| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 172/2017/0022/э |
| Дугаар | 27 |
| Огноо | 2017-05-24 |
| Зүйл хэсэг | 099.2., |
| Улсын яллагч | Т.Баярмаа |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 27
С.Мягмархүүд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Т.Баярмаа /Ханбогд сумаас онлайнаар/
Ялтан С.Мягмархүү
Ялтны өмгөөлөгч Ц.Баярмаа
Хохирогч И.Бямба-Очир
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал
Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, шүүгч Ц.Урангуа, Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолтой, С.Мягмархүүд холбогдох 201616010133 тоот эрүүгийн хэргийг хохирогч И.Бямба-Очир, ялтны өмгөөлөгч Ц.Баярмаа нарын давж заалдах гомдлоор 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
С.Мягмархүү нь согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 22 цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг, Цагаан хад гэх газарт “Баялагговь” хүнсний дэлгүүрт Б.Жанцанбалбарыг архи унагалаа гэх шалтгаанаар үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж танхайн сэдэлтээр түүний баруун гуян тус газар хутгалсны улмаас Б.Жанцанбалбарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр Прокурорын газраас С.Мягмархүүд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: С.Мягмархүүг хүнийг танхайн сэдэлтээр санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мягмархүүд 16 /арван зургаан/ жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар С.Мягмархүүд оногдуулсан 16 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн 59 дугаар зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар С.Мягмархүүгийн цагдан хоригдсон 133 /нэг зуун гучин гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ.
Хохирогч И.Бямба-Очир давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2016 оны 11 дүгээр сарын 20-нд 22 цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг, Цагаан хад гэх газар "Баялаг говь” хүнсний дэлгүүрт миний хүү Б.Жанцанбалбарыг шүүгдэгч С.Мягмархүү архи газар унагалаа гэх үл ялих зүйлээр шалтаглан баруун гуян тус газарт нь хутгалан амь насыг нь хохироосон бөгөөд энэхүү үйл явдал нь миний хүү болох Б.Жанцанбалбарыг дэлгүүр дотор байхад согтуу байсан Дамдинжав шалан дээр барьж явсан архиа унагаахад нь хамт явсан С.Мягмархүү гэх балмад этгээд нь "...пизда минь чи унагаачихлаа ш дээ" гэж хэлээд маргаан үүсгэж, миний хүү Б.Жанцанбалбарыг "...би унагаагүй шүү дээ” гэж учирлан тайлбарласаар байхад маргаан үүсгэж дэлгүүрээс гарган гуян тус газар нь хутгалан амь насыг нь хөнөөсөн.
Гэтэл тэр нэг шил архи газарт унахад миний хүү Б.Жанцанбалбарын буруу байхгүй "...би унагаагүй" гэж хэлсээр байхад нь зориуд хагараагүй шил архины төлөө миний хүүгийн алтан амийг хөнөөсөн хүнд би үнэхээр их гомдолтой байна.
Миний хүүгийн алтан амийг хөнөөчихөөд шүүх хурал дээр ганц удаа уучлаарай гэж хэлснийх нь төлөө хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэж үзэн ялыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байна гэж ял шийтгэлийг 16-хан жил хорихоор оногдуулсанд үнэхээр гомдолтой байна. Үнэндээ бол миний хүү нарт хорвоод амьдрахгүй болж энэ хүн 16-хан жил хоригдоод наранд амьдрах боломжтой ийм шударга бус байдал байж болох уу? үүнийг эрхэм хүндэт шүүгч нар тунгааж С.Мягмархүү гэгчид ялыг аль болох дээд хэмжээгээр нь оногдуулж, хорихоор шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна.
Мөн энэхүү хэргийг үйлдэхэд өдөөн турхирсан гол буруутан Дамдинжавыг энэ хэрэгт хамтад нь шалгаж тохирсон ял шийтгэлийг нь оноож өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Учир нь: Тухайн өдөр архидан согтуурчихаад олон нийтийн газар өөрийн барьж явсан архиа газарт унагаачихаад Мягмархүү гэгч огт буруугүй хүн рүү бурууг чихэн дайрч хэрүүл маргаан үүсгэх гэж байхад нь огт дуугарахгүй болиулах арга хэмжээ аваагүй миний хүүг амь насаа алдах нөхцөл байдалд хүргэсэн гэж би үзэж байна.
