Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 268

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Бат-Эрдэнэ,

Улсын яллагч: Э.Намуун,

Хохирогч: О.Н-,

           Шүүгдэгч: Ц.Д-, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Д-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005000200070 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Д-, 1990 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ сүлжээний инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Ц.Д- нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний 12 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Түмэн Плаза” төвийн урд замд “Тоёота Приус” маркийн 18-45 УНҮ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч О.Н-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Д- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч О.Н- шүүх хуралдаанд: “...Би гарцаар зам гарч байтал нэг Приус машинтай хүн намайг мөргөчихсөн. Би “ахаа та яаж байгаа юм” гэхэд “ах нь харсангүй мөргөчихлөө” гээд хамт гэмтлийн эмнэлэг явахаар болоод явж байгаад Өргөөгийн автобусны буудал өнгөрөөд зогссон. Намайг “ахын дүү буугаад алхаад үздээ” гэсэн. Гэмтлийн үүдэнд очоод намайг мөргөсөн ах “хөл чинь зүгээр байгаа юм биш үү” гэсэн би тэгэхээр нь “хоёулаа эмнэлэг орж үзүүлье” гээд гэмтлийн эмнэлэг орсон. Тэгээд хөлөө гипсдүүлээд цагдаад очиж хэлээд хэргийн газар очсон...” гэв.

Хохирогч О.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 04-ний 12 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Түмэн плаза төвийн урд замд явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлд зам хөндлөн гарч байтал миний зүүн гар талаас замын 3 дугаар эгнээгээр явж байсан машин миний баруун хөл рүү машиныхаа баруун урд гупер хэсгээр мөргөж, би газарт унасан. Анх мөргүүлсэн газраа би өөрөө зааж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/,

Шинжээчийн 14497 тоот дүгнэлтэд: “...О.Н-гийн биед баруун шагайн тавхайн завь хэлбэрийн яс шаанд ястай бэхлэгдэх хэсгийн шөрмөсний бүрэн урагдал, завь хэлбэрийн яс тахилзуур ястай холбогдох хэсгийн шөрмөсний хэсэгчилсэн урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 35-36/,

Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 165 дугаартай дүгнэлтэд: “...О.Н-гийн биед баруун шагайн үений дотор холбоосын суналт, гадна холбоосын урагдал, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь тухайн үед үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14497 тоот дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1-р хариултын гэмтсэн хэсгийн байрлал үндэслэл муутай байна” гэжээ. /хх-н 57-58/,

Мөрдөгчийн 18 дугаар магадлагаанд: “...Жолооч Ц.Д-нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэстэй байна. Явган зорчигч О.Н-нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна” гэжээ. /хх-н 61-62/,

Яллагдагчаар Ц.Д-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-н 71-72/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4-10/, жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 11/, хохирлын баримтууд /хх-н 24-29/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 74-94/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Ц.Д- нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний 12 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Түмэн Плаза” төвийн урд замд “Тоёота Приус” маркийн 18-45 УНҮ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч О.Н-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч О.Н-гийн: “...Түмэн плаза төвийн урд замд явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлд зам хөндлөн гарч байтал миний зүүн гар талаас замын 3 дугаар эгнээгээр явж байсан машин миний баруун хөл рүү машиныхаа баруун урд гупер хэсгээр мөргөж, би газарт унасан. Анх мөргүүлсэн газраа би өөрөө зааж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/, бүрэлдэхүүнтэй шинжээчийн 165 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн 18 дугаар магадлагаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Д-ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Д-ий үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Н-гийн биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан эмчилгээтэй холбоотой баримт болон шатахууны зардал нийт 513.100 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч О.Н-д олгохоор шийдвэрлэв.

Хохирогч нь Хужирбулангаас Гэмтлийн эмнэлэг орж нийт 14 удаа шарлага хийлгэхэд хүргэн ахынхаа машинд шатахуун хийсэн байх тул шатахууны төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс 2.000.000 төгрөг нэхэмжилэнэ гэж мэдүүлсэн ба энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй, хохирол бодитой учирсан гэх баримт байхгүй, цаашид эмчилгээнд хэдэн төгрөгийн зардал гарах нь тодорхой бус байх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээ болон хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Ц.Д-ийг гэм буруутайд тооцсон бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгч “улсын яллагчийн саналыг дэмжиж” байна гэсэн дүгнэлт гаргасан ба шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр заасан ба шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөлийг харгалзан эрх хасах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ц.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт, жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Д-ийг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д- нь шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-өөс 513.100 төгрөг гаргуулж хохирогч О.Н-д олгосугай.
  6. Хохирогч О.Н- нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР