Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 0095

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

            нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

            улсын яллагч Б.Мөнгөншагай /томилолтоор/,

            хохирогч М.Г, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,

            шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц г овогт Чийн Бид холбогдох 1903012530551 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн байцаалт

Монгол улсын иргэн, 1956 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 63 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Зээлийн ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ц г овогт Чийн Б /РД:.../

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо “Хөгжил” караокены замд “Ниссан Вингроүд” маркийн ... УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч М.Гыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ  НЬ:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...мөрдөн байцаалтад мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч М.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр найзуудтай уулзаад гэр лүүгээ харих гээд замаар гарч явахдаа мөргүүлсэн. Одоо миний 6 мэдрэхүйн 3 нь алдагдсан. Баруун чихний сонсголын, харааны, амтлах мэдрэхүй алдагдсан. Энэ нь бага тархи гэмтсэнтэй холбоотой гэсэн. Би аваарт орохоос өмнө харуул хамгаалалтын албанд ажиллаж байсан. Миний буруу байхгүй, би гарцаар гарч явсан. Зам дээр явж байхад миний зүрх агшиж чангараад өвдөөд байсан учир замын голд суусан, гараа алдалж явсан. Би эрүүл болмоор байна. Гомдолтой байна. Би эмчилгээний зардал, цалин зэргээ нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Хавтаст хэргээс:

1. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5х, 6-7х, 9-13х/,

2. Ослын талаарх бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 18-19х/,

3. Хохирогч М.Гын өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өглөө ажлаас бууж ирээд гэртээ амарсан. Тэгээд 13 цаг өнгөрч байхад найз Э уулзах гээд Сонгинохайрхан дүүргийн ханын материал орсон. Бид хоёр уулзаад Э гэх найзындаа очсон. Эынх бас ханын материалд байдаг. Бид хэд Эын гэрт 0.33 литр архи уучхаад тэндээс гараад Ханын материалд байдаг Тнд очсон. Тэнд Э, Э, Т болон түүний нөхрийн хамт 0.75 литр Хараа архи уусан. Тэр үед 17 цаг өнгөрч байсан. Тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Тийн гэрээс хэнтэй хамт яаж гарсан эсэхийг бол мэдэхгүй. Ухаан ороход гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан. Эмчилгээний зардал болох 2.000.000 төгрөг өгсөн. Дээр нь хоёр шуудай мод, 5 шуудай нүүрс авч ирж өгсөн. Гомдолтой байна. Эмчилгээний зардал болон эмчилгээ хийлгэх төлбөрийг гаргуулан авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13213 дугаартай “...М.Гын биед баруун зулай чамархай ясны суурь руу орсон хугарал, тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархины эдийн няцрал, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц эдгэрэл төгсгөлөөс шалтгаална..” гэх дүгнэлт /хх-ийн 39х/,

5. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-52х/,  

6. Тээврийн цагдаагийн алба шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 531 дугаартай “...1. Nissan Wingraod маркийн ... УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. Мөн 11.3.Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 2. Явган зорчигч М.Г нь тухайн зорчих хэсгээр гарах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12.Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх. /Хяналтын камерын бичлэгээс харж дүгнэлтийг гаргав/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 54х/,

7. Шүүгдэгч Ч.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84х/, цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 88х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 89х/, 14698 дугаартай ГССҮТ-ийн өвчний түүх /хх-ийн 72-82х/, хэрэгт хураагдсан ирсэн бичлэг бүхий CD,  хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан хохирол нэхэмжилсэн тухай 7 хуудас баримт, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Ч.Бийн хувийн байдлыг харуулсан, хохирол төлсөн тухай нийт 4 хуудас баримт, жолооны 1 ширхэг үнэмлэх, /шүүх хуралдааны тэмдэглэл/,