Мөн хэргийг болох үед харж үзсэн гэрчүүд бүгд нэг л зүйлийг ярьж мэдүүлцгээж байхад Дамдинжав гэгч нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ "...тэгээд Цагаан хаданд Баялаг говь нэртэй дэлгүүрт ороод амтлагч, давс, гоймон, ногоо, хэрчсэн гурил, гэх мэт хүнсний зүйл авсан ба 750 граммтай Улаанбаатар архи авсан. Тэгээд авсан юм хумаа цаасан хайрцаганд хийгээд тэр дэлгүүрээс гарсан. Тэр үед юм хум хийсэн хайрцагны ёроол задраад байхаар нь скочдож байснаа санаад байгаа юм. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Манараад согтоод нэг мэдэхэд цагаан байшинг налаад суучихсан бөөлжөөд сууж байсан. Нэг мэдсэн чинь машин дээрээ ирээд руль дээрээ суучихсан өглөө болчихсон байсан" гэж хууль сануулж авсан мэдүүлэгтээ хэлдэг.
Гэтэл энэ хүн миний хүүгийн амь насыг хохироосон хэрэгт Мягмархүү гэгчийг хамгаалж зориуд худал мэдүүлэг өгч байгаа, эсхүл энэ хэрэгт өөрийнх нь оролцоо байсан бөгөөд тухайн үед ямар нэг өдөөн турхирсан үйлдэл, үг хэл гаргасан байж болзошгүй байна. Энэ хүн яахаараа дэлгүүр дотор ямар ямар зүйл худалдаж авсанаа, хайрцгаа скочдож байгаа зэргээ санадаг хэрнээ гэв гэнэт яахаараа гол үйл явдлыг санахгүй болчихоод байгаа нь үнэхээр эргэлзээтэй байна.
Дэлгүүр доторх маргаан болох үед Дамдинжав нь хаана байсан, дэлгүүрээс гарах үед Дамдинжав мөн хаана байв, бусдыг маргах гол үндэслэлийг өөрөө гаргачихаад амь насаа алдаж болзошгүй нөхцөл байдалд үлдээгээд байгаа байдал ч эндээс харагдаад байгаа юм. Энэ байдлыг шалгаж тогтоолгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь дутагдалтай байгааг мөн шүүх бүрэлдэхүүн анхаарах байх. Мөн энэ талаар мөрдөн байцаалтын шатнаас дахин шалгаж Дамдинжавыг маргаан болох үед ямар нөхцөл байдалтай байсан, дэлгүүрээс гарах үед хаана байсан, хутгалах үед Дамдинжавын оролцоо нөлөө, байсан эсэх, мөн иргэний үүргээ биелүүлж болиулах арга хэмжээ авч байсан эсэх зэргийг шалгаж тогтоолгох хүсэлтэй байна.
Иймд эрхэм хүндэт шүүгч нар та бүхэн энэ хэргийг нягтлан хянаж хуулийн дагуу үнэн зөвөөр шүүн нэмэлт мөрдөн байцаалт хийлгэж дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө” гэжээ.
Ялтны өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 22 тоот шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь: Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл нь энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл 'болно гэж заасан.
Анхан шатны шүүхээс С.Мягмархүүгийн үйлдэл холбогдолд тохирсон ял шийтгэл оногдуулаагүйд өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байна. Тухайн хэрэг учрал болохоос өмнө
маргаан гарч хамгийн анх талийгаач Б.Жанцанбалбар Мягмархүүтэй хамт явж байсан Дамдинжавтай архи унагачихлаа гээд хэрүүл болсон байдаг. Үүнийг хавтаст хэрэгт гэрчээр байцаагдсан А.Тунгалагийн мэдлүүлэгт: ...гаднаас 2 залуу орж ирсэн. ..хайрцагтай юм барьж орж ирсэн...хайрцагтай юм бариад яваад байгаа залуу /Дамдинжав / их согтсон байсан гартаа архи барьчихсан хүний гарыг хөндсөн үү, эсвэл архийг санаандгүй байдлаар унагаачих шиг болсон. Тэгээд л архи унагачихлаа гээд хэрүүл болсон....тэгсэн чинь нөгөө согтуу залуутай хамт орж ирсэн залуу чи яагаад манай найзын архийг унагачихав гэсэн...хамт орж ирсэн залуу нь өндөр биетэй хүүтэй хэрэлдээд гэх мэдүүлэгээс харагдана. /хх-43х/
Маргалдах явцад талийгаач Жанцанбалбар Мягмархүүг гарья гарья гараад зодолдчихьё гэж өдөн турхирч улмаар гадаа гарсан. Гадаа гараад Жанцанбалбар Мягмархүүгийн уруулан тус газарт цохьсон ба цохьсоны дараа Мягмархүү кармаанаасаа хутга гарган айлгах санаатай гаргатал Жанцанбалбар Мягмархүүг заамдан өөр лүүгээ татах үед хутганд өртөгдсөн.
