Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 39

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э” ХХК 

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар шийдвэрийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, NE-02******* дугаарт бүртгэсэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Г.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: “Ховд аймгийн М******* сумын “Т*******” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай NE-02******* /ХА-01*******/ дугаартай  хүсэлтийг “Э” ХХК-иас Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан бөгөөд тус хүсэлтийн дагуу Ашигт малтмал,  газрын тосны газрын Кадастрын хэлтсээс ашигт малтмал олгох боломжтой гэж үзэж Ховд аймгийн Засаг даргаас санал авахаар хүргүүлсэн. Хүсэлтийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн саналыг Ховд аймгийн Засаг даргаас ирүүлсэн тул Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг үндэслэн “Э” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаартай шийдвэр гарсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д зааснаар 30 хоногийн дотор тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг хариуг ирүүлэх ёстой байдаг. Уг хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хүсэлтэд заасан саналыг дэмжсэнд тооцож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэхээр зохицуулсан байдаг. Эхний удаагийн саналын хариу хуульд заасан хугацаанаас 4 хоногоор хэтэрсэн. Хуульд заасан хугацаа хэтрүүлж, хариугаа ирүүлсэн тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэх ёстой байсан. Газрын тухай хууль болон тусгай хамгаалалттай газрын харилцааг зохицуулсан хуульд Монгол улсын газрын нэгдмэл сан, тусгай хамгаалалтад авсан талаар бүртгүүлсэн тохиолдолд баталгаажна. Төрийн захиргааны төв байгууллагаас авсан лавлагаагаар “Э” ХХК-иас гаргасан өргөдөлд заасан кординат бүхий талбай нь орон нутгийн болон тусгай хэрэгцээнд авагдаагүй гэсэн байсан. Иймээс дугаар бүхий өргөдлийг хянаж шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлүүдэд заасан үүргээ биелүүлээгүй, нарийн шалгаж тогтоогоогүй байсан.

Ховд аймгийн Засаг даргаас дэмжихгүй талаар 2 удаа санал ирсэн байна. Аль саналыг нь үндэслэж шийдвэр гарсан нь тодорхойгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан хугацаанд хариу ирүүлээгүй бол тухайн саналыг дэмжиж байна гэж үздэг. 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр явуулсан саналын хариуг 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өгөх ёстой байсан. Энэ хугацааг хэтрүүлэн 15-нд хариу өгсөн байна. “Эй” ХХК-ийн өргөдлийг хүлээн авах бүрэн боломж бүрдсэн байхад татгалзсан хариу ирүүлсэн. 

Ховд аймгийн Засаг даргын гаргасан шийдвэрийг тодорхой тохиолдолд захиргааны акт болно гэж бодож байна. Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д зааснаар шууд үр дагавар үүсгэж байх ёстой. Татгалзал нь хууль бус байвал үр дагаврыг үүсгэхгүй. Өргөдлийг шийдвэрлээд захиргааны акт гаргах эрхийг агентлагт олгосон. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д тусгай зөвшөөрөл олгохоос аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзахаар заасан бөгөөд “Э” ХХК-иас хүссэн Ховд аймгийн М******* сумын “Т*******” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай NE-02******* /ХА-01*******/ дугаартай хүсэлтэд Ховд аймгийн Засаг даргаас ирүүлсэн саналыг хуульд заасан үндэслэл бүхий бус гэж үзэж Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар тус хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан этгээдэд гаргасан.

Гаргасан гомдлын дагуу урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.5-д зааснаар захиргааны актыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2/6300 дугаартай албан бичгээр “Э” ХХК-д хариу мэдэгдсэн байна.

Дээд шатны захиргааны шийдвэрийг “Э” ХХК үл хүлээн зөвшөөрч буй тул ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн саналыг Ховд аймгийн Засаг даргаас ирүүлсэн тул Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг үндэслэн “Э” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаартай шийдвэрийг хууль бус тул алдаатай захиргааны акт гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.