8. Шүүгдэгч Ч.Бийн өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өөрийн гэрээсээ гараад Nissan wingraod маркийн ... УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад ертөнцийн зүгээр баруун хойноос зүүн урагшаа буюу тойрог орж эмийн сан орох гээд явж байтал зээлийн нэгдүгээр буудал өнгөрөөд явж байтал эсрэг урсгалд явж байсан машин гэрлээ холын гэрэл дээр тавьсан явж байхаар нь би өөдөөс нь гэрлээ шилжүүл гэж өөрийнхөө гэрлээр дохио өгсөн. Тэгтэл зам дээр нэг нохой шиг хар юм харагдахаар нь тоормос гишгээд очоод мөргөсөн. Би машинаас буугаад нөгөө хүн дээр явж очоод сэрээрэй сэрээрэй гээд толгойноос нь татсан. Би тэр үед нөгөө хүнийг тэвэрч сууж байгаад өөрийн дугаар болох ...-аас цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн. Удалгүй эмнэлгийн машин ирээд нөгөө хүнийг үзээд их согтолттой байна гээд нөгөө хүнийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96х/ зэрэг баримтыг шинжлэн судалсан  болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Бийг  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн  дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон прокуророос  шүүгдэгч Ч.Б нь замын хөдөлгөөнд оролцохдоо эсрэг урсгал руу орсон нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул түүнийг 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж яллахаас татгалзсан, оролцогч бусад талууд энэ асуудал дээр тайлбар хэлж маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Харин Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Бийг  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч М.Гыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул тус зүйл, хэсэгт зааснаар гэмт буруутайд тооцуулах, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлүүлэх тухай дүгнэлтийг,

Хохирогч, түүний өмгөөлөгч нараас “...шүүгдэгч нь гарцан дээр явж байхад ирж мөргөсөнд гомдолтой, хохирлоо нэхэмжилнэ гэж”

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас “...гэм буруу дээр маргахгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.  

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-13х/ зэргээс үзвэл тухайн осол болсон газар нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо “Хөгжил” караокены хойд зам буюу эсрэг урсгалтай, хоёр эгнээ бүхий зам байх бөгөөд тухайн замын явган хүний зохицуулдаггүй гарц хэсэгт үйлдэгдсэн байна. Мөн дээрх баримтуудад тэмдэглэснээр явган зорчигч  М.Гын зогсож байсан газар буюу А цэгээс  мөргөгдөж шидэгдсэн гэх Б цэг хүртэл зай 1.15 м газар болох нь дээрх баримтуудад тэмдэглэгдсэн ажээ.

Ослын талаарх бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-19х/, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичлэг зэрэгт явган зорчигч М.Г нь явган хүний зохицуулдаггүй гарц хэсэгт нааш цаашаа холхих, замын хоёр тал руу харж гараа алдалж зогсох, суух гэж байгаа мэт байрлалтай зогсох зэргээр үйл хөдлөл хийн замаа чөлөөлөхгүй, гарцаар гарч явахгүй замын голд зогсож байхад нь шүүгдэгч Ч.Б нь тээврийн хэрэгслээрээ хурдтай ирж мөргөж, хохирогч шидэгдэж унаж байгаа, жолооч нь тухайн гарц хэсгээс нэлээн зайтай очиж зогсоох арга хэмжээ авч байгаа нь  бичигдсэн.

Тухайн ослын улмаас Ч.Бийн жолоодож явсан “Ниссан Вингроүд” маркийн ... УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн саадыг мөргөсөн хэсэг  буюу баруун талын их гэрэл хагарсан, гупер ханзарсан зэрэг эвдрэл гэмтэл учирсан болох нь Автотээврийн үндэсний Төв ТӨҮГ Сонгинорхайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 077858 дугаартай дүгнэлтээр, явган зорчигч М.Гын биед баруун зулай чамархайн ясны суурь руу орсон хугарал, тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархины эдийн няцрал, нүүрэнд зулгаралт бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай, хүнд гэмтэл болох нь шүүх эмнэлгийн 13213 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39х/ зэргээр тус тус тогтоогдсон байна.

 Дээрх байдлаас үзвэл, явган зорчигч, шүүгдэгч нарын хэн аль нь үүргээ биелүүлээгүйгээс тухайн осол гарахад хүргэсэн байх бөгөөд шүүгдэгч Ч.Бийн гаргасан үйлдэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн, явган зорчигч М.Гын үйлдэл нь тус дүрмийн 5.12 “явган зорчигч ...аюулгүй байдлаас хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, хөдөлгөөнд санаатай саад хийхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн шинжтэй болох нь Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 531 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Шүүгдэгч Ч.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчих үедээ явган зорчигч М.Гыг мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох дээр дурдсан нотлох баримтууд, мөн хохирогч М.Г,  шүүгдэгч Ч.Бийн нарын мэдүүлэг зэргээр давхар нотлогдсон байх тул шүүгдэгч  Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан шинжээр буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Ч.Бийн үйлдлийн улмаас иргэн М.Гын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нь /мөрдөн байцаалтад/ 2.440.644 төгрөг, /шүүхийн хэлэлцүүлэгт/ эмчилгээний зардал, хоол хүнсэнд 360.505 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс сард 400.000 төгрөгөөр тооцон 3 сарынх буюу 1.200.000 төгрөг, нийт 4.001.149 төгрөгийг шүүгдэгч Ч.Боос нэхэмжилж, баримтуудыг хавсаргаж өгсөн байна. /хх-ийн 26-38х/, /шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогчийн нэхэмжилсэн, мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтуудыг тус тусад нь үнэлж, шаардлага хангаж байгаа эсэх тухай авч үзвэл,