Өөрөөр хэлбэл Жанцанбалбар заамдан, татаж, чангаан Мягмархүүг өөрлүүгээ татах үе болон Мягмархүү хутга гаргах үе давхцаж хутгалагдсан байдаг. Мягмархүүгийн уруулан тус газар Жанцанбалбар цохьсоны улмаас уруул нь гэмтсэн ба энэ нь хавтаст хэргийн хүрээнд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал /хэдийд хаана, хэрхэн яаж үйлдэгдсэн болон бусад байдал/ -ыг тодруулалгүйгээр улсын яллагчийн яллах дүгнэлтэнд дурьдсан зүйлээр дүгнэлт хийж, тогтоолдоо болсон хэргийн нөхцөл байдлыг ерөнхий байдлаар дүгнэж, тодорхой нарийвчилсан дүгнэлт хийгээгүй нь тогтоол хууль ёсны болоогүй. Шүүх хуралдаан дээр талийгаач Жанцанбалбарыг хаана хэрхэн яаж байхад нь хэрхэн хутгалагдсан, гэмт хэрэг хэрхэн яаж үйлдэгдсэн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор өмгөөлөгч миний бие талийгаач Жанцанбалбартай өндөр намын хэмжээгээр адил хүнийг оролцуулан туршилт хийлгэх хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэрийг гаргасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэг заасан гэмт хэрэг гарсан байдлыг тодруулж чадаагүй, үүнийг тодруулах эрхийг ямар ч шалтаг шалтгаангүйгээр хангахаас татгалзсан.
Нэг талдаа энэ хэт нэг талыг барьсан буруутгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсэгт заасан шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Энэ хэргийн нөхцөл байдлаас үзвэл С.Мягмархүү нь ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр талийгаачийн эрх чөлөөнд халдаж амь насыг санаатайгаар хохироочихье гэсэн субьектив санаа зорилго болоод обьектив талын идэвхитэй үйлдэл байхгүй байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар танхайн сэдэлтээр хүний амь насыг хохироосон гэж үзэн ял шийтгэл оногдуулсан нь учир дутагдалтай байна.
Өмгөөлөгч болоод миний үйлчлүүлэгчийн зүгээс энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсонтой маргах зүйлгүй. Харин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг тодруулан улмаар үүнийг тодруулсаны үндсэн дээр тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүн тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэг хохирогчийн амь насыг бусниулсан зорилго, сэдэлтийг тогтоох нь чухал ач холбогдолтой байдаг.
Танхайн сэдэлтээр гэдгийг Улсын дээд шүүхийн тайлбарт: ... Олон нийтийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл байсан эсэхийг зөв тогтоох нь зүйтэй. Нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлийг шалтаг болгосныг хэлнэ.
Үүнээс тухайн хэрэг учрал болсон үйлдэл холбогдлыг холбон авч үзэхэд Мягмархүү нь олон нийтийг илтэд үл хүндэтгэсэн зүйл байхгүй, дэлгүүрт 4 хүн л байсан, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэн нийгмийн хэв журмыг зөрчөөгүй байна. Энэ нь дэлгүүр дотор маргах хугацаанд Жанцанбалбарын эрх чөлөөнд халдаагүй, гадаа гараад үзье гэх санааг гаргаагүй.