Иймд “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар шийдвэрийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, NE-02******* дугаарт бүртгэсэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах”өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар шийдвэрээс NЕ-02******* тоот өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, "Э” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргуүлж байна.

Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тухай хуулийн 30.1, Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.11-д заасныг тус тус үндэслэн Монгол . Улсын Засгийн газраас 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай” 239, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлын тухай” 511 дүгээр тогтоолуудыг тус тус батлан гаргасан.

Дээр дурдсан хуулийн нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тогтоолыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн шинээр олголтыг өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар олгох ажлыг төрийн захиргааны байгууллага зохион байгуулж хэрэгжүүлэн ажиллаж байна.

Танай компани нь 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн М******* сумын нутаг Т******* нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гарган ИЕ-02******* дугаарт бүртгүүлжээ.

Өргөдлийн материалыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 17 дүгээр зүйлд заасан хайгуулын тусгай !зөвшөөрөл авахад тавигдах шаардлага болон 18 дугаар зүйлийн 18.2-т “хайгуулын  тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг батлагдсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу холбогдох баримт бичгийн бүрдэл хуулийн шаардлага хангасан эсэхийг хянан 19 дүгээр зүйлийн 19.1 дах хэсэгт заасан ажиллагааг хийсэн.

Тус газрын Кадастрын хэлтэс өргөдөлд Ашигг малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д заасан шүүлт хийж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн мөн хуулийн 19.3-т заасны дагуу санал авах мэдэгдлийг Ховд аймгийн Засаг даргад 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 6/1458 тоотоор хүргүулсэн байна.

Ховд аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 05 тоот албан бичгзэр ИЕ-02******* тоот өргөдөлд дурдсан солбицол бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй" санал ирүүлсэн.

“Э” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн санал авах мэдэгдлийг Ховд аймгийн Засаг даргад 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 6/5443 тоотоор дахин хүргүүлсэн байна.

Ховд аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 08 тоот албан бичгээр МЕ-02******* тоот өргөдөлд дурдсан солбицол бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” санал ирүүлсэн. Дэмжихгүй саналын үндэслэлийг тус газрын зарим хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан гэжээ.

Үүний дараа нэхэмжлэгч компаниас санал авах мэдэгдлийг дахин явуулж өгөөч гэсэн хүсэлт ирүүлсэн. Хуульд 2 дах удаагаа мэдэгдэл хүргүүлэх тухай зохицуулалт байхгүй боловч нэхэмжлэгч компанийн хүсэлтийг хүндэтгээд 06 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Засаг даргад дахин мэдэгдэл хүргүүлсэн. Дэмжихгүй гэсэн санал авсан “Э” ХХК-иас гадна 200 гаруй компани байгаа. 

Хуульд зааснаар заавал Засаг даргаас санал авах ёстой байдаг. Засаг даргаас дэмжсэн санал авсан газруудын тусгай зөвшөөрлийг тэр дор нь олгосон. Дэмжихгүй гэсэн санал авсан 252 өргөдөл 2017 шийдэгдэж байгаа шалтгаан нь 2016 онд улс төрийн сонгууль болж, Ашигт малтмалын газар нь Кадастрын хэлтэстэйгээ нэгдэж, дарга нь өөрчлөгдсөн асуудал гарсан. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт Аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц 30 хоногийн дотор хариу өгнө гэсэн байдаг. Улаанбаатар хотоос шуудангаар явуулахад Ховд аймагт хэзээ очсон нь мэдэгдэхгүй байна.

Аймаг, нийслэлийн Засаг даргаас дэмжээгүй санал ирүүлсэн тул өргөдлийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Кадастрын хэлтсээс Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хийсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 92 дугаар зүйлийн 92.2, 94 дүгээр зүйлийн 94.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар шийдвэрээр NЕ-02******* тоот өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар шийдвэрээс NЕ-02******* тоот өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, “Э” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар шийдвэрийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, NE-02******* дугаарт бүртгэсэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. 