-мөрдөн байцаалтад гаргаж өгсөн 2.440.664 төгрөг нэхэмжилсэн үнийн дүнгээс 1.904.324 төгрөгийн баримт нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны шаардлага хангасан, бусад нь өмнөх баримттайгаа зарим нь давхардсан, тухайн хэрэг учрал болохоос өмнөх үеийн цаг хугацааны баримтууд авагдсан, мөн баримтгүй ч гараар бичиж нэхэмжилсэн үнийн дүн тул шүүхээс үнэлэх боломжгүй байна.

-шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 360.505 төгрөг нэхэмжилсэн үнийн дүнгээс 79.925 төгрөгийн баримт нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны шаардлага хангасан байна. Харин 280.580 төгрөгийн үнийн дүн нь хоол хүнс, тамхи авах зэргээр тухайн айлын хэрэглээнд зарцуулагдсан байх үндэстэй тул 280.580 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Дээрх байдлаас үзвэл, хохирогчоос гаргаж өгсөн 1.904.324 төгрөг+79.925 төгрөг=1.984.249 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ч.Боос шаардан гаргуулж хохирогчид олгохоор байгаа боловч шүүгдэгч Ч.Б нь хохирогчид 2.450.000 төгрөгийг төлсөн буюу баримтаар учирсан хохирлыг хангалттай төлж барагдуулсан байдал тогтоогдсон болно.

Харин хохирогчийн дутуу авсан цалин хөлс, орлого гэж нэхэмжилж буй 1.200.000 төгрөгийг энэ тогтоолоор гаргуулах боломжгүй байна. Учир нь,

хохирогч М.Г нь харуул хамгаалалтын албанд ажилладаг гэх боловч хаана, ямар байгууллагад ажилладаг болох нь тодорхойгүй, хөдөлмөрийн гэрээгээр, эсхүл хөлсөөр ажилладаг эсэх, мөн сард хэдэн төгрөгийн цалин авдаг эсэх талаар ямар  нэгэн баримтгүй, хэдийгээр хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт цалин орсон талаарх дансны хуулга авчирсан байх боловч энэ нь түүний хэдий хэмжээний цалин хөлс, орлоготойг бүрэн тодорхойлох баримт бус тул Ч.Ганбат нь хөдөлмөрийн чадвар алдсанаас үүдэн дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоо тодорхойлох баримтуудыг бүрдүүлж, мөн цаашид эмчилгээ хийлгэхтэй  холбогдон гарах зардлуудаа холбогдох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.Боос нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагч нь “...шүүгдэгч Ч.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг,

-Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Ч.Б нь гэм буруу дээр маргаагүй, хохиролд 2.450.000 төлж барагдуулсан, тухайн осол гарахад хохирогчийн буруутай ажиллагаа нөлөөлсөн зэрэг байдлыг харгалзан тэнсэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Ч.Бийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой зардлыг баримтын хүрээнд барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Бийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогч нь бага тархи гэмтсэнээс бол 3 мэдрэхүй алдагдсан гэх/ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг баримтын хүрээнд нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ч.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Иймд өмгөөлөгчөөс гаргасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Ч.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэн тул түүний ВС ангиллын ... дугаартай жолооны 2 ширхэг үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тогтоолын хамт хүргүүлэхээр тогтов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц г овогт Чийн Бийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Ч.Боос эмчилгээний зардалд 2.450.000 /хоёр сая, дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг хохирогч М.Гад төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч М.Г нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гаргах зардлууд, дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоо нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.Боос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлийн дүнгээс хэрэгт хамааралгүй 280.075 /хоёр зуун наян мянга, далан таван/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Шүүгдэгч Ч.Бийн ВС ангиллын 550578 дугаартай жолоочийн 2 ширхэг үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлсүгэй.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ч.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор,  оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