Харин Жанцанбалбар дээрх идэвхитэй үйлдлийг хийсэн нь хавтаст хэрэгт тодорхой авагдсан байна. Дээрх нөхцөл байдлаас үзвэл С.Мягмархүүгийн үйлдэл холбогдлыг танхайн сэдэлтээр биш харин хүндрүүлэн үзэх нөхцөл байдалгүйгээр хүний амь насыг хохироосон гэж үзэхээр байгаа тул хэргийн нөхцөл байдлыг анхааран үзэж С.Мягмархүүгийн Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар ял халдаан ял шийтгэл оногдуулсан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 22 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ.
Прокурор Т.Баярмаагаас давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч Ч.Бямба-Очирын гаргасан гомдолд С.Мягмархүүд 16 жилийн хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аль болох дээд хэмжээгээр нь ялыг оногдуулах хүсэлттэй байгаа юм байна. Анхан шатны шүүх бол энэ хэргийг танхайн сэдэлтэй гэж зүйлчлээд 16 жилийн хорих ялаар шийтгэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримт, хохирол төлбөрөө төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг үндэслэн гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг прокурорын зүгээс үндэслэлтэй гэж үзэж байна. Дамдинжав энэ хэрэгт ямарч оролцоогүй, архи унагасан хүн байдаг. Дамдинжавыг нилээн согтуу байсныг гэрчүүд мэдүүлэгтээ хэлсэн. Дамдинжавыг хаана байсныг тогтоох гэж хэргийг мөрдөн байцаалтанд буцаах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Танхайн сэдэлттэй гэмт хэргийг үйлдэж, нийгмийн хэв журам зөрчигдсөн байдаг. Дайрч доромжилсон зүйл байхгүй. Үл ялих зүйлээр шалтаглаад байдаг. Маш богино хугацаанд үйлдэгдсэн гэм хэрэг байгаа гэв.
Ялтан С.Мягмархүүгээс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.
Ялтны өмгөөлөгч Ц.Баярмаагаас давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн дүгнэлтээс харахад үл ялих зүйлээр шалтаглаж гэдэг зүйлийг үндэслэн танхайн сэдэлттэй гэж шийдвэр гаргасан. Ийм дүгнэлт хийж шийдвэр гаргасныг учир дутагдалтай гэж үзэж байна. Нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрсөн гэдгийг тогтоосоны үндсэн дээр танхайн сэдэлтэй байна уу? гэдгийг үндэслэн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх ёстой байдаг. Гэтэл анхан шатны шүүх нийгмийн хэв журмыг хэрхэн яаж зөрчсөн талаар дүгнэлт хийгээгүй байдаг. Миний үйлчлүүлэгч нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн нь тогтоогдоогүй. Ийм зөрчил гаргаагүйг шүүгч анхаарч үзээрэй. Цагаан хадан дээр 22 цагт дэлгүүр хаах цаг болоогүй, харин ч хөл хөдөлгөөн ихсэж байдаг учраас олон нийт гэдгийг үгүйсгэж байна. Хэргийн хүрээнд авагдсан нотлох баримт мэлүүлгээс харагдана. Анхан шатны шүүхээр эрх зүйн байдлыг нь дордуулсан шийдвэр гаргасан гэж үзэж байгаа учраас давж заалдах гомдлоо бүрэн дэмжиж байна гэв.
