлэг рүү дахиад залгасан чинь одоо очлоо гээд хэлэх шиг болсон. Би ухаан алдаад юу болсон талаар санахгүй байна. “би найзыгаа хутга авч гараад хэрэг төвөгт орчих вий гэж бодоод тухайн үед би бас согтуу байсан болохоор хутгыг нь хамаагүй авах гэж булаалцалдаж байгаад ийм үйл явдал болсон” тухайн өдөр Т надруу хэл амаар дайрсан, хэрэлдэж муудалцах, хутга бариад надруу дайрах шалтгаан болон үйлдэл гаргаагүй, бид хоёрын хооронд ямар нэгэн асуудал байгаагүй”  гэх мэдүүлэг /хх-ийн 27, 29-р хуудас/

Гэрч О.Бат-Оюуны өгсөн “...Тэгээд 12 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн үед намайг гэртээ унтаж байхад манай нөхөр Хадбаатар өөрийнхөө дугаараас надруу залгаад “хаана байна, юу хийж байна, хань нь хутгалуулчихлаа” гэсэн. Би ”Хадбаатар юу, хаана” гэж асуухад ”Төрөөгийнд байна” гэхээр нь би гэрээс гарч Төрөөгийнд очиход эмнэлэгийн машин ирчихсэн эмч нар Хадбаатарт тариа хийж байсан, “Хадбаатар хагалгаанд орсныхоо дараа надад хэлэхдээ “Төрөөд хутгалуулчихсан” гэж хэлсэн”, “Манай нөхөр Б.Хадбаатар гэдсэндээ нэг удаа хутгалуулж хагалгаанд орсон. Чацархай нь цоороод, нэг судас нь тасарсан байна гэсэн. Одоо эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа”  гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/

Гэрч Б.Амарсанаагийн өгсөн “...Би 2019 оны 12 дугаар сарын 15-ны өглөө ажил дээрээ очоод ээлжээ хүлээж аваад удаагүй байж байтал жижүүрийн 89781978 гэсэн дугаарт гаднаас дуудлага ирэхээр нь авсан чинь согтуу бололтой эрэгтэй хүн “дуудлага өгье” гээд ярихаар нь ”яг яасан юм бэ” гэж асуухаар хариулахгүй ёолоод салгахаар нь би жижүүрийн сувилагчид утсаа өгөхөд дахин залгаад ”би хутгалуулчихлаа” гэсэн дуудлага хүлээж аваад шууд ногоон үзелийн арын хашаанд очиход 2 гэрийн баруун талын гэрч ороход Хадбаатар ганцаараа босго дэрлээд хэвтсэн хэвлий хэсэгтээ хөндлөн зүсэгдсэн 3*4 см хэмжээтэй шархтай байхад нь өвчтөнд үзлэг хийж шарханд даралттай боолт хийгээд цус тогтоох тариа хийгээд эмнэлэгрүү тээвэрлэж эмнэлэгт ирээд шарханд анхны цэгцлэлт хийж шархны гүнийг багажаар шалгахад 4-5 см орчим лав гүн байсанд 2 оёдол, ариун боолт хийж шаардлагатай эмчилгээнүүдийг хийж яаралтай тусламжийн тасагт шилжүүлсэн”  гэх мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/

Яллагдагч Д.Тийн мэдүүлэг /хх-ийн 136-137-р хуудас/

              Шүүгдэгч Д.Тийн  хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Д.Тийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111-р хуудас/,

Шүүгдэгч Д.Тийн иргэний үнэмлэхний лавлагаа, банк, түүний харилцагчийн тодорхойлолтууд /хх-ийн 102-110-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 Бусдын эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хохирогч Б.Хадбаатарын биед “ хэвлийн баруун дээд хэсэгт зүсэгдэн дүрэгдсэн хэвлийн ханын нэвтэрсэн, үргэлжлэн нарийн гэдэс, чацархайнд үүссэн шарх, нарийн гэдэсний чацархайн цусны судсууд тасарснаас болж гэдэсний хэсэг цусан хангамжгүй болсон хэвлийн хөндийд шархнаас дотуур цус алдаж, цусан хураа үүссэн, цус алдсанаас болоод ерөнхий биеийн цочмог цус багадалтанд орсон гэдэсний агууламж гэдэсний хөндийд гарч бохирдуулсан зэрэг хүндрэл үүссэн, зүүн гарын шууны гадна дунд хэсэгт зурагдалттай үүссэн” гэмтэл учруулсан Д.Тийн  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан гэж үзэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д ”зааснаар амь насанд аюултай гэмтэл учир гэмтлийн хүнд” зэрэгт хамаарна зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Б.Хадбаатарын биед учирсан гэмтлийг хүнд хохирол учирсан нь тогтоогдсон байна.  

Тухайн хэргийн нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж үзэв. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгохоор хуульчилсан хуулийн заалттай нийцэж байна гэж үзэв.  

 Шүүгдэгч Д.Т нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөл байжээ гэж үзэх үндэслэлтэй. Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүдэгчийн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос  зүйлчилж  ирүүлсэн хэргийн зүйлчлэл  тохирсон байна.

Хохирогч Б.Хадбаатар нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн  “...3 066 300 төгрөгийн бодит хохирлыг нөхөн төлүүлсэн... Цаашид Д.Төөс нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн санал гомдолгүй болно” /хх-ийн 165-р хуудас/ эвлэрлийн гэрээгээр шүүгдэгч Д.Тийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу “шүүгдэгч Д.Тийн бусдын биед хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,  прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн”  зэрэг нөхцөл байдлыг шүүх хянасны үндсэн дээр прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй  гэж үзэв.

-улсын яллагчаас Д.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаанд тэнсэж, согтрууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авах  саналыг шүүхэд  гаргасан байна.

Шүүх шүүгдэгч Д.Т нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нөхөн төлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаанд тэнсэж, согтрууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхгүй байх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй.

Бусад асуудлаар: Шүүгдэгч нь энэ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохирол төлбөрт 3 066 300 төгрөг төлсөн, эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн барзгар гадаргуутай бариул бүхий нийт 28.5 см урттай, ажлын хэсгийн урт нь 15.1 см, бариулын урт нь 13.4 см, бариул болон ажлын хэсэг дээр латин үсгээр “VICTORINOX” гэсэн бичиглэлтэй ахуйн хэрэглээний хутга 1 ширхэг хураагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасан болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хангад овогт Дугарын Тийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаанд тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхгүй байх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Шүүгдэгч Б.Гантөмөр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хохирол төлбөрт 3066300 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

4. Эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн барзгар гадаргуутай бариул бүхий нийт 28.5 см урттай, ажлын хэсгийн урт нь 15.1 см, бариулын урт нь 13.4 см, бариул болон ажлын хэсэг дээр латин үсгээр “VICTORINOX” гэсэн бичиглэлтэй ахуйн хэрэглээний хутга 1 ширхэг хураагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.БАТТУЛГА