Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2021/0415

 

“Ш Ц” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи, гомдол гаргагчийн төлөөлөгч А.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 211 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлын дагуу “Ш Ц” ХХК-ийн гомдолтой, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Д, Ц.З нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 211 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтаар: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4-д заасныг тус тус үндэслэн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Д, Ц.З нарын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 0298692 дугаартай шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Д, Ц.З нарын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 0298692 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцож,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, гомдол гаргагчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.З, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Б.Э, Б.Д нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... “Ш Ц” ХХК-ийн /5041015/ 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу татварын улсын байцаагч С.Д, Ц.З нарт хяналт хийх шалгалт хийж, “Д” ХХК-аас 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 89,972,727.27 төгрөгийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын 23710588 тоот падаанаар бараа материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчилд 13,495,909.10 төгрөгийн төлбөрийг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 0298692 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан.

Энэхүү шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хянаад 211 дүгээр шийдвэрээр дахин акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт: “Хариуцагч нь холбогдогчийн хяналт шалгалтад хамаарах хугацааны санхүүгийн анхан шатны баримтуудад хуульд заасан журмын дагуу хяналт шалгалтыг хийлгүй, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 94 дүгээр тогтоол болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 167 дугаар шинжээчийн дүгнэлтэд үндэслэн “Ш Ц” ХХК-ийг “Д” ХХК-иас НӨАТ-ыг хий бичилттэй падаанаар худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчил нь ... тогтоогдож байна” хэмээн үзэж зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, .... торгох шийдвэр оногдуулсан” гэсэн нь татварын улсын байцаагчдын анхан шатны баримт шалгаж хариуцлага хүлээлгэсэн, мөн холбогдогчид ирж уулзсан боловч мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй, гарын үсэг зураагүй ба тухай бүр ярилцаж татварын хяналт шалгалтын талаар танилцуулсан асуудлыг бичиж тэмдэглэж байсан зэргийг шууд үгүйсгэсэн дүгнэлт хийсэн.

Хий бичилттэй падаан борлуулсан гэх “Д” ХХК-тай холбоотой худалдан авалт хийсэн боловч эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрээгүй татвар төлөгчдийг захиргааны журмаар шалган шийдвэрлэж хариуцлага хүлээлгэх Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан бичиг хэрэгт авагдсан.

Иймд улсад төлөх татвараа бууруулж хий бичилттэй падаан худалдан авсан татвар төлөгч “Ш Ц” ХХК-ийн зөрчил нь тодорхой байсан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол” хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ гэж заасны дагуу шийдвэрлэсэн болно.

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг бүрэн гүйцэд дүгнэхгүйгээр шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэсэн хуулийн заалтыг буруу хэрэглэн татвар төлөгчид татвараас зайлсхийх боломж олгож байна.

Нэхэмжлэгч “Ш Ц” ХХК нь “Д” ХХК-аас нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авсан “Д” ХХК нь аж ахуйн нэгжүүдэд падаан дээр хий бичилт хийж борлуулсан гэдгээ эрүүгийн хэрэгт шалгагдахдаа хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх дүгнэлт хийх боломжтой, нотлох баримт хангалттай хэрэгт дүгнэлт хийхгүй түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн хэргийг шийдвэрлэхэд боломжгүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн зүйл энэхүү хэрэгт байхгүй, нотлох баримт хангалттай цугласан гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож шийтгэлийн хуудсыг хэвээр баталж өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

            Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нар Чингэлтэй дүүргийн  Татварын хэлтсийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 35170400221 дүгээр томилолтын үндсэн дээр “Д” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж Татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 350000175 дугаар дүгнэлтээр “... Татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн 22,225,473,628.5 төгрөгийн зөрчилд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр шийдвэрлэсэн, Нийслэлийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 94 дүгээр тогтоолоор “... Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 167 дугаартай шинжээчийн дүгнэлт, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч ... нарын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 350000175  дугаар улсын байцаагчийн дүгнэлт, бичгийн бусад холбогдох баримтаас үзэхэд “Д” ХХК нь ... “Ш Ц” ... зэрэг аж ахуйн нэгжүүдэд борлуулсан дүн нь Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрээгүй тул дээрх аж ахуйн нэгжүүдэд холбогдох асуудлыг шийдвэрлүүлэхээр Татварын ерөнхий газрын Хяналт, шалгалт, арга зүйн газарт 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн албан бичгээр хүргүүлж, ... “Д” ХХК-ийн аж ахуйн нэгжүүдэд нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийх боломж  олгосон үйлдэл нь ... гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн байх тул ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хаасугай” хэмээн шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдсон байна.