Хохирогч И.Бямба-Очироос давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү 25 насандаа хүний гарт ам үрэгдлээ. Миний хүү нарт орчлонд дахиж хэзээ ч амьдарч чадахгүй болсон байхад энэ хүн 16 жилийн дараа гарч ирээд амьдрах боломж байна. Дамдинжавыг яагаад өмөөрөх болсон вэ? Миний хүү тэр хүнийг зодоогүй, доромжлоогүй байдаг. Хүүг маань хутган дээр унасан гэж яриад байх юм. Хүүгийн маань хоолойг боосон мөр нь байдаг. Хутгаа өрөөсөн гараараа гаргаж ирээд тэнийлгээд хутгалсан байсан. Хутгалчихаад түшээд зогсож байхад найзууд нь очоод салгахад шууд унаад өгсөн. Дахиж босож чадаагүй өөд болсон. Өмнөөс нь эсэргүүцсэн зүйл огт байхгүй. Ялыг хөнгөрүүлж шийтгэсэнд гомдолтой байгаа гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргалаас давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдэж хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа гэж ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл С.Мягмархүү нь гэмшиж байгаа юм байхгүй миний барьж байсан хутган дээр өөрөө ирээд унасан юм шиг ярьдаг. Чин сэтгэлээсээ гэмшихгүй байхад ялыг хөнгөрүүлж шийтгэж байгаад гомдолтой байна. Гэрч Дамдинжавыг энэ хэрэгт холбогдолтой юу үгүй юу гэдгийг дахин шалгаж үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр Прокурорын газраас С.Мягмархүүг согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 22 цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг, Цагаан хад гэх газарт “Баялаг говь” хүнсний дэлгүүрт Б.Жанцанбалбарыг архи унагалаа гэх шалтгаанаар үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж танхайн сэдэлтээр түүний баруун гуян тус газар хутгалсны улмаас Б.Жанцанбалбарын амь насыг хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
С.Мягмархүү нь согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 22 цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газар “Баялаг говь” нэртэй хүнсний дэлгүүрт Б.Жанцанбалбарыг архи унагалаа гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний баруун гуян тус газар хутгалсны улмаас танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Б.Батбаяр /хх23-24/, Б.Батмөнх /хх-25-26/, Б.Мөнхжаргал /хх-27-28/, И.Энхтүвшин /хх-29-30/, Э.Эрдэнэбаяр /хх-31-32/, З.Баяраа /хх-33-34/, Д.Цэдэндамба /хх-35-36/, С.Одбаяр /хх-42/, А.Тунгалаг /хх-43-44/, Ц.Тайванжаргал /хх-50/, шинжээч эмч Б.Ганшагай /хх-52/, яллагдагч С.Мягмархүү /хх-111/ нарын мэдүүлгүүд, шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан бусад нотлох баримтууд, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
С.Мягмархүүгийн үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг зөв, шүүх түүнд хуульд заасан ял оногдуулсан байна.
Шүүхийн шийтгэх тогтоолыг хохирогч И.Бямба-Очир эс зөвшөөрч “хэргийг мөрдөн байцаалтад буцааж энэхүү хэргийг үйлдэхэд өдөөн турхирсан гол буруутан Дамдинжавыг энэ хэрэгт хамтад нь шалгаж тохирсон ял шийтгэлийг нь оноож өгнө үү” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж үзвэл: Гэрч Б.Батбаярын ...дэлгүүр дотроос Жанцанбалбар тэр нэг танихгүй залуутай муудалцаад заамдалцчихсан хоорондоо зодолдоод гарч ирсэн. ...Нөгөө танихгүй залуу Жанцанбалбарыг ганц нэг удаа гараараа цохиж харагдахаар нь очоод боль гэж хэлээд нөгөө залууг түлхэж талийгаачаас бага зэрэг холдуулаад би хориод зогсож байсан. Тэгтэл Баяраа Балбар уначихлаа ш дээ гэж хэлэхээр нь хартал Жанцанбалбар газар уначихсан байсан /хх-24/,