 “Э” ХХК нь Ховд аймгийн М******* сумын нутаг Т******* нэртэй газарт орших 15349 га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг холбогдох материалын хамт 2015 оны 3 дугаар сарын 0-ны өдөр гаргасан байна . 

Уг өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хянаад уг талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу Ховд аймгийн Засаг даргаас санал авахаар шийдвэрлэж, 2015 оны 3 дугаар сарын 12-ний өдрийн 6/1458 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлжээ . 

Уг мэдэгдлийн хариуд Ховд аймгийн Засаг даргаас 2015 оны 4 дүгээр сарын 15-ний өдрийн 05 тоот “дэмжихгүй” гэсэн саналыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст ирүүлжээ . 

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс дахин 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 6/5443 тоот албан бичгээр дахин мэдэгдэл хүргүүлэхэд  дэмжихгүй гэсэн саналыг дахин 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 8 дугаартай ирүүлсэн байна .

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ховд аймгийн Засаг дарга эхний  удаа саналаа ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлж ирүүлсэн, мөн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. 

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 3 дугаар сарын 12-ний өдрийн 6/1458 тоот мэдэгдлийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч,  4 дүгээр сарын 15-ны өдөр дэмжихгүй саналыг ирүүлжээ.  

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц...” гэж зааснаас үзвэл “хариу өгөх 30 хоногийн хугацаа” нь мэдэгдэл гарсан өдрөөр бус, мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш  тоологдохоор хуульд тусгагдсан байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Засаг дарга хугацаандаа хариу ирүүлээгүй учир саналыг зөвшөөрсөн гэж үзэж, хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох ёстой гэсэн тайлбар үндэслэлгүй байна. 

Түүнчлэн дээрх хуулийн заалтын дагуу Ховд аймгийн Засаг дарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч, тус газрын зарим хэсгийг Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолоор  орон нутгийн тусгай хамгаалалтад авсан гэсэн үндэслэлээр дэмжихгүй гэсэн саналыг өгсөн байна. 

Тусгай хамгаалалтад авсан газар нь нэхэмжлэгч “Э” ХХК-ийн өргөдлөөр гаргасан талбайтай хэсэгчлэн давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын албан бичгээр ирүүлсэн зураг болон лавлагаанаас тогтоогдож байна .  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг саналыг Монгол улсын Дээд шүүхийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр тогтоолын 10-т Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан  “…татгалзсан хариу өгч болно” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно.” гэж тайлбарласан бөгөөд уг тайлбарт дурдсан хууль зүйн үндэслэл байхгүй байхад Ховд аймгийн Засаг дарга татгалзсан хариу өгсөн, давхцалтай хэсгээс бусад газарт дэмжих боломжтой байсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлаж байгааг хүлээж авах үндэслэлгүй.

Учир нь Ховд аймгийн Засаг даргын “дэмжихгүй” гэсэн санал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын шинжийг агуулсан байх бөгөөд уг захиргааны актыг хүчингүй болгосон шүүхийн болон бусад шийдвэр байхгүй бөгөөд Ховд аймгийн Засаг дарга “хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгөөгүй”, “давхцалтай хэсгээс бусад хэсэгт санал өгөх боломжтой байсан” гэсэн үндэслэлийг тус шүүх хүлээн авч, дүгнэлт хийх боломжгүй юм.

Иймд “Э" ХХК-д Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас Ховд аймгийн М******* сумын нутагт орших газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй гэж татгалзсан шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн 11.1.16 дахь заалтаар олгосон эрх хэмжээний хүрээнд хууль зүйн үндэслэлтэй гарсан шийдвэр байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5 хэсэгт  заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар шийдвэрийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, NE-02******* дугаарт бүртгэсэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

ШҮҮГЧ                         Л.ӨЛЗИЙЖАРГАЛ