            Улмаар Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 25180100036 дугаар томилолтын үндсэн дээр тус хэлтсийн улсын байцаагч Ц.Зоригт, С.Дарьсүрэн нар “Ш Ц” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалтыг хийж, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 0298692 дугаар шийтгэлийн хуудсаар “Д” ХХК-аас нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 23710588 дугаар падаанаар 89,972,727.27 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил үйлчилгээ” хэсэгт тусган төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчил гаргасан болох нь санхүү, татварын тайлан зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж үзэж 8,997,272.73 төгрөгийн нөхөн татвар, 2,699,181.82 төгрөгийн торгууль, 1,799,454.60 төгрөгийн алданги ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ” 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.3-д “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах”, 18.1.15-д “хуульд заасан бусад адилтгах үүрэг”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй”, Зөрчлийн тухай хуулийн 1.4 зүйлийн 3-д “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасантай тус тус нийцсэн, уг шийдвэрийн улмаас гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй, анхан шатны шүүх “нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэж дүгнэж дахин шинэ акт гартал маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болоогүй байна гэж үзлээ.

Гомдол гаргагч “Ш Ц” ХХК 2017 онд “Д” компанийг татвараас зайлсхийсэн эсэхийг шалгах явцад 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 167 дугаар шинжээчийн дүгнэлтээр татвараас зайлсхийсэн гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоосны үндсэн дээр шинжээчийн дүгнэлт хэрэгжинэ гэсэн, Эрүүгийн цагдаагийн газраас “Д” ХХК-ийн хэргийг шалгаагүй, хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон, ... анхан шатны баримт хэрэгт авагдаагүй ... хоёр хавтас санхүүгийн баримтаа татварын улсын байцаагч нарт хүлээлгэн өгсөн ...  “Ш Ц” ХХК-ийн асуудлыг огт шалгаагүй, ... зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ манай компанийн захирлаас мэдүүлэг аваагүй ...” гэх зэрэг үндэслэлээр Татварын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч маргажээ.

            Хэрэгт авагдсан Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 167 дугаар шинжээчийн дүгнэлтэд “... “Д” ХХК нь 2016 оны 3 дугаар улирлын Аж ахуйн нэгжийн албан татварын тайланд 5,639,334,000.00 төгрөгийн борлуулсан бүтээгдэхүүний өртөгтэй гэж тусгасан байна. Шинжилгээнд ирүүлсэн гаалийн хөндлөнгийн мэдээллээр 777,591,241.41 төгрөг, дотоодын худалдан авалт 13,255,857.99 төгрөг нийт 790,847,099.40 төгрөгийн худалдан авалт хийсэн байх тул хасч тооцохоор байна. Үлдэх 4,848,486,900.00 төгрөгийн борлуулсан бүтээгдэхүүний өртгийг шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд тогтоох боломжгүй ... худалдан авалтыг нотлох НББ-ийн анхан шатны баримт болон гэрээ, гүйцэтгэл, төлбөр хийгдсэн баримт /дансны хуулга/ гаалийн мэдүүлэг зэрэг холбогдох баримтууд ирүүлээгүй ...” гэж дүгнэгдсэн, Нийслэлийн прокурорын газрын Прокурорын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 94 дүгээр тогтоолд “... “Д” ХХК нь ... “Ш Ц”  ... зэрэг аж ахуйн нэгжүүдэд борлуулсан дүн нь Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрээгүй ... аж ахуйн нэгжүүдэд нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийх боломж олгосон үйлдэн нь гэмт хэргийн шинжтэй байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ... мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй үндэслэл тогтоогдож байх тул ... эрүүгийн ... хэргийг хаасугай ...” гэжээ.