Гэрч Б.Батмөнхийн ...би мөнгө шилжиж ирэхийг хүлээгээд тэр дэлгүүрт байж байсан чинь ...Мягмархүүтэй хамт яваа Дамдинжав барьж явсан архиа шалан дээр унагаачихсан юм билээ. Түүнийг нь Жанцанбалбар унагаачихлаа гэж Мягмархүү ойлгосон бололтой пизда минь чи унагаачихлаа ш дээ гэж хэлсэн. Тэгтэл талийгаач чи найздаа хэл л дээ, би унагаагүй биз дээ, чи хэл л дээ энэ чинь яагаад над руу дайраад байгаа юм бэ гэж архи унагаасан залууд хэлсэн. Нөгөө залуу нь огт дуугарахгүй нилээд согтуу байдалтай байсан. Муудалцсан хоёрын нэг нь гаръя гэж хэлээд хоёулаа гадагшаа гараад явсан. ...1-2 минутын дараа араас нь гартал Жанцанбалбар жижиг цагаан машины ард уначихсан түүний ойр хавьд хүмүүс шавчихсан байсан. Талийгаач өөр хүнтэй хэрэлдэж маргаагүй, зөвхөн Мягмархүү тэр хоёр хоорондоо хэрэлдэж муудалцсан /хх-25-26/,
Гэрч Б.Мөнхжаргалын ...би дэлгүүрийнхээ арын өрөөнд зурагт үзээд сууж байтал дэлгүүр дотроос хүмүүс шуугилдах чимээ гарахаар нь дэлгүүр лүүгээ шагайж хартал би
чамайг яагаа ч үгүй биз дээ, чи энэндээ хэлээд өг л дөө гэж одоо талийгаач болсон залуу энэ гадаа байгаа залууг /Дамдинжавыг зааж хэлэв/ цээжээр нь эргүүлж ногооны тавиурын дэргэд зогсож байгаа залуу руу /С.Мягмархүүг зааж хэлэв/ нүүрийг нь харуулахад Дамдинжав гэх тэр залуу ямар нэгэн үг хэлээгүй. Түүний өмнө Дамдинжав нь авч явсан архиа дэлгүүрийн шалан дээр унагаасан юм билээ. Түүнийг унагаалаа гэж Мягмархүү гэх тэр хүн талийгаач залуу руу хэрүүл өдсөн юм билээ. Тэгээд хоёулаа хоорондоо хэрэлдэж байснаа гараад үзчихье гээд нэг нь түрүүлээд нөгөөх нь араас нь дагаад дэлгүүрээс гараад явсан. Тэр үед Дамдинжав гэх нөгөө согтуу нөхөр худалдаж авсан хайрцагтай зүйлээ тэврээд дэлгүүр дотор үлдсэн байсан. Би түрүүний гараад явсан хоёрыг гадаа юу болж байгаа бол гэж санаа зовоод 3-4 минутын дараа хойноос гараад хартал ...жижиг цагаан машины ар талд талийгаач залууг бөгсөөр нь газар суулгаад цээжийг нь нэг залуу түшчихсэн байж байсан /хх-27/,
Гэрч И.Энхтүвшингийн ...жаахан байж байгаад дэлгүүрээс гарч ирэхдээ хүнтэй маргалдаад чанга чанга хэрэлдээд гараад ирсэн. ...талийгаач тэр хүнтэй машины ард зууралдаад хүрээд ирэхээр нь Батбаяр, Эрдэнэбаяр бид гурав машинаас буугаад талийгаачийг маргалдаж муудалцаж барьцалдсан хүнээс нь салгасан. Би талийгаач дээр явж очиход талийгаач маргалдаж байсан хүнийхээ ханцуй хэсгээс нь баруун гараараа бариад зогсож байхаар нь талийгаачийн гарыг татаад салгасан чинь талийгаач шууд доошоогоо сөхрөөд газарт унасан. Би талийгаачийн цээжийг дээш нь өргөөд өндийлгөсөн /хх-29/,
Гэрч Э.Эрдэнэбаярын ...Баялаг говь дэлгүүрээс хоорондоо зууралдаж барьцалдсан хоёр хүн гарч ирээд бидний сууж байсан машины ард руу очсон. Бид тэр маргалдсан хоёрын нэг нь манай Жанцанбалбар мөн болохыг таниад бүгд машинаас гарсан. Энхтүвшин, Баяраа хоёр барьцалдаж байсан хоёрыг салгатал Жанцанбалбар шууд газар унасан /хх-31/,
Гэрч З.Баяраагийн ...дэлгүүр дотроос талийгаач нэг хүнтэй маргалдаад гараад ирсэн. ...яваад очиход талийгаач нэг залуутай маргалдаад Батбаяр ахын машины ард хэсэгт оччихсон байсан, намайг явж очиход машинаас Батбаяр, Энхтүвшин, Эрдэнэбаяр гурав бууж ирж таарсан. Тэгээд бүгд очоод салгасан чинь талийгаач доошоо сөхрөөд унасан. Талийгаач дэлгүүрээс хамт гарч ирсэн залуутайгаа л маргалдаж муудалцсан. Өөр хэн нэгэнтэй маргалдаж муудалцаагүй /хх-33/,
Гэрч Д.Цэдэндамбын ...утсаар ярьчихаад буцаад дэлгүүр рүү орох үед урдаас хэдэн хүн давхралдаад гарч ирсэн. Би зөрөөд ортол манай хоёр дэлгүүрт байгаагүй. Эргээд гартал Дамдинжав дэлгүүрээс авсан хайрцагтай юмаа барьчихсан дэлгүүрийн гадаа үүдэнд зогсож байсан. Харин дэлгүүрийн хаалганаас зүүн урагш 10 орчим метрийн зайд байсан жижиг тэрэгний ойролцоо нэг хүн газарт хөдөлгөөнгүй хэвтэж байсан /хх-35/,
Гэрч С.Одбаярын ...би бараг 22 цаг өнгөрөөгөөд яваад очсон чинь Мягмархүү найзынхаа хамт Баялаг говь дэлгүүрийн үүдэнд зогсож байсан.
Намайг яваад очсон чинь та яасан уддаг юм бэ. Дүү нь хүнтэй маргалдаад ийм асуудалд орчихлоо гээд хэлээд зогсож байсан. Тэр үед Баялаг говь дэлгүүр дотор үүдний шалан дээр нэг залуу дээшээ харсан байдалтай хэвтэж байсан /хх-42/,
Гэрч А.Тунгалагийн ...тэр залуу нь гартаа архи ил бариад орж ирсэн. Тэр үед юань шилжүүлэх гээд сууж байсан өндөр биетэй хүү эргэж харсан. Тэр үед нөгөө согтуу гартаа архи барьчихсан хүний гарыг нь хөндсөн үү, эсвэл архийг нь санаандгүй байдлаар унагаачих шиг болсон. Тэгээд л архи унагачихлаа гээд л хэрүүл болсон. ...нөгөө согтуу залуутай хамт орж ирсэн залуу нь чи яагаад манай найзын архийг унагаачихав гэсэн чинь нөгөө өндөр хүү би унагаагаагүй шүү гэж хэлсэн. ...тэр өндөр хүү тэр согтуу залууг чи энэ найздаа хэлэлдээ би архийг чинь унагаагаагүй, миний буруу биш шүү гэж өндөр биетэй юань солиулахаар зогсож байсан хүү хэлж байсан. ...нөгөө согтуу хайрцагтай юм, бас гартаа архи бариад орж ирсэн залуутай хамт орж ирсэн залуу нь өндөр биетэй хүүтэй хэрэлдээд пиздаа наахуу дээрээ тулаад маргалдаад гаръя гаръя гээд л дэлгүүрээс тэр хоёр хамтдаа гараад явсан. Хайрцагтай юм болон архи бариад орж ирсэн залуу дэлгүүрт үлдсэн /хх-43/ гэсэн хэрэг учралын газарт байсан гэрч нарын мөрдөн байцаалтын явцад өгсөн тогтвортой, зөрүүгүй мэдүүлгүүдээр Т.Дамдинжавыг хэрэг үйлдэгдэх үед ямар байдалтай байсныг мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоосон байна.
Ялтны өмгөөлөгч Ц.Баярмаагийн “шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “С.Мягмархүүгийн үйлдэл холбогдолыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдалгүйгээр хүний амь насыг хохироосон гэж үзэж Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж үзвэл:
Шүүгдэгч С.Мягмархүү нь согтуугаараа найзынхаа барьж байсан архийг унагаалаа гэж үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, иргэн Б.Жанцанбалбарын баруун гуян тус газар хутгалж баруун гуяны ерөнхий тараагуур судсыг гэмтээснээс Б.Жанцанбалбар нас барсан, энэ үйлдэл нь олон нийтийн үйлчилгээний газар болох дэлгүүрт болсон болох нь гэрч Б.Батбаяр, Г.Батмөнх, Э.Эрдэнэбаяр, А.Тунгалаг нарын мэдүүлгээр хангалттай нотлогдсон байх тул С.Мягмарыг танхайн сэдэлтээр хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нотолсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтыг бүрэн бодитой явуулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг явуулахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул хохирогч болон ялтын өмгөөлөгч нарын
давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч И.Бямба-Очирын “хэргийг мөрдөн байцаалтад буцаах”, ялтны өмгөөлөгч Ц.Баярмаагийн “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” тухай давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ
Х.ГЭРЭЛМАА