Гомдол гаргагчаас “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 167 дугаар шинжээчийн дүгнэлтэд “... 4,848,486,900.00 төгрөгийн борлуулсан бүтээгдэхүүний өртгийг шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд тогтоох боломжгүй ...” гэсэн, мөрдөн байцаалтаар тогтоосны үндсэн дээр дүгнэлт хэрэгжинэ гэж заасан ... тул асуудлыг эрүүгийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон, шалгагдаагүй ...” гэж маргах боловч хэрэв “Ш Ц” ХХК нь “Д” ХХК-аас худалдан авалт бодитоор хийсэн байсан бол Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 167 дугаар шинжээчийн дүгнэлтийн “... дотоодын худалдан авалт ... нийт 790,847,099.40 төгрөгийн худалдан авалт хийсэн байх тул хасч тооцохоор байна” гэж дүгнэгдсэнд хамрагдаж, улмаар Нийслэлийн прокурорын газрын Прокурорын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 94 дүгээр тогтоолд нэр нь орохгүй, хасагдах боломжтой байжээ.

Түүнчлэн гомдол гаргагч анхан шатны шүүх дээр 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хэрэг үүсэхээс өмнө буюу 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өмгөөлөгчтэй гэрээ байгуулж, улмаар  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамтаар оролцсон байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан 4 сар гаруй хугацаанд өөрийн гомдлын шаардлагын үндэслэл болох холбогдох баримтуудыг тухайлбал, “Д” ХХК-тай худалдан авалт бодитоор хийснийг нотлох шаардлагатай бүх баримт нотолгоог шүүхэд гаргаж өгөх боломжтой байжээ.

Ийнхүү гомдол гаргагчаас гомдлын шаардлагын үндэслэлийг нотлох баримт нотолгоог гаргаж мэтгэлцээгүй, “Д” ХХК-тай бодитоор худалдан авалт хийсэн гэх тайлбар анхнаасаа үндэстэй байсан бол шинжээчийн дүгнэлтийн “... “Д” ХХК-ийн 790,847,099.40 төгрөгийн борлуулалт хийгдсэн” талаарх дүгнэлтэд багтах боломжтой байсан зэрэг нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх үнэлж дүгнэлгүйгээр “... Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 167 дугаар шинжээчийн дүгнэлтэд “Д” ХХК нь ... борлуулалт хийгдсэн эсэх ... асуудлыг тодруулан шалгаж тогтоох шаардлагатай тухай дүгнэсээр байхад ... хууль журмын дагуу хяналт шалгалт хийлгүй ... зөрчил ... тогтоогдож байна хэмээн үзэж шийтгэл ногдуулсан ... шинжлэн судлах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэж үзэж дахин шинэ акт гартал маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн нь буруу байна.

Түүнчлэн гомдол гаргагчаас “татварын байцаагч нар шалгалт хийхдээ манай компанид мэдэгдээгүй ... тайлбар, мэдүүлэг аваагүй, журам зөрчсөн ...” гэж маргасан, хариуцагч нараас үүнийг баримтаар үгүйсгэж, няцаагаагүйгээс үзвэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэж үзэхээр байх хэдий ч гомдол гаргагч анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд “санхүүгийн бүх баримтыг байцаагч нарт өгсөн” хэмээн тайлбарласан, байцаагчийн актыг эс зөвшөөрсөн тус компанийн гомдлыг шүүх хүлээн авч хэрэг үүсгэн шалгасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн гомдлын шаардлагын үндэслэлд хамаарах бүхий л баримт нотолгоог гарган өгч мэтгэлцэх боломж нээлттэй байсан байх тул “тайлбар мэдүүлэг аваагүй” гэх үндэслэлээр татварын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэсгүй гэж үзлээ.

Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагч Ц.Зоригт, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 211 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4-т заасныг тус тус үндэслэн гомдол гаргагч “Ш Ц” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Д, Ц.З нарт холбогдуулан гаргасан” Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Д, Ц.З нарын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 0298692 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтыг хүчингүй болгож, “3” дахь заалтын дугаарыг “2” болгон, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, хариуцагч Ц.З, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                 С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